Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0656

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0656

Улаанбаатар хот

 

   

З.Д, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч З.Д, Ц.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Д, Ц.Б нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч З.Д, Ц.Б нар 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан, мөн тус хуралдааны “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01, “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралдааны “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01, “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоол болон тус дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаанд тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал дахин шинэ акт гаргахгүй байх тохиолдолд тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон маргаан бүхий захиргааны актууд тус тус хүчингүй болох”-ыг дурджээ. 

Гурав. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хэргийн оролцогчдын тайлбар, 27 дугаар хорооны хэсгийн ахлагч гэрч Х.Б, гэрч Г.М нарын мэдүүлгээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний хуралдаан Тэргүүлэгчдийн зарласан шийдвэргүйгээр хэсэг бүлэг иргэд нийлж хуралдсан нь тогтоогдсон.

Түүнчлэн шүүхээс нотлох баримт цуглуулахаар ажилласан хэдий ч анхдугаар хуралдааныг зарласан шийдвэр олдоогүй. Иймд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг буруу үнэлсэн.

2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж захиргааны актыг түдгэлзүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэдийгээр нэхэмжлэлийг иргэний хувиар гаргасан ч Б.Б хувьд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар, З.Д хувьд хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байсан албан тушаалтнууд байх бөгөөд зөрчигдсөн гэх эрхээ тухайн хорооны оршин суугчдын хувьд анхдугаар хуралдаанд оролцож санал өгөх, нэр дэвших эрхтэй холбохоос гадна хууль бусаар анхдугаар хуралдаан гэгчийг хийж, хууль бус шийдвэрүүд гаргаснаар тус тусын албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж алдагдсан гэх байдлаар тайлбарласан болно.

Шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой, мөн түүнийг биелүүлэх этгээд тодорхой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд анхдугаар хуралдааныг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь зарлан хуралдуулж, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах нь шүүхийн шийдвэрт тодорхой бус байна.

Хариуцагчийн хувьд маргаан бүхий тогтоолуудыг гаргаснаараа шүүхийн шийдвэрийн хүрээнд асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй байх атал нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоосоо татгалзсан байдал, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээс үзэхэд хариуцагч бус харин нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг ногдож буй мэт нөхцөл байдал үүсчээ.

Анхан шатны шүүхээс тус дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлалгүйгээр, харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн чиглэл, хорооны оршин суугчдаас гарын үсэг цуглуулах байдлаар хуралдуулсан нь хуульд нийцээгүй, мөн хуралдааны ирц хуульд заасан шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэснээс үзэхэд энэхүү “хууль бус” хуралдаанаас сонгогдсон Хурлын дарга, Тэргүүлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлж, анхдугаар Хуралдааныг зарлан хуралдуулах эрхгүй байхаар байна. 

Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдгийг шинэчлэх нэрийн дор хураан авч буцаан олгоогүй нь анхдугаар хуралдааныг хуралдуулах боломжгүй болгох нөхцөл бүрдүүлсэн эсэхийг тодруулах, хуралдааны ирц хүчинтэй эсэхийг дүгнэх боломжгүй гэх байдлаар маргаан бүхий актыг түдгэлзүүлэх бус, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээс илүүтэй үүссэн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх шаардлагатай.

Тэр тусмаа холбогдох тогтоолуудаас гадна тэдгээрийг хэлэлцэн баталсан иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдааныг түдгэлзүүлж шийдвэрлэж буй нь бүр ойлгомжгүй, цаг хугацааны хувьд нэгэнт болоод өнгөрсөн хуралдаан буюу “үйлдэл”-ийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрхэн биелэгдэнэ гэж үзсэн нь тодорхой бус болжээ. 

Өөрөөр хэлбэл “түдгэлзсэн” хуралдаан шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдлаар дахин хуралдаж, маргаан бүхий актаар шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэх үү, эсхүл бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй нэхэмжлэгч Ц.Б даргатай иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үү гэдэг нь ойлгомжгүй байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Б тэргүүтэй Тэргүүлэгчид хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хороодын иргэдийн Нийтийн Хурлын тамгыг шинэчлэх нэрийдлээр хураан авч буцаан өгөхгүй байснаас шалтгаалсан” гэж тайлбарлах боловч бодит байдалд тус дүүргийн бусад хороодын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс дээрх хуульд заасны дагуу анхдугаар хуралдааныг зарласан болохыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тамгагүй гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх эрхгүй болно.

Эндээс дүгнэхэд хууль бусаар хийгдсэн гэх иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах нөхцөл байдлыг нэхэмжлэгчид өөрсдөө бий болгосон, иймд 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр болсон анхдугаар хуралдааныг хууль бус, мөн гарсан шийдвэрүүд болон дүүргийн Засаг даргын захирамж нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хорооны Засаг даргыг дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нэхэмжлэгч З.Д хувьд Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар захирамжаар 27 дугаар хорооны Засаг даргаар томилсноос хойш одоогийн маргаан бүхий захиргааны актаар ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх хугацаанд 4 жил ажилласан, харин хуульд заасан энэхүү хугацааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар хугацаа тоолох хуулийн зохицуулалтаар авч үзвэл 4 жил болоход 3-4 хоног дутуу байхад нь чөлөөлсөн мэт харагдавч, сонгуулийн дүнгээс хамаарч сонгогдож, томилогддог албан тушаалтны хувьд бүрэн эрхийн хугацааг ийм байдлаар тооцох бололцоогүй.

Давж заалдах шүүх хуралдааны эхэнд нэр бүхий нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Н.А давж заалдах гомдлоосоо татгалзсан, нэхэмжлэгч З.Д, Ц.Б нар үүнийг хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах гомдол гаргаагүйд тооцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Д, Ц.Б нарын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан, мөн тус хуралдааны “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01, “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН