Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00206

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02923 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н, Т Т ХХК, Т Х ХХК, У Г ХХК нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ч.Н болон түүний хувьцаа эзэмшдэг Төмөрт транс ХХК, Төмөрт төгс хийц ХХК, Төмөрт хурд ХХК, Ууган гэгээ ХХК-д холбогдох Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийг хангуулах иргэний хэргийг шүүх 2017 оны 04 сарын 27-ны өдөр шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталгаажуулсан 102/ШШ2017/01217 дугаар шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид зээлийн гэрээний үүрэгт 6 067 513 207 төгрөгийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай 675 м.кв талбайтай сендвичен барилга, тус хороо Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай 594 м.кв талбайтай үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт дуудлага худалдаагаар оруулан худалдахаар үнэлгээг 2 361 365 352 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаартай 2 912 м.кв талбайтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1 066 039 520 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 186283314904479, 18629314029331 дугаартай 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр тус тус тооцон үнэлсэн.

Ч.Н нь дээрх 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар дээр өөрийн компанийн төмрийн худалдаа болон төмөр хийцийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд тус хөрөнгүүдийн зах зээлийн одоогийн үнэлгээ 5.5 тэрбум төгрөг гэж үнэлүүлсэн. Мөн 2 912 м.кв талбайтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар нь 180 айлын орон сууцны төсөлтэй бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээгээр 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2013 онд 450 000 000 төгрөгөөр худалдан авсан ба одоогийн зах зээлийн үнэлгээ нь 500 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

Гэтэл хариуцагч байгууллага нь дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлж мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд дурдагдсан 5 хөрөнгөнөөс Ч.Нн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө болох 675 м.кв талбайтай сендвичен барилга, 594 м.кв талбайтай үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн Төмөрт транс ХХК-ийн эзэмшлийн 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг 4 хөрөнгийн үнэлгээтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулж худалдан борлуулсан байна.

Хариуцагч байгууллагаас албадан дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулах тухай мэдэгдлийг танилцуулахад тухай бүр амаар болон бичгээр удаа дараа энэ талаар тайлбарлаж нэгэнт шүүх дээр маргаан үүссэн тул дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулж худалдан борлуулахгүй байх талаар мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүй. Ч.Н анхны дуудлага худалдааны мэдэгдэлтэй 2020 оны 07 сарын 23-ны өдөр танилцсан бөгөөд тус мэдэгдлийг гардан авсны дараа шүүхэд дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ гаргасан боловч хариуцсан шүүгч ээлжийн амралттай байсан тул хүсэлтээ тухайн үед шийдвэрлүүлж чадаагүй бөгөөд энэ тухайгаа мөн тайлбарласан. Улмаар 2020 оны 08 сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаагаар худалдан авагч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааны тов мэдэгдэж дээрх хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Тус дуудлага худалдаа 2020 оны 09 сарын 04-ний өдөр болж өнгөрсөн бөгөөд дуудлага худалдаагаар төлбөр авагч Хас банк ХХК нь хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар худалдан авах эрхтэй болсон байна.

Дээрх дуудлага худалдааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр худалдан борлуулсан мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн байтал хууль зөрчиж, түүнийг үл ойшоон дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулж худалдан борлуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул дээрх дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01217 дугаар захирамжаар Төмөрт транс ХХК, Төмөр төгс хийц ХХК, Төмөрт өргөө ХХК, Төмөрт хурд ХХК, Ууган гэгээ ХХК, Ч.Н нараас 13 168 692 579 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн.

Улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай 675 м.кв талбайтай сендвичен барилга, тус хороо Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай 594 м.кв талбайтай үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай 7 157 м.кв талбайтай контор үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаартай 2 912 м.кв талбайтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаартай 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал авч төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Тус газарт хандан төлбөр төлөгч нар нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргасныг шийдвэрлэж хугацааг олгосон. Хуульд заасан хугацаанд хөрөнгийг худалдан борлуулаагүй тул үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 08 сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Иймд 2020 оны 09 сарын 04-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан.

Төлбөр төлөгч нарт хөрөнгө худалдан борлогдсон талаар 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 4-141/32316 тоот мэдэгдлээр мэдэгдэж хууль сануулсан. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/12574, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/13367 дугаар захирамжаар худалдан борлогдсон хөрөнгүүдэд хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ч.Нн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий барилга, улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ажилчны гудамж 28, 28/1 тоотод байрлах 594 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай 2 давхар барилга, Ч.Нн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаартай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 7 157 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 2 361 365 352 төгрөгөөр үнэлсэн, Төмөрт транс ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаартай 30 000 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаа, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Ч.Н болон Т Т ХХК, Т Х ХХК, У Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл хүлээн авсан даруйдаа шүүхэд гаргасан. Гэтэл өөрөөс үл хамаарах шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүй байсаар 2020 оны 09 сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл энэхүү захирамж гарахаас өмнө 1, 2 дахь дуудлага худалдаа тус тус зохион байгуулагдан барьцааны эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан байна. Энэ тохиолдолд хэрэв иргэн, хуулийн этгээд өөрөөс үл хамаарах шалтгаанаар хүсэлт, гомдлоо зохих байгууллагад хянан шийдвэрлүүлж чадахгүй л бол хууль ёсны байх үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд нийцэхгүй юм. Анхан шатны шүүхээс дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх үндэслэл байсан эсэх талаар заавал дүгнэлт хийх ёстой байтал огт дүгнэлт хийгээгүй байна. Хэрэв шүүгч ээлжийн амралтгүй байсан бол тус түдгэлзүүлэх хүсэлтийг хэзээ гарахаас үл хамааран шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан гэдгийг 2020 оны 09 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн гарсан захирамж гарснаар нотолж байна. Мөн анхан шатны шүүхээс хэргийн оролцогч буюу нэхэмжлэгчид өөрийн хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгө, түүний эрхийг хамгаалах боломж олгоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заажээ. Үүнээс үзэхэд гомдол гаргасан тохиолдолд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шууд түдгэлзэхээр хуульчилсан байна.

Үнэлгээний тухайд Ч.Нн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг нийт 2 361 365 352 төгрөгөөр үнэлсэн, харин Төмөрт транс ХХК-ийн эзэмшлийн эзэмших эрхтэй газрыг 412 770 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээчин нь Баянгол дүүрэг дэх газар нь төв зам дагуу, төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байршил сайтай, байнгын бизнесийн үйл ажиллагаа явагддаг, энэ чиглэлээрээ 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл явж ирсэн, барилгын материалын худалдааны төвлөрсөн газар бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх газраас 2.5 дахин том байхад Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газрын 1 м.кв-ын үнэлгээнээс багаар гаргасан байдаг. Мөн үнэлгээнд ижил төстэй хөрөнгөтэй харьцуулах аргыг хэрэглэхдээ хотын А зэрэглэлийн бүсэд хамаарах хөрөнгийг Сонгинохайрхан дүүрэг дэх хөрөнгөтэй харьцуулан гаргасан байдаг. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараа тодорхой дурдсан. Гэтэл анхан шатны шүүхээс үнэлгээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, зах зээлийн өнөөгийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна гэж үнэлсэн нь учир дутагдалтай юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н, Т Т ХХК, Т Х ХХК, У Г ХХК нар хариуцагч НШШГГт холбогдуулан, Ч.Нн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаарт бүртгэлтэй, 675 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай сендвичин үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Ажилчны гудамж 28, 28/1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021681 дугаарт бүртгэлтэй, 594 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай, зоорины давхартай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Нн эзэмшилд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7,157 м.кв талбайтай, контор үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг нийт 2 361 365 352 төгрөгөөр үнэлсэн, мөн Төмөрт транс ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30 000 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг 412 770 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн байхад анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан учир тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нар тайлбарладаг бол хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргадаг.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01217 дугаар захирамжаар хариуцагч Төмөрт транс ХХК, Төмөрт төгс хийц ХХК, Төмөрт өргөө ХХК, Төмөрт хурд ХХК, Ууган гэгээ ХХК, Ч.Н нараас 13 168 692 579.71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 18-28/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 102/ШЗ2019/00486 дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 00041 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2020 оны 02 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулжээ. /1хх 46-47, 54-арын нүүр/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг 2020 оны 04 сарын 21-ний өдөр, 2020 оны 04 сарын 23-ны өдөр тус тус битүүмжилж /1хх 61-62, 68-арын нүүр-71/, 2020 оны 05 сарын 13-ны өдөр тус тус хураан авчээ. /1хх 73-арын нүүр-77/

 

Улмаар төлбөр төлөгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийг нийт 6 550 000 000 төгрөгөөр үнэлснийг /1хх 80-арын нүүр/ төлбөр авагч эс зөвшөөрсөн /1хх 84/ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь /1хх 81, 83, 119/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /1хх 112/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээ гаргах болсон үндэслэл, үнэлгээний зорилго, үнэлгээнд ашигласан стандартыг дурдаж, үнэлж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн гэж үзнэ. /1хх 101-115, 121-128, 131-142/

 

Хариуцагч байгууллагаас шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 4-141/23192, 4-141/23193, 4-141/23194 албан бичгээр мэдэгдсэн. /1хх 90-арын нүүр-91, 91-арын нүүр/. Улмаар төлбөр төлөгч нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хөрөнгийг үнэлгээнд зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргасныг /1хх 88/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, хуульд заасан нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон байх ба /1хх 88-арын нүүр/ дээрх хугацаанд төлбөр төлөгч нар Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2 912 м.кв газрыг 550 000 000 төгрөгт тооцон төлбөр авагч Хас банк ХХК-д шилжүүлсэн байна. /1хх 95/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн зохицуулалтын урьдач нөхцөл нь хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй... байх явдал учир тухайн үед шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрч байжээ гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааны дотор шүүхэд гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр татагдсан Т Т ХХК, Т Х ХХК, У Г ХХК нар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байна. Иймд тэдгээрийг эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхгүй гэж дүгнэв. /1хх 2хх 6/

 

Үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар зэргийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд дурдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна маргаж буй эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш 5.5 тэрбум төгрөг гэсэн нэхэмжлэгч Ч.Нн тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан ...хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан... үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх хэмжээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулиар олгогдоогүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тухайн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шүүгч шийдвэрлэхээр байна. Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гаргаагүй байх үед анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн, үнэлгээтэй холбоотой гомдол шүүхэд хянагдаж байх үед албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүх албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянах бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан гэсэн үндэслэл нь уг ажиллагааг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэх, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах учиртай. Хуульд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч нар хэрэглэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР