| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0065/З |
| Дугаар | 110/ШШ2024/0055 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2024/0055
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Э” ХК,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч,
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ЭХК-ийн захирал М.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Э ХК нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хариуцагчаас тус компанийг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Гомдол гаргагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:
3.1. Э ХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт баригдах “Хутты-мекен” 648 айлын орон сууцны барилгын захиалагчаар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 386/2014 дугаартай зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргуулж, улмаар аймгийн ерөнхий архитекторын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Уг барилгыг барих ажлыг “Ж” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг компани нь барилгын хууль тогтоомж, норм, норматив, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж, барилга угсралтын ажлыг хийж байна.
3.2. Барилгын тухай хуулийн дагуу орон сууцны барилгын ажлыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн БЭЗ-83-12/21 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр сунгуулж, холбогдох хууль журмын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж байгааг дурдах нь зүйтэй. Уг орон сууцны төсөл нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд том төсөлд тооцогдох учраас хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн асуудал хөндөгдөж, барилгын ажил хэсэг хугацаанд зогссон ба 2023 оноос эхлэн хэвийн явагдаж байна.
3.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар зөрчлийг үйлдсэн субъектийг зөв тодорхойлох үүргийг эрх бүхий этгээд буюу улсын байцаагч нягтлах, тогтоох үүргийг хүлээдэг. Гэтэл уг 648 айлын орон сууцыг барих газрын ерөнхий төлөвлөгөөнд оруулах, барилга байгууламж барих зөвшөөрөл авах, барилгын зураг төсөл батлуулж, магадлал хийлгэх ажлыг уг компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Д.М нь үүнээс хойш гүйцэтгэх захирал М.Т хариуцан гүйцэтгэж байгаа зэргээс үзвэл ЭХК нь зөрчлийг хариуцах субъект биш гүйцэтгэх захирал ажилтай этгээд хариуцлага хүлээх нь зөрчлийн субъектийг зөв тодорхойлж, хариуцлага хүлээлгэх шаардлагад нийцэх юм. Гэвч шийтгэлийн хуудсаар торгохдоо, Э ХК-д хариуцлага хүлээлгэх биш, захиалагчийн хувиар хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, эсхүл гүйцэтгэх захирал нь хариуцлага хүлээх нь хууль тогтоомжид нийцэхээр байна.
3.4. Хариуцагчийн “Хутты мекен” орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл аваагүй гэх зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь зөрчил гаргасан нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж байна. Учир нь, 2014 оноос хойш уг барилгын ажлыг эхлүүлж, зураг төслийн магадлал хийлгэн барилгын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол байхгүй бөгөөд зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр батлуулан, барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан.
Уг барилга байгууламжийг барих явцад түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох дулаан болон зуухны зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй компаниар батлуулж, “Ж” ХХК-ийн нэгж талбарын ..... дугаартай, Э-.. дугаар бүхий эзэмших эрхийн газарт барьсан байгаа юм.
648 айлын орон сууцны барилга байгууламжийн дулааны шугам, уурын зуухны зураг төсөл батлуулсан боловч магадлал хийлгээгүй байгаа нь барилгын үйл ажиллагааг бүхэлдээ хууль бус болохыг илтгэхгүй, аль нэг бүрэлдэхүүн хэсгийн зөрчлийг арилгах бүрэн боломжтой юм. Гэвч дулааны шугам уурын зуухыг барьсан нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон учраас барилгын ажлын зөвшөөрөл аваагүй шаардлагыг биелүүлээгүй гэж торгох шийтгэл оногдуулсан нь бодит нөхцөл байдалд тохирсон гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагчийн бүрэн эрхийг заасан ба 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхийг заасан байдаг. Энэ дарааллын дагуу мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж заасны дагуу хариуцлагын хүнд хэлбэрийг хүлээлгэх эрхийг улсын байцаагчид олгосон байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчилд зайлшгүй шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн хөрөнгөөр торгох шийтгэл оногдуулахаа илүү үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах байдлаар зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг хангах боломжтой байсан, шууд торгох шийтгэл оногдуулсан нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
3.5. Ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй.
“Хутты мекен” орон сууцны барилгын ажилтай холбоотой ямар зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болохыг шийтгэлийн хуудаст тодорхой бичээгүй буюу эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Тодруулбал шийтгэлийн хуудаст Өлгий сумын 8 дугаар багт баригдаж буй орон сууцны барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй /өмнө нь магадлалд орсон боловч үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон/ гэх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болохыг тусгажээ. Өөрөөр хэлбэл барилгын үндсэн хийц, бүтээц өөрчлөгдсөн учраас уг өөрчлөгдсөн хэсэгт магадлал хийлгээгүй байгаа нь зөрчил гэж үзжээ.
Харин дээрх асуудалтай холбогдуулан хариуцагчаас тэмдэглэл үйлдэх, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах, гэрч асуух, үзлэг хийх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа “Жанат” ХХК-ийн эзэмшлийн газарт баригдсан дулааны шугам болон уурын зуухны барилга угсралтын ажлын зураг төсөлд магадлал хийлгээгүй, зохих зөвшөөрөл аваагүй гэх зөрчил тогтоогдсон болохыг дурдсан байдаг. Үүнээс үзвэл хариуцагч шийтгэл оногдуулахдаа ямар зөрчилд хариуцлага хүлээлгэсэн болох нь хоорондоо зөрчилдөөнтэй байна.
“Хутты мекен” 648 айлын орон сууцны барилгын захиалагчийн хувьд уг барилгын зураг төсөлд магадлалыг 2014 онд хийлгэсэн бөгөөд үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй, зөвхөн дулааны шугам уурын зууханд зураг төсөл батлуулсан байхад бүхэлдээ барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон тул зураг төслийн баримт бичигт магадлал дахин хийлгэж, батлуулаагүй гэх зөрчлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй юм. Энэ зөрчилтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байхад маргаан бүхий актаар адилхан зөрчилд дахин хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.6. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш нь Э ХК-д холбогдуулан шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийг алдаатай дүгнэсэн, зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, зөрчлийг арилгуулах боломжтой арга хэмжээг аваагүй шууд торгох санкц хэрэглэсэн, зөрчил гаргасан субъектийг зөв тодорхойлж чадаагүй, зөрчлийн шийтгэх хуудсыг агуулгын алдаатай гаргасан буюу зөрчлийн шийтгэх хуудаст тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, зөрчлийн шийтгэх хуудсыг давхардуулан захиалагч, гүйцэтгэгчид хэрэглэсэн, нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэжээ.
4. Гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Манай “Э” ХК нь “Хутты мекен” орон сууцны хорооллын төслийг 2013 оноос эхлэн санаачилж ажиллаж байна. Тухайн төсөл нь 640 суудлын хүүхдийн сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг, болон орон сууцны төсөл юм.
Тус төсөл 2014 онд экспертэд ороод, магадлал нь гараад, аймгийн архитектор Б.М, тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Б барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, ажлыг эхлүүлж байсан.
Тухайн үед янз бүрийн асуудлаас болж төслийн ажил зогссон, 2021 онд төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээр үйл ажиллагааг явуулсан. 2021 онд газар хөдлөлтийн баллыг зохицуулсан хуулиар газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоогдуулан Газрын албанаас орон сууцны барилгыг 5 давхар биш, 4 давхраар бариулна, дахиад барилгын зураг төслийг гаргаад хийнэ гэсэн шаардлагын дагуу үйл ажиллагааг явуулж байна. Зураг төсөл боловсруулдаг компанид хүсэлтээ өгөөд 2024 оны 7 дугаар сараас хойш хүлээлттэй байна.
Шинээр тогтоосон хамгаалалтын бүсэд манай цэцэрлэг, сургууль, “Шинэ Өлгий”, “Хутты мекен” хорооллыг оруулсан. Хамгаалалтын бүс тогтоосонтой холбоотой барилгын зураг төслийн ажил гацсан байгаа. Өөр бусад хууль бус юм байхгүй, бүх ажил зураг төслийн дагуу явагдаж байна.
Манай байгууллагыг хоёр удаа торгосон эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулсан. Эрх бүхий албан тушаалтнаас хоёр дахь удаа торгох ёсгүй гэж үзээд шүүхэд хандсан.
Бохирын шугамын хувьд манайх мэргэжлийн байгууллагаар техникийн нөхцөл гаргуулсан. “С” ХХК-ийн ерөнхий инженер н.М гэрээ хийгээд, бохирын шугам татах ажлыг эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн үед “та нар ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байна, барилгын зөвшөөрөл авах ёстой, зураг төсөл гаргаад, магадлал орох ёстой” гэснээр бид зургийн компанитай гэрээ хийсэн. Бохир шугамын хувьд зураг төслийн ажил 80 хувьтай явж байна гэв.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Барилгын ажлыг 2013 оноос эхлүүлсэн. Тухайн үед тодорхой шалтгааны улмаас түр зогссон. Дараа нь 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас үргэлжлүүлж чадаагүй. 2023 оноос хойш барилгыг үргэлжлүүлэн барьж байсан. Анх удаа барилгыг барьж байгаа тухай биш барилгыг үргэлжлүүлэн барьсан асуудал юм.
2023 онд эрх бүхий албан тушаалтнаас барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төслийг магадлалд оруулаагүй зөрчил гаргасан гээд “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулиар 10 000 000 төгрөгөөр торгосон. Тухайн үед “Эрчим Баян-Өлгий” ХК нь шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхийн шийдвэрээр гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэг шийтгэлд нэг л удаа шийтгэл оногдуулах ёстой байтал дахиад шийтгэл оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн.
5.2. Шийтгэлийн хуудас хэлбэрийн шаардлага хангахгүй байна гэсэн нэмэлт тайлбар гаргаж байна
Үүнд, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам” батлагдсан.
Уг журамд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас үйлдэхдээ өөрийнхөө нэр, гарын үсэг, өөрийнхөө хувийн тэмдэг, эсхүл байгууллагын тэмдгийг дарж баталгаажуулсан байх ёстой гэсэн хэлбэрийн шаардлагатай.
Шийтгэлийн хуудаст тухайн байгууллагын тамга тэмдэг, эсхүл эрх бүхий албан тушаалтны хувийн тэмдэг дарагдаагүй, баталгаажаагүй шийдвэр юм.
5.3. Хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Барилга, хот байгуулалтын яамны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу төрийн хяналт шалгалтыг явуулсан гэж тайлбарласан. Төрийн хяналт шалгалт явуулахад эрх бүхий албан тушаалтан эрх нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг төрийн хяналт шалгалт явуулах, үйл ажиллагаанд орлолцуулаад, түүнд эрх үүргийг тайлбарлаж өгөх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд “Э” ХК-ийн гүйцэтгэх удирдлагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй.
Хавтаст хэрэгт авагдсан “Э” ХК-ийн нягтлан бодогч эрх бүхий албан тушаалтанд хандаж албан тоотоор хариу өгдөг. Үүнд, “тус компани гүйцэтгэх захирал нь гадаадад томилолттой байгаа учраас гүйцэтгэх захирал ирэхээр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж өгөх тухай” албан тоот илгээсэн. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь тус компанийн гүйцэтгэх удирдлагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн зөрчлийн холбогдогчоос мэдүүлэг аваагүй, эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй, мөн холбогдогчийн нотлох баримт шалгуулах, хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг олгоогүй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд хэргийн нөхцөл байдлыг тогтоох нь захиргааны байгууллагын чиг үүрэг байдаг. Ерөнхийдөө барилгын зураг байдаг, ажил эхлүүлсэн, гомдол гаргагч талаас үл хамаарах шалтгааны улмаас 2021 онд газар хөдлөлтийн 9 балл болсонтой холбогдуулан 5 давхар барилгыг, 4 давхар барилга болгож барих шаардлага гараад, энэ асуудал гарсан. Түүнээс биш огт барилгын зураггүй, барилгын зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа зүйл биш юм.
Эдгээр нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан буруу тогтоосноос болж 10 000 000 төгрөгөөр торгох нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Бид нар барилгын ажлын зөвшөөрөлгүй, зураг төсөл магадлалд ороогүй гэдэг зөрчил гаргаад, түүнд шийтгэл оногдуулсан гэж ойлгож ирсэн гэв.
6. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яамны салбарын хяналтын газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагчийн 02-00/08 дугаар удирдамжийн дагуу хяналт “Хутты мекен” хотхонд хяналт шалгалт хийж, хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчил илэрсэн тул Э ХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргасан.
6.2. Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хутты мекен” хотхон нь одоогоор 3 барилга барьж байгаа. Тус барилгад дараах зөрчлүүд илэрсэн.
- 2023 онд тус хотхоны нэг дэх барилга баригдаж байхад торгох шийтгэл оногдуулсан бол одоо хоёр болон гурав дахь барилгыг шалгаж илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулж байгаа учраас давхардсан шийтгэл оногдсон болж тооцогдохгүй бөгөөд хоёр өөр зөрчил юм.
-Тус хотхоны 2014 онд зураг төсөл нь магадлалд орсон боловч одоогоор техникийн нөхцөлүүдийн хугацаа дуусчихсан. Мөн өмнө төвийн халаалтын болон бохирын шугамд холбогдохоор зураг төсөлд төлөвлөсөн боловч одоогоор төвийн халаалт болон бохирын шугам нь татагдаагүй учраас холбогдох барилгуудад техник олгох боломжгүй болсон.
- 5 барилгууд одоо бүгд 4 давхар болж өөрчлөгдсөн. Учир нь газар хөдлөлтийн балл нэмэгдсэнтэй холбоотой хавтан хучилттай тоосгон барилгыг 4 давхраас илүү төлөвлөж болохгүй болсон тул зураг төслөө заавал өөрчилж шинээр батлуулна.
-. Хотхоны айл 648 байсан боловч таван давхар барилгууд 4 давхар болсон учир айлуудын тоо буурсан.
- Тус газарт ариун цэврийн байгууламжийн хязгаарлалтын бүс дотор уурын зуух барьсан.
- Мөн зураг төсөл нь гараагүй боловч бохирын шугам татаж байна.
- Шалгалт хийхээр очих үед холбогдох баримт бичгээ гаргаж өгдөггүй нь зөрчилтэй. “Ж” ХХК-тай гэрээтэй эсэх нь мөн адил зөрчилтэй. Надад үзүүлээгүй.
Хувь хүмүүстэй гэрээ байгуулан бариулж байна. Энэ хүмүүс нь норм дүрэм стандартыг мэдэх юм уу гэдэг асуултад хариулах боломжгүй нөхцөл байдалтай бөгөөд хүмүүс ажлаа хийгээд мөнгө аваад алга болох учир дараа нь хариуцлагыг нь барилгыг барьж байгаа болон бариулж байгаа компани үүрнэ.
6.3. Барилга барих үед зөвхөн ашиг, мөнгө бодолгүй чанар аюулгүй байдлыг бодмоор юм. Хуулиар хүлээсэн үүргийн талаарх мэргэжлийн байгууллага албан тушаалтны зөвлөгөөг сонсохгүй байна. Хашаандаа байшин барьж байгаа бус олон хүний амь настай холбоотой барилга барьж байгаа тохиолдолд холбогдох хууль, норм, дүрэм стандартыг мөрдвөл зүйтэй. Хуулиуд, норм, дүрэм, стандартууд зүгээр ч нэг бий болоогүй хөгжингүй орнуудын олон жилийн туршлага барилгыг чанаргүй барьснаас болж амссан хохирлуудаас ухааран санаа авч чадаагүй хүмүүст энэ зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хамгаалах зорилгоор батлагдсан учир хариуцлагатай байж, ухамсарлахыг хүсэж байна. Би энэ ажлыг хийж таны бизнест албаар хохирол учруулж байгаа хэрэг биш хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэдгийг ойлгож байна гэж итгэж байна.
6.4. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна.”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх; 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 37.1.16-д “барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах”, 37.2-т “Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно”, 37.4-т “Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 37.5-д “Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно”, 37.9-д “Доорхи барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм, нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна.” 37.9.1-д “энэ хуулийн 5.1-д заасан заавал мөрдөх норм, нормативын баримт бичиг;”, 37.9.2-т “энэ хуулийн 4.1.18-д заасан цомог;”, 37.9.3-т “энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн нэг маягийн зураг;” 37.9.4-т “энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн зураг төсөл” зэрэг хуулийн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Тухайн барилгуудын зохих журмын дагуу зураг төсөл нь гараагүй барилгын ажлын зөвшөөрөлгүй учир Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна.
2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэдгийг энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ойлгох бөгөөд аж ахуйн нэгж байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэх зөрчил үйлдсэн тохиолдолд 10 000 000 төгрөгөөр торгохоор заасан.
3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь ЭХК-ийг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба шийтгэлийн хуудаст зөрчлийн үндэслэлийг ...барилгын зураг төсөл нь магадлалд орж батлагдаагүй байхад “Хутты мекен” хотхоны 1,2,3 дугаар барилга болон тус хотхоны бохирын шугам татсан” гэж тусгажээ.
4. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн …10.1.3, -д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: 27.1.3-т “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга.” гэж тус тус заасан.
5. Хэргийн нотлох баримт болох 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/2014 дугаартай “Архитехтур төлөвлөлтийн даалгавар”-аас үзэхэд Э ХК нь Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 648 айлын 9 орон сууцны барилга бүхий “Хутты мекен” хороолол барих болсон, уг барилгын зураг төслийн баримт бичигт анх Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 386/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан үйл баримтууд тогтоогдсон ба уг дүгнэлтэд нэг барилга нь тэнхлэгээрээ 52.8 х18.0 м хэмжээтэй, 2 орцтой, зоорь бүхий 5 давхар байхаар тусгагджээ.
6. Тус компанид анх эрх бүхий этгээдээс барилгын ажлыг эхлүүлэх 12 дугаартай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүчинтэй байх ба ЭХК нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7/30 дугаартай албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан гаргаснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5 давхар бүхий нийт 9 блок орон сууцны барилгын ажлын БЭЗ-83-12/21 дугаартай зөвшөөрлийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай олгосон байжээ.
7. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно.”, 30.2-т “Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.”, 30.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 30.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.”, 30.4-т “Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.” гэж тус тус заасан.
8. ЭХК-ийн орон сууцны барилга барих эрхтэй газарт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар “Хутты мекен” хотхоны орон сууцны 18.5м х 28м хэмжээтэй 4 давхар 1 дэх барилгын гадна фасадын ажил хийгдэж байсан нь, 52мх18 м хэмжээтэй, /В1 буюу зоорьтой/ 4 давхар бүхий 2 дахь орон сууцны барилгын 4 давхрын өрлөгийн ажил явагдаж байсан нь, 3 дахь орон сууцны барилгын В1 буюу зоорийг цементээр цутгасан, орон сууцны барилгад холбох 200 метрийн бохирын шугам татсан зэргээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан нь, тус компанид 2021 онд олгосон БЭЗ-83-12/21 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш эрх бүхий этгээдээс дахин зөвшөөрөл олгоогүй нь зөрчлийн хэргийн материалд авагдсан холбогдох нотлох баримтууд, гэрч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Н.Т шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба гомдол гаргагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тус компани нь хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй гэдэгт маргаагүй.
9. Дээрх нөхцөл байдлын талаар гомдол гаргагчаас “Барилгын тухай хуулийн дагуу орон сууцны барилгын ажлыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БЭЗ-83-12/21 дугаартай зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг анх эхлүүлсэн, хөрөнгө оруулалт, санхүү төсвийн асуудлаас болж барилгын ажил хэсэг хугацаанд зогсож, 2023 оноос эхлэн хэвийн явагдаж байна.” гэж шүүхэд гаргасан гомдолдоо тайлбарласан байх боловч орон сууцны 1 дэх барилгын ажлыг дээрх зөвшөөрлөөр олгосон хугацаанд гүйцэтгэж дуусгаагүй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргаас олгосон БЭЗ-83-12/21 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дууссан тохиолдолд хугацааг сунгуулах, шинээр зөвшөөрөл авахаар Барилгын тухай хуульд дээрх байдлаар зохицуулагдсан тул 2021 онд олгогдсон БЭЗ-83-12/21 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хугацаанд тухайлбал 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар ЭХК нь “Хутты мекен” хотхоны орон сууцны 1 дэх барилгыг үргэлжлүүлж барьсан, шинээр орон сууцны 2, 3 дахь барилгын ажлыг эхлүүлсэн зэргээр барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.
10. Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудаст “...барилгын зураг төсөл нь магадлалд орж батлагдаагүй байхад “Хутты мекен” хотхоны 1,2,3 дугаар барилга болон тус хотхоны бохирын шугам татсан.” гэж тусгасантай холбогдуулан гомдол гаргагчаас “Хутты мекен” 648 айлын орон сууцны барилгын захиалагчийн хувьд уг барилгын зураг төсөлд 2014 онд магадлал хийлгэсэн бөгөөд барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй, зөвхөн дулааны шугам уурын зууханд зураг төсөл батлуулсан байхад бүхэлдээ барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орсон, зураг төсөл хийлгэж, магадлалд оруулаагүй гэх зөрчлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй, энэ зөрчилтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байхад маргаан бүхий актаар адилхан зөрчилд дахин хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй.” гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
10.1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2-т Аж ахуйн нэгж, байгууллага: 2.1-д “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” , 2.2-т “хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;” 2.3-т “зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба аж ахуйн нэгж байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2-т заасан 3 үндэслэлд хамаарах зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд уг зүйл заалтаар шийтгэл оногдуулах бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.” гэж зааснаар холбогдогчийн гаргасан зөрчил тус бүрд хариуцлага оногдуулах үндэслэл болно.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0068 дугаартай шийдвэрээс үзвэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0074991 дугаартай шийтгэлийн хуудсаар Э ХК-ийг “Хутты мекен” хотхоны орон сууцны 1 дэх барилгатай холбогдуулж, Өлгий сумын 8 дугаар багт баригдаж буй барилгын зураг төсөлд магадлал хийлгээгүй, /өмнө нь магадлалд орсон боловч барилгын үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт орсон/ гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;” зөрчил гаргасан гэж үзэж, торгох шийтгэл оногдуулсан байх ба энэ маргааны хүрээнд ЭХК нь анх Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр хийлгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 386/2014 дугаартай барилгын зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтэд барилгын хэмжээг 52.8мх18.0м гэж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд барилгын хэмжээг 49.6м х18м гэж, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т барилгын хэмжээг 49.6 м х18 м гэж тусгагдсанаас өөрөөр 24м х18м хэмжээтэй барилга барьсан үйл баримт тогтоогдсон байх ба энэ нь ЭХК нь хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй гэх зөрчил гаргасантай холбоотой эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага тооцсон агуулгын хувьд өөр зөрчил байна.
Харин эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай шийтгэлийн хуудсаар ЭХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэх зөрчил гаргасан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байх тул гомдол гаргагч талын “адилхан зөрчилд дахин хариуцлага хүлээлгэсэн” гэх маргаан нь үндэслэлгүй байна.
10.2. Эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай шийтгэлийн хуудаст зөрчлийн үндэслэлийг ...барилгын зураг төсөл нь магадлалд орж батлагдаагүй байхад “Хутты мекен” хотхоны 1,2,3 дугаар барилга ...” гэж тусгасан, энэ талаар хариуцагчаас шүүхэд өгсөн тайлбартаа “...хотхоны 2 болон 3 дахь барилгыг шалгаж илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан боловч зөрчлийн хэргийн материалаас үзэхэд “Хутты мекен” орон сууцны 1 дэх барилгад холбогдуулж мөн хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй гэх зөрчлийг илрүүлж, тогтоосон байх тул хариуцагчийн тайлбарласнаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай шийтгэлийн хуудсаар “Хутты мекен” хотхоны зөвхөн 2 болон 3 дахь орон сууцны барилгатай холбогдуулж шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.
11. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгад холбох бохирын шугам татсан гэх үндэслэлийг эс зөвшөөрч, шүүх хуралдааны явцад “Бохирын шугамын хувьд манайх мэргэжлийн байгууллагаар техникийн нөхцөлийг нь гаргуулсан. Түүний дагуу зураг төсөв нь гараад, “С” ХХК-ийн ерөнхий инженер н.М гэрээ хийгээд, ажлыг эхлүүлсэн. Бохирын шугам татах ажлыг “С” ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн үед барилгын ажлын зөвшөөрөл авах ёстой, зураг төслийг нь гаргаад, магадлал орох ёстой” гэснээр бид зургийн төсөл боловсруулдаг компанитай гэрээ хийсэн. Бохирын шугамын зураг төслийн ажил 80 хувьтай явж байна.” гэж тайлбарласан.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;” 4.1.35-т "инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг;” ойлгохоор заасан.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дугаартай тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-д зааснаар бохир ус цэвэрлэх байгууламж нь хамаарахгүй байх тул бохир ус цэвэрлэх байгууламж барих тохиолдолд Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:” гэж заасны дагуу эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрөл авах бөгөөд ЭХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгад холбох 200 метрийн бохирын шугамыг барьсныг эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;” гэж заасан ба “Хутты мекен” хотхоны орон сууцны барилгуудыг бохир усны эх үүсвэрт холбохоор эрх бүхий байгууллагаас гаргасан техникийн нөхцөл, тухайн бохир усны цэвэрлэх байгууламжийг “С” ХХК-аар гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээ зэрэг нь хуульд заасан эрх бүхий этгээд болох Засаг даргаас олгосон бохир усны шугам барих ажлын зөвшөөрөл биш тул шийтгэлийн хуудасны “барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр бохирын шугам татсан” гэх үндэслэлийг эс зөвшөөрч маргасан гомдол гаргагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
12. Э ХК нь уг барилгын захиалагч мөн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3Х-2021/...дугаар “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт баригдах “Эрчим” ХК-ийн “Кутты мекен” орон сууцны хотхоны барилгын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх гэрээ”, барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай ЭХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7/30 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ЭХК-ийн “торгох субъектийг буруу тодорхойлсон” гэх маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
13. Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай тогтоолоор батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын Хоёрын 2.7-д “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.” гэж заасан ба хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудаст журмын дээрх зохицуулалтын дагуу өөрийн дардас, эсхүл байгууллагынхаа тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.
Гомдол гаргагч талаас шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлага хангаагүй, уг шийдвэрийг баталгаажуулаагүй гэж маргасан нь үндэслэлтэй боловч энэ нь гомдол гаргагчийг хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчил гаргаагүй гэж үзэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
14. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагч ЭХК-ийн захирал М.Тилеуберди оролцоогүй байх ба эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт дуудсан мэдэгдэх хуудсыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус компанид шуудангаар хүргүүлсэн, компанийн захирал М.Тилеуберди нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл БНХАУ-руу томилолтоор явсан талаар тус компаниас хариу мэдэгдсэн зэрэг нь ЭХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Э/224 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “ Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.3. хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;” гэж заасан.
Эрх бүхий албан тушаалтнаас ЭХК-ийн гаргасан гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба зөрчлийн хэргийн материалаас үзэхэд зөрчлийг хариуцагч 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлж, тус компани барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр дээрх төрлийн барилга угсралтын үйл ажиллагаа явуулсныг тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно.” гэж заасан ба эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг дуудсан нь, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хугацаанд холбогдогч томилолтоор гадаадад явсан үйл баримт тогтоогдсон.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаар холбогдогчоос мэдүүлэг аваагүй байх боловч бусад нотлох баримтаар ЭХК нь дээрх төрлийн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул хэдийгээр холбогдогч тухайн үед гадаад руу явсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас холбогдогчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлээгүй боловч энэ нь тус компанийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
15. Гомдол гаргагч ЭХК нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба эрх бүхий албан тушаалтнаас тус компанид Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай нийцсэн байна.
Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Э ХК-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0219331 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА