Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У, Ц.Н нарт холбогдох 1714000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.У,

2. Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У, Ц.Н нар нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Есөн-Эрдэнэ захын Анурад худалдааны төвийн урд талд иргэн О.Бг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирон учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.У, Ц.Н нар нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ захын Анурад худалдааны төвийн урд талд иргэн О.Бг автомашинд нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч О.Бгийн ... Есөн-Эрдэнэ захын Анурад худалдааны төвийн хажууд ирхэд наана аа зогс гэхээр нь зогссон чинь тэр эмэгтэй утсаар яриад хүн дуудаад байгаа бололтой, хурдан Анурадын урд хүрээд ир гэж нөгөө хүндээ хэлж байсан. Би яагаад байгааг нь ойлгоогүй сууж байсан. Гэтэл нэг их удаагүй 5 орчим минутын дараа 1 эмэгтэй хүн миний машины урд талын суудалд орж ирж суугаад учир зүггүй савхин бээлийгээр нүүрлүү буюу нүдрүү шавхуурдаж авсан. Би учрыг нь ойлгоогүй. Тэр эмэгтэй миний нүд нүүрлүү хар өнгийн савхин бээлийгээр шавхуурдаж байхад ард сууж байсан эмэгтэй миний араас үснээс зулгаагаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилж янз бүрээр хэлсэн бөгөөд намайг янхан гичий хөдөөний улаан хүүхэн гэх зэргээр доромжилж байсан. ... Машины урд сүүлд суусан эмэгтэй хүний нэрийг мэдэхгүй тэр хүн намайг савхин бээлийгээр шавхуурдаж бас гараа зангидаж байгаад толгой нүүрлүү цохиж аваад байсан. Ард сууж байсан эмэгтэй болохоор миний хойноос үсдэж аваад хөхнөөс зулгааж бас нүүрлүү цохиж, нүүр самардаж аваад байсан. Миний хувьд нүүрээ дарж хамгаалаад байсан болохоор яг хэнийг хэдэн удаа цохиж авсан талаар хараагүй хэлж мэдэхгүй байна. Энэ 2 хүн намайг нийлж зодсоноос болж миний биед гэмтэл учирсан. Машины ард сууж явж байсан хүний нэр нь Нарангоо гэсэн. Би энэ 2 хүнийг сайн танихгүй. ... Би Сандаг гэж хүнийг танина. Энэ хүнтэй 2016 оны 08 сард танилцаж 2016 оны 11 сарын үеэс утсаар ярьдаг байсан. Надад Сандаг нь хэлэхдээ эхнэртэй байж байгаад салсан гээд байсан. Би эхнэртэй хүн гэдгийг нь мэдэхгүй. Миний ойлгож мэдсэнээр Сандагийн эхнэр намайг зодсон Нарангоо гэж хүн байсан юм байна лээ. Хамт байсан хүн нь Нарангоогийн эгч нь гэсэн. ... Надад миний алга болсон ээмэгний үнэ болох 130.000 төгрөг, эмчилгээнд хэрэглэсэн байсан 62.000 төгрөг, тархины бичлэг хийлгэсэн 70.000 төгрөг, эм тарианы үнэ болох 38.000 төгрөг гээд нийт 300.000 төгрөгний хохирлыг төлсөн. Бас надад Ц.Н 2018 оны 01 сарын 04-ний өдөр эм тариа авч өгсөн. Тэгхэд 40 гаран мянган төгрөг болсоныг төлсөн байгаа. Надад одоогоор нэхэмжлэх зүйл алга. Миний эмчилгээнд гарсан зардлыг өнөөдрийн байдлаар бүрэн төлөөд байна. Надад цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл алга ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22, 28-29/,

Шүүгдэгч Ц.Уын ... Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 12 цагийн үед дүү Ц.Н нь надруу залгаад нөгөө Бтай би хамт байна. Анурадын үүдэнд хүрээд ир гэж хэлж би явж очход Б нь машинтай Нарангоо нь арынх нь суудалд суусан байсан. Ингээд би машинд ороод чи яагаад гэрлүү юм цацаад байгаа юм. Ямар учиртай, яах гээд байгаа юм гэж асуухад Б нь би цацаагүй гэхэд нь чи худлаа яриад хэрэггүй, чиний юм цацаж байгаа чинь дэлгүүрийн камерт бичигдсэн байна лээ. Чи худлаа гэвэл өөрөө очиж шалга тэгээд цагдаа дээр хамт очиж учраа хэл гээд машинаа асаа гэхэд машинаа асаахгүй байхаар нь би тухайн үед гартаа барьж явсан өөрийнхөө савхин бээлийтэй гараараа нүүрлүү нь шавхуурдсан. Тэгхэд нүд нь хөхөрсөн. Бас манай дүү Нарангоо араас нь үснээс нь зулгааж цохиж авсан нь үнэн. Миний хувьд Бг зодож хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,

Шүүгдэгч Ц.Нгийн ... Тэгтэл таксины жолооч нь Б гэж хүүхэн байсан бөгөөд энэ хүүхэн надтай 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа Сандагдоржтой уулзаад утсаар яриад байсан. Бас манай эгчийн гэрлүү юм цацаад байсан юм. Ингээд уг таксинд явж байгаад эхлээд суусан 2 хүн зах дээр буусан. Тэгээд би ганцаараа үлдээд Анурад дэлгүүрийн өмнө зогсоход нь эгч Ууганбаярлуу залгаж өчигдөр гэрлүү чинь юм өргөөд байсан хүн чинь энд байна. Та Анурад дэлгүүрийн өмнө хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Бд адилхан эмэгтэй хүмүүс байж яагаад гэр бүл үймүүлээд яваад байгаа юм гэхэд  чамд ямар хамаатай юм гэж хэлээд байж байтал манай эгч хүрч ирээд машинд суусан. Тэгээд манай эгч Ууганбаяр нь Бд хандаж би чамд ямар ч гэм хийгээгүй байхад гэр оронлуу яагаад юм өргөөд байгаа юм бэ гэхэд Б нь би юу ч өргөөгүй гэхэд эгч тэгвэл камерын бичлэг байгаа очиж үз, тэгээд цагдаа оръё гэхэд Б нь үгүй гээд машинаас буу гэхэд эгч машинаас нь буугаад чиний машинаар явах шаардлага байхгүй. Машинаа наанаа цоожлоод яв гэхэд Б нь машинаасаа буухгүй байсан чинь эгч татаат буухгүй болохоор нь буцаж машинд суугаад камерын бичлэгээ очиж хар гэхэд явахгүй байж байгаад явсан. ... ингээд цагдаа оръё гэхэд явахгүй байсан учир би нүүрлүү нь 1-2 удаа алгадаж араас үснээс нь зулгаасан. Манай эгчийн хувьд нүүрлүү нь тухайн үед барьж явсан савхин бээлийгээр шавхуурдсан. Тэгхэд нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан. Бг эгчийн хамтаар зодож хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа ... миний хувьд О.Бд учирсан гэх хохирлоос алга болсон гэх ээмэгний үнэ болох 130.000 төгрөг, тухайн үед эм тариа авсан гэх 62.000 төгрөг, тархины бичлэг хийлгэсэн гэх 70.000 төгрөг, эм тарианы үнэ болох 38.000 төгрөг гээд нийт 300.000 төгрөгийн хохирлыг бэлнээр өгсөн. Мөн 2018 оны 01 сарын 04-ний өдөр эм тариа авч өгсөн. Тэгхэд 38.000 төгрөг болсоныг төлсөн байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-64/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 09 тоот шинжээчийн ... О.Бгийн биед тархи доргилт 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алим, бугалгад цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, баруун хацар, шанаа зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ц.У, Ц.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.         

Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 300.000 төгрөгийг бэлнээр, 38.000 төгрөгийн эм тариаг шүүгдэгч талаас хүлээн авч нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэргийн 28-29 дүгээр хуудсан мэдүүлж, хэргийн 101 дүгээр хуудсанд нэхэмжлэх зүйлгүй талаархи хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ц.У, Ц.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Уын эзэмшлийн Jiket маркийн оёдлын машин, шүүгдэгч Ц.Нгийн эзэмшлийн Samsung galaxy S4 маркийн гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Олгонууд овогт Ц.У, Олхонууд овогт Ц.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Н нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Н нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.У, Ц.Н нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Уын эзэмшлийн Jiket маркийн оёдлын машин, шүүгдэгч Ц.Нгийн эзэмшлийн Samsung galaxy S4 маркийн гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Ц.У, Ц.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.У, Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА