Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02306

 

П.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.С-гийн хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан 4 807 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Содномцэрэн нь Д.Нямхүүтэй харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрийн эзэмшлийн 91-20 УНЕ улсын дугаартай хово маркийн машинаар Анд Сөүрвэй ХХК-ийн дотоодын тээвэрт хайрга, дайрга шороо зөөх ажлыг 1 явалтыг нь 8 500 төгрөгөөр тооцон ажилласан. Д.Нямхүү нь Анд Сөүрвэй ХХК-тай гэрээтэй. Энэ хугацаанд П.Содномцэрэн нь 5 807 350 төгрөгийн ажил хийсэн бөгөөд Д.Нямхүүгээс ажиллаж байх хугацаандаа 1 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан. Үлдэгдэл 4 807 350 төгрөгийг Д.Нямхүү өгөхгүй өдий хүрлээ. Тухайн үед Д.Нямхүүгээс ажлын хөлсөө авья гэхээр Анд Сөүрвэй ХХК-иас мөнгө орж ирээгүй байна гэж хэлдэг байснаа сүүлдээ өөрийн 99106093 дугаарын утсаа авахаа больсон. Д.Нямхүүтэй гэрээ байгуулан ажиллаж байсан Анд Сөүрвэй ХХК дээр очиж уулзахад гэрээний дагуу ажлын хөлсийг Д.Нямхүүгийн данс руу шилжүүлсэн, та Д.Нямхүүгээс ажлын хөлсөө аваарай гэсэн. Д.Н-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж буцаасан тул түүнийг эрэн сурвалжлуулан холбогдоход мөнгийг чинь өгөхгүй, шүүхэд ханд гэсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Д.Нямхүүгээс ажлын хөлсөө одоо болтол авч чадаагүй тул ажилласан ажлын хөлсний үлдэгдэл 4 807 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нямхүү нь тухайн үед буюу 2015 оны 5-7 дугаар сарын хооронд Анд Сөүрвэй ХХК-тай гэрээ байгуулан хайрга, дайрга зөөж байсан. Тухайн үед бүх үйл явдал болоод өнгөрсөн учраас сайн мэдэхгүй байна гэсэн. Шүүхэд гэрчээр асуугдсан Х.Эрдэнэбат нь Анд Сөүрвэй ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 5495471914 тоот данс нь Д.Нямхүүгийн данс мөн. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй ба П.Содномцэрэн ажиллаж байсан нь тодорхойгүй учраас түний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нямхүүгээс 4 307 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Содномцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нямхүүгээс 83 867 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Содномцэрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Содномцэрэн нь Д.Н-д холбогдуулан тээврийн ажлын хөлс 4 807 350 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлнэ гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх П.Содномцэрэнг Д.Нямхүүтэй 2015 оны 5 дугаар сарын 01-2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хайрга, дайрга шороо зөөх ажил хийсэн гэж үзэж 4 307 350 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас харахад П.Содномцэрэн нь Д.Нямхүүтэй 2015 оны 5 дугаар сарын 01-2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хайрга, дайрга шороо зөөх ажил хийж байсан нь тодорхойгүй, Д.Нямхүүтэй ямар нэгэн ажлын гэрээ байхгүй, Д.Нямхүүтэй ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй байхад Д.Нямхүүгээс П.Содномцэрэнд төлбөр төлөхгүй ёстой хэмээн шүүх үзэж байгааг хүлээн зөвшөерөхгүй байна. Мөн гэрчээр асуугдсан Х.Эрдэнэбат нь Анд сөүрвэй ХХК-д нягтлан бодогч байсан гэж мэдүүлдэг ба П.Содномцэрэн нь харин ч Д.Нямхүүгээс биш Анд сөүрвэй ХХК-иас төлбөрийг нэхэмжлэх ёстой хэмээн үзэж байна. Иймд тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03174 шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Содномцэрэн нь хариуцагч Д.Н-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 4 807 750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 6 дугаар талд АНДСӨҮРВЭЙ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт гэх баримт авагдсан бөгөөд уг баримтад 91-20 УНЕ, 52-16 ЗАН улсын дугаартай хоёр автомашин нь 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл манай компанийн тээвэрт явсан гэх агуулгатай байна.

 

Дээрх баримт дах АНДСӨҮРВЭЙ ХХК-ийн дотоодын тээвэрт явсан гэх Howo маркийн 91-20 УНЕ улсын дугаартай автомашины эзэмшигч П.Содномцэрэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогджээ. /хх73-77/

 

Хэргийн 7 дугаар тал дах Х.Эрдэнэбатын 91-20 УНЕ, 52-16 ЗАН дугаартай автомашины 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дотоодын тээврийн хийсэн тооцоог гаргасан баримт авагдсан байх ба уг баримтад 91-20 УНЕ улсын дугаартай автомашин нь 2015 оны 5 дугаар сард 67 рейс, 2015 оны 6 дугаар сард 466 рейс, 2015 оны 7 дугаар сард 172 рейс нийт 705 рейс хийснийг нэг рейсийг 8 500 төгрөгөөр тооцон 5 992 500 төгрөг, тээвэр хийсэн автомашинд хийсэн түлшний үлдэгдэл 651 000 төгрөг, Хүн амын орлогын албан татварт 534 150 төгрөгийг тус бүр хасч тооцож 4 807 350 төгрөг гэжээ.

 

Гэрч Х.Эрдэнэбат шүүхэд ... хавар байсан. Д.Нямхүү тээврийн гэрээ байгуулсан... туслаач гэж гуйсан... 2 төрлийн гэрээ байгуулсан. Дотоод тээвэр гэж ярьдаг... тэнд 3-4 жолооч ажиллаж байсныг Д.Нямхүү хариуцаж ажиллуулдаг байсан. Сүүлд Д.Нямхүү тооцоо нийлүүлээд өгөөч гэхээр нь хийсэн ажил нь байсан болохоор тооцоог нийлүүлдэг байсан. Д.Нямхүү жолооч нарт мөнгийг өгөөгүй гэж сонссон. Жолооч нар утсаар Д.Нямхүү олдохгүй бид нар мөнгө авч чадахгүй байна гэж ярьсан тэр үед Д.Нямхүү олдохгүй байсан. Содномцэрэн гэдэг хүнийг танихгүй Шаагаа гэдэг хүнийг бол Шагдарсүрэн гэж ойлгодог гэх мэдүүлэг өгсөн байна.

 

Хариуцагч Д.Нямхүү нь нэхэмжлэгч П.Содномцэрэнтэй ачаа тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн 105 дугаар тал дах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэнгийн тайлбар болон гэрч Х.Эрдэнэбатын мэдүүлгээс үзвэл хариуцагч Д.Нямхүү нь АНДСӨҮРВЭЙ ХХК-тай 2015 оны 5 дугаар сард хайрга тээвэрлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр тохирсон хайрга тээвэрлэх ажлыг нэхэмжлэгч П.Содномцэрэнгээр 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын хооронд гүйцэтгүүлсэн бөгөөд тэрээр хайргыг Howo маркийн 91-20 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Эрдэнэбатын мэдүүлэг, хэргийн 6 дугаар тал дах АНДСӨҮРВЭЙ ХХК-ийн тодорхойлолт, хэргийн 7 дугаар тал дах дотоод тээврийн тооцоо гэх баримтуудыг хооронд нь харьцулан дүгнэвэл Д.Нямхүү, П.Содномцэрэн нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар зөвтгөх боломжтой. Учир нь талууд гэрээний зүйл болох нэг удаа хийх тээврийг 8 500 төгрөгөөр тохирч ажлын үр дүнг үнэлсэн байх тул шүүхийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх дүгнэлт буруу болжээ. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Хэргийн 54 дүгээр тал дах Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АНДСӨҮРВЭЙ ХХК-ийн нягтлан бодогч Ц.Баатарсүрэн нь Д.Нямхүүгийн өмнөөс дотоодын тээврийн төлбөрт 500 000 төгрөг нэхэмжлэгч П.Содномцэрэнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул шүүх хариуцагч Д.Нямхүүгээс 4 307 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Содномцэрэнд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч П.Содномцэрэн нь 2015 оны 11 дүгээр сард Д.Нямхүүгийн Улаанбаатар хот Зуун айл дах байранд удаа дараа очсон боловч уулзаж чадаагүй гэх нэхэмжлэл болон хэрэгт авагдсан АНДСӨҮРВЭЙ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Х.Эрдэнэбатын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн тооцооны баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хийсэн ажлын хөлсийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдсон. Ийнхүү хариуцагч нь үүрэг тогтоосон хугацааг хэтрүүлсэн уг үүргийг нэхэмжлэгч шаардаж байсан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03174 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 92 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ