Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/00245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00065/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (РД:*******, утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“147,118,386.17 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, О.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 147,118,386.17 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Хариуцагч ******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №БелТТ-21 тоот “Трактор, ******* техник худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 2.3-т “Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд тэнцүү хувааж төлөх ба тухайн жилийн тухайн өдрийн Монгол банкны  ханшаар тооцож, энэ гэрээний 2.6-д заасан хуваариар төлнө”, 2.4-т “Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт жилийн 1.37 хувийн хүү төлнө” гэж тус тус заасан бөгөөд зээл авснаасаа хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлангаар үндсэн төлбөр 98,381,719.81 төгрөг, ханшийн зөрүү, хүүгийн төлбөр 12,734,886.06 төгрөг, нийт 111,116,605.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Өмгөөллийн *******-ийн хуулийн ажилтан Б.******* болон О.******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс *******-ийн гүйцэтгэх захирал Д.*******тэй утсаар холбогдож эхэлсэн ба гэрээний хугацаа дуусах болж байгаа учир дуусахаас өмнө өр төлбөрийг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги нэмж тооцохыг мэдэгдэж, манай хуулийн фирмтэй ирж уулзаж, төлбөрийг хэрхэн төлөхөө тохиролцох шаардлагатай байна гэж хэлсэн бөгөөд хариуцагчтай удаа дараа уулзалт товлож байсан ба 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын оффис дээр ирж уулзсан. Хариуцагч ирж уулзах үедээ “Намар өр төлбөрийн хүүг, харин он гараад үндсэн төлбөрөө төлөх бодолтой байна, *******-д гэрээний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж, хүсэлтийн хариу ирэхээр тооцоо нийлсэн акт үйлдье” гэж хэлсэн. Улмаар хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал Д.*******тэй 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр холбогдоход *******-д хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн байгаа гэж, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин холбогдоход хүсэлтийн хариуг ******* өгөөгүй байгаа гэж хэлсэн. Бидний зүгээс хариуцсан мэргэжилтнээс асуухад энэ компани дээр ямар нэгэн хүсэлт ирээгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш хариуцагчтай хэд хэдэн удаа холбогдож уулзах гэсэн боловч утсаа авахаа больсон. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл өр төлбөрийг төлж барагдуулахгүй, бидэнтэй холбогдохгүй байгаа нь цаашид төлбөрөө төлөхгүй гэдгийг илт харуулж байна.

Мөн дээрх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.3-т “Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд тэнцүү хувааж төлөх ба тухайн жилийн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, энэ гэрээний 2.6-д заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг санд төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд үүргээ ноцтой зөрчиж байгаа учир үндсэн төлбөр 98,381,719.81 төгрөг, ханшийн зөрүү, хүү 12,734,886.06 төгрөг, нийт 111,116,605.87 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги буюу өнөөдрийн байдлаар 108 өдрийн алданги 36,001,780.30 төгрөг, нийт 147,118,386.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагчийн төлөөлөгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* сангаас трактор, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж МТЗ 82.1 трактор, хадуур КДН-210, Тармуур ГВР-630, дөрвөлжин хамаг боогч ППТ-160, рулон хаман боогч ПР-Ф-145 тоног төхөөрөмжүүдийг урьдчилгаа 12,315 евро төлж, 28,819 еврогийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж авсан. Мөн техник тоног төхөөрөмж нийлүүлж байгаа *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баталгаат засварын хугацаанд техник үйлчилгээ хийх тухай гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу зөвшөөрлийн хуудсаа гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* санд ирж трактор, техник тоног төхөөрөмжөө өөрсдийн зардлаар 5 хоног очерлож хүлээн авч Дархан-Уул аймгийн Хонгор суманд авчирсан.

2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед хадлангаа эхлэх үед тармуур ГВР-630 нь ажиллахгүй болсон. *******-тай холбогдож дуудсан боловч бид нар завгүй очих боломжгүй гэсэн тул өөрсдөө засвар хийх гэж үзсэн боловч үйлдвэрийн алдаатай угсрагдсан техник болох нь тодорхой болсон тул Сайхан сумын ******* сангийн салбар руу ачаад аваачиж өгсөнд инженерүүд нь нэлээн үзэж байгаад засаж чадахгүй үйлдвэрийн алдаатай юм байна гээд шинээр өөр тармуур сольж олгосон. Тус компанийн засварчид техник тоног төхөөрөмжийн мэдлэг чадвар маш муу залуучууд байсан бөгөөд сүүлдээ бид нараас утсаар зөвлөгөө авдаг болсон. Маш их эвдрэлтэй техникүүд гарч байна гэж байсан. Тэр жил зөвхөн трактор, хаман боогчоо ашиглаад малын 1500 орчим боодол өвс хийсэн бөгөөд хаман боогчийн зүү нь хөнгөн цагаан маш чанаргүй байсан учир хугарсан. Тэгээд ******* руу холбогдоход сэлбэг нь орж ирээгүй, байхгүй, энэ жил орж ирэхгүй, өөрсдөө янзал гэж хэлсэн. Бид нар Хятад улсын хаман боогчийн зүүг орлуулж таруулж тавиад малын өвсийг бэлтгэж дуусгасан.

2022 онд хадлан эхлэнгүүт тармуурын сэрээ, гар нь хугарсан. ******* руу баталгаат засварын хугацаанд техник үйлчилгээ хийх тухай гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж засвар үйлчилгээ авах талаар холбогдоход сэлбэг хэрэгслүүд орж ирээгүй байна, өөрсдөө засварла гэсэн хариу өгсөн. Энэ шалтгааны улмаас тармуураа 2022 онд ашиглаагүй тавьсан. Мөн хадлангийн үеэр хаман боогчийн хацар, арааны гол хугарсан тул ашиглах боломжгүй болж дахин ******* руу холбогдоход бид засах боломжгүй гэсэн тайлбар өгч хаман боогч, тармуураа ашиглаагүй өнгөрсөн. Энэ гэрээнд заасан засвар үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид их хэмжээний хохирол учирч одоог хүртэл хаман боогч, тармуураа ашиглаагүй учраас үйл ажиллагаанд доголдол гарсан. 2023, 2024 онд ******* руу холбогдож чадахгүй байсан тул очиж уулзаад сэлбэг захиалсан боловч одоог хүртэл хаман боогчийн хацар, зүрх арааны гол зэрэг сэлбэгийг оруулж ирээгүй.

Тус тоног төхөөрөмжүүдийг ашиглан хадлан бэлтгэж, борлуулалтын орлогоос зээлээ төлөхөөр төлөвлөсөн боловч хариуцлагагүй компаниас болж үйл ажиллагаа явуулаагүй, төлөвлөсөн орлогоо олж чадаагүй саатсан. Тус компанийг сүүлд судлахад Монголын тариаланчдын холбооны тэргүүн Рэнцэнсэнгээ гэх хүний эзэмшлийн компани юм. Тус Белерусь улсын техник тоног төхөөрөмж үнэтэй бөгөөд маш муу чанартай байгаа нь ашиг сонирхлын зөрчил тэнд үүссэн байж болзошгүйг харуулж байгаа юм. Бидний тоног төхөөрөмжийн чанар бүтээмжийн талаар ******* дэмжих сангаас нь нэг ч удаа шалгаагүй мэргэжилтнүүдэд утсаар энэ байдлыг хэлсэн боловч тус компанид хариуцлага тооцсон тухай одоо хүртэл мэдэгдээгүй.

*******-н нэхэмжлэлтэй танилцахад хариуцагч нь төлбөрөө илт төлөхгүй гэдгийг харуулж байна гэж байгаатай санал нийлэхгүй байна. Миний зүгээс очиж уулзаад энэ тухайгаа өмгөөллийн *******-ийн өмгөөлөгчид тайлбарлан хэлэхэд би мэдэхгүй ******* корпорацад хандаарай гэсэн. Би ******* корпорацын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхбаттай уулзаж энэ асуудлаар бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус газрын захирал Б. зээлийн хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Хүнс, ******* хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаартай “Авлага, өр төлбөр балансаас блансад шилжүүлэх тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1130 дугаартай итгэмжлэл,*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Трактор, ******* техник худалдах, худалдан авах 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БелТТ-21/108-01 дугаартай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/Б/108-01 дугаартай барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн дүрэм нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 21/05 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Хүнс, ******* газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 309 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, Д.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Э-65 дугаартай тооцоо нийлсэн актын нотариатаар батлуулсан хуулбар, Төрийн банкны 2021.09.07-ны өдрийн орлогын мэдүүлгийн нотариатаар батлуулсан хуулбар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан,*******-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241329 дугаартай итгэмжлэл,*******-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241328 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-31 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 147,118,386.17 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, О.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “...******* нь нэхэмжлэгчтэй 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "Трактор, ******* техник худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Гэрээний 2.3, 2.6-д заасны дагуу тоног төхөөрөмжийн төлбөрийг 3 жилийн хугацаанд тэнцүү хуваан төлөх бөгөөд тухайн жилийн тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцон төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахдаа нийт үнийн 33 хувийн урьдчилгаа төлсөн бөгөөд түүнээс хойш төлбөр хийгдээгүй. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлангаар гэрээний үндсэн төлбөр 98,381,719.81 төгрөг, ханшийн зөрүү болон хүү 12,734,886.06 төгрөг, нийт үлдэгдэл 111,116,605.87 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, гэрээний 2.3, 2.4, 2.6-д заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 111,116,605.87 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон 108 өдрийн алданги 36,001,780.30 төгрөг, нийт 147,118,386.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Алдангийг чөлөөлөхгүй” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагчийн төлөөлөгч Д.*******ээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Манай компани 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* сангаас трактор, тоног төхөөрөмж худалдан авахаар "Трактор, ******* техник худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. *******-д зөвхөн трактор худалдан авах хүсэлт гаргасан боловч заавал бусад техникүүдийг дагалдуулж өгөх нөхцөлтэй байсан тул багцаар нь худалдан авсан. Мөн тус техник тоног төхөөрөмж нийлүүлж байгаа *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баталгаат засварын хугацаанд техникт засвар үйлчилгээ хийх тухай гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу зөвшөөрлийн хуудсаа гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* санд ирж трактор, техник тоног төхөөрөмжөө хүлээн авч Дархан-Уул аймгийн Хонгор суманд авчирсан. *******-тай холбогдож дуудсан боловч бид нар завгүй очих боломжгүй гэсэн тул өөрсдөө засвар хийх гэж үзсэн боловч үйлдвэрийн алдаатай угсрагдсан техник болох нь тодорхой болсон тул Сайхан сумын ******* сангийн салбар руу ачаад аваачиж өгсөнд инженерүүд нь нэлээн үзэж байгаад засаж чадахгүй үйлдвэрийн алдаатай юм байна гээд шинээр өөр тармуур сольж олгосон. Тэр жил зөвхөн өвс бэлдсэн боловч хаман боогчийн зүү нь хөнгөн цагаан маш чанаргүй байсан тул хугарсан. Дараа жил буюу 2022 онд хадлан эхлэнгүүт тармуурын сэрээ, гар, хаман боогчийн хацар арааны гол хугарсан. Энэ хугацаанд шат дараатай эвдэрсэн техникийн сэлбэгийг *******-иас олгоогүй бөгөөд баталгаат хугацааны засвар үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад сэлбэг хэрэгслүүд орж ирээгүй, өөрсдөө засварла гэдэг хариу өгдөг байсан. Үүнд ******* компани ямар ч хариуцлага хүлээгээгүй. Худалдан авсан техник хэрэгсэл чанар маш муу талаар нэхэмжлэгч талын ажилтанд хэлж, зээл төлөх хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж байсан. Компанийн хувьд зээл авсан нь үнэн учир үндсэн төлбөр, хүү 111,116,605.87 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барагдуулах хүсэлтэй байна. Зээлийг хариуцлагатайгаар төлнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани чанар муутай техник хэрэгслээс шалтгаалж мөн хохирсон” гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БелТТ-21/108-01 дугаартай “Трактор, ******* техник худалдах, худалдан авах гэрээ”-г нэг талаас ******* дэмжих сан, нөгөө талаас ******* нар нь беларусь, хадуур, тармуур, дөрвөлжин хаман боогч, рулон хаман боогч зэрэг техник, тоног төхөөрөмжүүдийг 41,170 еврогоор худалдан авах, тоног төхөөрөмжийн үнийн 30 хувь 12,351 еврог урьдчилан төлөх, үлдэгдэл 28,819 еврог 3 жилийн хугацаанд буюу 2022.09.07, 2023.09.07, 2024.09.07-ны өдөр хуваан төлөх, үлдэгдэл төлбөрт жилийн 1,37 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр байгуулжээ.

Монгол Улсын Хүнс, *******, Хөнгөн Үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А553 дугаартай “Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай” тушаалд “...******* дэмжих сангийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн санхүүгийн тайлангаар 214,406,081,912.18 төгрөгийн авлага, 257,027,318,679.86 төгрөгийн өр төлбөр, 13,419,226,664.59 төгрөгийн харилцахын үлдэгдлийг *******-д балансад балансаас шилжүүлсүгэй. ******* дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах арга хэмжээг авахыг *******-д даалгасугай” гэжээ.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна

6.Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйлийг шилжүүлсэн, гэрээний урьдчилгаа 12,351 еврог төлсөн болон талуудын байгуулсан дээрх гэрээний үлдэгдэл төлбөр буюу үндсэн төлбөр 98,381,719.81 төгрөг, ханшийн зөрүү болон хүү 12,734,886.06 төгрөг, нийт үлдэгдэл 111,116,605.87 төгрөгийг хариуцагч төлөх эсэхэд маргаагүй.

Харин талуудын маргааны зүйл нь гэрээний алданги болох 36,001,780.30 төгрөгийн асуудал байх бөгөөд хариуцагчаас “...худалдан авсан техник, тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаагүй, уг тоног төхөөрөмжийн баталгаат засварын хугацааны гэрээг *******-тай байгуулсан боловч уг компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үүний улмаас манай компани мөн хохирол амссан” гэж маргаж байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх хариуцагчийн тайлбарт дурдагдсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн баталгаат засварын хугацаанд техникт үйлчилгээ хийх тухай гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүх хуралдааны төгсгөлд хариуцагчаас “...хэрэв алдангийг гаргуулна гэх юм бол трактор, техник тоног төхөөрөмжийн чанар хэвийн ажиллагаанд дүгнэлт гаргуулах саналтай байна” гэж дурдсан бөгөөд үүнийг хүсэлт гаргасан гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаан тодорхой дараалал, үе шаттай явагддаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчаас дээрх хүсэлтийг гаргаагүй болно.

Мөн хариуцагч *******-ийн *******-тай байгуулсан баталгаат засварын хугацаанд техникт үйлчилгээ хийх тухай гэрээний асуудал нь тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамааралгүй ба хариуцагч нь баталгаат засварын асуудлаар зохих этгээдэд нь холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

7.Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг нь анз бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д анзыг “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг ойлгоно” гэж заасан бөгөөд анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж, мөн хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлжээ.

Талууд дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.3-т “худалдагч тал энэ гэрээний 2.6-д заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг Санд төлнө” гэж тохиролцжээ.  

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд зохигчид гэрээний төлбөрийг төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг төлнө гэж тохиролцсон нь алданги төлөхөөр бус харин торгууль төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Хариуцагч нь гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авсан тохиолдолд үүнийг бүрэн ажиллагаатай гэж үзэх бөгөөд хариуцагч хүлээн авсан техник, тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгчид төлөөгүй, тодруулбал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үлдэгдэл 111,116,605.87 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй талд хүлээлгэх хариуцлага болох торгуулийг төлөх үүрэгтэй.

8.Иймээс хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг буюу түүний төлөхийг хүлээн зөвшөөрч буй нэхэмжлэлийн дүн болох 111,116,605.87 төгрөгөөс 0.3 хувийн торгуульд 333,350 төгрөгийг тооцож, үлдэх 35,668,430.17 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгож, нийт хариуцагчаас 111,449,956 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. (111,116,605.87+333,350)

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 715,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *******-иас 111,449,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 35,668,430.17 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 715,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН