| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00146/И |
| Дугаар | 307/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 307/ШШ2025/00318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00146/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...1978 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйд үтрэмийн нормчноор ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тамга тэмдэг бүдэг шаардлага хангахгүй, архивын лавлагаагаар гараагүй тул Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйн үтрэмд 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс1979 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 348 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-6 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/92 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, Хаягийн хуудас №7, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Н.Жаргалаас мэдүүлэг авсан болно. (хх 16-19, 29-35 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал байхгүй улмаас ажилласан жилийг тооцоогүй учир шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, хүсэлт гаргагчийн “...1978.08.16 Сэлэнгэ аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд нормчноор авч ажиллуулав, ...1979.12.30 Жолоочийн курст суралцах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэх бичилт, тамга тэмдэг бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбараар хүсэлт гаргагч нь 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдрийн тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН