| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0075/З |
| Дугаар | 110/ШШ2024/0057 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 110/ШШ2024/0057
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, гуравдагч
этгээдийн бие даасан шаардлагыг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би К.Е, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Н.М Баяннуур сумын Засаг даргаар томилох тухай” Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээд Н.М, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай" Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгох” бие даасан шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К.Е шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“К.Е миний бие 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч нар, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тогтоол хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч К.Ерболат миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно” гэжээ.
2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Е шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд нэхэмжлэгч К.Е нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад холбогдох "Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" 06 дугаартай хуралдааны тогтоол нь хууль бус байсан болохыг тогтоолгож, аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Н.М Баяннуур сумын Засаг даргаар томилох тухай" Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай" үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мендигүлийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох, "Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024.11.19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай" Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай" бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хянагдаж байгаа билээ.
Энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч К.Е нь хариуцагч Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг батаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Харин хариуцагч аймгийн Засаг дарга 2024.12.13-ны өдөр “Захирамжийг хүчингүй болгох тухай” А/1115 дугаартай захирамж гаргаж, 2024.11.19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай" Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна. Энэ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн явдал билээ.
Иймд аймгийн Засаг дарга бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч К.Е, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон тус аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Н.М Баяннуур сумын Засаг даргаар томилох тухай" Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч К.Е нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.Гуравдагч этгээд Н.М, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай" Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгох” бие даасан шаардлага гаргасан.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай” Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгосон 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1115 дугаартай захирамжийг тус шүүхэд гаргаж өгсөн тул хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байна гэж үзлээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,67.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Е “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Н.М Баяннуур сумын Засаг даргаар томилох тухай” Б/38 дугаартай захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг, гуравдагч этгээд Н.М “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай" Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгох” бие даасан шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, К.Е нэхэмжлэлтэй, Н.М бие даасан шаардлагатай, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээдэд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ