Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/927

 

 

 

 

    2023           9            14                                       2023/ДШМ/927

 

Л.Гад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр, 

хохирогч Б.Алтанзул,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/634 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2309000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Хонгор овгийн Л.Г, 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 263 тоотод оршин суудаг, /РД:ХЖ81071515/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 748 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 724 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж торгох ялыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22/149 дугаар тогтоолоор дуусгавар болсон;

Л.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын 902-131 тоотод, урьд хамтран амьдарч байсан хохирогч Б.Алтанзулыг бусадтай хардан маргалдан, цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтанзул нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оноос хохирогч Б.Алтанзултай танилцаж, сэтгэл санаа таарч тохирон, бие биенийхээрээ орж гардаг болсон. Энэ хугацаанд Б.Алтанзул нь архины хамааралтай нь мэдэгдэж, олон хоногоор гадуур хүмүүстэй явдаг нь сонсогдож, харилцаагаа таслахаар шийдэж энэ тухайгаа хэлэхэд дахин гадуур архи уухгүй гэж намайг ятгадаг байсан. Тухайн үед надад амьдралын зовлон зүдгүүрээ ярьсан болохоор бие биенээ ойлгож, нас тогтсон, үе тэнгийн хүмүүс учраас эвлэрсэн. Үнэхээр уумаар санагдсан үедээ надтай хамт манайд зөв зохистой хэрэглэж байхаар тохиролцсон. Гэвч Б.Алтанзул нь согтуурсан үедээ хүмүүстэй ярьж, дуудан гадуур явах гэхэд нь би уурлаж бухимдахдаа биеэ барьж чадалгүй муудалцах болсон. Эрүүл үед нь дахин ярилцаж, хэн хэн нь алдаагаа засахаар тохирсон. Уг нь Б.Алтанзул нь уугаагүй үедээ төлөв төвшин, ухаалаг бүсгүй юм. Сүүлийн хэрэгт холбогдсон өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр миний бие талийгаач дүү болох Жаргалмаагийндаа очиж зул өргөхөөр явах гэхэд Б.Алтанзул “би ууж байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “гадуур битгий уу, болохгүй байгаа бол хоёулаа дүүгийнд ууя” гэж ятгасан. Хамт ууж байхад дахин өөр хүмүүстэй утсаар ярьж, гарч явах гэж надад согтуурхан надтай маргаад гарч явсан. Өглөө нь Б.Алтанзул 1 шил пиво барин согтуу орж ирсэн. Тэгэхэд нь би “яагаад ширээн дээр байсан мөнгө аваад явсан бэ” гэхэд “яадаг юм, би явлаа” гээд гарах гэхэд нь би гомдсон бас уурлаж биеэ барьж чадалгүй хохирогчийн биед гэмтэл учруулсан.

Би хохирогч Б.Алтанзулд хүнд гэмтэл учруулна гэж бодоогүй ба тухайн үедээ биеэ хянах чадваргүй болтлоо гомдон уурлахдаа ийм хэрэгт холбогдож, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Иймд хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас өдийг хүртэл хохирогч Б.Алтанзулд эрүүл мэнд болон эмчилгээний зардал, сэтгэл санаанд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч, шүүгдэгч нар хамтран амьдрагч байсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хохирогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй. Анхан шатны шүүхээс хамтран амьдрагчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алтанзул мэдүүлэхдээ “хамтран амьдарч байсан”, “хамтран амьдарч байгаагүй” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Иймд хамтран амьдарч байсан болох нь эргэлзээтэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Б.Алтанзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр хамтран амьдарч байгаагүй. Бид хоёр хамтран амьдардаг гээд хэлчихвэл дахиад цагдаагаас дуудахгүй байх гэж бодсон. Бид хамтран амьдарч байгаагүй, найзууд байсан. Одоо надад гомдол, санал байхгүй. Миний бие сайжирсан. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг, гэмт хэрэгтээ хандсан сэтгэл зүйн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Урьд нь хохирогчийн биед удаа дараа халдаж байсан нөхцөл байдал байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Л.Гад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын 902-131 тоотод, урьд хамтран амьдарч байсан хохирогч Б.Алтанзулыг бусадтай хардан маргалдан, гараараа бие болон давсаг руу нь цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Алтанзулын “...Найз залуугийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай найз залуу намайг хүнтэй хардаад гараараа зодоод байсан. Миний биеийн давсаг хэсэг рүү гараараа цохисон. Давсаг хагарсан учраас яаралтай хагалгаанд орох гэж байна. ...” /хх 13-14/,

яллагдагчаар Л.Гын “...Би уурлаад, хардаад “хаана, хэнтэй хоноод ирэв” гээд зодсон. Уурандаа хаана, хэдэн удаа цохисоноо сайн мэдэхгүй байна. ...” /хх 6-7, 58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1299 дугаар “...Б.Алтанзулын биед давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд язарсан шарх, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, эрүү, чихний ар хэсэг, цээж, нуруу, 2 бугалга, баруун шуу, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн /хх 25-27/ гэсэн дүгнэлт, өвчний түүх /хх 16-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Г гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Гын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, заалтад заасан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Г “...Би хохирогчтой хамтран амьдарч байгаагүй, хохирогчид эрүүл мэнд болон эмчилгээний зардал, сэтгэл санаанд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.Алтанзулын “...Найз залуугийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай найз залуу намайг хүнтэй хардаад гараараа зодоод байсан. ...” гэх мэдүүлэг, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 748 дугаар шийтгэх тогтоол, мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 724 дугаар шийтгэх тогтоолуудаар Л.Гантбат нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Алтанзулыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Алтанзулыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон, дээрх үйл баримтыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/634 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ