| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2210031030147 |
| Дугаар | 2023/ДШМ/928 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/928
2023 9 14 2023/ДШМ/928
С.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр прокурорын эсэргүүцлээр С.Мд холбогдох 2210031030147 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хамба овгийн С.М, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Мөнхзайсангийн 1 дүгээр гудамжны 35 тоотод оршин суудаг, /РД:УЖ03321976/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн;
С.М нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүчи зочид буудлын гадна 89-72 УНУ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашин дотор найз охин Н.Энхзулыг бусадтай хардсаны улмаас үсдэх, толгойгоор нь машины шил мөргүүлэх, толгой, биен тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи баруун шанаа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуу, зүүн алга, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 89-72 УНУ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашины дотор “утасны кодоо хэл” гэж шаардаж, хутга тулган “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийж яллагдагч С.Мд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.
Үүнд: Хэрэгт авагдсан дуудлагын лавлагааны хуудаст “...89-72 УНУ улсын дугаартай цагаан өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор хутгатай залуу нэг эгчийг дарамтлаад байна...” гэсэн /хх 9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтээр хутганы зураг /хх 13-14/, эд мөрийн баримтаар нийт 25 см урттай, 12 см ажлын хэсэгтэй хар өнгийн хуванцар иштэй хутгыг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 21/, насанд хүрээгүй гэрч Ц.Ихзаяагийн “...баруун гартаа хутга барьсан байдалтай хутгаа нуугаад ханцуй хэсэг рүүгээ ишийг нь хийсэн, бид нар луу гаргаж ирээд “та нар зүгээр зайл” гэж хэлэхээр нь бид нар хутгыг нь хараад айгаад зайгаа бариад зогсож байсан чинь бид нар луу хутгаараа далайж байгаад машиныхаа урд суудал дээр суусан чинь тухайн эмэгтэй машинаас буухаар нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх 105/ гэсэн, гэрч Н.Хатанбаатарын “...Уг дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад үл таних эрэгтэй хүн гартаа хутга барьсан байхаар нь “тайван байгаарай, хутгаа газар тавиарай” гэж хэлээд хутгаа хаяхыг шаардахад “Та хоёр зүгээр байгаа дээр өөрсдөө явчих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн этгээдийн хоёр талд гарч байгаад “эхлээд тайвшраад хутгаа газарт хаячих, тэгээд хэдүүлээ ярилцъя” гэхэд тэр залуу хутгаа ишин талаас нь Наранмандахад өгсөн...” /хх 110/, гэрч М.Наранмандахын “...эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “энэ залуу намайг хардаад ална гээд машин дотор намайг зодсон” гэхээр нь би “хаана зодсон бэ” гэхэд “машин дотроо намайг зодсон, энэ хүний машин дотор миний цүнх эд зүйл байгаа” гэхээр нь эд зүйлийг нь авч өгөөд тэр хоёр хүнийг цагдаагийн хэлтэст авчирсан. Малгайтай цамцны урд халаасанд хар өнгийн бариултай хутга байсан...” /хх 115/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч С.Мын үйлдэлд хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинж байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэн яллагдагч С.Мд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1273 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Уг гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан, нөхцөл нь найз охин болох Н.Энхзулыг бусадтай хардсаны улмаас утсан дээрх зурвас, дуудлагыг үзэх гэсэн маргаанаас үүдэлтэй бөгөөд “Заналхийлэх” гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг. Дээрх мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж дүгнэсэн байна. Яллагдагч С.Мд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд найз охин Н.Энхзулыг бусадтай хардсаны улмаас “...энэ хэн юм, кодоо гарга,... би чамайг ална гээд миний гар утсыг булааж аваад утасныхаа кодыг хэл,...” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр уг гэмт хэрэг төгссөн байна. Улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, заналхийлсэн ба заналхийлэх явцдаа хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд авагджээ. Харин С.М нь уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө бусдыг алах санаа зорилго, сэдэлт байхгүй байсан нь тогтоогдсон байна. Тухайн гэмт хэрэг гарахаас өмнө найз охин болох Н.Энхзулын бусадтай уулзсан бичлэгийг авч, гар утсан дээрээ үзүүлж, уулзсан үл таних эрэгтэй хүнийг хэн болохыг мэдэх гэсэн зорилготой байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй. Хүнийг алах гэмт хэргийн сэдэлтийн хувьд бусдын амь насыг хохироох үр дагаврыг хүсч үйлддэг ба хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаар давхар нотлогдож, шүүгч, прокуророос нотлох баримтыг үнэлэх, дүгнэх шалгуурыг хангасан байхаас гадна хүнийг алах гэмт хэргийн хувьд тухайн үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой юм. Иймд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгчийн захирамжид заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар урьдчилж тогтоогдоогүй хийсвэр, үндэслэлгүй байх бөгөөд ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэж байгаа талаараа тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.
2. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.15-т заасан “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт” гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудал байтал урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарах хүчин зүйл болох нөхцөл байдал нотлох баримтын талаар урьдчилан дүгнэлт хийснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1273 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хохирогчийн мэдүүлэгт “хэд, хэдэн удаа цохиж, хоолойнд хутга тулгаад “би чамайг ална” гээд миний гар утсыг булааж аваад “утасныхаа кодыг хэл” гэхэд би “хэлэхгүй” гэж хэлсэн” гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд хүнийг алахыг завдахыг хуульчлахдаа гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан. Шүүгдэгч С.М нь хохирогчийг шууд санаатай алахаар буюу тухайн хутгыг алах зорилгоор хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй. Зөвхөн хохирогчийн гар утсыг авч “СU” дэлгүүрт хэнтэй байсан болохыг мэдэх зорилгоор буюу хувь хүний мэдээллийг авах зорилгоор хохирогчийн биед халдаж хутга тулгасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1273 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад С.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Шүүгчийн захирамжид заасан “...Яллагдагч С.Мын үйлдэлд хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинж байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар огт шалгаагүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал байна. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Прокурор З.Бат-Амгалан “...С.М нь уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө бусдыг алах санаа зорилго, сэдэлт байхгүй байсан, мөрдөн шалгах ажиллагаагаар урьдчилж тогтоогдоогүй хийсвэр, үндэслэлгүй байх бөгөөд ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэж байгаа талаараа тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэлт хийгээгүй, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул түүний бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1273 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ