Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2016/0016/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадорж, Ж.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банк нь Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Хүрэнбулаг баг, Галерейн доор хаягт байршилтай, нэгж талбарын 18430433389252 дугаартай 200 м2  талбайтай үл хөдлөх хөрөнгийн газрын эзэмших эрхийг 8 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр “Монсимбо” ХХК-иас шилжүүлэн авсан ба энэхүү захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0201264 дугаар гэрчилгээг эзэмшсэн юм. Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 257 м2  болгон өөрчлөн тогтоосон бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмшүүлэх гэрээг шинэчилэн байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0291815 дугаар гэрчилгээгээр энэхүү 257 м2 газрыг 6 жилийн хугацаатайгаар эзэмших хууль ёсны эрхээ баталгаажуулсан юм. Манай банк тус газрыг зориулалтын дагуу ашиглан, мөн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн билээ. Гэтэл тус аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/74 дугаар захирамж гарган 2012 оны 502 дугаар захирамжийн 1 дүгээр хэсэг, мөн 3 дугаар хэсгийн “Засаг даргын 2010 оны 245 дугаар захирамжийн хавсралтын 5 дугаар мөрийг хүчингүй болгосугай” гэснийг тус тус хүчингүй болгож, газрын гэрчилгээг хураан авах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан тул аймгийн Засаг даргын орлогч нь аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхгүй юм. Тус хуульд зааснаар аймгийн Засаг даргын захирамжийг гагцхүү “Засаг дарга өөрөө, эсхүл Ерөнхий сайд” хүчингүй болгох эрхтэй юм. Засаг даргын орлогч нь ийнхүү хууль бус шийдвэр гаргаснаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өнөөдрийг хүртэл газар эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах талаар мэдэгдэл ирүүлээгүй, газрын гэрчилгээг ч хурааж аваагүй байна. Мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлэхэд 257 м2  хэмжээтэй байгаа нь 075/А15 дугаар актаар баталгаажсан. Гэхдээ энэ үеэр бид хууль бус шийдвэр гарсан гэдгийг анх мэдсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрсдөө очиж А/74 дугаар захирамжийн хуулбарыг Газрын албанаас баталгаажуулж хүлээн авсан. Иймд Орхон аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү”

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид өөрсдөө нотлох баримтуудыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх ёстой байдаг. Тухайн үед Зоригт Засаг дарга удаан хугацаагаар гадаад улсад эмчлүүлж байсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Тийм учраас тухайн үед Засаг даргын эрх үүргийг Зоригт хэрэгжүүлж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тиймээс Засаг даргын оронд орлогч Д.Энхбат гарын үсэг зурах эрхгүй байсан гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан байгаа. Энэ заалт дээр орлогч нь хүчингүй болгоно гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Тиймээс Засаг даргын орлогч Д.Энхбат захирамжийг хүчингүй болгох эрх байхгүй. Засаг даргын захирамжийг хэн яаж хүчингүй болгодог юм бэ? гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Энэ хуулийн зүйл заалтыг судалж үзэж шүүх шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна” гэв.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны  өдрийн А/74 дугаар захирамжийг Засаг даргын орлогч гэсэн бланк дээр бус Засаг даргын захирамж гэсэн төрийн сүлдтэй захирамж дээр Засаг даргын орлогч гаргасан. Үүнийг бас бид нар хууль бус гэж үзэж байна. Тухайн үед ажиллаж байсан Зоригт Засаг дарга нь эзгүй байсан. Гадаад улсад эмчилгээ хийлгэсэн гэж байгаа. Засаг дарга Зоригт нь ямар хугацаанд, аль улсад эмчилгээ хийлгэсэн, эзгүй байсан талаар нотлох баримт хэргийн материал дотор байхгүй байгаа. Мөн Засаг даргын 2014 оны А/74 тоот захирамжийг иргэний гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж байна. Иргэн Ж.Оюуны гаргасан өргөдөл бол барилгын давхарын талаар гаргасан гомдол байгаа. Тэрнээс газрын урт, өргөний хэмжээний талаар гомдол гаргаагүй. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 57 метр газрыг Капитал банкны хүсэлтээр олгосон гэсэн албан тоот хэргийн 46 дугаар хуудсанд байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг дотооддоо зохицуулж байсан гэж байна. Энэ шийдвэр гаргах эрхийг хэн олгосон юм бэ?. Газар болон бусдын өмчлөх эрхийн асуудлаар Засаг даргын орлогч захирамж гаргана гэсэн ямар нэгэн шийдвэр байх ёстой гэж үзэж байна. Барилгын тохижилтын ажил хийхээр 57 м.кв газрыг хүсэж олгосон гэж байна. Үндсэн хөрөнгө маань 200 м.кв газарт байгаа. Үүнийг үзээд Улсын бүртгэлийн газар гэрчилгээ олгосон. Тэр хэмжээгээр манайд барилга, байгууламж байсан. 57 м.кв газрыг бид нар хүсээд энэ газрыг олгосон. Тэрнээс хууль бусаар уг газрыг ашиглаагүй, эзэмшээгүй. Энэ газрыг авснаасаа хойш газрын төлбөр тооцоог 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн захирамж гарснаас хойш буюу шүүхэд 2016 оны  5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 257 м.кв газраар төлбөр төлж яваа. Энэ талаарх баримт хэргийн материал дотор байгаа.” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан тухайн байршилд газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн хэсэг буюу “Монсимбо” ХХК-иас 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-ээр 5.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хариу төлбөрт бэлэглэсэн газар нь нийт 200 м.кв газар бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Капитал банк нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа мөн адил 200 м.кв хэмжээгээр байгуулж, үүний дагуу 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0201264 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Капитал банк нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2987 дугаар албан хүсэлтдээ “6.5 метр сунгуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэсний дагуу зөвхөн хүсэлтийг үндэслэж 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамжаар газрын хэмжээг 257 м.кв болгон өөрчилж, газрын эрхийн гэрчилгээг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгохдоо Капитал банкны 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2987 дугаар албан хүсэлтийн дагуу 257 м.кв болгон өөрчлөлт оруулж захирамж гаргасан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар “...”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар “...” гэж тус тус заасныг зөрчин зөвхөн албан хүсэлтийг үндэслэн 257 м.кв газар олгосон нь хууль бус байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн Капитал банкинд олгосон 257 м.кв газрыг “Монсимбо” ХХК-иас “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-ээр хүлээн авсан 200 м.кв газрын хэмжээг хэвээр үлдээж шийдвэр гаргасан болно. Мөн Засаг даргын эзгүйд түүний үүргийг албан ёсоор Засаг даргын орлогч гүйцэтгэдэг бөгөөд тухайн саруудад аймгийн Засаг дарга агсан Г.Зоригт нь эрүүл мэндийн шалтгаанаар гадны улсад эмчилгээтэй байсан бөгөөд уг саруудад  аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат нь үүргийг орлон гүйцэтгэж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албыг тасралтгүй жигд тогтвортой үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн зүйл биш бөгөөд мөн 4-20 дугаар байрны иргэдээс тухайн барилга баригдсан тохиолдолд 4 дүгээр хорооллын 20 дугаар байрны төв зам дагуу буюу урд талын 2 дугаар давхарын айл өрхийн байгалийн гэрэл агаар нэвтрэх боломж бололцоог боогдуулж болзошгүй байгаа гэсэн утга бүхий гомдол ирсэний дагуу судлахад Капитал банк нь хууль бусаар 57 м.кв газар нэмж эзэмшсэн байгаа нь тогтоогдсон ба тухайн байршилд “Гудамж” төслийн хүрээнд 4 замын уулзварын зохион байгуулалтаар зураг төсөл хийгдсэн байсан газрыг нэмж олгосон зэрэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, мөн хуулийн 33.4 дэх заалтуудыг зөрчиж байх тул 2014 оны  02 дугаар сарын  12-ны өдрийн А/74 дугаар захирамжаар нэмж олгосон 57 м.кв газрыг хүчингүй болгосон болно. Иймд Капитал банкны 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дугаар “Газар эзэмшүүлэх эрх хүчингүй болгох тухай” захирамж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед захирамжийг гаргахад Засаг дарга байсан хүн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гадаад руу эмчилгээнд явсан байсан. Тухайн үеийн орлогч дарга байсан Д.Энхбат дарга захирамжуудыг гаргадаг байсан. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас бусад захирамжид ерөнхийдөө Засаг даргын орлогч гарын үсгээ зурахад манай дотоод журамд асуудалгүй гээд хөрөнгө мөнгөнөөс бусад захирамжуудыг Засаг даргын орлогч гаргахад болохгүй зүйл байдаггүй. Хуулинд ямар нэгэн байдлаар “Засаг даргын орлогчид ийм эрх байгаа, ийм эрхийг нь хязгаарлана” гэсэн заалт байдаггүй. Улс төрийн албан тушаалтнууд учраас Засаг даргын орлогч гэдэг үүднээсээ Засаг даргын эзгүйд түүний үүргийн орлон гүйцэтгэнэ гэдгээр явж байсан. Төрийн үйл ажиллагааг тасралтгүй жигд үргэлжлүүлэх үүднээс иргэний гомдлыг үндэслээд тухайн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд заасны дагуу нийт талбайн хэмжээний 70 хувь нь барилгажих талбай 30 хувь нь тохижилт хийх талбай байдаг. Үүний дагуу 200 м.кв газрынхаа 70 хувьд нь барилгаа бариад үлдсэн хувьд нь тохижилтын асуудлыг хийж болох байсан боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж 57 м.кв газрыг сунгаж өгсөн нь хууль бус юм гэж үзэж өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй  болгосон байдаг. Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогчийн албан бланк гэдэг асуудал хаана ч байдаггүй.

Тухайн үед Засаг дарга байхгүй байсан талаарх нотлох баримт байхгүй гэж байна. Нотлох баримтууд байгаа. Тухайн үед Засаг даргын орлогчийн гаргасан  захирамжуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Иргэний гомдлыг нэхэмжлэлийн шаардлага шиг авч үзэж болохгүй л дээ. Иргэний гомдолд дурьдагдсан зүйлтэй холбогдуулаад “Капитал банк” ямар үндэслэлээр яаж газар авсан, одоо яаж үргэлжлэх гээд байгаа талаар давхар шалгаж үзнэ. Түүнээс ганцхан өндөрийн талаар авч үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өргөдөл гомдлын заалт дээрч тийм зүйл байхгүй. Тиймээс тухайн асуудал дээр зөвхөн урт өргөнийг яриагүй. Өндөр, нам, урт, өргөнийг олгосон шийдвэртэй нь хамт ярьсан байгаа. Засаг даргын орлогч гэдэг үгийг ерөнхийдөө үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын эзгүйд Засаг даргыг түр орлон гүйцэтгэнэ гэж ойлгодог. Тэрний дагуу тухайн асуудлыг шийдсэн. Тухайн захирамж гарснаас хойш удалгүй тухайн үеийн Засаг дарга нас барсан байдаг. 2014 оны 09 дүгээр сараас хойш маш цөөхөн удаа ажил дээр ирдэг байсан. Энэ үед Засаг даргын орлогч албан үүргийг гүйцэтгэж байсан.” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засаг даргыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Засаг дарга С.Дангаасүрэн итгэмжлэл олгосон. Гэтэл Засаг дарга өөрчлөгдсөн байхад итгэмжлэлээ өөрчлөөгүй байна. Тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй” гэсэн хүсэлтийг гаргав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасан төлөөлөл дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй, тухайн хэргийн хариуцагч болох Засаг даргын албан тушаалыг хаших этгээд өөрчлөгдсөн ч шинээр томилогдсон Засаг дарга төлөөллөөс татгалзах, хүчингүй болгох талаар шүүхэд мэдэгдээгүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэж үзэж, түүнийг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Маргаан бүхий газар дээр барилгын ажил эхлүүлэх, барилга байшин барих эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, барилгын зураг төсөл зэргийг нотлох баримтаар гаргуулах, маргаан бүхий газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Тухайн газрын маргааныг хянан шийдвэрлэхэд газар дээр барилга барих зөвшөөрөлтэй эсэх, барилгын зураг төслийг гаргуулах, маргаан бүхий газар дээр үзлэгийн ажиллагаа явуулах нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзэв.

“Капитал банк” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

“Капитал банк” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаар захирамжаар[1] 200 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар “Монсимбо” ХХК-иас шилжүүлж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”[2]-г байгуулан 0201264 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”[3]-г түүнд олгосон байх бөгөөд “Капитал банк” ХХК нь 200 м.кв газрыг хууль, журмын дагуу эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байна.

Улмаар Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамжаар[4] газрын хэмжээг өөрчлөн 257 м.кв болгон газрын хэмжээг 57 м.кв-аар нэмэгдүүлэн олгож, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”[5]-г байгуулан, 0291815 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”[6]-г олгожээ.

Ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж газар нэмж эзэмшүүлсэн гэж үзэж, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар[7] Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамжийн “Капитал банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

“Капитал банк” ХХК-д нэмж эзэмшүүлсэн 57 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхэд баримтлах журам буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар газрыг эзэмшүүлээгүй, тус банкны хүсэлтийг үндэслэн газрыг нэмж эзэмшүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Орхон аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар “Бодлого, төлөвлөгөө батлах тухай” тогтоол[8],  Капитал банкны 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2987 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хууль зөрчиж газрын хэмжээг 57 м.кв-аар нэмж газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт хамгаалалтад байх” зарчим,  61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын хууль тогтоомж...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно/ дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамж нь “Капитал банк” ХХК-д газар нэмж эзэмшүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа боловч уг захиргааны акт нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж газар эзэмшүүлсэн байх тул Газрын тухай тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар буюу хууль тогтоомжид зааасны дагуу хуульд нийцээгүй захирамж, шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байхад Засаг даргын орлогч Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус, Засаг дарга эзгүй байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас Засаг даргын оронд Засаг даргын орлогч захирамжид гарын үсэг зурсан нь буруу” гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно” гэсэн нь Засаг даргын захирамжийг Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгохоор заасан зохицуулалт юм. Харин Засаг даргын захирамжид Засаг даргын үүргийг гүйцэтгэж байгаа этгээд буюу Засаг даргаар томилогдсон этгээд болон түүний үүргийг албан ёсоор түр орлон гүйцэтгэж байгаа этгээд гарын үсэг зурж баталгаажуулна.

Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар улс төрийн албан тушаалтан байх бөгөөд Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг түр эзгүй үед түүний албан үүргийг хэрхэн орлон гүйцэтгэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заажээ. Энэ зохицуулалт нь Засаг даргыг түр эзгүй байх хугацаанд хамаарахгүй юм.

Харин Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын холбогдох заалтыг төсөөтэй тайлбарлан авч үзвэл: Уг тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “Байгууллагын даргын эзгүй байх хугацаанд албан үүргийг нь түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргахгүй байж болно” гэж заажээ.

Үүнээс үзвэл Засаг даргыг түр эзгүй байх хугацаанд Засаг даргын орлогч Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж, хуулиар хориглоогүй асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд Засаг даргын орлогч нь орон тооны албан тушаалтан байх тул энэ тохилдолд Засаг дарга албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх талаар тусгайлан шийдвэр гаргахгүй байж болохоор байна.

Орхон аймгийн Засаг даргын орлогч нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд Засаг даргын захирамжид гарын үсэг зурсан байгаагаас дүгнэвэл Засаг даргын эзгүй байх энэ хугацаанд түүнийг үүргийг орлон гүйцэтгэж байсан гэж үзэхээр байгаа бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамж нь цаг хугацааны хувьд энэ хугацаанд хамаарч байна.

            Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.4.1.14-т “Байгууллагын даргын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно. Боловсон хүчин болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн байгууллагын дарга гарын үсэг зурна” гэж заажээ. Үүнээс үзвэл Засаг даргыг түр эзгүй үед түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Засаг даргын орлогч Засаг даргын захирамжид гарын үсэг зурах эрхтэй байна.

            Иймд Засаг даргын захирамжид Засаг даргын орлогч гарын үсэг зурсныг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг дарга өөрөө шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамжийг хүчингүй болгосон Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй, энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрх,  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Учир нь: “Капитал банк” ХХК нь хуулийн дагуу 200 м.кв газрыг эзэмших эрхтэй бөгөөд хуулиар хамгаалагдсан түүний газар эзэмших эрхийг захиргааны байгууллагаас хөндөөгүй, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосноор тухайн газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтуудыг баримтлан “Капитал банк” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан “Капитал банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 7-8 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаар захирамж

[2] Хэргийн 5-6 дугаар хуудас: Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ

[3] Хэргийн 9 дүгээр хуудас: Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0201264 дугаартай гэрчилгээ

[4] Хэргийн 10 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 502 дугаар захирамж

[5] Хэргийн 11-12  дугаар хуудас: Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ

[6] Хэргийн 13 дугаар хуудас: Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 0291815 дугаартай гэрчилгээ

[7] Хэргийн 14 дүгээр хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/74 дүгээр захирамж

[8] Хэргийн 56-66 дугаар хуудас: Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар “Бодлого, төлөвлөгөө батлах тухай” тогтоол