Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч  *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.Бод холбогдох 1714000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч  Н.Б нь 2017 оны 11 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжний “Цагаан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд иргэн  *******ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч  *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн орой 17 цагийн үед би эхнэр *******гийн хамтаар хойд гудам болох 11 дүргээр гудамжны “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүр ортол *******, ******* нар байж байсан намайг ******* нь өдрийн томроод байсан банди байна шдээ гээд байсан тэгээл би гэррүүгээ орохоор дэлгүүрээс гартал араас *******, ******* 2 гарч ирээд намайг ******* дуудаад чи өдөр гөөмөн том байсан шүү гэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь ******* чи амжихгүй шүү гээд миний мөр хэсэгрүү нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд цохих гэсэн чинь хальт цохисон чинь ******* нь хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэгт хутгалж авсан тухайн үед *******, манай эхнэр ******* хажууд байсан бөгөөд би зугтаагаад хашааруу орох гэтэл миний хэвлий хэсгээс цус гарч байсан тэгээд би та намайг хутгалчихлаа шдээ гэсэн тэгсэн тэгсэн гээд хутгаа гартаа байрьсан байсан манай эхнэр цагдаад дуудлага өгсөн ... Би  Н.Боос нийт 240.000 төгрөг нэхэмжилж  Н.Б нь 2017 оны 12 сарын 14-ний өдөр 54.000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22/,

Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 11 сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед гэртээ байж байгаад нөхөр  *******ын хамтаар гудамны арын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжинд байдаг дэлгүүр орход *******, ******* нар нь байж байсан. Нэг нь болох ******* нь манай нөхрийг өдрийн томроод байсан баньди байна гээд байсан. Тэгээд манай нөхөр гэрлүүгээ орох гээд дэлгүүрээс гараад явсан. Тэгтэл гадаа зодоон болсон байхаар нь гараад иртэл ******* манай нөхөр барилцаад авсан байхаар нь би юу болж байна гэсэн чинь ******* нь өдрийн томроод байсан бандийг зодох гэж байна гээд манай нөхрийг цохиод авсан. Манай нөхөр цохих гэтэл оноогүй. Гэтэл ******* нь гартаа хутга барьсан манай нөхрийн хэвлийн тус газар нэг удаа хутгалж авсан. Би нөхрөө татаж аваад хашааруу зугтаагаад орсон. Тэгтэл ******* араас дутуу хутгалчихлаа зүрхэнд нь хутгалах байсан юм гээд араас хөөгөөд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч С.Сын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 17 цагийн үед ******* бид хоёр Баянхонгор сумын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжний “Цагаан хайрхан” гэх дэлгүүрт ороод 1 шил архи аваад зогсож байсан чинь гаднаас ******* эхнэртэйгээ орж ирсэн. ******* архи аваад түрүүлээд гараад явсан. Тэгтэл араас нь ******* эхнэртэйгээ гараад явсан. Би дэлгүүрээс шокалад авах гээд зогсож байтал дэлгүүр дотор байсан жаахан банди гадаа зодоон болоод байна гэхээр нь гараад иртэл зодоон болсон *******ыг ******* хутгалсан гэхээр нь би *******оос чи хутгалсан юм уу гэж асуусан чинь үгүй би хутгалаагүй миний хармаан дотроос хутга унсан юм гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. ... намайг дэлгүүрээс гараад ирсэн чинь ******* нь *******ыг хутгалсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүгдэгч  Н.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 11 сарын 21-ний өдөр ******* бид хоёр модны үйлдвэр дээр нядалгаанд яваад нядалгаан дээр ******* бид хоёр холбоо уяа байхгүй очсон учир мал нядалж байх үед би нядалж байсан малнаас хоёр хонь бариад авсан чинь *******ын эхнэр боль гээд байснаа цаанаас ******* ирээд наад хонь тавь гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би цаашаа алхсан чинь ******* нь *******тай маргалдаад байхаар нь би очиж *******ыг одоо боль гээд салсан. Тэгээд бид хоёр малаа нядалж дуусаад ******* бид хоёр модны үйлдвэрийн ар талын хашаанд 1 шил архи авч хувааж уучихаад гэрлүүгээ явцгаасан. Тэгээд орой 18 цагийн үед *******ын гэрт орж хоол унд идчихээд байж байтал ******* дахиад 1 шил архи гуялаад ууя гэхээр нь би зөвшөөрч ******* бид хоёр хүнсний дэлгүүр явахаар болж Баянхонгор сумын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжинд байх “Цагаан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрт ******* бид хоёр ортол *******ын эхнэр дэлгүүрээс юм аваад байж байсан. Удалгүй нөхөр нь болох ******* орж ирсэнээ буцаад гараад явсан. Би дэлгүүрээс нэг шил архи аваад *******д гарлаа гэж хэлсэн. ******* хүүхдүүддээ чихэр авна гээд үлдсэн. Би дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд байх таамбарт гараад иртэл дэлгүүрийн гадаа ******* зогсож байж байгаад ******* чи өдөр их том байна лээ шүү муу шорон минь гэж хэлэх үед би одоо хоёулаа болъё гэж хэлсэн чинь хажуу талаас нэг нь өшиглөсөн. Би тонгойсон чинь ******* миний куртекнээс татаад намайг унагаагаад миний дээрээс өшиглөөд байсан. Тэр үед дэлгүүрээс ******* гарч ирээд та нар болиоч хүн аллаа шүү дээ гэж хэлэхээр нь босож ирээд миний уур хүрч тэгвэл хоёулаа зодоон хийе гэж би хэлтэл цаашаа зугтаагаад байхаар нь би араас нь хөөсөн чинь ******* нь надаас зугтааж гүйж байгаад буцаж эргэж хараад намайг хутгалчихлаашдээ гэхээр нь би куртекний харман дотор байсан хутга үзтэл алга байсан. Цаашаа эргээд хартал миний урд миний шар хутга хэвтэж байхаар нь би аваад харман дотроо хийсэн. Тэгтэл *******ын эхнэр цагдаад дуудлага өгсөн ... Би тухайн үед *******тай зууралдаад байх үед миний уур их хүрсэн байсан учир тухайн үед юу хийсэн үйлдэлээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний харман дотор байсан хутга миний урд газар хэвтэж байсан. Би *******ыг хутгалсан эсэхээ санахгүй байна. Тэнд байсан хүмүүс намайг хутгалсан гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 630 тоот шинжээчийн ...  *******ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Н.Бын иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47, 53/

Шүүгдэгч  Н.Бын урьд ял шийтгэгдэж байсан тухай шийтгэх тогтоолуудын хуулбар, / хх-ийн 54-73, 79-88/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч  Н.Б нь согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжний “Цагаан хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд иргэн  ******* ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Н.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч  Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч  Н.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч  Н.Б нь урьд нийт 7 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгдэгч  Н.Б нь дээрхи тэнссэн хугацаанд буюу 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч  Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч  Н.Бын эзэмшлийн нокиа маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутгыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт  Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Н.Бод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Н.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Н.Бод оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч  Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч  Н.Бын эзэмшлийн Нокиа 1661 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутгийг устгасугай.

8. Шүүгдэгч  Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Н.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА