Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00151/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* холбогдох,

“Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Г.******* миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр О.******* төлбөр 18,330,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг гаргуулж авахаар болсон. О.******* нь өр төлбөргүй болно.

Төлбөр төлөгч О.******* надтай ирж уулзаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрөө авсан гэсэн хүсэлт гаргаад өгөөч, миний дансыг хаагаад ажил явуулж болохгүй байна, бид сар бүр 2,000,000 төгрөгөөс доошгүй төгрөг төлж төлбөрөө барагдуулна гэхээр нь О.*******аар батлан даалт бичүүлж аваад тэдэнд итгэж ******* хүсэлт гаргаж өгсөн. Тухайн үед О.******* 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн.

Төлбөр төлөгч О.******* нь намайг хууран мэхэлж хүсэлт гаргуулж авчхаад харилцан ярилцаж тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөр 16,614,950 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/649 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* хариу тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр О.*******, О.******* нараас 25,286,460 төгрөгийг гаргуулж Г.*******т олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч О.*******, О.******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Г.******* нь төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус өдөр дуусгавар болгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй болохыг сануулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/649 дугаартай тогтоолын хуулбар, Г.*******ын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн хуулбар, О.*******ын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22071106 дугаартай тогтоолын хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4053 дугаартай захирамжийн хуулбар, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, мөн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрийн хуулбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209/МА2022/00024 дугаартай магадлалын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9-3/67 дугаартай “Гомдлын хариу өгөх тухай” албан бичгийн хуулбар, *******йн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/3109 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-20 хуудас)

4.Хариуцагчаас *******йн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/239 дугаартай итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатаар батлуулсан хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4053 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, мөн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 209/МА2022/00024 дугаартай магадлалын нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар, Г.*******ын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/649 дугаартай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 26, 37-52 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “...Миний бие Г.******* нь 2013 онд О.*******, О.******* нарт Болор зоос ББСБ-с зээл авч өгсөн. О.*******, О.******* нар нь зээлсэн мөнгөө төлөхгүйн улмаас уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дууссан. Ингээд О.******* 18,330,000 төгрөг, О.*******гаас 6,660,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Ингээд уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж О.*******гаас төлбөрөө авсан. Харин О.******* нь надтай ирж уулзаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрөө авсан гэсэн хүсэлт гаргаад өгөөч би сар бүр 2,000,000 төгрөгөөр төлбөрийг чинь барагдуулна гэж гуйхаар нь адилхан барилгын ажилтай хүний зовлонг ойлгож, би зөвшөөрсөн. Ингээд бид хоёр шийдвэр гүйцэтгэгчийн дэргэд сууж байгаад О.******* баталгаа бичиж өгсөн. Тэгээд О.******* нь тухайн өдрөө надад 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш ярих болгонд элдэв шалтаг хэлж хойшлуулж явсаар өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөөгүй. Ингээд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг ажиллагааг сэргээж өгөөч гэж хандахад сэргээх боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэгэнт шүүхээс гарсан шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр хуульд заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна.

3.Хариуцагчаас “...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр О.*******, О.******* нараас 25,286,460 төгрөгийг гаргуулж Г.*******т олгохоор шийдвэр гарсны дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Төлбөр төлөгч О.*******, О.******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Г.******* нь төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлтээ нотариатаар батлуулан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус өдөр дуусгавар болгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй болохыг төлбөр авагч Г.*******т сануулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай магадлалаар “...хариуцагч О.******* 18,330,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг, хариуцагч О.*******гаас 6,660,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 121,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4053 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. 

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22071106 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх 457 тоот гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх ба 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/649 дугаартай тогтоолоор уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгожээ.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн хуулийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Г.******* нь дээрх урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолын талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/3109 дугаартай *******йн хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...Г.******* та төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлтээ ирүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т ...тус шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлгүй байна” гэх хариуг,

Нэхэмжлэгчээс уг хариуг хүлээн зөвшөөрөөгүй учир ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9-3/67 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын гомдлын хариу өгөх тухай албан бичгээр “...Иргэн Г.******* танаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаа явуулж, О.*******гаас 6,781,510 төгрөгийг бүрэн гаргуулсан. О.******* гаргуулах төлбөрийн асуудлаар талууд харилцан тохиролцсон хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүйг үүгээр уламжилъя” гэж хариуг тус тус өгчээ.

Нэхэмжлэгч нь дээрх гомдлын хариуг хүлээн аваад 14 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4-т Төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хэргийг хаана гэж заасан ба энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг мөн хуулийн 29.3-т заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч О.*******, төлбөр төлөгч Г.******* нар нь“...18,330,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2023.03.22-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 16,330,000 төгрөгийг сар болгон 2 саяас доошгүй төгрөг төлж төлбөрийг барагдуулах, ажиллагааны зардал 174,950 төгрөг болон 110,000 төгрөг нийт 16,614,950 төгрөгийг төлж барагдуулахаар тохиров” гэж хэн аль нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргасан, талуудын энэ эвлэрлийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцжээ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс ...хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах хүсэлт гаргасан бол хуульд зааснаар дахин гомдол гаргах эрхгүй болохыг... төлбөр авагч Г.*******т сануулж тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

7.Харин төлбөр төлөгч О.*******, төлбөр төлөгч Г.******* нарын төлбөр төлөх нөхцөлөө өөрсдөө тодорхойлж, төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бус журмаар барагдуулахаар тохиролцсон талуудын хэлцэл Иргэний хуулийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хэлцлийн нэг тал нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

8.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН