| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0012/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/017 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,
Хохирогч Ц.М,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1714000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Б,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч М.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-15-1 тоотод 2017 оны 12 сарын 11-ний өдөр эхнэр Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-15-1 тоотод эхнэр Ц.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Ц.Мгийн ... Тухайн асуудал болохоор 2017 оны 12 сарын 11-ний өдөр манай нөхөр архи ууж би араас нь найз нөхөд рүү нь утсаар залгаснаас болж намайг хардлаа гэж ууралж маргалдаж хэрэлдээд манай нөхөр миний нүүрлүү гараараа түлхээд би орлуу унаж зууралдаж байхад гарнаас чанга барьж гар хөхөрсөн. Бас нүүрлүү гараараа мангасдаж түлххэд гарных нь хумс нүүр урж зулгарсан. Бас барилцаж байгаад хүзүү шанаа хацар зэргийг өнгөцхөн хумсаараа шалбалсан. Зүүн нүд дух хэсэгт бага зэрэг цус хуралт үүссэн. Гараараа зүүн гарыг базаж бас хөхөрсөн байсан. Ингээд хэрэлдэж байгаад хүүхэд аваад гараад явсан. ... Би тухайн үед ууртай бухимдалтай байсан учир Мөнхцэцэг миний нүүрийг маажаад хүзүү шанаа хэсэгт хумсны сорив үүссэн, бас орон дээр дарж унаад миний цээжин дээр өвдөглөсөн гэж мэдүүлсэн байсан нь үнэн. Миний нүүр, хүзүү, шанаа хэсэгт үүссэн хумсны сорив нь манай нөхөр намайг гараараа мангасдаж, нүүрлүү гараараа түлххэд үүссэн шарх байгаа юм. Би ерөнхийдөө уурлаж шаралхаж тэгж мэдүүлэг өгсөн нь үнэн. Надад сая хууль сануулсан учир үнэн зөвөөр нь хэлж байна. ... миний хувьд гомдол санал байхгүй манай нөхөр надтай эвлэрсэн. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Энэ хэрүүл маргааны хувьд надаас шалтгаалсан. Миний буруутай зүйл байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-31/,
Гэрч Ц.Эын ... Ц.М эгчтэй тааралдаад өнгөрсөн сайн уулзаж ярилцаж чадаагүй. Гэхдээ нүд нь улайсан бага зэргийн хавдартай юм шиг харагдсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 12 сарын 13-ны өдөр сургууль дээр тааралдаж уулзахад Батсайхан ахтай чинь муудалцаад гэж хэлж байсан. Надад зодуулсан талаар хэлээгүй боловч баруун нүд шиг санагдаж байна. Жаахан цус хурсан бага зэргийн хавдартай юм шиг харагдсан. Би яасан юм юунаас болсон юм гэж асуухад Ц.М эгч жаахан ярих дургүй шинжтэй байхаар нь сайн асуугаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,
Гэрч Ц.Тгийн ... Тэгэхэд Ц.М эгчийн машинд сандал ширээ зөөх гээд суусан чинь М эгч надаас миний нүд ямар байна. Мэдэгдэж байна уу будчихсан юм гэхэд нь би харсан чинь баруун нүд нь хөхөрсөн цус хурсан. Хамарны баруун тал баруун шанаа хэсэгт нь хумсаар маажсан юм шиг сорвитой, тэрийгээ будгаар будсан үсээрээ далдалсан байдалтай, нүд уйлсан хүнийх шиг бага зэрэг бүлцийсэн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/,
Шүүгдэгч М.Бы ... Ингээд би орой 19 цагийн үед очоод эхнэртэй уурлаж чи үхсэндээ хаа хамаагүй хүнтэй утсаар яриад байгаа юм гэж хэлээд хэрүүл хийж сууж байхдаа гутлаа авч шидээд толгойд нь онсон. Дараа нь 2-3 удаа нүүрлүү нь мангасдаж буюу түлхсэн. Нэг удаа зүүн гараараа баруун хацарт нь нэг удаа алгадаж авхад хойшоо саваад хана толгойгоороо мөргөсөн. ... миний хувьд эхнэрээ нэг алгадаж авхад хойшоо хана мөргөсөн. Дух баруун нүд нь хөхөрсөн. Бас би гарнаас нь чанга атгаж авснаас манай эхнэрийн гар бугалганд хөхрөлт үүссэн. Мөн хэрэлдэж зууралдаж байхад хацар шанаа хүзүүнд шалбарсан. Гар нь бас шалбарсан харагдсан. Би эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсанаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол манай эхнэр намайг маш ихээр хардаж байж суухын аргагүй болгодог болоод би тухайн өдөр тэсэхгүй зодчихсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-79/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 16 тоот шинжээчийн ... Ц.Мгийн биед тархи доргилт, баруун нүд, дух, зүүн бугалганд цус хуралт, хацар шанаа, хүзүү, сарвуунуудад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ц.М нь шүүгдэгч М.Бтай эвлэрч, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч М.Бы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Бы эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Харчин овогт М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Бы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Бы эзэмшлийн самсунг маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА