| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00269/И |
| Дугаар | 307/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/00269/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: *********/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1986 оны 11 сараас 1989 оны 8 сар хүртэлх хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэл Өлгий нуур багт малчнаар ажиллаж байсан. Тухайн үед малчинд ажилд орсон гарсан тушаал гаргадаггүй байсан учраас ажилласан баримт байхгүй байгаа юм. Одоо миний бие тэтгэвэрт гарах нас болсон ажилласан жил шаардлагатай байх тул намайг 1986 оны 11 сараас 1989 оны 8 сар хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Увс аймгийн төрийн архивын магадалгаа, Увс аймгийн Архивын цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар гэрч *******, ******* нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1986 оны 11 сараас 1989 оны 8 сар хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
4. Хүсэлт гаргагч Б.******* нь ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Увс аймгийн засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 180 дугаартай архивын магадалгаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэл нь малчинд тушаал гаргадаггүй байсан тул ******* овогтой *******ийн цалинг түүвэрлэн хүргүүлэв гэсэн бичилт, цалингийн тодорхойлолтод ... овог *******, нэр *******, Байгууллагын нэр Өлгий Энххөдөлмөр /өлгийн нуур/, ... 1986 оны 11 сараас 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ... хүртэлх хугацааны цалингийн түүвэр, гэрч *******ийн өгсөн ... Б.******* нь Увс аймгийн Өлгий сумын сургуульд сурч байгаад сургуулиасаа гарч хөдөө мал маллахаар гарсан. Аав нь хөдөө мал малладаг адуучин ******* гэж хүн байсан. Тухайн үед манай аймгийн Өлгий суманд Энххөдөлмөр нэртэй нэгдэл гэж байж байгаад 1990 онд хувьчлал гарч нэгдэл тарсан бөгөөд нэгдлийн гишүүд бүгд хэд хэдэн мал аваад хувийн малаа маллах болсон. Б.******* нь нэгдэлд байж байгаад хувийн малаа маллаж байсныг би мэдэх юм ... гэсэн мэдүүлэг, гэрч *******гийн өгсөн ...Б.******* нь 7 дугаар анги төгсөөд л аав, ээжтэйгээ мал маллаж байгаад цэрэгт явсан. Б.******* нь Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байсныг нь мэдэж байна ... гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ийг Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 1986 оны 11 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож, Б.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ийг Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 1986 оны 11 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА