Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Нарийн бичгийн дарга *******оёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 1714000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Би *******той 2011 онд танилцаж 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж Сүхбаатар аймгийн Халзан суманд хамт амьдрах болсон. Ингээд хамт амьдрах болсноос хойш архи ууж тамхи татдаг болохыг нь мэдсэн бөгөөд эхлээд цалингаа буухлаар архи уудаг байсан. Сүүлдээ надад гар хүрдэг болж эхэлсэн. Энэ хугацаанд буюу 2015 оны 1-р сард жирэмсэн болж 2015 оны 8 дугаар сард архи уугаад намайг зодож хардаж дарамталж хамт амьдрахад хэцүү болж гэр орноос утсаар залгахаар зүгээр байгаа гэж хэл гээд байдаг болсон учир би зугтаад 8 сартай жирэмсэн Баянхонгор аймаг Заг суманд гэртээ ирсэн ... ******* нь 2017 оны 9 дүгээр сараас манай сумруу шилжүүлэг хийлгэж Заг суманд хамт амьдрах болсон. Ингээд энэ хугацаанд намайг янз бүрээр дарамталж би ажилгүй байна мөнгө өгчих, чи ах дүү нарынхаа хажууд сайхан байгаа биз дээ гэх зэргээр хэрүүл гуйж намайг энд тэнд чимхэж авдаг байсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажлаа тараад ирэхэд ******* нь их ууртай байгаад байснаа би энэ гэр орны хамаг муу муухайг, хар бор ажлыг хийж байна чи ажлаасаа хурдан ирж бай, чи даварсан хүүхэн юм биш үү гэхэд нь би чи үхэх гээд байна уу гэхэд уурлаад гурилын ганжингаар 10-аад удаа зүүн дал орчим цохиж намайг зодоход нь би ахруугаа утсаар ярьсан боловч эхнэр нь утсыг нь аваад ах чинь алга байна гэж хэлсэн. Энэ үед намайг ахруугаа залгасан талаар мэдээд танайхныг бүгдийг нь ална цустай нь холиод өгье бас танайхныг ирэхэд нь чамайг алчихаад байж байх уу гээд гутлынхаа түрүүнд хутга хийгээд орилоод яваад байсан. Манай гэрийнхэн ингэж намайг зодсоныг 7 хоногийн дараа мэдсэн. ******* нь намайг дандаа 2-лахнаа байхад зоддог байсан. Энэ талаар би ээждээ хэлсэн ээж сайн мэднэ. Би зодуулаад эмнэлэгт хэвтэж байгаагүй бас эмчид үзүүлж байгаагүй. Хүний хажууд болохоор их сайн хүн шиг жүжиглэж байдаг. Намайг зодсон асуудалтай холбоотой нэхэмжпэх зүйл байхгүй харин гомдолтой байна. Миний хувьд одоо маш их айдастай байна. Учир нь ******* намайг цагдаад мэдэгдсэний дараа та нарын бах чинь ханаж байна уу гээд занаад байсан. Ер нь бол би энэ хүнээс маш их айж байгаа учир би энэ хүнийг өөрлүүгээ дахин ойртуулахгүй байх арга хэмжээг шүүхээр авхуулах хүсэлтэй байна. Би гомдолтой байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-21/,

Гэрч *******ын ... Миний охин ******* нь *******той 2011 онд танилцаж 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж хурим найр хийж бидний зүгээс Сүхбаатар аймгийн Халзан суманд хүргэж өгсөн. Тэгтэл манай охин 2014 оны өвөл надруу залгаад ээжээ би гэртээ харих хүсэлтэй байна энд хэцүү байна. Та надад замын зардал хэдэн төгрөг шилжүүлээч ах нарт битгий хэлээрэй гэж хэлсэн. Ингэж ярихдаа намайг цохиж зодоод байх юм надад хэцүү байна гэсэн бөгөөд багш нар хавар намар зөвлөгөөнд явдаг тэр хойгуур нь би зугтаад гэртээ ирмээр байна гэж байсан. Ингээд мөнгө шилжүүлэх гэхэд одоохондоо байж бай гэсээр байгаад дараа жилийнх нь намар болсон чинь манай охин надруу залгаад сургалтанд явчихсан гээд тэр хооронд нь наашаа ирсэн. Ингэж ирэхдээ том гэдэстэй гар хөл нь хөхөрсөн байдалтай яасан гэхэд ******* зодоод хөхөрсөн юм гэж байсан. Тэгээд гэртээ байж байгаад хүүхдээ төрүүлсэн. Тэгэхэд ******* нь ирж байж байгаад явсан. ******* нь ирэхдээ бид 2 болж бүтнэ сайхан амьдарна гэж ярьдаг бөгөөд ингэж байгаад дахин жирэмсэн болж 2 хүүхэдтэй болсон. Бидний зүгээс 2 хүүхэд гарсан болж бүтэх байлгүй гэж бодоод учиргүй сал гэж хэлж чаддаггүй байсан юм. 2016 оны намар Заг суманд ирж 2 сар багшилж байгаад явсан. Энэ хугацаанд архи дарс уугаад манайхаар хаяа агсан согтуу тавиад байдаг байсан. Энэ үед 2 дахь хүүхэд нь гэдсэндээ байсан бөгөөд ******* нь буцаад Сүхбаатар аймагруу гэрлүүгээ яваад өгсөн. Ингээд манай охин жирэмсэн үлдэж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрж 6 дугаар сард хүүхдийнх нь бие муудаад эмч нар найдваргүй гэж хэлсэн гээд *******руу хэлсэн байсан. Ингээд ******* нь ирээд зунжингаа хамт байж байгаад намар шилжиж ирж 2017 оны 9 дүгээр сарын 17-ны үед тусдаа гарсан. Ингэхдээ манайхаас 5 ханатай гэр 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би гэрт нь ороход манай охин ******* уйлчихсан хөлнөөс нь бага зэрэг цус гарсан шалбарсан байдалтай байхаар нь миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхэд ******* нь би ийм дарамттай амьдралд байж чадахгүй гээд уйлаад байсан. Миний хувьд гайгүй байлгүй залуу улсууд учраа олох байлгүй гэж бодоод өнгөрсөн. ******* нь үе үе архи уудаг тэгэхдээ манай охиныг зоддог байсан гэж сүүлд нь буюу сая зодож цагдаад шалгагдсаны дараа хэлсэн. Өмнө нь бид нараас нуугаад юу ч хэлж ярьдаггүй байсан юм байна лээ. Миний хувьд амьдралд нь оролцоод яах вэ гэж бодоод яваад байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болохоор би гэртээ байсан 18 цагийн үед манай охин ажлаа тараад ирж байгаа харагдсан. Тэгтэл ******* нь чанга чанга дуугараад байсан би тэр үед нь гайгүй байлгүй эхнэр нөхөр 2 жоохон хэрэлдэж байгаа байлгүй гэж бодоод ороогүй байж байгаад орой нь ороход манай охин буруу харсан байдалтай хоолоо бэлдээд надтай дуугарахгүй байсан. Би ойртоод харахад зүүн дал нь хөхөрсөн хоолой нь улайсан байдалтай зодоон хийсэн бололтой байсан. Миний хувьд тэр үед ямар нэгэн юм тодруулж асуугаагүй өнгөрсөн. Маргааш нь хүүхдээ аваад аймгийн төв явсан. Тэр хойгуур нь би гэрт нь том хүүхэдтэй нь үлдээд байж байхад гурилын ганжин нь хугарсан 5-н летрийн бетон нь цөмөрсөн байдалтай байхаар нь би цагдаад хэлэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод сумын цагдаад хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,

Шүүгдэгч *******ын ... Би 2017 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймгийн Халзан сумаас Баянхонгор аймгийн Заг суманд шилжиж ирсэн. Учир нь манай эхнэр ******* нь 2 хүүхдийн хамтаар Заг суманд ээжийнхээ хажууд амьдарна гэсэн хүсэлтэй байсан учир би шилжиж ирэх болсон юм. Ингэж шилжиж ирэх хүртлээ олон зүйл болсон. Бид 2-н хувьд 2 жилийн хугацаанд тусдаа амьдарч байсан. Миний хувьд өөрийн төрсөн Халзан сумандаа амьдрах хүсэлтэй байсан. Учир нь би тэнд багшийн ажилтай байсан юм. Ингээд шилжиж ирээд амьдарч байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бид 2 маргалдсан учир нь миний бие гэртээ байж хүүхдээ хардаг, манай эхнэр болохоор сургуульд багшилдаг. Би эхнэрээ ирэхэд нь хоол ундаа хийгээд хүүхдээ хараад байж байдаг бөгөөд манай бага хүү хүнд өвчтэй юм. Миний хувьд наашаа шилжиж ирснээсээ хойш их хичээж байгаа. Би гэрийнхээ бүхий л зүйлийг хийдэг юм. Энэ зүйлийнхээ хариуд эхнэрээсээ намайг жоохон хүндлээсээ гэж хүсдэг. Гэвч манай эхнэр надтай ямарч хүндлэлгүй харьцаж хажууд нь хадам ээжийн дарамт шахалт байнга үзүүлдэг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хоолоо хийж байгаад эхнэртээ би хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд ах дүү хамаатан садан ажил төрлөө орхичихоод энд ирсэн. Айлын нөхрүүд худалч хүнд хоолоо ч хийж иддэггүй юм байна лээ гэж тоглоомын байдалтай хэлсэн чинь манай эхнэр өөдөөс чи муу жоохон юм хийсэндээ үхчих гээд байгаа юм уу. Тэгээд үхээч гэж хэлэхэд миний уур гэнэт хөдлөөд гурил илдэж байсан ганжингаар тэнд байсан 5-н бетоныг цохиж аваад чи ер нь яахлаараа намайг ингэж доромжилж байдаг юм гэж хэлээд бид 2 маргалдаж өөд өөдөөсөө босож ирээд мөрнөөс нь бариад түлхсэн чинь миний өөдөөс цохиод авхад нь зөрүүлээд ганжинтай гараараа нэг удаа цохиж авсан. Тэгэхэд манай эхнэр утсаа аваад ахруугаа залгаад утсаа салгахад нь би иймэрхүү маргааныг гэр бүл дотроо шийдэж болохгүй юм уу гэж хэлээд бид 2 эвлэрсэн. Би уучлалт гуйсан би дахин ийм зан гаргахгүй гэхдээ чи намайг жоохон ч гэсэн хүндэлж байгаа ч гэж хэлсэн. Миний хувьд эхнэрээ зодсон асуудалд маш их харамсаж гэмшиж байгаа би дахин ийм асуудал гаргахгүй. Би гэр бүлийн тухай хуулийг маш сайн судалсан учир дахин эмэгтэй хүнийг цохиж зодож болохгүй гэдгийг маш сайн ойлгосон бас маш их зүйлийг ойлгож авсан. Би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-42, 48-50/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 650 тоот шинжээчийн ... *******ийн биед зүүн даланд цууралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 29-30/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 52-54/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.            

Хохирогч ******* нь бие бүрэн эдгэрээгүй боловч шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд харин шүүгдэгчид гомдолтой байгаагаа шүүхийн хэлэллцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь хохирогчид нээлттэй үлдээв.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь ******* нь гэр бүлийн таарамжгүй байдал үүсгэж эхнэр *******т бие болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг болох нь хэргийн 85-95 дугаар хуудсанд авагдсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагийн арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ганжингийн хугархайг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт  *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******од 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******од хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ганжингийн хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА