Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 93

 

М.О-ын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт,

аудитын албаны хяналт шалгалтын улсын

 ахлах байцаагч Б.Б, улсын

байцаагч Л.О-г нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                   Л.Атарцэцэг,                       

Шүүгчид:                                   Г.Банзрагч,

                                                   Б.Мөнхтуяа,

                                                   Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                         Ч.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж.

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 дугаартай актуудын М.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0581 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Б.Б.

Хариуцагч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.5, 14.4.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Отгонбаяраас гаргасан “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07, 23-02-18/09 дугаартай актуудын М.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0581 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.2, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-ын “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, харин үлдэх шаардлагыг хангаж, улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 дүгээр актын М.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч П.Ал нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...М.О-т улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 дүгээр актаар 5 байгууллагаас Залуучууд театрт өгсөн хандивын орлого 9.483.000 төгрөгийг данс бүртгэлд тусгаагүй, зориулалт бусаар зарцуулсанд хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх зөрчил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.5, 20.2.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.2.1 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтуудыг зөрчин 40 жилийн ой тэмдэглэх нэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудаас авсан хандивын орлого 9.483.000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулж, данс бүртгэлд тусгаагүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0581 дүгээр магадлалын 1 дэх заалтын “М.Отгонбаярт хамаарах улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/09 дүгээр актын холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хянаж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

5. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Б, улсын байцаагч Л.О нар нь Залуучууд театрын 2014-2016 он, 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтад шалгалт хийж, тус байгууллагад огт ажиллаагүй хүмүүст цалин олгосон, байгууллагын 40 жилийн ойд бусдаас авсан хандивыг тайлан балансад тусгаагүй, үндсэн  баримтгүйгээр зарцуулсан гэх зөрчлүүдийг илрүүлэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаар “Цалингийн зардлыг төлүүлэх тухай” актаар С.О-д олгосон 6 сарын цалин 3020,4 мянган төгрөгийг; 23-02-18/07 дугаар “Цалингийн зардлыг төлүүлэх тухай” актаар Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт тус тус олгосон нэг сарын цалин нийт 1561,4 мянган төгрөгийг тус тус байгууллагын дарга А.Болорсүх, ерөнхий нягтлан бодогч М.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр; 23-02-18/09  дүгээр “Зардлыг төлүүлэх тухай” актаар хандивын орлого 9484.0 мянган төгрөгийг хандив хүлээн авч, хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулсан ахлах менежер М.Е, зарцуулах шийдвэр өгсөн дарга А.Б, санхүү бүртгэлд тусгаагүй зориулалт бусаар зарцуулах боломж олгосон ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч М.О нь “... даргын тушаал, хянагдсан цагийн бүртгэлээр цалин олгосон, ... баталгаажаагүй баримтыг бүртгэх боломжгүй” гэж маргажээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Залуучууд театрын даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тушаалаар цахилгааны инженерээр түр томилж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан С.О, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар тушаалаар  концертмейстрээр түр томилж 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан Д.Отгонбаатар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тушаалаар хөгжимчнөөр тус тус томилсон Х.Хашхүү, Б.Мөнхтуул нар нь тус байгууллагад эдгээр албан тушаалд огт ажиллаагүй нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

7. Дээрх хүмүүсийг ажилласан мэтээр ажлын цагийн бүртгэл үйлдэж, ажилласан цагийн тодорхойлолтоор баталгаажуулж, тушаалд заасан албан тушаалын цалин бодож олгосон, 6 ширхэг төгөлдөр хуур хөглөсний гэх ажлын хөлсийг Д.О-т, шинэ жилийн арга хэмжээнд хамтлагаараа ирж дуулсны гэх ажлын хөлсийг Х.Х-д уг аргаар олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

8. Эндээс үзвэл, Залуучууд театрт огт ажиллаагүй дээрх хүмүүсийг тус байгууллагын үндсэн ажилтан мэтээр хуурамчаар бүртгэж, ажлын цагийн тодорхойлолт /НХ маягт 40 а-ийн дагуу/-ыг үйлдсэнийг үндэслэн нэхэмжлэгч /ерөнхий нягтлан бодогч / нь тэдэнд албан тушаалын цалин бодож олгосон үйлдэл нь “Ажилд авах тухай” байгууллагын даргын тушаал гарсан эсэхээс, “Ажлын цагийн тодорхойлолт”-ыг эрх бүхий этгээд баталгаажуулснаас үл хамааран Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төсвийн тухай хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай, үүний улмаас байгууллагад хохирол учруулсан, энэ талаар дүгнэж, улсын ахлах байцаагчийн 2018 оны 23-02-18/06, 23-02-18/07 дугаар актуудын М.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй, зөв байна.

9. Харин, Залуучууд театрын 40 жилийн ойд зориулан 5 байгууллагаас хандивласан гэх орлого 9484.0 мянган төгрөгийг “санхүү бүртгэлд тусгаагүй, зориулалт бусаар зарцуулах боломж олгосон” гэх үндэслэлээр буруутгаж, уг мөнгөний гуравны нэгийг нэхэмжлэгч М.О-аар төлүүлэхээр тогтоосон улсын ахлах байцаагчийн 23-0218/09 дүгээр акт хууль бус талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Залуучууд театр нь театрынхаа 40 жилийн ойн баярын үйл ажиллагаанд зориулан нэр бүхий 5 аж ахуйн нэгж, байгууллагаас бэлэн мөнгө болон бараа, бүтээгдэхүүн авах, амралтын газарт байрласныхаа төлбөрийг төлүүлэх зэрэг хэлбэрээр 9484.0 мянган төгрөгийн орлого /хандив/ хүлээн авсан, уг орлогын зарим хэсэг нь “Хамтран ажиллах гэрээ”-ээр тус театрын уран бүтээлчдийн хийсэн ажил, үүний хариуд тэдгээр байгууллагуудаас ойн баярын арга хэмжээнд нь зориулан мөнгө, бараа бүтээгдэхүүнээр дэмжих, үйлчилгээ үзүүлэх зэргээр тохиролцсоны дагуух олсон орлого болох нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх”-аар, 25 дугаар зүйлийн 25.7-д “тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнах”-аар, 26 дугаар зүйлийн 26.1-д “төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтлөх”-өөр тус тус заасан бөгөөд байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй.

12. Нэхэмжлэгч нь 9484.0 мянган төгрөгтэй холбогдох орлого, зарлагыг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй, энэ тухай санхүүгийн тайлан гаргаагүй, уг шалтгаанаа байгууллагын удирдлагаас “хамтран ажиллах гэрээ, холбогдох баримтыг өгөөгүй” гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, тэрээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах” гэж, 20.1.2-т “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” гэж заасныг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

13. Иймд, нэхэмжлэгч М.О нь хандивын орлого, түүний зарцуулалтыг бүртгэж аваагүй, энэ талаарх санхүүгийн тайлан гаргаагүйд  буруугүй гэж үзэхгүй ч, уг орлогын гуравны нэгийг төлүүлэхээр акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ээр заасанд нийцэхгүй.

14. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн  дүгнэснээр уг хандивын гэх орлогыг М.О нь өөртөө хувьдаа завшаагүй, энэ талаар хариуцагч маргаагүй атлаа “зориулалт бусаар зарцуулах боломж олгосон” гэх үндэслэлээр  нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, үүний зэрэгцээ уг төлбөрийг улсын орлого болгох, эсхүл байгууллагад төлүүлэхээр шийдвэрлэсний аль нь болох талаар заагаагүй нь эрх зүйн зөрчилтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

15. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Баасанжаргалын хяналтын журмаар гаргасан “... ой тэмдэглэх нэрээр авсан хандивын орлогыг зориулалт бусаар зарцуулж, данс бүртгэлд бүртгээгүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2018/0581 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

               ШҮҮГЧ                                                                         Ч.ТУНГАЛАГ