Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******т холбогдох 1714000070015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг Ясан хашаат гэх газарт байсан  А.Л гийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн … Би зам тээврийн осолд орсон хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. 2017 оны 05 сарын 15-ны өдөр байсан байх манай малаа үлдээсэн. гэх хүний авгай ******* гэх хүн надад утсаар залгаад танай гэр алга байна. 2 орны толгой байна гэж хэлсэн. Тухайн үед ******* манай гэрийг дурандаж үзсэн гэж хэлсэн. *******д манай гэрийг очиж үзээдэхээ гэхэд болохгүй байхаа бид нар сүүлд нь асуудалд орно гэхээр нь би Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч мөн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тэр өдөрөө Баацагаан сумын цагдаа ******* надад утсаар залгаад танай гэр шатсан байна гэж хэлсэн. Тэгээд би манай хаваржаанд ойр байх ийн авгай руу залгаад манай гэр шатсан байна мэдсэн зүйл байна уу гэхэд тэр орой 17-18 цагийн хооронд аргал түүгээд явж байхад танай гэр зүгээр байж байсан. Мөн ******* ах манайд өглөө ирээд  Л гийн гэр нь шатсан байна гэж хэлээд явсан гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед Улаанбаатар хотод хүүхдээ сахиж эмчлүүлж байсан учир ирж чадаагүй. Улаанбаатараас ирэхэд ******* гэгч нь манай гэрийг шатаасан гэж цагдаад шалгагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-41/,

Гэрч Р.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... манайд байхдаа юу ч яриагүй дуугүй суугаад байсан. Би хоол хийсэн байсан. Тэгээд хоол идчихээд удаагүй явсан. Явсан цагийг нь сайн мэдэхгүй байна. Манайхаас дээшээ “Онь” гэх газраас олсон гэсэн. Өмнөх өдөр нь гэртээ хонсон үгүйг нь мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтанд өгсөн … Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багт байх хадам аав С.Дгийн гэрт амьдраад 3 жил болж байна. 2016 оны 11 сарын дундуур хадам аавын гэрт ганцаараа байж байхад  А.Л нь Б.М хамт ирсэн юм. Тухайн үед  А.Л архи уусан байсан. Тэгээд тэр надад чи айлын зарц хийж байгаа чамайг зодсон ч яадаг юм гэж хэлээд надруу дайрхад нь *******сүрэн салгаж аваад явсан. Тэгээд гарч явж байхдаа надад хандан чи айлын зарц насаараа хийх болно гэж хэлсэн. Тэднийх манайхтай саахалт шавран хашаатад байдаг. Тэдний гэрийн хажууд худаг байдаг. Манайх тэдний худгаас ундны усаа авдаг бөгөөд ус авахад худаг ус хармалдаг байсан. Ер нь тэр архи уухаараа над руу дайраад байдаг юм. *******сүрэнтэй ирэхдээ надад чи насаараа айлын зарц хийх болно гэхээр нь би дургүй хүрээд дотроо юм бодож явсан юм. Одоо сайн санахгүй байна. Хүүхдээ эмчлүүлнэ гээд Улаанбаатар хотруу явсаныг нь би харсан юм. Би тэгээд над руу тэгж муухай хандаж, янз бүрээр ярьдагт нь  Лг хорлонодоо гэж бодож явдаг байсан. Тэгээд 2017 оны 06 сарын 14-ний орой 21 цагийн үед *******ийн адууг дарчихаад Бийнд очсон. Тэдний гэрт хоол идчихээд гарсан. Би тухайн үед өөрийн 29-39 БНЗ улсын дугаартай Бүргэд маркийн мотоциклоор явж байсан.  Л гийн гэрт ганцаараа очсон. Мотоциклио гэрийн зүүн талд ойрхондуу байрлуулсан. Буугаад тэдний гэрийг тойрч үзэхэд гэрийн баруун хойд талын хаяаны хэсэг нь ногоон өнгийн ниллонон материалын даавуу хаяавч байсан. Тэрийг халаасандаа явсан шүдэнзийг зурж асаасан. Тэгээд шууд мотоцикльдоо мордоод харьсан. Явж байгаад худгийн тэнд очоод эргэж харахад гал гэрийн гал тавьсан хэсгээс дүрэлзэж шатаж байсан. Маргааш нь аймгаас баахан цагдаа нар ирээд шатсан гэрийн ойр орчмоор явж байсан. Би гэрийн хойд овгор дээр гараад тухайн цагдаа нарыг дурандаад сууж байгаад намайг мэдчихсэн юм болов уу гэж бодоод айгаад сууж байсан. *******ийн гэрт ирж хүмүүсийг асууж байхаар нь одоо над дээр ирэх байх гэж бодоод мотоцикльтой явж байхад урд дугуйны хий гарсан. Тэгэхээр нь мотоциклио хаяад алхаж Онь гэх газрын ойролцоо жалгануудад очоод цагдаа нар явах хүртэл нуугдаад явахаар нь очъё гэж бодоод тэнд байж байгаад маргааш нь буюу 2017 оны 06 сарын 15-ны оройн 18 цагийн үед цагдаа нар ирж намайг олж аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн … Баацагаан сумын 6-р багийн малчин  А.Лгийн гэр нь хэргийн газрын үзлэгээр гэрийн баруун талаасаа эхлэж улмаар тархан дэргэсэн байх магадлалтай. /гэрийн төмөр багана гэрийн зүүн тал руу унасан байдалтай байсан/ Хэргийн газрын үзлэгээр гэрийн хаалга цоожтой, хаалганы цоож цуурга эвдэрч гэмтээгүй, гэр дотор цахилгааны залгаатай эх үүсвэр байгаагүйгээс дүгнэхэд тухайн гал түймэр нь санаатай галдан шатаасан байх магадлалтай гэж дүгнэв ... гэсэн дүгнэлт /хх-ийн 55/,

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын … Иргэн ******* овогт *******гийн  Лгийн эд зүйл нь 50 метрийн урттай гошлон 3 ширхэг нийт 30.000 төгрөг, өрх 1 ширхэг 70.000 төгрөг, цагаан бүрээс 1 ширхэг 70.000 төгрөг, гэрийн хаалга 1 ширхэг 90.000 төгрөг, гэрийн хөшгө 1 ширхэг 50.000 төгрөг, дотор бүрээс 1 ширхэг 30.000 төгрөг, эсгий 2 ширхэг 100.000 төгрөг, туурга 4 ширхэг нийт 80.000 төгрөг, Тоно/ханатай/ 1 ширхэг 120.000 төгрөг, хана 4 ширхэг нийт 200.000 төгрөг, унь 80 ширхэг нийт 300.000 төгрөг, нарны толь 2 ширхэг нийт 90.000 төгрөг, 40 литрийн битон 1 ширхэг 30.000 төгрөг, 10 литрийн битон 2 ширхэг нийтдээ 18.000 төгрөг, зурагт 1 ширхэг 300.000 төгрөг, хулсан ташуур 1 ширхэг 1.200.000 төгрөг, тогооны сав 1 ширхэг 40.000 төгрөг, авдар 3 ширхэг нийт 150.000 төгрөг, хулдаас 10 метр 40.000 төгрөг, аккумлятор 90А 1ширхэг 90.000 төгрөг, модон ор 1 хос 100.000 төгрөг, аяганы ширээ 1 ширхэг 35.000 төгрөг, аяга 18 ширхэг нийт 120.000 төгрөг, зэсэн аяга 2 ширхэг нийт 20.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 100.000 төгрөг, гуулин данх 1 ширхэг 40.000 төгрөг, оёдлын машин 1 ширхэг 200.000 төгрөг, эмээл 1 ширхэг 100.000 төгрөг, мөнгөн эмээл 1 ширхэг 1.300.000 3 төгрөг, мөнгөн хазаар 1 ширхэг 1.000.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, 2 ширхэг баавар нийт 700.000 төгрөг, шанага 2 ширхэг нийт 2.000 төгрөг, хоолны халбага 1 ширхэг 2.000 төгрөг, цайны шүүр 1 ширхэг 2.000 төгрөг, цайны идээ 10 ширхэг нь 5.000 төгрөг, халбага сэрээ 15 ширхэг нь 2.500 төгрөг, тогоо 2 ширхэг нь 40.000 төгрөг, 25 литрийн битон 1 ширхэг нь 25.000 төгрөг, усны шар сав 2 ширхэг нь 20.000 төгрөг, хөнжил 4 ширхэг нь 80.000 төгрөг, орны гудас 8 ширхэг нь 60.000 төгрөг, хогийн шүүр 2 ширхэг нь 3.500 төгрөг, гамбанз 1 ширхэг 25.000 төгрөг, хивс 2 ширхэг нь 70.000 төгрөг, хайрцаг 2 ширхэг нь 20.000 төгрөг, нугастай толь 1 ширхэг 100.000 төгрөг, гуутай зураг 2 ширхэг нь 20.000 төгрөг, дээлийн торго 4 ширхэг 200.000 төгрөг, хурган дээл 2 ширхэг нь 1.200.000 төгрөг, хамба хэлэн дээл 1 ширхэг 70.000 төгрөг, данх 3 ширхэг нь 15.000 төгрөг, халуун сав 2 ширхэг нь 25.000 төгрөг, гурил 50 кг 50.000 төгрөг, будаа 25 кг 30.000 төгрөг, борц 50 кг 120.000 төгрөг, барааны бок, саван 2 ширхэг нь 14.000 төгрөг, махны машин 1 ширхэг 4.000 төгрөг, 32 угалзтай монгол гутал 1 ширхэг 250.000 төгрөг, орны бүтээлгэ 4 ширхэг нь 200.000 төгрөг, гэрийн хаяавч 2 ширхэг нь 40.000 төгрөг, зурмал ногоон дарь эх 1 ширхэг 5.000 төгрөг, цагаан дарь эх, бунд бурхан, таван хошуу малын бурхан нийтэд нь 100.000 төгрөг, гуулийн цөгц 8 ширхэг нь 80.000 төгрөг, Алтангэрэл судар 1 ширхэг 80.000 төгрөг, гүц 1 ширхэг 10.000 төгрөг, халтар манан хөөрөг 1 ширхэг 800.000 төгрөг, нийт 10.248.000 төгрөгний үнэлгээтэй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 105-106/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-15/,

Эрүүгийн төлөөлөгч Б.*******ын илтгэх хуудас /хх-ийн 15/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-31/,

Баацагаан сумын 6-р багийн Засаг даргын  *******  ыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 77/

******* ын иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-81/,

******* ын 2016 оны жилийн эцсийн малын бүртгэл /хх-ийн 86/,

Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 135-136/,

Хохирогч Б. Л гийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 137-138/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг Ясан хашаат гэх газарт байсан  А.Л гийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах хэлбэрээр устгаж бусдад 10.248.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч  ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч  ******* ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б. Л нь шүүгдэгч  *******ын ар гэрээс хохиролд 5.000.000 төгрөгийг бэлнээр, 5 эр хонь, 5 эр ямаа, 15 эм ямаа, 15 эм хонь, 5 ишиг, 5 хурга, 1 тэмээ нийт 51 тооны малыг хүлээн авч шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлж энэ талаархи баримтыг хэргийн 135-138 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч  *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч  *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 19 инчийн зурагт, Бүргэд маркийн мотоциклийг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт  ******* ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч  *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн учир цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч  ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч  *******ын эзэмшлийн 19 инчийн зурагт 1 ширхэг, бүргэд маркийн мотоцикль 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч  ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА