Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00297

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2025/00052/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“4,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.*******д 3,200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч Ц.******* нь удаа дараа худал ярьж, шалтаг тоочин хугацаа хэтрүүлсэн. Иймд Ц.*******гаас зээлсэн 3,200,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие Ц.******* нь иргэн Н.*******гоос 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр харилцан тохиролцож 3,200,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Тухайн үед хүүгээ 10 хувиар тохиролцож зээлсэн нь үнэн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа болохоор мөнгийг нь өгч чадахгүй байна. Миний бие удахгүй үндсэн мөнгөө өгнө. Харилцан тохиролцсон хүүг нь өгч чадахгүй. Үндсэн мөнгийг 2025.03.15-2025.03.20 өдрийн хооронд төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“...Н.******* миний бие Ц.*******д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие Н.******* нь хүү 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Н.*******гийн гаргасан 3,200,000 төгрөгийг 03.10-03.20 өдрүүдэд төлнө гэсэн саналыг хүлээн авч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 3,200,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч Ц.******* нь 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас нэхэмжлэлийн шаардлага болох 3,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 800,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 3,200,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч нь 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 33,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН