Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01230/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-д холбогдох,

“Гэм хорын хохиролд 8,494,698 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. (цахимаар),

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Иргэдийн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 8,494,698 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17 цагт ажлаасаа гараад 19 дүгээр сургууль, 22 дугаар цэцэрлэгийн хоорондох голын явган хүний замаар явж байтал гэнэт араасаа мөргүүлээд 2 өвдгөөрөө сөхрөөд газар унасан. Босох гэтэл өвдөг нугараад, нуруу хэсгээр өвдөөд босож чадахгүй байсан бөгөөд арайхийж бостол 1 хүүхэд миний хөлийн хажуугаас унасан дугуйгаа татаж босгож байсан. Тухайн үед би явж чадахгүй байсан учир нөхөр лүүгээ 17 цаг 25 минутад залгаж “ирээд аваадхаач” гээд учир байдлыг хэлж дуудсан. Намайг дугуйгаар мөргөсөн хүүхдэд хандаж “Чи урдаа яваа хүнийг хардаггүй юм уу, тоормосгүй юм уу, ядаж холдоорой ч гэж хэлэхгүй, аав ээжийнхээ утасны дугаарыг өгөөдөх дугуйг чинь өгч явуулъя” гэхэд дугаарыг нь өгөхгүй байсан тул цагдаад мэдэгдэж хүүхдийг хүлээлгэж өгье, энэ байдлаараа машин техник доогуур ч орж магадгүй юм байна гээд дэргэд нь цагдаагийн газрын 7037-102 руу залгахад хэсгийн байцаагчийн гэсэн дугаарыг өгсөн бөгөөд 2 удаа залгасан ч утсаа аваагүй. Хүүхдээс “Чи аль сургуульд сурдаг вэ” гэж асуухад хариулахгүй байсан тул зургийг нь дараад сургуулийнхаа багш нарын хаалттай чат групп дээр тавьж “Энэ хүүхэд манай сургуулийн сурагч мөн үү” гэж асуусан. Тэр хооронд би хүүхэд рүүгээ залгаж ээжийг нь дугуй унасан хүүхэд мөргөчихлөө явж чадахгүй байна ирээд аваадах гэхэд одоохон гээд утсаа салгасан.

Удалгүй чатаар хариу ирж “Манай сургуулийн 7 дугаар ангийн гэдэг сурагч байна. багшийн анги гэсэн байсныг хараад, манай сургуулийн сурагч байна” гэхэд “Намайг уучлаарай, Би парк таун орох гээд яарч явсан юм аа, манай ээж байхгүй” гэхээр нь ангийн багш руу нь залгаж чанга яригч дээр нь тавьж “Танай ангид гэж сурагч байдаг уу” гэхэд байдаг гээд наана чинь явна уу, өглөө хичээлдээ ирээгүй, чи ханиад хүрээд босож чадахгүй байна гэсэн биз дээ, чи танихгүй байна уу наад хүн чинь манай сургуулийн багш шүү дээ” гэсэн. Багшид нь ээж, аав руу нь хэлээдхээч би бүр зогсож чадахгүй байна гэж хэлсэн.

Ингээд нөхөр, хүүхэд 2 маань ирээд явах гэтэл дугуйгаа өгөхгүй гээд байхаар нь багш руу залгаж “Дугуйг нь аваад явлаа шүү, аав, ээжийг нь ирээд ав гээд хэлээрээ, цочирдсон үедээ ийш тийшээ явж байгаад дугуйгаа зогсоож чадахгүй машин доогуур ч орох  юм бил үү” гээд өөрт нь чанга яригч дээр тавьж сонсгоод хүү маань дугуйг нь түрээд, би нөхрөөрөө түшүүлээд гэртээ арайхийж орж ирсэн. Түргэн тусламж дуудаж үзүүлэхэд даралт ихэдсэн нуруу хөлийн хэсэг гэмтэлтэй өвдөлт ихтэй байсан учир өвчин намдаах тариа хийгээд намайг эмнэлэг рүү авч явсан. Болсон үйл явдлын талаар ын ээжтэй утсаар холбогдож хэлэхэд өөдөөс орилж хашхираад загнаад байсан. Дараа нь цагдаагийн 2 албан хаагч ээж рүү нь залгахад мөн орилж хашхираад үг хэлүүлэхгүй загнаад байсан тул тэд “Дугуй нь танайд байж байг өөрсдөө ирээд авна биз” гэж хэлээд явсан.

Миний бие дээрх асуудлаас болж, нуруу хөлдөө хүнд хэлбэрийн гэмтэл авч хөлийн жийрэг мөгөөрсний урагдал оноштойгоор 7,400,000 төгрөгийн төлбөр төлж хагалгаанд орсон. Мөн ажлаа хийж чадахгүй цалин хөлсөөрөө хохирсон. Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэж хагалгаанд орохоор өөрийн машинд бензин тос хийж явсан зардал, эм тариа авах зэрэгт нийт 8,494,698 төгрөг зарлагадсан байна.

Иймд насанд хүрээгүй хүүхэд болох ын асран хамгаалагч ээж М.*******гаас эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардал болон гэм хорын хохирол 8,494,698 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.      

2.Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Д.******* нь тухайн үед үнэхээр гэмтсэн бол цагдаагийн байгууллагад хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгоод явах байсан. Өөрийнх гаргаж өгсөн баримтаас үзэхэд өмнө 2023 оноос хөлийн үеийн асуудал гарч, улмаар эмчилгээ хийлгэж ирсэн нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8,494,698 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ДАХ техникийн тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, Б., Д.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 0025556 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0458 дугаартай итгэмжлэл, Д.*******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зураг, ******* эмнэлгийн 2025.06.29, 2024.07.03, 2024.06.27-ны өдрийн баримт, *******-ийн 2024.05.28, 2024.07.01-нийн өдрүүдийн баримт, ******* эмнэлгийн 2024.05.22-ны өдрийн баримт, Хот хоорондын нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, ******* эмнэлгийн нэхэмжлэх, ******* эмнэлгийн шинжилгээний хариуны хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Д.*******гийн мөчдийн MRI хариуны хуулбар, эмнэлгээс гарах үеийн эпикриз, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай эрх бүхийн албан тушаалтны “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол”-ын хуулбар, М.*******гийн 9 дүгээр сургуулийн захиргаанд гаргасан гар өргөдлийн хуулбар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 37/5/8485 дугаартай албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэлийн хуулбар, насанд хүрээгүй холбогдогч Б.ын нас тоолсон тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ зэргийг гаргаж өгсөн болно. (хх 3-33, 179, 191-201 хуудас)

4.Хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0815 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 45, 52 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч., Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан. ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/92 дугаартай албан бичгээр Д.*******гийн эмнэлэгт хийгдсэн эмчилгээний түүх, төлбөрийн баримтыг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17/1105 дугаартай албан бичиг, Б.ын төрсний бүртгэлийн лавлагаа  зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.*******гийн 6-р сарын 2-р хагасын цалингийн мэдээлэлд үзлэг хийж бэхжүүлж авсан болно. (хх 55-60, 69-168, 189-190 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 8,494,698 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.******* нь “...2024 оны 5-р сарын 17-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа гараад явган хүний замаар явж байтал манай сургуулийн сурагч Б. унадаг дугуйтай ирж мөргөснөөс би газар сөхрөн унаж, өвдгөндөө гэмтэл авч, хагалгаанд орсон. Үүнтэй холбоотойгоор 8,494,698 төгрөгийн цалин хөлс, эмчилгээ, замын зардлыг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлсон бөгөөд, хариуцагчаас “...Нэхэмжлэгч өмнө нь өвдгөндөө гэмтэл авч эмчлүүлж байсан тул унадаг дугуйнд мөргүүлсний улмаас хөл нь гэмтсэн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж байна.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд:

-“Д.*******гаас 2024.05.17-ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 22 дугаар цэцэрлэгийн орчимд насанд хүрээгүй холбогдогч Б. нь унадаг дугуй жолоодож явах үедээ мөргөж гэмтээсэн гэх гомдлыг шалгахад ....зэрэг нотлох баримтуудаар дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжгүй, холбогдогч Б. нь хэрэг хариуцах насанд хүрээгүй байгаа нь уг гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэжээ.

-Мөн Б.ын насыг тоолсон тухай тэмдэглэлд “....Б. нь 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 12 нас 7 сар 29 хоногтой байна” гэжээ. (хх 198, 201х)

4.Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд маргааны гол асуудал нь Б.ын унадаг дугуйгаар мөргөсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэмтэл учирсан эсэх, тус гэмтэл нь өмнөх гэмтэлтэй нь хамааралтай эсэх шалтгаант холбоо, хохирлын асуудал байна.

5.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.ын төрсний бүртгэлийн лавлагаагаар хариуцагч М.******* нь түүний эх мөн болох нь тогтоогдож байх ба М.*******г хариуцагчаар татсан нь хуульд нийцжээ.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, Д.*******гийн “...V/22...харьяа орон нутгийн гэмтлийн эмчийн хяналтанд, өвдөгний бэхэлгээ, давтан MRI хийлгэх, шаардлагатай тохиолдолд давтан үзүүлэх” гэх амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/92 дугаартай “...Д.******* нь тус эмнэлэгт 2023.08.03-ны өдөр жийргэвчний шинэ язралт авч үеийг дурандах мэс засалд орсон бөгөөд 2023.09.12-ны өдөр PRP тарилга буюу үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн болно” гэх тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эмнэлгээс гарах шилжих үеийн эпикризийн “...Д.******* нь 2024.06.21-нд үений мөгөөрсний бусад эмгэг оношоор 6 хоног хэвтэж эмчлүүлэв. Хийгдсэн мэс ажилбар: ...left knee...” гэх баримт, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас зэргээр:

-Нэхэмжлэгч Д.******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр унадаг дугуйнд мөргүүлсний дараагаар эмнэлэгт үзүүлж, улмаар хөлийн жийрэг мөгөөрсний урагдал гэх гэмтэл үүссэн учир хагалгаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд унадаг дугуйнд мөргүүлсний улмаас хөлөнд гэмтэл үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байх тул түүнээс үүссэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгчээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 8,494,698 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүх хуралдаанд тус шаардлагаа “...хагалгааны төлбөр 7,400,000 төгрөг болсон. Гэмтсэн учраас эмчид үзүүлж 143,500 төгрөгийн өвдөгний бэхэлгээ авч зүүсэн. 5-р сарын 22-ны өдөр 200,000 төгрөгөөр MRI хийлгэсэн. 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу хагалгаанд орох гэж явахдаа 70,990 төгрөгний бензин, мөн 5-р сарын 22-нд шинжилгээ хийлгэхээр явахдаа нөхрийнхөө машинд 66,600 төгрөгийн бензин хийж явсан. 6-р сарын 22-ны өдөр хагалгаанд орчхоод 6-р сарын 27-ны өдөр автобусаар буцаж ирэхдээ 30,000 төгрөгөөр билет авсан. 6-р сарын 27-ны өдөр эмчийн заавраар 9,600 төгрөгөөр эм авсан. Боолтод орохдоо 20,100 төгрөгөөр боолтны материал авсан. Мөн хагалгааны дараа 60,000 төгрөгөөр давтан үзлэг хийлгэсэн. 5 дугаар сард гэмтэл аваад 3 хоногийн акттай байсан цалингийн зөрүү 105,915 төгрөг, 6-р сарын эхний 7 хоногийн 3 өдөр ажилдаа явж чадаагүй буюу хагалгаанд орсон үеийн цалингийн зөрүү 105,915 төгрөг, 19-р сургууль дээр 1 цагийн хөлсийг 20,000 төгрөгөөр 7 хоногт 8 цаг хичээл заадаг байсан бөгөөд 160,000 төгрөг алдагдсан. Лист аваагүй акт авсан учраас 3 өдрийн амралтын мөнгө 122,078 төгрөг хасуулсан учраас үүнийг нэмж нэхэмжилж байна” гэж тодруулсан.

Дээрхээс нэхэмжлэгчид хөлөнд үүссэн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон 2024.06.21-ний өдөр Монгол Хьюндай эмнэлэгт хагалгаанд орсон хагалгааны төлбөр 7,400,000 төгрөг, хагалгааны дараа 2024.06.29, 2024.07.03-ны өдрүүдэд давтан үзлэгт орсон 60,000 төгрөг, 2024.05.28-ны өдөр өвдөгний хамгаалалт авсан 143,500 төгрөг, 2024.05.22-ны өдөр MRI шинжилгээ хийлгэсэн 200,000 төгрөг, 2024.06.27-ны өдөр хагалгаанд ороод Улаанбаатар хотоос Дарханд буцаж ирсэн автобусны тасалбар 30,000 төгрөг, өвчин намдаах эм авахад 20,100 төгрөг буюу нийт 7,853,600 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь сард хэдэн төгрөгийн үндсэн цалин авдаг эсэх, 2024 оны 05, 06 дугаар сард ажиллах ёстой хоногоос дутуу ажилласан бол хэзээ, ямар шалтгааны улмаас ажиллагаагүй болох, мөн 19-р сургуульд хөлсөөр хичээл заадаг гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна бусад нэхэмжилсэн зардлын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үлдэх 661,198 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

8.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь өмнө нь 2023.08.03-ны өдөр жийргэвчний шинэ язралт авч үеийг дурандах мэс засалд орж байсан буюу суурь өвчтэй байсан, түүнчлэн М.ын санамсар болгоомжгүй, насанд хүрээгүй хүүхдийн хувьд тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас тухайн осол гарсан байх тул шүүх нэхэмжлэгчээс гарсан зардлын хэмжээг тодорхой хувиар буюу 70 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзэж баримтаар тогтоогдож буй хохирол болох 7,853,600 төгрөгийн 30 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

9.Иргэдийн төлөөлөгч Д. нь “хүүхдийн хайхрамжгүйгээс болж энэ хүн эрүүл мэндээр хохирсон юм байна. Хүүхэд насанд хүрээгүй учир эмчилгээний зардлыг эцэг эх нь төлөх нь зөв гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн гэм хорын хохирлын зарим хэсгийг хариуцагчид хариуцуулах нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

10.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байх тул хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас 52,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч М.*******гаас 2,356,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,138,618 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НОМИН

 

ШҮҮГЧИД                                Д.АЛТАНТУЯА

 

З.ТУНГАЛАГМАА