Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02305

 

Ш.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Д-ын хариуцагч Ж.Э холбогдуулан гаргасан 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Даваажаргал нь ам бүл 3 өвчний улмаас группд байдаг. Эхнэр ажилгүй, өрхийн орлого 310 000 төгрөг. Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Энхжаргалаас 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгийг худалдан авч өөрийн эхнэрийн данснаас Хаан банкны 5450315239 тоот Ж.Энхжаргалын данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг түргэн үйлчилгээний цэгийг худалдан авах үед бичиг баримт нь удахгүй гарна. Би эзэмших эрхээ шилжүүлж байгаа гээд намайг хууран мэхэлж худалдсанд нь гомдолтой байна. Би Ж.Энхжаргалтай удаа дараа холбогдож бичиг баримтын талаар лавлаж асуусан бөгөөд хуурч зарсан нь мэдэгдсэний дараа миний мөнгийг буцаан төлнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа авахгүй хариу өгөхгүй байсаар өдийг хүрч иргэн намайг хохироосоор байна. Иймд Ж.Энхжаргалаас 4 000 000 төгрөг болон, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энхжаргал миний бие 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Даваажаргал нь миний ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийг худалдаж авъя гэсэн санал гаргаж, түрээслүүлж байсан хүнтэй өөрөө уулзаад манайх энэ түргэн үйлчилгээний цэгийг авах гэж байгаа юм гэж хэлээд гаргаад тухайн түргэн үйлчилгээний цэгийг 4 300 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тус түргэн үйлчилгээний цэг нь 2x3 м.кв хэмжээтэй зөөвөрлөгддөг нийтийн эзэмшлийн талбай дээр байрлуулж үйл ажиллагаа явуулах зориулалттай бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй эд зүйл байсан. Ш.Даваажаргал нь тухайн түргэн үйлчилгээний цэгийг худалдан авахдаа дээрх бүх нөхцөл байдлыг мэдэж байсан. Тухайн түргэн үйлчилгээний цэг байрладаг байсан газар нь миний эзэмшлийн газар биш нийтийн эзэмшлийн газар байсан ба зөөврийн түргэн үйлчилгээний цэгийг худалдахдаа үйл ажиллагаа явуулдаг газрын хамт бус түргэн үйлчилгээний цэгийг дангаар нь худалдсан болно. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түргэн үйлчилгээний цэгийн үнэ болох 4 000 000 төгрөгийг Ш.Даваажаргалаас авч өөрийн эзэмшлийн зөөврийн түргэн үйлчилгээний цэгийг Ш.Д-ын эзэмшил ашиглалтанд хүлээлгэн өгч худалдах худалдан авах гэрээнийхээ үүргийн бүрэн биелүүлсэн. Тухайн түргэн үйлчилгээний цэг нь өнөөдрийн хүртэл Ш.Д-ын эзэмшилд ашиглалтанд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар түргэн үйлчилгээний цэгийн бичиг баримт удахгүй гарна гэж Ш.Даваажаргалд огт хэлж байгаагүй, түргэн үйлчилгээний цэгтэй холбоотой ямар нэг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл болон эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гэж гардаггүй болохыг Ш.Даваажаргал бүрэн дүүрэн мэднэ. Иймд нэхэмжилж буй 4 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.Энхжаргалаас 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ш.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Даваажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ш.Даваажаргал нь энэ хүмүүс болох Ж.Энхжаргал түүний нөхөр болох хүнийг танихгүй нэрийг нь ч мэдэхгүй багшийн дээдийн буудал дээр түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг н.Алтантуяа, н.Батхуяг гэх хүмүүсийн ярьж зуучилснаар өөрсдөө ирж уулзан 2020 оны 6 дугаар сард зөвшөөрөл нь нөхрийн нэр дээр гарна түргэн үйлчилгээний цэг холбооны гаргасан хүсэлт нийслэл дээр хүргэгдсэн байгаа бид түүнийг нь батална гэж Ж.Энхжаргалын нөхөр болон н.Алтантуяа, н.Батхуяг нар баталж амлаж гарахаар нь таны нэр дээр сольж өгнө гэснийх нь дагуу уг наймааг хийсэн. Ж.Энхжаргалын данс руу мөнгөө хийсэн. Мөн нөхөр нь н.Батхуяг, н.Алтантуяа нар зуучилсан хөлс гэж 500 000 төгрөг өгсөн гэсэн. Иймд н.Алтантуяа, н.Батхуяг нарыг гэрчээр дуудан асуулгаж үнэн зөвийг нь тогтоолгох хүсэлтэй байна. Мөн уг түргэн үйлчилгээний цэг нь бодит үнэндээ тохироогүй жижигхэн /2х3 харьцаатай/ мөн эрхийн зөрчилтэй гэдэг нь тодорхой болсон тэр ч бүү хэл цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд цахилгааныг нь түргэн үйлчилгээний цэг холбооны Дамба гэх хүн салгасан. Энэ тухай Ж.Энхжаргал түүний нөхөрт удаа дараа утсаар мэдэгдсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй энэ хэвээрээ байгаа зэргээс үүдэн Монгол улсын иргэн хүний хувьд миний эрх зөрчигдөж бодит үнээс хэт өндөр үнэтэй дээр эрхийн зөрчилтэй мөн түүнээс хойш удаа дараа нүүлгэхийг шаардаж ажиллах нөхцөл бололцоог нь үргэлж хясан боогдуулж байгаа. Түргэн үйлчилгээний цэг нь эргүүлэн өгч 4 000 000 төгрөгөө тэмдэгтийн хураамжийн хамт эргүүлэн авах үндэстэй гэж үзэж энэ хэргийг дахин нягтлан үзэж түргэн үйлчилгээний цэгний зөвшөөрөл гарах эсэх уг түргэн үйлчилгээний цэг нь 4 000 000 төгрөгний үнэд тохирохгүй хэт үнэтэй байгааг нь бүхэл бүтэн орон сууцны барилгын м.кв-ын үнэ 1 000 000 төгрөгний үнэтэй байхад модон түргэн үйлчилгээний цэгний м.кв-ын үнэ 670 000 төгрөгний үнэтэй байгаа зэргийг харгалзан үзэж шүүх үнэн зөв шийдвэрийг бодит амьдралд тулгуурлан шийдвэрлээгүй байна гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Даваажаргал нь хариуцагч Ж.Э холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь ...Ж.Энхжаргалаас 4 000 000 төгрөгөөр түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрлийн хамт худалдаж авсан бөгөөд тэрээр худалдсантай холбоотой эзэмших эрхийг шилжүүлээгүй хууран мэхэлж мөнгийг шилжүүлнэ гэсэн боловч мөнгөө өгөхгүй байх тул өөрийн шилжүүлсэн мөнгөө гаргуулан авна гэж, хариуцагч Ж.Энхжаргал нь татгалзлаа ...тухайн үед зөөврийн түргэн үйлчилгээний цэгийг худалдахдаа зөвшөөрөл болон байрлах газрын эзэмших эрхийг худалдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Учир нь нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авсан түргэн үйлчилгээний цэг гэх зүйл нь биет хөрөнгө буюу байшин эсхүл байшингийн үйлчилгээний эрхийн хамт авсан эсэх нь тодорхой бус байгаагаас шалтгаалан гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэх эсэх нь тодорхой бус байна.

 

Хэрэгт авагдсан талуудын гарын үсэг бүхий бичгийн баримтад түргэн үйлчилгээний цэг худалдсан талаар бичсэн байх бөгөөд талууд гэрээний зүйлийн талаар хүсэл зориг адил байсан эсэхийг тодруулах шаардлагатай. Гэрээний зүйлийн талаар талуудын хүсэл зориг ижил байх нь гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл, гэрээний хүчин төгөлдөр байдалд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцээгүй байна. Энэ тохиолдолд холбогдох хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Иймээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ