| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00010/И |
| Дугаар | 141/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 141/ШШ2025/00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Их-Уул сумын H оршин суугч Д овогт Г-ийн И-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Инь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...1968 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Миний бие Их-Уул сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1984 хөдөө илгээлтээр гарч эцэг, эхийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Би хугацаат цэргийн алба хааж ирээд 1988 оны 09 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэн Завхан аймгийн Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед би гэр бүл болоогүй эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан бөгөөд манай эцэг Л.Г нь суурийн ахлагч гэж явдаг байсан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд намайг 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа тул 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Инь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г.Инь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Инь Завхан аймгийн Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлээс 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г.Ид нээн олгож, ажилласан хоног авсан цалин 1988 онд 10,12 сар, 1989 онд 1-12 сар, 1990 онд 1-10 сарыг дуустал бичиж тэмдэглэн тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/2204 дугаартай “...1989-1990 онд Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад мал маллаж байсан гэх Г.Игийн цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1989 онд 2374,56 төгрөг 1-12 сар, 1990 онд 1248,18 төгрөг 1-12 сар...” гэсэн архивын лавлагаа,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г-ийн И, РД:..., эрэгтэй, 1968 оны 06 дугаар сарын 08-нд төрсөн, Их-Уул сум Г нэгдлийн Х бригадад хоньчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1985, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Г-ийн И, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад малчин, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
Гэрч Ц.ЭЫН“...Бид хоёр хамт нэг нутагт ажиллаж амьдарч байсан мөн цуг 1986 онд цэрэгт татагдаж 1988 онд халагдаж ирж байсан учраас би Г.Игийн талаар сайн мэднэ. Г.Инь 1984 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч Завхан аймгийн Их-Уул сумын Г нэгдлийн Х бригадад аав Г, ээж Дийн хамтаар бог мал маллаж байгаад 1986 онд цэрэгт татагдаж 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд дахин аав, ээжийнхээ хамтаар малчнаар ажиллаж байсан. Тухайн үед суурийн ахлагч нь аав болох Ггийн нэр дээр хөдөлмөрийн хөлсийг тооцож олгодог байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Г.Игийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Г-ийн Иг Завхан аймгийн Их-Уул сумын Э нэгдэлд малчнаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ