| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0060/З |
| Дугаар | 110/ШШ2024/0056 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 110/ШШ2024/0056
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Г,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссын дарга Ө.Х гишүүн Т.А нарын хоорондын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт тогтоох, нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт , дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг төлөөлж дарга Ө.Х, гишүүн Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч А.Г нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдуулан, “Талийгаач К.М нас барсан шалтгаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт , дүгнэлт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт, дүгнэлт гаргахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Улмаар шүүх хуралдаан дээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт , дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдуулан гаргасан “Талийгаач К.М нас барсан шалтгаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт , дүгнэлт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт, дүгнэлт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлж, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн К.М нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан өрөөндөө байхад бие нь өвдсөнөөр ажлын байрнаасаа явсан, улмаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн боловч 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт нас барсан байх ба эхнэр А.Г 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” тухай хүсэлтийг “шийдвэрлэх боломжгүй” гэсэн буюу буцалтгүй тусламжийг олгоогүй байна.
3. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-03/687 дугаар албан бичгээр нэхэмжлэгч А.Г буцалтгүй тусламж олгох талаар гаргасан хүсэлтэд “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний нөхөр болох К.М нь төрийн албанд тасралтгүй 17 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлын байранд албан үүргээ гүйцэтгэх явцад бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдэн маргааш нь нас барсан. Тухайн үед талийгаач К.М эмч нарын буруутай үйлдлээс болж амь насаа алдсан. Би тухайн үед талийгаачийг задлан шинжилгээнд оруулахгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу эмч нарын буруутай үйл ажиллагаанд гомдол гаргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргасан. Миний шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь би бага насны хоёр хүүхэдтэй, нэг хүүхэд минь 10 настай, нэг нь 5 настай, 2 хүүхэд нь аавыгаа алдаад, ар гэрийн гачигдалтай байдалд орсон.
Аймгийн Засаг дарга миний өргөдлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст шилжүүлсэн ба тус комисс удаан хугацаагаар хүлээлгэж тодорхой шийдвэр гаргаагүй. Би удаа дараа шахаж шаардсаны эцэст тус комисс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдаад, нотлох баримт хангалтгүй, хугацааны хувьд хожимдсон хэмээн үзэж миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж шийдвэрлэжээ. Энэ талаар надад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-03/687 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэнийг хүлээн авч танилцсан.
Би тухайн үед миний өргөдлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст шилжүүлж, тус комиссоос шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн учир шүүхэд тус комисст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.М буцалтгүй тусламжийн асуудлыг шийдвэрлэж өгөх талаар бичгээр өргөдөл гаргасан ба одоогоор хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Миний гол зорилго бол талийгаач нөхөр маань төрийн албанд 17 жил тасралтгүй ажилласан, ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх явцад бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдэж, ердийн өвчний учир нас барсан учир Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах явдал байгаа.Тэгээд ч анх өргөдөл гаргахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгнө үү гэдэг утгаар гаргасан.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбарт тухайн үед ар гэрээс нь бидэнд хандаж байгаагүй, тухайн үйл явдал болсноос хойш 6 сар өнгөрсөн учир акт нөхөж гаргах боломжгүй гэдэг байдлаар бичжээ. Ер нь тухайн байгууллагын ажилтан, албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад өвдөж ажлын байранд, эсхүл эмнэлэгт хүргэгдэж нас барсан тохиолдолд энэ асуудлыг зохих журмын дагуу судлан бүртгэж, зохих дүгнэлт гаргах, энэ үндсэн дээр буцалтгүй тусламж олгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд талийгаачийн ар гэрээс заавал мэдэгдэх, хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Би нөхөр нас барсны дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих шийдвэрийг гаргаж, буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно гэсэн хүлээлттэй байсан.Тэгээд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, чимээгүй болохоор нь өргөдлөө гаргасан юм.
Нэгэнт тухайн үйл явдал болж өнгөрснөөс хойш 6 сар өнгөрсөн, акт нөхөж гаргах боломжгүй болсон учир аймгийн Засаг даргын Тамгын газрын байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд миний нэхэмжлэлтэй хэргийг үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэж,Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талийгаач К.М нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 76 тоот тушаалаар төрийн албанд томилогдсон. 2013 онд төрийн албанд жинхлэн томилогдсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.Талийгаач К.М 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу нас барах хүртэл төрийн албанд нийтдээ 15 жил, 4 сар, 11 хоног ажилласан нөхцөл байдал харагдаж байна.
Талийгаач 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу баасан гарагт ажлын өдөр ажлын байранд албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 15:00 цагийн үед бие нь өвдөөд эмнэлэг үзүүлэхээр гараад, гэрт очоод, гэрээс түргэн тусламж дуудаад, эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед талийгаачтай хамт байсан С, М нар энэ талаар тодорхойлолт олгосон, мөн гэрчийн мэдүүлэг өгсөн, тэрүүгээр нотлогдож байна.
Талийгаач ажлын байран дээр албан тушаалын тодорхойлолт заасан ажил үүргээ гүйцэтгэж байгаад бие нь өвдсөн, улмаар ажлын цагт эмнэлэг хүргэгдсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад маргааш нь нас барсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор заасан журамд “албан үүргээ гүйцэтгэх явцад” гэснийг тодорхой заасан. Талийгаач ажил үүргээ гүйцэтгэж байгаад бие нь өвдөөд, ажлын цагт эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар эмчилгээ хийлгэж байгаад нас барсан учраас тус хуулийн зохицуулалтад хамаарна гэж үзэж байна.
Тухайн үед тус байгууллагын орон тооны бус комисс нь ажиллаад, тодорхой дүгнэлтээ гаргах ёстой байсан. Гэхдээ тус байгууллагын комисс тухайн үед ажиллаагүй, холбогдох дүгнэлтээ гаргаагүй. Нэгэнт хуульд заасан 6 сар өнгөрсөн, нөхөж дүгнэлт гаргах боломжгүй болсон учраас түүнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач ердийн өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлтэй.
Ажиллаж байсан байгууллагаас тодорхой арга хэмжээ аваагүй, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч тус аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байдаг.Аймгийн Засаг дарга нь тухайн хүсэлтийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох комисст шилжүүлсэн. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисс 7 сарын дараа хуралдсан, энэ талаар 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Тус албан бичгийг хүлээж аваад нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хавтаст хэрэгт талийгаачийн өвчний түүх авагдсан. Түүнд сүүлийн 10 хоног архи уусан, 3 хоног хоол идээгүй гэдэг байдлаар бичсэн. Гэвч нэхэмжлэгч тухайн байдлыг үгүйсгэж байна. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэл ажлын өдөр байсан. Талийгаач сүүлийн 10 гаруй хоног архи уугаад явсан бол тухайн хугацаанд ажил тасалсан ч юм уу, тодорхой нөхцөл байх ёстой. Гэхдээ хавтаст хэрэгт тэр талаар нотлох баримт авагдаагүй. Талийгаачтай хамт өрөөнд сууж байсан хоёр хүн энэ талаар тодорхой мэдүүлсэн зүйл байхгүй.
Иймд талийгаач К.М нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байранд бие нь өвдөөд гэрт очоод, ажлын цагт эмнэлэгт хүргэгдсэн. Иймд учраас талийгаачийг албан үүргээ гүйцэтгэх явцад өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 8 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн ар гэрт нь 60 сарын үндэсний цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дарга Б.М хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Иргэн А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө нь тус аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу Засаг дарга Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст шилжүүлээд, тухайн комисс нь А.Г хүсэлтийн дагуу ажиллагаа явуулаад, эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийгээд, хүсэлтэд хариуг өгсөн. Засаг даргын Тамгын газрын даргын хувьд хүсэлттэй холбоотой ямар нэгэн нэмэлт тайлбар байхгүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссын шийдвэр, холбогдох мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлт зэргийг харгалзан үзээд хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Г “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч А.Г болон К.М нар нь 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл бөгөөд К.М нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст орлогын мэргэжилтнээр ажиллаж байжээ.
2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед К.М нь “бие өвдөж байна,эмнэлэгт үзүүлнэ” гэсэн шалтгаанаар ажлын байрнаасаа явсан байх ба 15:12 минутад эх нь яаралтай түргэн тусламжийн дуудлага өгснөөр Өлгий сумын 6 дугаар багаас /эцэг, эхийн гэр/ түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, Дотрын тасаг, дараа нь Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг тус тус хэвтүүлж эмчилсэн боловч 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт эмнэлэгт нас барсан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5, 7, 8, 30-66, 77-91, 95-96, 100, 134 дэх тал/ нотлогдож байна.
Нас барсан шалтгааныг өвчний түүхэнд “үндсэн онош- өөр бүлэгт ангилаагүй шок” , “дагалдах онош- архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, цочмог хор” гэсэн байх ба цогцсыг эмгэг судлалын шинжилгээнд оруулахаас ар гэрийн хүмүүс татгалзсанаар шинжилгээнд оруулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, өвчний түүхээр тогтоогдож байна.
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.20."үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”; 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж ,
Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.6-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ”, 3.8-д “Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна”, 3.9-д “Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ”, 7.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж тус тус зохицуулсан.
4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/32 дугаар тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг байгуулсан байх ба талийгаач К.М хувьд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан өрөөндөө байхад бие нь өвдөж ажлын байрнаасаа явсан, улмаар түргэн тусламжийн дуудлага өгснөөр гэрээсээ эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн боловч дараа өдөр нь нас барсан байх тул дээрх хууль, дүрмийн зохицуулалтуудаас үзэхэд ажил олгогч нь тухайн үед осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж, уг комисс нь энэхүү нөхцөл байдлыг судлан бүртгэж, акт үйлдэх ёстой байжээ.
Өөрөөр хэлбэл, орон тооны бус байнгын комисс нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 4.1,4.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, 5.1-т заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн, эсхүл биш талаар акт гаргаснаар уг актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх ёстой байтал ажил олгогчоос хууль ,дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч А.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг дээрх 2023 оны А/32 дугаар тушаалаар байгуулсан орон тооны бус комисст шилжүүлжээ. Уг комисс нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцээд “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэсэн хариу нэхэмжлэгч А.Г өгчээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Г нь ажил олгогч болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас хууль, дүрэмд заасан эрх, үүргээ биелүүлээгүй талаар тухайн нөхцөл байдал болсноос хойших 1 жил 7 сарын хугацаанд улсын байцаагч болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 1-2, 10-11, 71-72, 103-104, 116 дах тал/ тогтоогдож байна.
Үүний дараа нэхэмжлэгч А.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдуулан “Талийгаач К.М нас барсан шалтгаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт, дүгнэлт гаргахыг даалгах” гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар шүүх хуралдааны шатанд орон тооны бус комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч А.Г хувьд “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нөхөр К.М нь төрийн албанд тасралтгүй 17 жил ажилласан, ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх явцад бие нь өвдөж, эмнэлэгт хүргэгдэж, ердийн өвчний учир нас барсан тул буцалтгүй тусламж авах ёстой” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч талаас “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссын шийдвэр, холбогдох мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлт зэргийг харгалзан үзээд хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэсэн тайлбар гаргасан.
7. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно”, 60.3-т “Төрийн албан хаагчид энэ хуулийн 60.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно” гэж,
Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.4-т ““Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна”, 2.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно”, 2.5-д “Төрийн албан хаагчийн ар гэрт энэ журамд заасны дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгийг холбогдох хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Буцалтгүй тусламжийн хөрөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх үүргийг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хариуцна” гэж тус тус зохицуулжээ.
8. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон дээр дурдсан дүрэм, журмын зохицуулалтуудаас үзэхэд, төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх явцад гэнэтийн осол буюу үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, эсхүл ажлын байрны орчин, нөхцөлөөс шалтгаалсан өвчлөл гэх мэт гадны нөлөөллийн улмаас амь нас нь хохирсон байх тохиолдолд буцалтгүй тусламж олгохоор байгаа, өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн амь нас хохирох нь албан үүргээ гүйцэтгэх үйл явцтай шалтгаант холбоотой байхаар байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгоход “албан үүргээ гүйцэтгэ явцад амь нас хохирсон” буюу үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөллийн улмаас нас барсныг зохих журмын дагуу тогтоосон байх нь урьдчилсан нөхцөл юм.
Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн К.М нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан өрөөндөө байхад бие нь өвдөж ажлын байрнаасаа явсан, улмаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн боловч маргааш нь эмнэлэгт нас барсан нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын акт гараагүйгээс гадна үйлдвэрлэлийн ослын талаар хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоосон иргэний шүүхийн шийдвэр байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болсон нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байна.
Хэдийгээр ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг байгуулан ажиллуулах үүргээ биелүүлээгүй буруутай байгаа боловч тухайн нөхцөл байдал болсноос хойш 6 сараас дээш буюу 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байгаа, мөн нэхэмжлэгч нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдуулан гаргасан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба дээр дурдсанаар үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байгаа тохиолдолд шүүхээс буцалтгүй тусламжийг олгохыг даалгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас “талийгаач К.М нь ердийн өвчний учир нас барсан” гэсэн тайлбар гаргасан, талийгаач К.М нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд үйлдвэрлэлийн осол бус өвчнөөр нас барсан гэж тусгасан, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо тэжээгч нь ердийн өвчний улмаас нас барсан гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоосныг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон буюу үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөллийн улмаас нас барсныг зохих журмын дагуу тогтоосон байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5,109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Галия нь “Талийгаач К.М нас барсан шалтгаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ