Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 373

 

Х.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар магадлалтай, Х.Э- холбогдох 1818001920193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Х-ны Э-.

Х.Э- нь 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд Е.М-, З.А- нартай бүлэглэн, “Верна Аксент” загварын 17-11 НАА дугаартай машин механизмыг ашиглан, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байр, агуулахад нэвтрэн авч, нэр бүхий 17 хохирогчид нийт 5,351,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э-ыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “ял хөнгөрүүлэх, эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “К.Э-ы өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын болон шүүхийн бүх шатанд ажиллаж байгаа болно. Х.Э- барилгын бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжилтэй тул бусдад учруулсан хохирлоо төлөхийн тулд Нийслэл хотод барилга дээр ажиллаж 1,900,000 төгрөгийн хөлс авах ажлыг хийж дуусган мөнгөө авахад хоёр хоног дутуу байхад шүүх хуралдаан нь хийгдэх болсон. Нийслэлийн Дамбадаржаагаас ирэхдээ утсаар ярьсан боловч 1 цагаар хожимдож ирсэн юм. Уг хуралдаан хийгдэж хохирлоо төлөхөөр 5 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн. Шүүгч уг хүсэлтийг хүлээн авч ажлын 5 өдрөөр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч Х.Э-ыг цагдан хорьсон. Энэ өдрөөс дараагийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд цагдан хоригдсон тул хохирлоо төлөх ямар ч боломж гараагүй. Тодруулбал хийсэн ажлаа хүлээлгэн өгч ажлын цалин хөлсөө авах байсан нь цагдан хориотой тул түүнд боломж гараагүй бөгөөд түүнээс өөр төлөөлж хөөцөлдөх хүнгүй учраас уг ажил нь бүрэн зогсож хохирлоо төлж чадаагүй юм. Шүүх энэ хохирол төлөх 5 хоногт нь Х.Э-ыг ийнхүү цагдан хорьж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ноцтой хүндрүүлсэн юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ ноцтой алдаа зөрчлийг анхаарч түүнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өмгөөлөгч миний болон ялтан Х.Э-ы гомдлыг хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж уг шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн ялыг 1 жил болгон өөрчилж өгөхийг хүсч байна. Х.Э- нь үйлдсэн хэргээ бүрэн хүлээж бусдад учруулсан хохирлоо төлөхөө удаа дараа илэрхийлж миний дээр дурдсанаар барилга дээр ажиллаж шүүх хуралдааны өмнө бусдад учруулсан 1,656,995 төгрөгөө бүрэн барагдуулах хэмжээний ажил гүйцэтгэсэн байсан нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс ойлгогдоно” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Х.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Э- нь ...17 хохирогчийн 5,351,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн ба тэрээр шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 1,683,661 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй юм. Шүүгдэгчид хохирол нөхөн төлөх боломж олгох зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Э- нь 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд Е.М-, З.А- нартай бүлэглэн, 16 удаагийн давтан үйлдлээр, машин механизмыг ашиглан, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байр, агуулахад нэвтрэн хулгайлж, нэр бүхий 17 хохирогчид нийт 5,351,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Э-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхээс Х.Э-ыг цагдан хорьсон учир хохирлоо нөхөн төлөх боломжоор хангагдаагүй гэж гомдол гаргажээ.

Х.Э- нь урьд хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсны улмаас түүнд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдож ирсэн зэргийг үндэслэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Мөн мөрдөн байцаалтын болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд шүүгдэгч Х.Э- нь хохирлыг бүрэн төлөх боломжтой байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 1,683,661 төгрөгийн өөрт ногдох хохирлыг төлөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “...Шүүх шүүгдэгчийг цагдан хорьж, хохирол нөхөн төлөх боломжоор хангалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирлыг нөхөн төлөх боломжтой байсан тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн ялыг 1 жил болгон өөрчилж өгөхийг хүсч байна” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН