| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00114/И |
| Дугаар | 307/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2025/00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00114/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******) нарт холбогдох,
“22,861,458.09 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* (цахимаар),
Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.*******ын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан 22,861,458.09 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Б.*******, Б.******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно.
Зээлдэгч Б.*******, Б.******* нар нь тоот зээлийн гэрээний хавсралТ №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 116 хоног хугацаа хэтрүүлж, банкийг хохироож байгаа бөгөөд гэрээний 4.4-т заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 21,280,307.01 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,554,050.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,100.48 төгрөг, нийт 22,861,458.09 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.*******, Б.******* нараас ******* байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 22,861,458.09 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Б.*******, Б.******* нар нь хоёулаа миний хүүхдүүд юм. Зээл авсан нь үнэн учир зээлийг төлөхийн хувьд төлнө гэж ярьж байсан. Төлөх байх” гэв.
3.Нэхэмжлэгчээс ******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18/02/4607 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар 26-ны өдрийн 317 дугаартай “Эрх олгох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-11 хуудас)
4.Хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0037 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 25 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 22,861,458.09 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс хариуцагч Б.*******, Б.******* нараас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тоот зээл болон барьцааны гэрээний дагуу 22,861,458.09 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд зээлийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин хариуцагч Б.******* нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд мөн түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нарт хурлын товыг мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн материалтай танилцуулах зорилготой өмнө зарлагдсан шүүх хуралдаан хойшлогдсоныг дурдах нь зүйтэй
3.Хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зээл болон барьцааны гэрээгээр: хариуцагч Б.*******, Б.******* нар нь *******-иас 25,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан үйл баримт тогтоогдож байна. (хх 8-11 хуудас)
Нэхэмжлэгч ******* нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно” гэж заасан.
4.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
6.Дээрх зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрийг олгосон, зээлийн үндсэн төлбөрт 21,280,307.01 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,554,050.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,100.48 төгрөг, нийт 22,861,458.09 зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч нараас маргаагүй.
Тодруулбал, хариуцагч Б.*******ын хувьд зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Б.*******ын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хариу тайлбарыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,258 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 272,258 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******, Б.******* нараас 22,861,458.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,258 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 272,258 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН