Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/00328

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00106/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг,******байр,**** тоотод оршин суух ******* овогтой ******* ******* хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Миний бие улсад 38 жил ажиллаж байгаа бөгөөд энэ 2025 онд өндөр насны тэтгэвэрт гарна. Би 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан юм. Гэтэл тус байгууллагад ажилд орсон гарсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр минь тэмдэглэсэн байгаа боловч тушаал нь байхгүй байна. Сэлэнгэ аймаг Төв архиваас лавлагаа авахаар хандахад надад холбогдох бичиг баримт байхгүй тул өгөх боломжгүй гэсэн хариу авсан. Иймд нийгмийн даатгалын байцаагч орсон гарсан тушаал байхгүй учир тэтгэврийн жилд тооцох боломжгүй гэж үзсэн. Ингээд миний улсад ажилласан 3 жил хасагдахад хүрч эрх ашиг маань зөрчигдөж байна. Иймд Сэлэнгэ аймгийн төв архивын лавлагааны баримтыг үндэслэн миний 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан 3 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Б.******* тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

3.Хүсэлт гаргагч нь өөрийн ажилласан байдлаа тогтоолгоход ач холбогдол бүхий тушаал, шийдвэрийг гаргуулах гэтэл бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа талаар дурджээ.

4.******* нь ...1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдалтай холбоотой ...Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Төрийн архивын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаартай тодорхойлолт, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг гаргаж өгсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17/126 дугаар албан бичиг, хаягийн хуудас, ХААТР-1 маягт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаартай АУДунд сургууль төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, гэрч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, гэрч нарын иргэний үнэлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт ач холбогдолтой, хүсэлтийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.

6.Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч *******г 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

7.Хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1990.10.01 Баянгол сумын хүний их эмчийн салбарт сувилагчаар авч ажиллуулах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ХИЭС-ын эрхлэгчийн 1990 оны 10-р сарын 1-ний 18 тоот тушаалаар гээд мөн дэвтэрт 1993.10.1 Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлж Баянгол дахь Ардын банкны салбарт шилжүүлэв, Баянгол сумын эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 10-р сарын 1-ний өдрийн 21 тоот тушаалаар гэсэн хэсэг, гэрч ...Би 1989 оны 07 дугаар сард ажилд орсон. ******* намайг ажилд орсны дараахан ажилд ороод, 1993 оны 10 сар хүртэл хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт ажиллаж байсан. Би тэр үед асрагчаар, ******* сувилагчаар ажиллаж байсан... гэх, гэрч ******* ...*******тай 1990 оноос 1993 он хүртэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримт болох Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаартай АУДунд сургууль төгсөгчдийг хувиарлах тухай тушаалын 2-т ...Баруунхараагийн их эмчийн салбарт ...*******г ... сувилагчаар... гэсэн нотлох баримтуудаас үзвэл ******* нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогтой ******* 1990 оны 10 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС