Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00304

 

2025 02 20 307/ШШ2025/00304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/00980/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******од холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн болон Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлт цуцлах шүүх хуралдаан завсарлах үед, хүүхдээ хэний асрамжид байлгах талаар хоорондоо ярилцсан. Б.******* нь би хүүхдээ авъя, малтай юм чинь нэг хүүхдээ арай өөр аваад явчих болов уу хувийн сургуульд сургаад, чи бага цалинтай юм чинь хүүхдийнхээ ирээдүйг бод гэхэд нь би зөвшөөрөөд хүүхдээ өгөхөөр болсон. Энэ хүний хувьд хөдөө ихэвчлэн байдаг болохоор өнгөрсөн цаг хугацаанд хүүхдэдээ тавих хараа хяналт маш муу, зодож байсан талаар багаа хүүгээсээ сонссон. Бага дүү нь энэ хүнийг аавыгаа гэж мэдэхгүй. Бага хүүг хөдөө очиход ******* *******ийг зодож, элэг рүү хөшиглөсөн гэх талаар надад хэлсэн. Манай дунд хүүг ******* гэж дууддаг. Энэ асуудлын талаар Б.*******той утсаар ярихдаа Чамайг шүүхэд өгнө гэж хэлэхэд, Би ахиж зодохгүй, чамтай уулзуулдаг байя гэж хэлдэг байсан. Үүний дараа асрамж өөрчлүүлсэн талаар шийдвэр гарсан. Одоогоор хүүхдүүд минь миний асрамжид байдаг. Гэр бүл цуцлахдаа дундын эд хөрөнгө болон хөрөнгө хуваалгах байсан боловч би аваагүй, тухайн үед өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө байхгүй гэж хэлж байсан боловч, хүүхдээ өөрийнхөө нэр дээр авах болоход А данстай, малтай талаарх энэ хүний эд хөрөнгө бүгд илчлэгдсэн. Миний амьдарч байгаа байр дахин төлөвлөлтөд орж, тухайн үед энэ хүн дундын өмчөө авъя гэж маргаан үүсгэж байсан. Одоо хүүхдүүд том болсон тул, өмсөх хувцас гэх мэт наад захын хэрэглээг нь эцэг хүний үүргээ биелүүлээд, хүүхдүүддээ халамж тавьж байх хэрэгтэй. Хоёр хүүхдэдээ биш юмаа гэхэд авч явсан хүүхдэдээ өмсөх хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийн аваад өгчих, би нөгөө хүүхдэдээ аваад өгнө гэхэд энэ хүн Чи авсан юм чинь, чи авч өг гээд хэрүүл хийдэг. Энэ талаар ярих болгонд хэрүүл хийх гээд байдаг болохоор сүүлдээ хэлэхээ больсон. Өмнө нь энэ хүн 100,000 төгрөг авдаг байсан юм байна. Одоо хүүхдийнхээ нэр дээр данс нээгээд өгчихсөн, данс руу нь тухайн тэтгэлгийн мөнгийг хийж байгаа... гэв.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хүнтэй 2001 онд гэр бүл болж, хамтын амьдралын хугацаанд гурван хүүхэдтэй болсон. Тухайн яриад байгаа байрны хувьд хоёр талаасаа мөнгө гаргаад засвар хийгээд орж байсан. Тэрнээс хойш гурван сарын дараа намайг гэрээсээ хөөсөн. 2020 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Тэр үед эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гарахгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Хүүхэд тухайн үед 15-р сургуулийн 5-р ангид сурдаг, төгсөхөд хоёр сар дутуу байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхдүүдээ хаяад, тухайн үед хамтран амьдарч байсан хүнтэйгээ явсан. Тэр үед хүүхдүүдтэйгээ утсаар ярих болгонд хугацаа нь дууссан идэх зүйл авч өгсөн талаар хэлдэг. Хүүхдүүдийнхээ тэтгэлгийн талаар өгөхгүй гэж хэлээгүй бүх зүйлийг надаас авч болно. Хүүхдээ багаас дугуйланд хамруулж, багшид нь хүлээлгэж өгөөд буцаад гараас гарт хүүхдээ авдаг байсан. Энэ хүний тухайд хүүхдээ хөгжүүлсэн тохиолдол байхгүй. Хүүхдээ өөрийн асрамжид байх хугацаандаа хүүхдүүдээ нялх байхаас нь өөрийн гараар өсгөсөн. Үр хүүхдэдээ гал голомтоо залгуулж үлдээх хүсэлтэй байна. би өөрөө айлын ганц хүүхэд. Ноднин миний аав өөд болсон. Тэр үед хүүхдээ өөр дээрээ аваарай гэж захиж үлдээсэн. Өнгөрсөн хугацаанд надтай ирж уулздаг байсан хүүхдүүдэд шүүх хурал болно эсхүл ямар нэгэн муу юм хэлж намайг гүтгэж байна. Өөрийн хүүхэд болох *******ыг өөрийн асрамжид буцаан авах хүсэлтэй байна... гэв.

 

3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.*******ээс 2012 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн Г.*******ыг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан... гэв.

 

4. Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ..Хүүхэд өөрөө ээж, ах хоёртойгоо байна гэсэн талаар хэлсэн. Энэ хүнд хүүхдээ өгмөөргүй байна. Хоёр хүү минь бие биедээ туслаад дэмжээд яваасай гэж хүсэж байна. Хэрвээ өнгөрсөн цаг хугацаанд байсан шиг хоорондоо уулзахгүй хол байвал бие биеэсээ хөндийрнө. Тийм учраас хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны ****1-ний өдөр төрсөн хүү Г.*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны *****9-ний өдөр төрсөн хүү Г.ын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдөр 1227 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдөр 135/ШШ2023/00620 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, сурагчийн хувийн хэргийн хуулбар, 2 хүүхдийн хооллож байгаа зураг, тор барьсан хүүхдийн зураг, гутал болон хувцасны зураг, хүүхдийн унтаж байгаа зураг зэргийг Dawaa гэх цахим чатын зураг, хөлийн өсгийний гэмтсэн зураг, Б.*******ын хүүдээ авч өгсөн хувцас, дансны хуулга, унадаг дугуй, спорт заалны зураг зэрэг фото гэрэл зураг, мал тооллогын лавлагаа, Хас банкны дансны хуулга, Б.*******ын сургууль төгссөн талаарх дипломын хуулбар зэргийг ирүүлсэн байна.

 

7. Шүүхээс хүү Г.*******ын санал, хариуцагч Б.*******ын хүсэлтээр гар утасны чат зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт, гэрч Д.ы мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.*******ын хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь ...2020 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тухайн үед хүүхдийн тэтгэлэг аваагүй бөгөөд хүүхдүүд одоо том болж байгаа тул эцэг хүний үүргээ биелүүлэх шаардлагатай байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин нэг хүүхдээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Д.******* нь хүүхдүүдтэй уулзуулахгүй, надаас холдуулж байгаа тул нэг хүүгээ өөрийн асрамждаа авна гэж маргадаг болно.

4. Зохигчдын дундаас 2012 оны 05 сарын 21-ний өдөр хүү Г.*******, 2014 оны 05 сарын 29-ний өдөр хүү Г. нар төрсөн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 1227 дугаартай шийдвэрээр Д.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцалсан болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээ, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Тус шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.*******ыг эцэг Б.*******ын, 2014 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.ыг эх Д.*******ийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн.

Мөн хэрэг авагдсан тус шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/00620 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.*******ыг эх Д.*******ийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй болохыг дурджээ.

5. Нэхэмжлэгч нь 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь хүү Г.*******ыг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.

Талууд нэг хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа бөгөөд шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсны дагуу гаргасан Дархан-Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 03 сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

Тус дүгнэлтээр ...эцэг эхийн чадамжийг үнэлэх 6 багц оношилгоогоор дүгнэхэд хариуцагч Б.*******од 1 давуу тал, нэхэмжлэгч Д.*******т 2 давуу тал үүссэн. Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох 3 судалгаанаас дүгнэхэд хариуцагч Б.*******од давуу тал үүсээгүй, нэхэмжлэгч Д.*******т 2 судалгаанд давуу тал үүссэн. Хүү Г.*******ын сэтгэл зүйн байдал, эцэг эхтэйгээ хандах хандлагыг оношлох 5 судалгаагаар түгшүүрийн хэмжээ өндөр үүссэн, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нээлттэй илэрхийлэх байдал бага, сэтгэл санааны хувьд тогтворгүй, гэр бүлийн харилцааны хангагдаагүй хэрэгцээ өндөр, өөртөө итгэлгүй, хаалттай хэв шинжтэй, эелдэг найрсаг, тууштай, хэт мөрөөдөх хандлагатай. Ээнэгшлийн хувьд эхдээ илүү ээнэгшилтэй оношлогдсон... гэжээ.

Хариуцагч тал энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч хариуцагч нь энэхүү хүсэлтээсээ татгалзсан болно.

6. Хариуцагч талаас эцгийн үүргээ биелүүлж байсан талаарх тайлбараа нотлохоор хүүхдэдээ хувцас авч өгч байсан, өөрийн асрамжид байх үедээ байнга сургуульд нь хүргэж өгдөг байсан гэж гар утсанд үзлэг хийлгэсэн, гэрчээс мэдүүлэг авхуулсан бөгөөд энэхүү байдлыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар асрамжийн хувьд маргаж байгаа хүүхэд болох Г.*******аас санал авсан бөгөөд хүү Г.******* нь ээжтэйгээ хамт байх хүсэлтэй талаар санал өгсөн байна.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д: Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч тэдний дундаас төрсөн нэг хүүхдийн асрамжийн талаар талууд маргаж байгаа тул шүүх дээрх хуульд заасан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрэнд дүгнэхэд хүү Г.*******ын одоогийн амьдарч байгаа орчин нөхцөл байдал түүний эрх ашгийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эхдээ илүү ээнэгшилтэй дүгнэгдсэн байдал, хүүхдийн санал зэргийг үндэслэн түүний асрамжийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

8. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус заасан.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2014 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн хүү Г. эхийн асрамжид байгаа, мөн 2012 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.*******ын асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа гэж дүгнэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг Б.*******оос 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулах нь дээрх хуульд заасантай нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдаж байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь дээрх хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд хүүхдүүдийг эцэг Б.*******той уулзахыг хориглох, хязгаарлах эрхгүй болно.

9. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т, 2 хүүхдийн нэг жилд ногдох тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 169,004 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.*******ын асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах тухай хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.*******ыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 05 сарын 29-ний өдөр хүү Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******оос тэтгэлэг гаргуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, хоёр хүүхдэд ногдох 1 жилийн хугацааны тэтгэлгийн хэмжээнээс тооцож, улсын тэмдэгтийн хураамж 169,004 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг, мөн хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ