Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1714002010149 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын угалз 4 дүгээр багийн 2 дугаар гудмажны ******* тоот хашаанд байх Т.Сийн эзэмшлийн байшингаас 2017 оны 08 сарын 24-ний өдөр Сийн эзэмшлийн 5 ханатай гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус хулгайлан бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-2-******* тоот хашаанд байх Т.Сийн эзэмшлийн байшингаас 5 ханатай монгол гэр хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Т.Сийн ... миний нэр дээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын угалз 4 дүгээр багийн 2 дугаар гудамжны ******* тоотод манайх хашаа байшинтай. Уг хашаа байшинд би 2003 оноос 2009 он хүртэл амьдарч байгаад байранд ороод өөрийн эзэмшлийн монгол гэрийг өөрийн байшинд хураасан байсан юм. Манай хашаанд манай өвөө Д нь охин болох *******гийн хамтаар гэр барин амьдардаг бөгөөд манай өвөө 80 гаран насны өндөр настай хүн байдаг юм. 2017 оны 9 сард би өөрийн хашаан дээр очиж байшинд ороод үзтэл хураасан байсан монгол гар алга байхаар нь өвөөгөөс асуусан чинь өвөө Д нь байхгүй хүнд ачаад явуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвөөд та надад хэлэхгүй яасан юм гэсэн чинь өвөө надад өөртэй чинь яриад зөвшөөрөл авсан байх гэж бодсон шүү дээ гэж хэлсэн. Би *******тай уулзаад яагаад гэр хүнд өгсөн талаар асуутал 7 хоногийн хугацаатай хүн барьчихаад өгье гэж надад хэлсэн. Тэрнээс хойш өдөр болгон гэр яасан талаар асуухад одоо аваад ирнэ гэж хэлдэг байсан. Манай дүү ******* нь Улаанбаатар хотоос миний гэрийг авч явж Улаанбаатар хотод хэрэглэх гээд иртэл гэрийг авчираагүй байсан. Тэгээд би *******тай уулзаж чи зарсан юм уу. Эсвэл хүнд дээрэлхүүлээд өгсөн юм уу гэхээр үгүй гээд бид нарт утас хаягийг нь өгчих гэхээр мэдэхгүй холбоо барьж чадахгүй байна гээд байдаг байсан. Тэгээд манай дүү ******* Улаанбаатар хот яваад өгсөн. Тэгэхээр нь цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгээд ******* нь цагдаагийн газарт ирээд манай гэрийг хүнд зарсан байсныг мэдсэн. ******* манай талийгаач аав Туяагийн төрсөн дүү болохоор бид хоёр ярилцаж тохиролцоод 400.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй. ... би уг гэрийг хөрөнгө орлогийн мэдүүлэг дээрээ 1.500.000 төгрөг гэж үнэлсэн. Гэхдээ Өвөрхангай аймгийн Уянга хийцийн гэр болохоор удахаар нь үнэ өсдөг гэж бодоод 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй санал нэг байна. Тухайн үед өөрийн өвөө Д болон яллагдагч ******* нарыг харж байгаарай гэж захиж байсан. Манай байшинг худалдан авахаар хүн ирж үзвэл өвөө Д, ******* нар нь орж гардаг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 70-72/,

Гэрч Д.Дгийн .... Манай бага охин ******* нь манай найз гэрийн модоо өгчих түр бариадахъя гэж байна гээд асуухаар нь хэд хоног барих юм, дараа өгөх байгаа гэж асуухад, өгнөө 10 хоног тэгээд эргүүлээд өгнөө гэхэд нь би тэг тэг гэсэн хэнд өгсөн ямар хүнд өгсөнийг би мэдэхгүй, танихгүй. Одоо болтол авчирч өгөхгүй байна. Хэзээ өгөх юм байгаа юм бүү мэд ... Надад 200.000 төгрөг өгсөн. Дуугай хэрэглэж бай гээд өгсөн. Тэрийг нь би хэрэглээд дууссан. Бодвол 200.000-г нь өөрөө хэрэглэсэн юм байлгүй дээ. Гэрийн модны үнэ гэж надад хэлээгүй. Мэдсэн бол би Сараагаас асуух байсан. Юу гэж заруулах вэ дээ мэдээгүй ... Захиж үлдээсэн хашаа байшингаас зарчихаар таныг нэг газар буулганаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Шүүгдэгч *******гийн … Манай төрсөн ах Туяа нь 2010 онд нас барж тэрнээс хойш уг хашаа байшин нь охин нь болох Сийн эзэмшлийн хашаа болсон. Уг хашаанд өнөөдрийг хүртэл аав бид 2 амьдарч байгаа юм. 2010 оноос хойш байшинд уг монгол гэрийг хураасан байсныг би мэднэ. Миний таньдаг хүмүүс найз нөхөддөө би манай хашаанд байх Сийн байшинд том ах талийгаач Туяагийн гэр байгаа талаар ярьж байсан юм. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байхад миний танихгүй өөрийгөө Баян-Овоо сумын *******х гэж танилцуулаад зарах гэр байгаа юу гэж асуухаар нь байгаа гэж хэлээд Сийн эзэмшлийн байшин дотор байх хураасан байсан гэрийг үзүүлсэн чинь авъя гэж хэлэхээр нь 400.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь тэр өдөртөө машинтай ирээд уг хураасан байсан гэрийг ачаад явсан. Би аав Дгаас уг гэрийг зарчихъя гэж хэлсэн тэг тэг гэхээр нь 400.000 төгрөгөнд үл таних өөрийгөө *******х гэж танилцуулсан хүнд зараад явуулсан юм. Тэгээд хэд хоногийн дараа С эгч ааваас уг гэрийг хаана байгаа талаар асуусан байсан. Надаас ирээд уг гэрийг яасан талаар асуухад нь би хүнд 7 хоног барьчихаад өгье гээд өгөөд явуулсан гэж худал ярьсан. Тэрнээс хойш байнга надаас асуудаг байсан. Тэгээд Сийн дүү ******* нь уг гэрийг авах гээд ирчихээд байхгүй болохоор нь яваад өгсөн. Тэгтэл цагдаад дуудлага өгсөн байсан. 2017 оны 08 сарын 24-ний өдөр би гэртээ байх үед өөрийгөө *******х гэж танилцуулсан танихгүй хүнд 400.000 төгрөгөөг зараад явуулсан юм. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учир байшин дотор орж уг гэрийг 400.000 төгрөгөөр зараад явуулсан нь үнэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/,

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/,

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 91-92/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Т.С нь шүүгдэгч *******гаас нэхэмжлэх зүйлгүй байхгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч ******* нь 9 сартай жирэмсэн болох нь хэргийн 54-60 дугаар хуудсанд авагдсан жирэмсэн эмэгтэй хяналтын картаар тогтоогдсон байх тул түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Сартуул овогт *******г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА