Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга  Б.Соёлмаа

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000500049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С.М

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч С.М нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт иргэн Б.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч С.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 сарын 19-ны өдөр манай найз Б.Г намайг наадмаар цуг хуушуур хийж заръя гэж надруу ярьсан, ярихаар нь би мөнгө төгрөг байхгүй гэхэд найз нь махаа зээлээд өгье гээд надад 4 кг мах, өөртөө 6 кг мах авч өгсөн, маргааш нь миний жирэмсний 40000 төгрөгний дэвтрийг дэлгүүрт тавиад гурил, тос зээлээд хийе гээд “Хөх толгойн” дэлгүүрт бид 2 очиж 7кг гурил, 6-н ширхэг наранцэцгийн тос, гоньд, амтлагч, би өөрөө нэмж 4-н ширхэг пиво, 5-н ширхэг памперс аваад нийт 48000 төгрөг болсон би шууд тэндээсээ салаад явсан. Б.Г гэрлүүгээ тухайн эд зүйлсийг аваад явсан.Маргааш өглөө нь 07 сарын 21-ны 07-н цагийн үед Б.Г залгаад хоёулаа хуушуураа хийе гэсэн. Би тэгээд 3-35-25 тоотод Б.Гийн хамаатныд очиж хуушуураа хийгээд миний 50 ширхэг, Б.Г 30 ширхэг хуушуур хийсэн Б.Г утсаар яриад нөхөр Цолмонг дуудаад төв цэнгэлдэхэд зарна гээд явсан, удалгүй миний утасруу залгаад “хуушуураа битгий хийгээрэй, хуушуур зарагдахгүй байна” гэсэн би өөрийнхөө махаар үргэлжлүүлээд 10 гаран хуушуур хийгээд сууж байхад Б.Г гаднаас орж ирээд “битгий хий, зарагдахгүй яах гээд байгаа юм” гээд надруу дайраад бас ээжрүүгээ өглөөнөөс хойш сонин юм яриад байсан гэж дайраад бас нөхөрлүүгээ хүний нөхөр ийм байдаггүй юм, чамтай хэрэлдсэнээс хойш гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “хүнд баахан зарлага гаргачихаад” гэж хэлсэн тэгтэл “энэ үлдсэн хуушуураа авахгүй юу” гэсэн би “энэ хөрсөн хуушуураар яадаг юм” гээд түмпэнтэй хуушуурыг түлхэж унагаасан, Б.Г нүүрээ цэвэрлэж байгаад надруу алчуур аваад надруу шидсэн би очоод үсдээд авахад намайг зөрүүлээд үсдээд авсан, тэгээд ээж нь бид 2 салгасан. Салаад сууж байхад Б.Г намайг нөхөртөө зодуулаад явж байхдаа таарсан гэж хэлэхээр нь би очоод баруун гараараа нүдрүү нь цохьсон тэгээд бид салсан Б.Г нөхөрлүүгээ яриад Мягаа намайг зодлоо гэж ярьсан удалгуй нөхөр нь ирээд намайг зодох гээд байсан бэр эгч нь салгасан, тэгтэл Б.Г одоо яах юм цагдаад дуудсан, зодож яах юм зодохоор юм ярина гээд байсан удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.

Би Б.Гийг нэг удаа нүд рүү нь цохьсон, аль аль нь хэн хэнийгээ үсдэлцсэн, Б.Г намайг нөхөрт чинь булайг чинь дэлгэнэ гэж хэлэхээр нь “тэгж хэлэхгүй юу гичий минь” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 /,

... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Гантөмөр нь манай найз юм байгаа. Өөр ах дүү төрөл садангийн холбоо байхгүй.

Би энэ хэргийг зөрчлөөр шалгагдаж байхдаа хэсгийн байцаагчид бүх болсон явдлын үнэн зөв мэдүүлсэн байх тул одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчид учруулсан хохиролоо нөхөн барагдуулсан юм. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,

2. Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би багын найз Мягмарсүрэнгийн наадмаар хуушуур хийе гээд 2017 оный 07 сарын 16-нд захаас би 6 кг, мах манай найз 4 кг мах доод зах дээрээс миний таньдаг хүнээс мах зээлээд, 2017 оны 07 сарын 20-нд уулзаад гурил тос байхгүй гэхээр нь Ч.Мягмарсүрэн жирэмсэний 40000 төгрөг авдаг дэвтэрийг тавьж тос гурилаа зээлсэн Ч.Мягмарсүрэн өөрөө нэмж пиво, памперс, зайрмаг зэргийг нэмж зээлээд нийт 48500 төгрөг болгосон. Маргааш нь наадмны өглөө Мягмарсүрэн 3-35-25 тоотод дуудсан, өглөө 7-н цагаас хойш хуушуураа хийлцэж байгаад 16-н цагийн үед 80-н ширхэг хуушуур төв цэнгэлдэх хүрээлэн лүү нөхөр Цолмонгийн хамт яваад 27-г ширхэг хуушуур зарсан, үлдсэн хуушуураа аваад эргэж очоод гэрт ороод би өглөөнөөс хойш хэрүүл маргаантай байлаа өдөржингөө ажил бүтсэнгүй гээд тухайн гэрт байсан ээж Бямбаа, эгч Бадамрагчаа, хүргэн ах Жүгдэр, нарт уурлаад хэлсэн. Би нөхөрлүүгээ утсаар залгаад уурласан, тэгтэл С.М зуухны дээр байсан, зарагдаагүй үлдсэн хуушуурыг аваад шидээд гэрээр дүүрэн тараасан, манай 2 дүү хамж хийсэн. Тэгэхээр нь “хүний найз ийм байдаггүй юм, чи өглөөнөөс хойш уурлаж ажил амжилтгүй болгоо биздээ” гэж хэлтэл Мягмарсүрэн надруу зуурсан гурил авч шидсэн тэр гурилыг нь эргүүлээд шидсэн тэгтэл намайг босож ирээд “чам шиг хүүхэн намайг амжихгүй намайг хэн ч амжихгүй, надад хэн ч нөлөөлөхгүй” гэж орилоод намайг орон дээр үсдэж дарж өнхрүүлээд, орноос унагааж үснээс чирээд, манай ээж, дүү 2 салгах гээд салгаж чадаагүй, ээж “наад үснээс нь битгий татаад бай” гэхэд больсон, тэгээд баруун талын орон дээр суугаад цагдаа руу утасдаж байхад “чи цагдаад өг л дөө манай эгч нар чамайг цагдаа дээр чинь очиж үсдэнэ” гээд байснаа гэнэт босож ирээд нүүрлүү самардаад, баруун талын нүдрүү цохиод, үсдэж дараад унагаасан манай хүргэн ах босож ирээд салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ямар нэг өр, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй.

Нүүр самардаж, нүүрэнд жижиг том нийлсэн 10-н ширхэг хумсны шарх байгаа, баруун нүд хэсэгт 2 цохиж хөхөрүүлсэн, толгой хөндүүр, хүзүү эргэж харж болохгүй нүүр чинэж өвдөөд байгаа, толгойтой үсний хуйхнаас нилээд халцарч унасан байгаа. Мягмарсүрэн тухайн үед эрүүл байсан, урьд шөнө нь манай нөхөр бусад хүмүүстэй архи уусан гэсэн. Нүүр аманд хумсны сорви үлдээсэн багаасаа үерхсэн, намайг ингэж зодно гэж бодоогүй, би байнга л тусалж байсан гомдолтой байна хуулийн дагуу шалгуулна. гэх мэдүүлэг / хх-ийн 7-8 /,

... Бид хоёр багаасаа цуг өссөн найзууд юм байгаа. Би өмнө хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Буянравжихад бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байх тул одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Түүнийг намайг зодсон шалтгаан нь бид хоёр хоорондоо шалиггүй юмнаас болоод маргаад ийм асуудал үүссэн юм Надад учирсан хохирлыг тэр бүрэн барагдуулсан.Миний биед янз бүрийн зовиур байхгүй. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг тэр барагдуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 16-20

4. Гэрч А.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Мягмарсүрэн нь Баянхонгор сумын 6-2-19 б тоотод нөхөр хүүхэд хадам ээжийн хамтаар амьдардаг байсан юм. Түүний хувьд гэр бүлээ гэсэн сэтгэлтэй явдаг байсан юм. Ер нь тэдний гэрээс янз бүрийн хоорондоо маргалдаж байсан юм анзаарагддаггүй юм. Одоо тухайн хаягнаас өөр хаягт байдаг юм. Мөн нөхрөөсөө салсан гэж байсан. Мягмарсүрэнгийн хувьд боловсрол байхгүй. Ер нь тийм нэг даруухан хүн юм

Шударга зантай, хэлье гэснээ шууд л хэлчихдэг төлөв даруу хамт олон найз нөхөд гэр бүлийн дунд нэр хүндтэй. гэх мэдүүлэг. / хх-ийн 21-22 /,

5. Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 онд төрж өссөн бага байхдаа манайхтай саахалт байдаг айлд эмээгийнхээ гэрт байдаг байсан юм. Одоо болохоор нэг хүүхэдтэй 5-5-10 тоотод оршин суудаг юм. Нөхрөөсөө саяхан салсан гэж байсан. Урьд нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Боловсролын хувьд миний мэдэхийн сурч байгаагүй байх. Шударга зантай, хэлье гэснээ шууд л хэлчихдэг төлөв даруу хэрэглэдэггүй. Гэр орноо маш цэвэр цэмцгэр байлгадаг. Хувьд хүний хувьд даруухан гайгүй хамт олон найз нөхөд гэр бүлийн дунд нэр хүндтэй. Биеэ маш зөв боловсон авч явдаг.гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн:

1. Б.Гийн биед тархи доргилт, дух, баруун дээд, доод зовхи, хамар, хөмсөг, хацарт зулгаралт, зүүн дээд доод зовхи, уруулд, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Иргэн Б.Гийн биед 2017.07.21-ны өдрөөс өмнө гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 26-27/, хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан С.Мг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх тодорхойлолт, 42 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Гийн шүүгдэгч С.Мд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэг хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Мд холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Мгийн эзэмшлийн “Grand”-2 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч С.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Мг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч С.Мг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.                    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Мгийн эзэмшлийн “Grand”-2 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч С.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ