| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2025/00038/И |
| Дугаар | 307/ШШ2025/00257 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00038/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (РД: *******, утас: *******, *******)-д холбогдох,
“Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 62,885,505 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 62,885,505 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн нутагт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ******* нь 4 даатгуулагчтай нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд байх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 20,961,835 төгрөгийн алданги, нийт 62,885,505 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна.
******* ирүүлсэн хүсэлтдээ “...Дархан-Уул аймагт Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд болох ******* нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн өр үүсгэж, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, даатгуулагчдаа хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй *******-аас дээрх шимтгэлийн өрийг гаргуулж, төрд учирсан хохирлыг барагдуулах талаар хамтран ажиллаж бидэнд туслалцаа үзүүлнэ үү...” гэжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “...Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч нь даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр уг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, үнэн зөв тодорхойлж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ.
Нийгмийн даатгал нь даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэгт тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах зорилготой байдаг бөгөөд ажил олгогч аж ахуйн нэгжид хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах аль ч гэрээгээр ажиллаж байгаа ажилтан албан журмын даатгалд заавал даатгуулахыг хуульд тодорхойлон заасан байх бөгөөд ******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд атал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрийн болон даатгуулагчдынхаа эрх ашгийг хохироож байна гэж үзэхээр байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Прокурор Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Иймд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад ******* нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төрийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэлд *******-ийн 2019 оны 07 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 41,923,670 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 20,961,835 төгрөгийн алданги, нийт 62,885,505 төгрөгийн дүнгээр төрийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэжээ. Хариуцагч талаас нийгмийн даатгалын шимтгэлийн 41,923,670 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан талаар маргахгүй ба төлж барагдуулах үүрэгтэй боловч энэхүү өрийг төрд болон нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ямар үндэслэлээр 20,961,835 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс ******* 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1632 дугаартай итгэмжлэл, ******* улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, ******* 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 534 дугаартай хүсэлт, ******* 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 534 дугаартай хүсэлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 дүгээр сарын тайлангийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19/44 дугаартай “Дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуваарийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19/31 дугаартай “Зөрчил барагдуулж, шимтгэл төлүүлэх тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Хүсэлт хүлээн авах тухай” тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-14 хуудас)
4.Хариуцагчаас *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 06 дугаар сарын тайлангийн хуулбар, *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 07 дугаар сарын тайлангийн хуулбар, *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 дүгээр сарын тайлангийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 31-32, 37-43 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 62,885,505 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг “...******* ажил олгогч бөгөөд 2017-2024 оны нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөр 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 43,923,670 төгрөг байна. Энэ өр төлбөрөө төлж барагдуулаагүй учраас хуульд заасны дагуу 0.3 хувийн алданги тооцсон ба энэ нь 20,960,835 төгрөг, нийт 62,885,505 төгрөгийн өр төлбөрийг төлөхгүй төрд хохирол учруулсан. Иймд хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, төрийг хохиролгүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нэхэмжлэгч нь 2019-2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг нэхэмжлэхдээ жил тус бүрийн задаргааг нарийвчлан гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагч компани 2024 оны нийгмийн даатгалын өр төлбөрийг төлсөн бөгөөд үлдэх оны нийгмийн даатгалын өр төлбөр нь 1994 оны "Нийгмийн даатгалын тухай хууль"-р зохицуулагдана. Мөн 1994 оны хуулийн дагуу нийгмийн даатгалын байцаагч заавал акт үйлдэж байж өр, алдангийг ногдуулах боломжтой байхад ийм акт байхгүй байна. Хэрэв акт тавигдсан бол хариуцагч тал гомдол гаргах эрхтэй байх ёстой байтал энэ эрх нь хязгаарлагдсан гэж үзэж байна. 2024 оны хуулиар төлбөр төлөх хугацааг эрх бүхий байгууллага тогтоох ёстой боловч хугацаа тогтоосон баримт байхгүй, зөвхөн авлага барагдуулах гэрээ нь итгэмжлэлгүй этгээдтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн алданги төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарласан.
4.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас 2017 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн тайлангаар 41,923,670 төгрөгийн өртэй гарсныг хүлээн зөвшөөрч байна, үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба талуудын маргааны зүйл нь алдангийн асуудал байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно: 12.1.2.бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1.Прокурор шүүх хуралдаанд дараахь бүрэн эрхтэй оролцоно: 21.1.12.шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь ******* хүсэлтээр, хариуцагч *******-ийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төрийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6.6.5-д “271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар нь прокурорын байгууллагад хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.
6.Нэхэмжлэгч нь 2017 оноос 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр шаардсан буюу энэ хугацаанд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байх тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.
Хэдий хариуцагчаас 2024 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, үлдэх 2017-2023 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын өр төлбөр 1994 оны хуучин хуулийн үйлчлэлд хамаарна гэж маргасан боловч хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн энэ төлбөрийг тэр хугацааны өр төлбөрөөс хасаж тооцно гэж шүүх дүгнэх боломжгүй, 2017 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүсгэсэн асуудалд хариуцагч маргаагүй бөгөөд өр төлбөр үүсгэсэн тус үеэс өр төлбөрийг барагдуулж төлөх нь зүйтэй.
7.Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь ажил олгогч хуулийн этгээд бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй этгээд болох талаар зохигчид маргаагүй. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангуудаар энэ үйл баримт тогтоогдож байна.
8.Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилсан бөгөөд 44.1.2-т “Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж, 44.5-д “...даатгуулагч энэ хууль болон нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол энэ хуулийн 44.1.2, …-т заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол алданги тооцож хариуцлага хүлээлгэхийг тодорхой хуульчилжээ.
Ингэхдээ Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар алданги төлүүлэх талаар нийгмийн даатгалын байцаагч акт үйлдээгүй, тус асуудал зөрчил шалган шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдээгүй гэх байдал нь хуульд заасан алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд дээрх хуульд зааснаар алдангийг төлүүлэх хариуцлага хүлээлгэж болно.
Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь тэтгэвэр, тэтгэмжийн буюу нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, улсын төсвийг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг ач холбогдолтой бөгөөд хариуцагч нь 2017 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн, эцсийн байдлаар 41,923,670 төгрөгийн өртэй байх тул үүнээс 50 хувиар алдангийг тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
9.Хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээний 3.1-т “гэрээг хоёр хувь үйлдэж, талуудын төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд тухайн өдрөөс хойш гэрээнд заасан хугацаанд хүчинтэй” гэж заасан байх ба тус гэрээнд ажил олгогчийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарагдаагүй, албажуулалт дутмаг тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
10.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 472,377 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн /2023.07.07 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар хариуцагч *******-иас 62,885,505 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн орлогод буюу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 472,377 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН