Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:/,

          Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмб нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.  

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас “Ганхүдэр орд” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэхийн дугаартай 523,320,053.33 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэхийн дугаартай 1,291,237,167.16 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэхийн дугаартай 2,038,495.83 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын өр үүсгэж, нийт 1,*******6,595,716.32 төгрөгийн татварын өр төлүүлэхээр дугаар бүхий нэхэмжлэхийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-д хүргүүлжээ.

          2.2.Мөн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас “Г” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэхийн дугаартай 423,320,053.33 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэхийн дугаартай 1,291,237,167.16 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* нэхэмжлэхийн дугаартай 1,700,0*******,421.29 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэхийн дугаартай 2,038,495.83 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын өр үүсгэж нийт 3,435,929,576.19 төгрөгийн татварын өр төлүүлэхээр дугаар бүхий нэхэмжлэхийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Г” ХХК-д хүргүүлсэн байна.

          2.3.Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан АМНАТ төлөгч биш этгээд болох “Г” ХХК нь татвар ногдуулах, төлөх, тайлагнах ямар журам, аргачлалын АМНАТ тайлагнах, төлөх болсноо мэдэхгүйгээр 289,133,257 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж, 3,848,211,618 төгрөгийн өрөнд орсон тул тус газрын байцаагч нарын АМНАТ төлүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах”-аар Татварын ерөнхий газарт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дугаар албан бичгээр  гомдол гаргажээ.

          2.4.Дээрх гомдолд Татварын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06/ дугаартай албан бичгээр “...танай компанийн экспортод гаргаж байгаа төмрийн хүдрийн хорголжийн борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу тооцож, мөн хуулийн 47.3.3, 47.5-д заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдоно” гэсэн хариуг “Г” ХХК-д хүргүүлсэн байна.

          2.5.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн , 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар бүхий татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгч “Г” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:“... Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар:

          1.2021 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө 3,679,238,040.37 төгрөгийн тайлагнасан АМНАТ-ыг хугацаанд нь төлөөгүй өртэй байсан гэж дүгнэж, уг өрийг хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангид 491,231,784.67 төгрөг тооцож, нийт 4,170,469,825.04 төгрөгийн АМНАТ төлөх акт тавьсан.

          2.2019-2021 онд 2,116,692,829.11 төгрөгийн АМНАТ нөхөн ногдуулж, 729,135,175.33 нөхөн ногдуулалтын төгрөгийн торгууль тавьж, 423,338,564.83 төгрөгийн алданги тооцож, нийт 3,269,166,569.27 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан.

          3.Нийт 7,439,636,389,31 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан.

          Дээрх 2022 оны № дугаар “Нөхөн ногдуулалтын акт” тавьснаар үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2021 оны , дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсны улмаас үйлчлэл нь дууссан эрх зүйн актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь татварын өр төлүүлэх нэхэмжлэхүүдийг шүүх хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг бодитойгоор хамгаалагдахгүй болсон байна. Хэдийгээр захиргааны акт болох татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэж, маргаан нэг мөр шийдэгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн нэхэмжлэхэд заасанчлан “... Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” ажиллагааг хийх, эсвэл АМНАТ-ын тайлангаа ирүүлэхийг шаардах ажиллагаа дахин дахин давтагдах боломжтой хэвээр үлдсэн тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох онцгой үндэслэл нэхэмжлэгчид байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар 2021 оны 07 сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 сарын 22-ны өдрийн татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд нь хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгч “Г” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Том татвар төлөгчийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь заалтуудыг буруу ойлгон хэрэглэж байгаагийн улмаас нэхэмжлэгчийг АМНАТ төлөгчид хамааруулан АМНАТ-ын тайлан ирүүлэхийг шаарддаг, улмаар уг тайлангийн дагуу татвар төлөхийг шаардаж байгаа нь хуулиар АМНАТ төлөх үүрэг хүлээгээгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, үндэслэлгүй татвар төлөх бий болгож байна. Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн  сэргэж, маргаан нэг мөр шийдэгдэхээргүй байна. Өөрөөр хэлбэл Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн нэхэмжлэхэд заасанчлан “... Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх” ажиллагааг хийх, эсвэл АМНАТ-ын тайлангаа ирүүлэхийг шаардах ажиллагаа дахин дахин давтагдал боломжтой байна.Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн ч зөвхөн тухайн актын хувьд л нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг нэг удаа сэргэхээс биш АМНАТ төлөгч мөн, биш гэх маргаан нэг мөр шийдэгдэхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Ганхүдэр Орд” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл нь дээрх хоёр нэхэмжлэхийн дараагаар татварын улсын байцаагч акт тогтоосон байдаг. Тэгэхээр энэхүү 2 нэхэмжлэхийг үйлчлэл тухайн үед дуусгавар болсон. Үйлчлэл нь дуусгавар болсон хэдий ч Татварын ерөнхий газраас дахин нэхэмжлэх гаргаж татвар нэхэмжлэх үйл ажиллагааг өөрчлөх бүрэн боломжтой нөхцөл байдал үүссэн. Ийм учраас дахин давтагдах энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох, захиргааны актыг хууль бус болохыг тогтоох онцгой үндэслэл байгаа гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зургаан үндэслэлээр маргадаг. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолдог Ашигт малтмал хуульд заасан АМНАТ төлөгч биш, хоёрдугаарт нэхэмжлэгч компани нь Дарханы төмөрлөгийн  үйлдвэрийн газраас төмрийн хүдэр худалдаж авдаг. Худалдаж авах процессын явцад Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрсдөө АМНАТ төлдөг. Гэтэл дахин бүтээгдэхүүн болгон гаргахад АМНАТ-ийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж давхардуулан олгож байгаа. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөж байгаа. Дараагаар нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн гомдлын хариуд Засгийн газрын 520 дугаар тогтоолд заасны дагуу “Г” ХХК-ийг татвар, АМНАТ төлөгч мөн гэж тодорхойлсон тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Засгийн газрын ******* дугаар тогтоолын дагуу АМНАТ төлөгчөөр тооцож байгаа гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргадаг. Мөн Засгийн газрын ******* дугаар тогтоолд заасан аргачлал хувь хэмжээгээр АМНАТ ногдуулж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн хуулиас давсан журмыг хэрэглэж байна. Эдгээр үндэслэлүүдээр маргаж байгаа. Ашигт малтмалын хууль нь 2006 онд батлагдсан. Уг хуулийн заалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч төлдөг байсан. Энэхүү хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт орсон. Өөрчлөлтөд ашигт малтмалыг худалдсан, худалдан авсан, ашигласан бүх этгээд төлдөг болгож өөрчлөлт оруулсан. Үүнд боловсруулах үйлдвэр буюу “Г” ХХК  нь хамрагдчихаж байгаа. Энэ нь үндэслэлгүй байна гээд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд шийдвэр гаргасан. Дунд суудлын хуралдааны шийдвэр 2019 оны 06 дугаар сарын 28, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Их суудлын хуралдааны шийдвэр гарч, энэхүү Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт нь боловсруулах үйлдвэрээс татварыг давхардуулан авч байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хүчин төгөлдөр болсон учраас уг дүгнэлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Өөрчлөлтөд АМНАТ төлөгчдийг Ашиг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиг малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 47.1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд” гэж оруулсан. Нэхэмжлэгч талын зүгээс манайх ашигт малтмал экспортолдоггүй. Манайх бүтээгдэхүүн экспортолдог гэж маргасан. Учир нь Шинжлэх ухаан технологийн Механик инженерийн их сургуулийн  эрдэмтдийн багаар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр төмрийн хүдрийн хорголжин буюу нэхэмжлэгч компанийн гаргадаг бүтээгдэхүүн нь ашигт малтмал юм уу, эсвэл бүтээгдэхүүн юм уу гэхэд, хорголжлох, хатаах, шатаах, хөргөх гэсэн дотроо чийглэх, ширхэглэг холих гээд 6 шат дараалалтай үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээний зардал гаргаж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэдэг гэдгийг судлаж,. хорголж нь үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлага дамжиж нэмүү өртөг шингээж, хэлбэр, дотоод найрлага, бүтцийг өөрчилж гаргаж авч байгаа бүтээгдэхүүн учир металлургийн процессын хувьд бүтээгдэхүүн гэж үзнэ гээд дүгнэсэн. Мөн хавтаст хэрэгт Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, материал авагдсан байгаа. Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс нь тодорхой болсон. Гаалийн ерөнхий газраас хорголж авдаг гэдгийг нь хэлчихсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ашигт малтмал гэж юу бэ гэдгийг тодорхойлоод өгчихсөн. Тэгэхээр манай маргаж байгаа нь үндэслэлтэй гэдэг нь харагдаж байгаа. Улсын дээд шүүхээс буцаасан үндэслэл нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 4 дүгээр тогтоолын агуулга, үүний дагуу хууль тогтоогчоос шинэчлэн баталсан хуулийн зорилго, агуулга, үзэл санааг энэ хэргийн үйл баримтад холбогдуулан бүрэн тодорхойлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийг тухайн тохиолдолд хэрхэн хэрэглэх талаар дүгнэлт өгөөгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр уг заалтуудыг хэрэглэхдээ Дээд шүүхийн тогтоолд заасанчлан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулга, уг хуулийн үзэл баримтлалтай холбогдуулж ойлгох шаардлагатай. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэлд аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг нөлөө үүсгэсэн байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрт давхардуулан олгож байгаа нь буруу байна. Хоёрдугаарт Үндсэн хуулийг зөрчихдөө үндэсний эдийн засагт сөрөг үр дагавартай ийм үйл ажиллагаа болж байна гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоочихсон байгаа. Хуулийн өөрийн үзэл баримтлалыг харахад анх 2019 онд хуульд өөрчлөлт оруулахаар болсон нь алттай холбоотой байгаа. Эдгээрээс дүгнэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авсан этгээд ямар нэгэн боловсруулалт хийгээгүй, дамжуулан зарсан бол экспортод гаргасан этгээд гэдгээр нь Ашиг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар авах нь зүйтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмалыг өөрөө боловсруулаад экспортолсон бол АМНАТ авах нь зөв байна. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд буюу энэхүү тохиолдолд “Г” ХХК худалдаж аваад ашигт агуулгыг нь нэмэгдүүлээд нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнгүүт тэрнээс нь АМНАТ авч байгаа нь буруу байна. Энэ нь хуулийг буруу ойлгож байна. Яагаад гэвэл  ашигт малтмал гэдэг байгалийн байдлаар байгаа бүтээгдэхүүн болгоход нэмүү өртөг шингэж байгаа. Нэмүү өртөгт ямар зардлууд ордог гэхээр тээвэр, цахилгаан, ачилт, буулгалт гүйцэтгэгчийн цалин, татвар гэх мэт олон зардал нийлээд экспортын үнийг дүн болж байгаа. Гэтэл тэрхүү үнийн дүнгээс авч байна гэдэг нь цэвэр ашигт малтмалаасаа биш эдгээр зардлуудаас хамаараад аваад байна. Тэгэхээр энэ нь Ашиг малтмалын тухай хуулийн үзэл санаанаас зөрчилдөөд байна. Татварын ерөнхий газар нь хуулийг ингэж хэрэглэхдээ Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангийн маягт батлах тухай маягтыг илгээдэг. Гэтэл уг маягт нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр өөрчлөлт орсон байхад хүчингүй болсон маягт манайд ирүүлдэг үүнийгээ тайлбарлахдаа бараг адилхан маягт гэж тайлбарладаг. Гэтэл хуульд өөрчлөлт орсон байхад хүчингүй маягт илгээгээд байгаа нь үндэслэлгүй. Мөн Засгийн газрын ******* тогтоолоор нэхэмжлэгчээс АМНАТ авсан гэж тайлбарладаг. Гэтэл уг ******* тоот тогтоол нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас баталсан тогтоол Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд хамаарна. Харин Ашигт малтмалын тухай хуульд хамаарахгүй. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа. Түүнчлэн Засгийн газрын ******* дугаар тогтоолын дагуу АМНАТ төлөгчөөр тооцсон нь үндэслэлгүй. Учир нь уг маргаан нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарч байгаа. Гэтэл уг хугацаанд Засгийн газрын 2011 оны ******* дугаар тогтоолын  холбогдох заалт  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тогтоолын 1.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн хэлбэр, газраас олборлож худалдсан, эсвэл ашигт малтмалын бүтээгдэхүүний шаардлага тооцох зарчмыг тодорхойлон” гэж байгаа. Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь манайх биш юм. гэтэл үүгээр танайх АМНАТ төлөгч гэж тооцож байгаа нь үндэслэлгүй. Харин уг тогтоолд 2023 оны ******* дүгээр тогтоолоор өөрчлөгдсөн байгаа. Энэ нь хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үү, эсхүл тухайн журмыг буруу хэрэглэсэн гэж үзэх үү ийм асуудал гарч байна. Засгийн газрын ******* дугаар тогтоолд заасан аргачлал хувь хэмжээгээр АМНАТ ногдуулж байгаа. АМНАТ ногдуулахад уг журмын 2 дугаар хавсралтын 1.1-д заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид хамаарч байгаа. Харин 1 дүгээр хавсралт нь АМНАТ манайд хамаарахаар байна гэж үзэж болохоор байгаа. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот тогтоолоор ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг  шинэчлэн баталсан.  Энэ шинэчлэлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан гээд хүчингүй болгосон хуулийн заалтууд ороод ирж байгаа. Энэхүү журмаар АМНАТ тооцож авч байгаа нь хууль хэрэгжүүлэх шатандаа Үндсэн хуулийг зөрчиж байна. Мөн ******* дугаар тогтоол дээр нэг асуудал хавтаст хэрэгт авагдах нотлох баримтаар тогтоогддог. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны албан бичиг авагдсан. Энэ ******* дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт, бүртгэлгүй явж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 4 дүгээр шийдвэр дээр Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл нийтлэлдээгүй байх тул хүчин төгөлдөр нь нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэхгүй гээд ******* дугаар тогтоолын дээр дүгнэлт өгчихсөн. Эдгээр үндэслэлүүдээр Татварын ерөнхий газраас нэхэмжлэгч талд АМНАТ оногдуулж байгаа нь үндэслэлгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу гаргаж байгаа. Мөн ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасны дагуу эрх зүйн харилцаа байгаа эсэхийг батлуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарч байна гэж үзэж байгаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас 27 хувийн агуулгатай хүдэр авдаг. Үүнээс 3 тонн төмрийн хүдэр худалдаж авахад 710кг төмөр байгаа. Төмрийн найрлагад усны шороо, чулуу, элс байгаа. Үүнийхээ үнийг төлчихсөн. Үүнийг боловсруулахад 65 хувийн агуулгатай нэг тонн хорголжин болж байгаа. Яагаад 65 хувийн агуулгатай болж байна вэ гэхээр 2 тонн шороо, чулуу, элс нь байхгүй болчихно. Төмрийн хүдэр нь нэмэгдэхгүй учраас 750 нь хасагдаад ойролцоогоор 650 кг  болж байгаа учраас 650 кг хүдрийн агуулга нь 65 хувь болчхож байгаа. Үүнийг гаргахад  экспортолсон үнийн дүнгээс нь татвар авч байгаа. Гэтэл энэхүү үнийн дүн нь төмрийн хүдрийг худалдаж авсан үнэ дээр нь урсгал зардлуудын бүх дүн нэмэгдчихэж байна. Тэгэхээр энэ нь 25 хувийн агуулгатай төмөрлөгийн үнийн дүн дахин бүх өртөг зардлыг нэмээд тухайн өртгөөс нь татвар авсан байна. Иймд үүнийг давхардуулж авч байна гэж нэхэмжлэгчээс үздэг. Гэтэл Татварын ерөнхий газраас баяжуулаад төмрийн хүдрийн хэмжээ нэмэгдчихэж байгаа гэж ойлгодог. Тэгэхээр давхардуулж татвар олгож байгаа гэдэг нь тогтоогдож байна. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны тайлангаар тайлагнасан нийт 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 50.1-д ”Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно”, 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж заасны дагуу АМНАТ-ийн хуулийн хугацаанд төлөөгүй учраас татварын өр гэж үзэх үндэслэл бүрдсэн байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 51.1. Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж заасныг үндэслэн , дугаартай татварын нэхэмжлэх хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах үйл ажиллагаа юм.Татвар төлөгчийн тайлагнаж ирүүлсэн АМНАТ-ийг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь татварын албанаас тус компанид захирамжилсан үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй болно.Түүнчлэн татварын албаны , дугаартай татварын нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах” гэж заасны дагуу татварын өр буюу татвар төлөгчийн өөрийн тайлагнасан татварыг төлүүлэхээр дээрх мэдээллийг агуулсан татвар хураах ажиллагааны нэг процесс бөгөөд энэ нь шууд захиргааны акт гэж үзэх эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуй нэгж нь аж ахуйн үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олж, зарлага гаргаж байгаа талаар татварын албанд өөрөө тайлагнаад тайлангаараа өөрсдөө нотолж орлого зарлагаа тусгаад явдаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт татвар төлөгч болон холбогдох татварын хуулиар төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд татвар төлнө гэж заасан. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагын эхний нэхэмжлэлийн хүрээнд манай татварын албанаас нэхэмжлэх хөрөнгөөс өөрсдөөр нь татварын тайлан гэж ногдуулсан байгаа. Үүний дагуу энэ тайлангийн ногдлын өрийг буюу татварын хуульд заасан хугацаандаа төлөөгүй татварыг төлж барагдуулан уу гэсэн нэхэмжлэх хүргүүлсэн байгаа. Тэгэхлээр хуульд заасны дагуу татварын өр барагдуулах нэхэмжлэх гэж үзэж байгаа. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд газар дээр нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иж бүрэн татварын албаны хяналт шалгалт орсон. Үүнд энэхүү аж ахуй нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар, АМНАТ, үл хөдлөх хөрөнгө зэрэг шалгалт орсон байгаа. Тухайн асуудлаар Татварын ерөнхий хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар дээд албан тушаалтанд гомдол гаргах ёстой байдаг. Үүнтэй холбоотойгоор татгалзаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч тал нь ашиг малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг төлөх ёсгүй юм байна гэж дүгнэж байна. Учир нь хаягдал төмрөөс бүтээгдэхүүн боловсруулж байгаа учраас нэхэмжлэгч тал тухайн ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.Нэхэмжлэгчээс анх шүүхэд “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[1] бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох, Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт” нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.

5.Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн “Том татварын газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар “Нөхөн ногдуулалтын акт” нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн тул энэхүү шаардлагад шүүх дүгнэлт хийхгүй, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

6.Хоёр.“Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Г” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг үйлдвэрийн шат дамжлагаар боловсруулан хорголжин үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч” гэж тайлбарладаг.

8.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хийсэн үзлэг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2020, 2021 оны дотоодын борлуулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн мэдээ, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний дугаартай албан бичгээр ирүүлсэн “Г” ХХК-ийн 2019-2022 онд 61.93-64.96 хувийн агууламжтай төмрийн хүдрийн хорголжинг Монгол Улсын хилээр гаргаж экспортолсон лавлагаа зэрэг баримтаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас төмрийн хүдэр худалдан авч, үйлдвэрийн дамжлагаар боловсруулан хорголжин нэртэй төмрийн хүдрийн агуулгыг нэмэгдүүлсэн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг болох нь тогтоогдож байна.

9.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж, 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:”, 47.16.2-т “экспортолсон” гэж тус тус заажээ.

10.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд ашигт малтмалыг шууд, эсхүл боловсруулан ашигт агуулгын нэмэгдүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж байгаагаас үл хамааран экспортлогч этгээд нь тухайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх бөгөөд гагцхүү тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч хуульд заасан төлбөрийн баримт, суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцон, төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх хуулийн зохицуулалттай байна.

11.Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээр дурдсанаар үйлдвэрийн шат дамжлагаар төмрийн хүдрийг боловсруулан хорголжин үйлдвэрлэж экспортолдог этгээд мөн болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмалын төлбөр төлөгч байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй.

12.Гурав.Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

13.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар тодорхойлсон ба үндэслэлээ:

1/Худалдан авсан төмрийн хүдэрт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч үйлдвэрийн шат дамжлагаар нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүх өртөг зардлыг нэмээд тухайн өртгөөс нь татварыг давхардуулан ногдуулсан,

2/хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй,

3/Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоол нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулаагүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн тогтоосон тул уг тогтоолыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах үндэслэлгүй,

4/Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндэслэл зарчим, аргачлалыг баталсан Засгийн газрын 2011 оны ******* дугаар тогтоолд 2023 оны ******* дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдээс хуулийг буцаан хэрэглэж, эсхүл аргачлалыг буруу хэрэглэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж тооцсон нь буруу,

5/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолоор “хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй” талаар дүгнэсэн Засгийн газрын 2019 оны ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй,

6/татварын улсын байцаагчид нөхөн ногдуулалтын акт тавьж, маргаж буй 2 нэхэмжлэхийн үйлчлэл нь дуусгавар болсон хэдий ч Татварын ерөнхий газраас дахин нэхэмжлэх гаргаж давтагдах үйл ажиллагааг таслан зогсоох, захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол үүссэн гэж тайлбарладаг.

14.Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн , 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан болохыг хяналтын шатны шүүхээс дүгнэсэн тул анхан шатны шүүх энэ талаар дахин дүгнэлт өгөхгүй.

15.Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид ”татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно”, 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр гэж”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ... нэхэмжлэх ...үйлдэн баталгаажуулна”, 79.4-т “Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг дараах үндэслэл, журмын дагуу үйлдэнэ:”, 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх … бичих ...” гэж тус тус заажээ.

16.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд татвар төлөгч нь өөрийн тайлагнасан тайлангийн дагуу татвараа төлөөгүй тохиолдолд түүнд татварын өр үүсэх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага татвар хураах бүрэн эрхийн хүрээнд татвар төлөгчийн тайлагнасан тайланд үндэслэн үүссэн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх бичиж хүргүүлэх эрхтэй байна.

17.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэх үндэслэлийн тухайд:

18.Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байсныг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулиар “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд” нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээдийн хүрээг өргөтгөсөн байна.

19.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд “...ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна...” гэж дүгнэж,  дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “...Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй...” гэж дүгнэж, тус хэсгийг хүчингүй болгожээ.

20.Улмаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчлөн найруулжээ.

21.Уг хууль батлагдахын өмнө өргөн барьсан төслийн үзэл баримтлалыг авч үзвэл, “Нэг.Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага” хэсэгт: “Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар ... тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна”[2] гэж”,  “Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал” хэсэгт: “Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгч нарыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг буруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэж, татварын суурь өргөжих болно”[3] гэж хуулийг санаачлагч хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хууль батлагдсанаар үүсэх хууль зүйн үр дагаврыг тодорхойлжээ.

22.Хуулийн төслийг хэлэлцэх явцад хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаас “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс энэ хуулийн 47.7-д заасныг баримтлан улсын төсөвт төлнө гэсэн. Үүнийг давхардуулж авч байна гэсэн ийм Цэцийн дүгнэлт гарсан юм. Тэгэхээр ...ажлын хэсэг юу гэхээр 47.7-д заасны дагуу давхардуулахгүйгээр оногдуулж, улсын төсөвт төлнө. 471-ийг худалдахаар ачуулсан, 2-т нь экспортолсон, 3-т нь өөрийн хэрэгцээнд ашигласан гээд ингээд тодорхой заагаад 47.5.1-д ... ашигт малтмалын шууд болон эсхүл ашигт малтмалын нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ агуулгыг нь нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, экспортлоход төлбөрийг давхардуулан оногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалын төлбөр оногдуулах үнэлгээ хувь хэмжээнээс хамаарч өмнө нь оногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэчхэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр ... ямар нэгэн давхардал гэдэг юмыг нь ингэж зохицуулсан...”[4] гэх байдлаар тодруулан тайлбарлажээ.

23.Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэд “...Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ... улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх болно”[5] гэж,

хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтэд “...хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ... “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байна” гэж танилцуулжээ.

24.Дээрхээс дүгнэхэд, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан хууль тогтоогч  ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал болон бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусгасан бөгөөд энэхүү зарчмыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээдийн ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасны дагуу үйлдсэн төлбөрийн баримт, түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалд АМНАТ-ыг суутган авч, төсөвт төлсөн тайланг тус тус үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох байдлаар зохицуулсан байна.

25.Тодруулбал, энэхүү хуулийн үзэл баримтлал нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгч нарыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэхэд чиглэсэн бөгөөд улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурь өргөжүүлэх зорилготой, ингэхдээ төлбөрийн баримт, төсөвт төлсөн тайланг үндэслэн өмнө нь төлсөн төлбөрийг хасаж тооцох байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг хуульчилсан байна.

26.Засгийн газрын 2011 оны ******* дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 2.1-д “Ашигт малтмалын хүдэр гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ”, 2.2-т “Ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараахь байдлаар тодорхойлно:” гээд “4.Төмрийн хүдэр, агуулга 20 хувьтай тэнцүү буюу түүнээс их” гэж, 2.3-т “Ашигт малтмалын баяжмал гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ”, 2.4-т “Ашигт малтмалын баяжмалд дараахь бүтээгдэхүүнийг оруулна:” гээд “4.Төмрийн баяжмал, Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр, агуулга нь 57 хувиас их” гэж, 2.5-д “Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металл (нүүрсний эцсийн бүтээгдэхүүн)-ыг хэлнэ” гээд “5.Төмөр, хүдэр, баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүн (аргалж,  хорголж, шууд ангижруулсан төмөр, брикет,  ширэм, ган), агуулга нь 80 хувиас их” гэж тус тус заажээ.

27.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хийсэн үзлэг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2020, 2021 оны дотоодын борлуулалтын АМНАТ-ын мэдээ, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн “Г” ХХК-ийн 2019-2021 онуудад экспортолсон төмрийн хүдрийн хорголжийн мэдээлэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас 27-47 хувийн төмрийн агуулгатай хүдрийг худалдан авч, үйлдвэрийн аргаар төмрийн агуулгыг 61.93-64.96 хувь хүртэл нэмэгдүүлж, “төмрийн баяжмал” үйлдвэрлэдэг болох нь тогтоогдож байх тул “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг гэж үзэх үндэслэлгүй.

28.Хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч компани нь бусад этгээдийн олборлосон төмрийн хүдрийг худалдан авч баяжуулж төмрийн хорголжин үйлдвэрлэн экспортод гаргасан буюу ашигт агуулгыг нэмэгдүүлсэн зөрүүгээр /төлбөрийн баримтад үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцсон дүнгээр/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж тайлбарладаг.

29.Дээр дурдсанаар “Г” ХХК нь төмрийн хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжуулж, төмрийн баяжмал үйлдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ашигт малтмал ашиглах агуулгад хамаарна.

30.Гэвч хууль тогтоогч ашигт малтмал ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг хуульд тусгайлан заасан байхад хариуцагч татварын байгууллагаас 27-47 хувийн төмрийн агуулгатай төмрийн хүдрийг олборлох үед төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр дахин үйлдвэрийн аргаар ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжуулсан хувиар нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, нэхэмжилж байгаа нь Улсын Их Хурлаас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай нийцээгүй байна.

31.Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах үйлдвэр эрхлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлохдоо тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс нь хамаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч/“Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХХК/-ийн үйлдсэн төлбөрийн баримт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс худалдан авсан ашигт малтмалд ногдох АМНАТ-ийг суутган авч тайлагнасан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох бөгөөд нэмүү өртөг шингээн үйлдвэрийн аргаар баяжуулсан баяжмалд дахин АМНАТ ногдуулах үндэслэлгүй юм.

32.Түүнчлэн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйл, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд зааснаар татварын алба татварын тайлан хүлээн авахдаа татвар төлөгчөөс татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянах үүрэгтэй, энэ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, татвар төлөгчийн тайлагнасан тайланд шууд үндэслэн нэхэмжлэх хүргүүлсэн нь буруу байна.

33.Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

34.Хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан гэх үндэслэлийн тухайд:

35.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ашигт ашигт малтмал ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 маягт”-ыг баталсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаалаар хүчингүй болгосон байна.

36.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Г” ХХК-ийг 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үед мөрдөгдөж байсан дээрх маягтын дагуу татварын тайлан гаргасныг хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан гэж үзэхгүй.

 

37.Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоол нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

38.Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтын 11-д “Төмрийн хүдрийг шууд ангижруулах замаар гаргаж авсан төмөрлөг бүтээгдэхүүн, Баяжуулсан хүдрээс гаргаж авсан хорголжин болон тэдгээртэй адил төст хэлбэртэй бүтээгдэхүүн (80 хувиас дээш металл төмрийн агуулгатай байх)” гэж зааснаар “Г” ХХК-ийн үйлдвэрийн дамжлагаар боловсруулсан 61.93-64.96 хувь хүртэл төмрийн агуулгатай төмрийн хорголжин нь ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд хамаарахгүй.

39.Энэхүү жагсаалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.5-д заасны дагуу Монгол Улсаас экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувиар ногдуулахтай холбоотой харилцаанд хэрэглэх тул уг тогтоолыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.

 

40.Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндэслэл зарчим, аргачлалыг баталсан Засгийн газрын 2011 оны ******* дугаар тогтоолд 2023 оны ******* дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдээс хуулийг буцаан хэрэглэж, эсхүл аргачлалыг буруу хэрэглэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж тооцсон нь буруу гэх үндэслэлийн тухайд:

41.Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёр дахь хэсэгт нэхэмжлэгч “Г” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн болохыг дүгнэсэн тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

42.Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 1.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтооход ашигт малтмалын хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэхүү аргачлалыг баримтална” гэж заасан бөгөөд 2023 оны ******* дүгээр тогтоолоор уг аргачлалын 1.1 дэх заалтыг “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална” гэж өөрчлөн найруулжээ.

43.Дээрх аргачлалын 1.1 дэх заалт, түүнийг өөрчлөн найруулсан агуулгаас үзэхэд энэхүү аргачлал нь бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлсноос бус нэхэмжлэгчийг “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч” гэж шууд тодорхойлох эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй тул нэхэмжлэгчийн маргаж буй энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

 

44.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолд “хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй” талаар дүгнэсэн Засгийн газрын 2019 оны ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан гэх үндэслэлийн тухайд:

45.Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно:”, 2.1.1-д “тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн”, 2.1.2-т “тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж заасан байна.

46.2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.2.2-т “дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн” гэж, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:”, 47.16.1-д “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

47.Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө:”, гээд 1.1-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1.2-т “Ашигт малтмал экспортолсон этгээд”, 1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заажээ.

48.Дээрх хууль тогтоомжоос үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал нь хууль болон журамд зааснаар ижил байх тул Засгийн газрын 2019 оны ******* дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй байсан нь хэрэгт ач холбогдолгүй юм.

49.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Г” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс АМНАТ төлсөн 27-47 хувийн төмрийн агуулгатай төмрийн хүдрийг худалдан авч үйлдвэрийн шат дамжлагаар ашигт агуулгыг 61.93-64.96 хувь хүртэл нэмэгдүүлэн баяжуулж нэмүү өртөг шингээсэн байхад хариуцагч татварын байгууллага ашигт агуулгыг нэмэгдүүлсэн хувиар дахин татвар авахаар нэхэмжлэх хүргүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

50.Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрд шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч тал нь ашиг малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг төлөх ёсгүй юм байна...” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн  Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ГАНЗОРИГ

 

                                          ШҮҮГЧ                                       Ц.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧ                                       Ц.ОДМАА

 

[1] 3 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал

[2] 3 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал

[3] 3 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал

[5] 2 дугар хавтаст хэргийн 7 дахь тал