Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/925

 

 

 

 

    2023           9            14                                       2023/ДШМ/925

 

Г.Год холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр, 

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Батсүх,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/962 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Год холбогдох 2106000002452 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овгийн Г.Г, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, Азийн хөгжлийн банкинд дотоод төслийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар, 13 дугаар хороолол, 74г байрны 83 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙЛ91071919/,

Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь-13 хотхоны 74г байрны орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Год оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Г.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Гыг машиныхаа гадна талыг арчиж байх үед Ж.Г нь ирж зүй бус шаардлага тавин машинаараа гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлснээс болж маргаан үүссэн байхад энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5-т “...Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагүй. ...” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтээс хохирогч Ж.Ггийн биед үүссэн зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь тодорхой байна.

Харин тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх боловч шүүгдэгч Г.Гоос Ж.Ггийн биед тархи доргилт үүсэх гэмтлийг учруулаагүй, энэ талаар шууд нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ггийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг. ...” зэргээр Г.Гыг Ж.Ггийн биед тархи доргилт гэмтлийг учруулсан нь нотлогдсон талаар дурьдсан.

Гэвч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд уг бичлэгийг ямар эх сурвалжаас хэзээ авсан нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцогдохгүй. Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор 1 ширхэг СиДиг эд мөрийн баримтаар тооцсон атлаа эд мөрийн баримтаар тооцохоос өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй нотлох баримтаар үнэлсэн байна.

Нөгөө талаар Ж.Ггийн биед учирсан тархи доргилт гэмтлийг шинжээч тогтоохдоо компьютер томографик болон өөр нарийн шинжилгээг хийгээгүй зөвхөн хохирогчийн өөрийн мэдүүлгээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. Хохирогч Ж.Ггийн биед учирсан гэмтлийг бодитой эсэхийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт гаргахад “Жанчивын Ганзаяаг дуудуулсан боловч ирж үзүүлэхээс татгалзсан болно” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд Ж.Ггийн биед бодитоор үзлэг хийгээгүй байхдаа Гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт гаргаж Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шинжээч хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлсний дараа батлагдсан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт, журмын дагуу шинжилгээ хийнэ” гэж заасныг зөрчиж дүгнэлт гаргасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 962 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна” гэж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, болоогүй үйл баримтыг болсон гэж дүгнэлт хийжээ.

Учир нь, шүүгдэгч Г.Гыг өөрийн үйлдэлдээ сэтгэхүйн ямар харьцаагаар хандсан, хүсэж үйлдсэн эсэх талаар ямар ч нотолгоо, баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг нотлогдон тогтоогдсон мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.Гыг машиныхаа гадна талыг арчиж байх үед Ж.Г нь ирж зүй бус шаардлага тавин машинаараа гэр бүлийн гишүүдийг мөргөж амь нас, эрүүл мэндэд заналхийлснээс болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хийсэн үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт байхад шүүх энэ талаар үнэлэлт өгч, дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Би амралтын өдөр байрныхаа гадна машины зогсоол дээр машиныхаа гадна талын тоосыг арчиж байсан. Надтай хамт 2 болон 5 настай миний хүүхдүүд байсан. Машинаа арчиж байхад үл таних хар машинтай эмэгтэй сигнаалдсан бөгөөд “таны машины ард талын зогсоол руу би ормоор байна” гэсэн. Би шууд чөлөөлж өгч чадаагүй. Учир нь, өөр сул зогсоолууд байсан. Мөн миний машины түлхүүр байхгүй байсан тул 10 орчим минут хүлээлгэсэн. Ингээд миний машины түлхүүр ирэх хооронд хохирогч гэх эмэгтэй надтай зүй бусаар харьцсан. Бичлэг хийж фэйсбүүк дээр тавьсан. Би машинаа холдуулаад хүссэн зогсоолдоо машинаа тавих боломжийг олгосон боловч миний хүүхдүүд рүү машинаараа дайрах гээд байсан тул би үйлдлийг нь таслан зогсоох гэж машиных нь хаалгыг татсан. Өөрөө бас хаалгаа татсан тул хөл нь хавчуулагдсан. Машинаасаа гарч ирээд над руу шууд нулимсан. Надтай маш зүй бусаар харьцсан. Над руу нулимсан болохоор би түлхсэн. Хохирогч өөртөө ашигтай бичлэгийг тасдаж аваад мөрдөгчид өгсөн. Тэр бичлэгийг үндэслэж намайг ялласан. Гол нь хүүхдүүд рүү машинаараа дайрах гэж хаазалсан тул би маш их сандарсан, айсан. Би эхнэр, хүүхдүүдээ хамгаалахын тулд тэр эмэгтэйн үйлдлийг таслан зогсоосон. Би тэр эмэгтэйн толгойнд хүрээгүй, гэмтэл учруулах хэмжээнд биед нь хүрээгүй. 14 цаг 26 минутаас 14 цаг 50 минут хүртэл нийт 30 минутын СӨХ-ийн бичлэг байсан. Би гэмт хэрэг болно гэж бодоогүй тул тухайн үед нь хуулж аваагүй. Хэрэгт байгаа бичлэг нь 14 секундын бичлэг байдаг. ...” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь хохирогч Ж.Ггын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.Год холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь-13 хотхоны 74г байрны орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Ггийн “...Машин угааж байсан залуу над дээр ирээд миний хаалгыг түлхэж намайг хавчаад. ...Миний толгой руу 1 удаа цохисон. ...машины хаалганд хавчуулснаас болоод миний баруун хөлийн шилбэний урд хэсгээр хавдаад хөхөрсөн, зүүн гарын долоовор хурууны дээд хэсгээр хөхөрч хавдсан, толгойн ар хэсгээр лугшиж өвдөөд байна. ...” /1хх 21-22, 45-46/,

гэрч Д.Эрдэнэчимэгийн “...Намайг харуулын байран дээр сууж байхад гаднаас Ж.Г гэх эмэгтэй орж ирээд “Хийморь-13 хотхоны 74г байрны баруун талын гадаа зогсоолын камер шүүмээр байна, би хүнд зодуулсан” гээд орж ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа камерын бичлэг шүүсэн. Тэгэхэд эрэгтэй нь эмэгтэйн толгойн орчимд нь цохиж байгаа бичлэг байсан. Тухайн бичлэгийг Ж.Г гэх эмэгтэй өөрийнхөө гар утсан дээрээ хийгээд аваад явсан. ...” /1хх 136-137/,

яллагдагчаар Г.Гын “...Миний бие Ганзаяагийн тархи болон зүүн сарвуу, баруун шилбэнд огт хүрээгүй. Яагаад ийм гэмтэл гарсан талаар эргэлзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /1хх 52-54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10354 дугаар “...Ж.Ггийн биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн /1хх 29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 596 дугаар “...Ж.Ггийн биед тухайн үед тархи доргилт, зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2021.10.28-ны өдрийн 10354 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 10354 дугаартай үзлэгээр дагз, хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгт нүдний алим чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй, симптом манна эерэг байгаа нь тархи доргилт гэмтэл үүссэнийг илтгэж байна. ...” гэсэн /1хх 123-125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаар “...Ж.Ггийн тархи доргилт нь хэрэг гарахаас өмнө үүссэн эсэх талаар эмнэлгийн бичиг баримт тодорхой бус байна. Гэмтэл эмгэгийг илрүүлэхэд субьектив байдал буюу зовуурь, объектив байдал буюу мэдрэлийн үзлэгийг үндэслэж тогтоодог. Ж.Ггийн хувьд дагз хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгээр тархи доргилтын шинж илэрч байжээ. Ж.Ггийн биед учирсан зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүдийг шинж байдлаас үзэхэд 1-ээс 3 хоног доторх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилтыг компьютер томографикийн шинжилгээгээр заавал тодруулдаггүй. Тухайн хүний зовуурь, мэдрэлийн эмчийн үзлэг болон бодит үзлэгт үндэслэж оношлох боломжтой. Үзлэгээр дагз, хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгт нүдний алим чичирхийлэл, дагзны булчингийн хөшингө илэрч, симптом манна эерэг байгаа нь тархи доргилт үүссэнийг илтгэж байна. Жирэмсэн эмэгтэйд компьютер томографикийн шинжилгээ хийх нь ургийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй тул хийлгэхийг зөвлөдөггүй. ...” /1хх 234-236/ гэсэн дүгнэлтүүд,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-8/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 9/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 11-14/, шүүгдэгч Г.Г 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ж.Гд хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн тухай баримт /2хх 105/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Г гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гурван төрлийн ялаас 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батсүх “...Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн, мөн хохирогч Ж.Ггийн биед тархи доргилт гэмтэл учруулаагүй, камерын бичлэгийг ямар эх сурвалжаас, хэзээ олж авсан нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд байх тул түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Камерын бичлэгийг хуулбарлан авахдаа эхлээд тэмдэглэл үйлдэж дараа нь эд мөрийн баримтаар тооцож тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд мөн тусгай мэдлэг бүхий, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн болно.

Түүнчлэн, аргагүй хамгаалалт нь гагцхүү үндсэн эрхийг хамгаалах зарчим дээр суурилдаг ба түүний объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.

Хохирогч Ж.Г нь шүүгдэгч Г.Гантогтхын амь нас, эрүүл мэндийн эсрэг бодитойгоор халдан довтолсон буюу түүний халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад Г.Г нь түүний толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэрэг үйлдэл гаргасаныг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батсүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гыг цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/962 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ