Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/900

 

 

 

 

А.Э д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1753 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр А.Эад холбогдох эрүүгийн 2208020200579 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн А ийн Э, 1972 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт - оршин суух, ял шийтгэлгүй, /РД: - /;

            Яллагдагч А.Э нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр - тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдан муудалцаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: яллагдагч А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хохирогч М.Б нь хэрэг учрал болохын өмнөх өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хамар нь шалбарсан, нүд нь хөхөрсөн байдалтай М.Тгэх айлд орж ирсэн талаар хууль сануулсан баталгаанд гарын үсэг зуруулж авсан насанд хүрээгүй гэрч Б.С/хх 108-108/, гэрч А.Э/хх 112-113/, хохирогч М.Б /хх 133/ нарын мэдүүлэгт дурдагджээ. Иймд тухайн хэрэг учрал болохоос өмнө хохирогч унаж гэмтсэн нөхцөл байдлыг тодруулах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна. Хэрэв унаж бэртэж, гэмтэл авсан бол тухайн гэмтэлд нь шинжээчийн дүгнэлт гаргуулах , мөн хохирогчийн очсон гэх айлын М.Тгэх хүнийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8511 дугаар дүгнэлтэд “М.Бын биед зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 30-31/ гэсэн ... дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...М.Бын биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх мэдүүлэг /хх 145/ нь гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж зааснаар хохирогч М.Бын биед учирсан гэмтлийн аль нь хөнгөн зэрэгт хамаарах аль нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар, мөн зүүн нүдэнд хуучин гэмтэл байсан эсэх, хэрэв хуучин гэмтэлтэй байсан бол энэ нь дүгнэлтэд хэрхэн нөлөөлөх, шинэ гэмтлээс ялгагдах боломжтой эсэх талаар дүгнэлтийг дахин гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой. ...” гэсэн үндэслэлээр А.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Гэмт хэрэг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн болох нь хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.Б, гэрч Б.Ц, Л.Бнарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 8511 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож, дээрх шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны арьсны зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “хамрын нурууны арьсны зулгаралт” гэмтлийг хэрэг учрал болохоос 2-3 хоногийн өмнө хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унаж өөрөө өөртөө учруулсан талаар хохирогч М.Б, гэрч Б.Ц нар мэдүүлсэн байх ба мөн хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд хохирогч, яллагдагч нар л байсан, өөрөөр хэлбэл гэрч А.Э, Б.Сувд-Эрдэнэ, Т нар хамт байгаагүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хамаарал бүхий насанд хүрээгүй Б.С/Тийн охин/, төрсөн эгч А.Энарын гэрчийн мэдүүлэгт дурдагдсан “хохирогч М.Бын нүдийг бүдэг хөхөрсөн байсан” гэх үйл баримтыг шинжээч эмч хохирогчийн биед хэрэг болсон гэх өдрийн маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийж тэмдэглэсэн байгаагаас харахад нүд орчим учирсан хөхрөлтийг хуучин гэмтэл болон эдгэрч байгаа байдалтай гэж үзээгүй, хохирогчийн зүүн нүдэнд 4x2 см хөхөлбөр өнгийн цус хуралт үүссэн гэж тэмдэглэсэн байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна. Шинжээчийн 8511 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед тогтоогдсон гэмтлүүдийг шинжээч Ж.Гнь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхээр нь ялгаж, мэдүүлсэн, энэ нөхцөл байдлаар шинжээчийн дүгнэлт бүрэн бус эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэж нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульд байхгүй заалт дурдаж, мөн тус заалтыг удирдлага болгож шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүхээс хэрэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч А.Э нь хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогч М.Бын 3 удаа өгсөн тогтвортой мэдүүлгүүд болон гэрч Б.Ц, Л.Бнарын мэдүүлэг, шинжээчийн 8511 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Яллагдагч А.Эын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс гэрч М.Тг асуулгах тухай хүсэлтийг прокурорын шатанд гаргаж, прокуророос зохих шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анх А.Э, А.О, Б.Снарыг гэрчээр асуулгая гэсэн хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг нь мөрдөгчөөс хүлээн авч, холбогдох гэрч нарын дуудан асуусан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алиныг нь бүрэн тэгш цуглуулах үүднээс гэрч нараас асууж нотлох баримтыг хангалттай цуглуулсан. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Иймд дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Отгонбаярын бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.Эыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр - тоотод “ээжид архи өглөө” гэх шалтгааны улмаас М.Бтай маргалдан муудалцаж, улмаар түүний хоолойг боон цээж рүү нь гараараа цохих нүүрэн тус газарт нь цохих зэрэг байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...тухайн хэрэг учрал болохоос өмнө хохирогч унаж гэмтсэн нөхцөл байдлыг тодруулах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, ...хэрэв унаж бэртэж, гэмтэл авсан бол тухайн гэмтэлд нь шинжээчийн дүгнэлт гаргуулах, М.Т гэх хүнийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, А.Э д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу хохирогч, гэрч, шинжээч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах, М.Б ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан А.Э ыг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

Иймд яллагдагч А.Э д холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1753 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1753 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч А.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ