| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0006/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/012 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б т холбогдох 1714000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Б,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Я.Тийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Я.Т ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Я.Т ийн ... Батзориг нь манай эгчтэй маргалдаж байсныг нь санаад архины халуунд чи яахаараа манай эгчтэй маргалддаг юм гэж хэлээд хэрүүл өдөж маргалдаад бид хоёр гэрээс гарч барилцаад авсан. Тэгэхэд Батзориг нь миний амруу цохиж миний шүд унасан. Тэгээд би бусад асуудлыг сайн санахгүй байгаа юм. Батзориг надаас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9/,
Гэрч Ч.Одгэрэлийн ... Миний хувьд 2017 оны 12 сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор суманд хүүхдээ эмчид үзүүлэхээр ирсэн байсан. Тэгээд 2017 оны 12 сарын 11-ний өдөр гэртээ ирхэд манай нөхөр Я.Т нь бусдад зодуулж шүд нь унсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний хувьд тухайн болсон явдлын талаар мэдэхгүй. Манай нөхрийг зодсон гэх М.Б нь уучлал гуйсан байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүгдэгч М.Бийн ... Миний хувьд Я.Тийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 12 сарын 05-06-нд шилжих шөнө жаахан архи уусан байсан. Ингээд ажлын газрын ах болох Цогбаярыг сураад гэрт нь 01-02 цагийн үед очиход байхгүй Я.Тийн гэррүү явсан гэхээр нь би Я.Тийн гэрт очиход Я.Т нь жаахан халамцуухан байсан. Би Цогбаяр ахыг асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд гэрээс нь гарах гээд явхад чи манай эгчтэй хэрэлдсэн маргалдсан гээд надаас хэрүүл гуйж эхэлсэн. Би тэгхэд нь янз бүрийн зүйл ярилгүй гэрээс гарсан. Тэгээд би гэртээ очоод буцаад айлруу явж байтал Я.Т нь хашааны үүдэнд зогсож байгаатай тааралдаж хажуугаар нь өнгөрөөд явсан чинь дахин Я.Т нь нөгөө асуудлаа яриад надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгэхэд нь би та яах гээд байгаа юм гэж хэлчихээд явсан чинь араас чулуу шидэж миний зүүн хавирга орчим онохоор нь би эргэж очиж барьж аваад нүүрлүү нь цохиж авчихаад гэрлүүгээ гүйгээд явсан. Я.Т нь миний араас бас ойроос чулуу шидсэн. Намайг гэмтээхээр чанга ирээгүй. Ингээд маргааш нь намайг ажил дээр байхад Я.Т ах ирээд чи миний шүдийг цохиж унагасан гээд бид хоёр бие биенээсээ уучлал гуйсан. Би Цогбаяр ахтай тэр шөнө уулзаагүй. Я.Т ахын унасан шүдийг хийлгэж өгсөн. Бас эврэлсэн байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 10 тоот шинжээчийн ... Я.Тийн биед баруун дээд 1, 2-р шүд, баруун доод 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Я.Т шүүгдэгч М.Б нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Бийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Гянийхан овогт М.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Бийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА