Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/793

 

   

 

 

 

 

     2023           8               8                                        2023/ДШМ/793          

 

 

О.Тод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ц.Сайнхүү,

           шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч П.Баттулга, Б.Галхүү,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Галхүү, П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Тод холбогдох эрүүгийн 2206000003223 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дом дулигад овгийн О.Т, 1998 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................... оршин суух бүртгэлтэй боловч ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

           Шүүгдэгч О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан хуушуур” нэртэй цайны газрын хажууд хохирогч Э.Ххүч хэрэглэн довтолж, хохирогчоос нөүтбүүк, нөүтбүүкийн хулгана, чихэвч, бэлэн 53.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Тод урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Тын саатуулагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө Монгол Улсын Боловсролын Их Сургуульд оюутан байсан. Сургуулиа төгсөөд өөрийн мэргэжлээрээ ажиллаж, өндөр настай эцэг эхийнхээ ачийг хариулна гэж бодож явсан. Даанч өөрийн мунхгаас болж, болчимгүй үйлдэл гарган ийм гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би дахиж ийм ийм хууль бус гэмт хэрэг хийхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хууль дүрмийг чанд сахиж зөв шударгаар хөдөлмөрлөн амьдрах тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих  ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв. 

            Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Галхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч П.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.23 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан.  Мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын хянан шалгах ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр О.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд анхан шатны шүүх уг зүйлд зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Т, хохирогч Э.Х нар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Хаан хуушуур”-ын цайны газарт орж хоорондоо танилцаж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нэг нутаг усны хүмүүс болж утасныхаа дугааруудыг хоорондоо өгч авалцсан. О.Т нь Э.Х, Н.Э нарыг “манайд хамтдаа очъё, хоол хийж өгье” гэж ярилцаад хамтдаа гадаа гарч явахдаа хүч хэрэглэн дээрэмдэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин тэр 2 үл ялих зүйлээс болж маргалдахад Э.Х нь “би чамайг хутгална” гээд кармаагаа ухаад зогсож байхад нь О.Т нь биеэ хамгаалах зорилготойгоор түүнийг цааш түлхэхэд уначхаад цүнхтэй нөүтбүүкээ үлдээгээд явахад О.Т түүнийг дуудаж хэсэг хугацаанд хүлээгээд ирэхгүй болохоор нь хүний юмыг энэ чигт  үлдээлтэй биш гээд аваад явсан гэж мэдүүлдэг. Э.Х нь О.Т миний араас цохиж хүч хэрэглэн дээрэмдсэн гэсэн мэдүүлгүүд нь эрс зөрүүтэй тул тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах хүсэлтийг прокурорт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалтын эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар О.Тод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тус тус 2 удаа хянан хэлэлцэгдсэн. Хэрэг гардаг үед шүүгдэгч О.Т, хохирогч Э.Х нараас өөр хүн байгаагүй. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийг эс зөвшөөрч прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, уг эсэргүүцлийн үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэж байсан. Хохирогч Э.Х “О.Т намайг цохиж яваад эд зүйлсийг минь авсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 удаа мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч О.Т нь гэм буруу дээрээ маргадаг. Харин давж заалдах шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал нь тодорхой бус байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан хуушуур” нэртэй цайны газрын хажууд хохирогч Э.Ххүч хэрэглэн довтолж, хохирогчоос нөүтбүүк, нөүтбүүкийн хулгана, чихэвч, бэлэн 53.000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь:

хохирогч Э.Хын "...би Тын хамт Хаан хуушуураас гараад доошоо уруудаад явж байсан чинь Т миний ард явж байснаа намайг араас унагаагаад дээрээс миний бие рүү хэд хэдэн удаа цохиод цүнхийг минь аваад явсан. Цүнхэн дотор нөүтбүүк, нөүтбүүкний хулгана, чихэвч, бэлнээр 53.000 төгрөг байсан. Миний зөөврийн компьютерт ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй, хэвийн ажиллаж байна. Зөөврийн компьютерын нууц дугаарыг сольсон байсан, би урд нь өөрөө нууц дугаар хийсэн байсан боловч дугаарыг нь солиод өөрчилсөн байна. Миний утасгүй чихэвчний нэг ширхэг нь байхгүй байсан, бас бэлэн 50,000 төгрөг байхгүй болсон. Би өөрийн чихэвч болон бэлнээр 50.000 төгрөг нэхэмжилж байна. ..." /хх 10, 45/,

гэрч Н.Э"... бид 3 “Хаан хуушуур” нэртэй цайны газар орсон. Тэгээд гарсан чинь нөгөө залуу “манайх руу явъя” гээд байсан. ...тэгээд би хальт зогсож байгаад Хыг “явъя” гэсэн чинь “явахгүй” гээд байсан. Тэгээд Х нөгөө залуутай “хамт явлаа” гэхээр нь би түрүүлээд яваад өгсөн. Би бодохдоо тэр залууг ижил хүйстэн сонирхдог юм болов уу гэж бодсон, бид хоёрыг танихгүй байж, дөнгөж танилцаад “манайх руу явъя” гээд гуйгаад “хоол унд хийж өгье, манайд очиж ууя” гээд байсан, Х нөүтбүүктэй явж байсан, цүнхэн дотор нь утасгүй чихэвч байсан, тэрийг нь хэдэн хос гэдгийг нь мэдээгүй. ...эхлээд 7 буудалд байхдаа тооцоог би хийсэн, дараа нь Х караокед байхдаа тооцог хийсэн, баарны тооцоог бас Х хийсэн. ...Цайны газарт байхдаа Х өндөг аваад байсан, тооцоог бэлнээр хийсэн санагдаж байна. Хт бэлэн мөнгө байсан, яг хэд байсныг мэдээгүй. ..." /хх 14/,

Шүүгдэгч О.Тын яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр Хаан хуушуураас гарч байгаад муудалцсан, тэгээд маргалдаад тэр залуу намайг заамдсан. Тэгснээ намайг хутгална гэж хэлээд халаасаа ухсан, тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад тэр залууг цааш нь хүчтэй түлхээд мангасдсан. Тэгсэн тэр залуу цүнхээ орхиод цаашаа гүйгээд явсан. Би араас нь хөөе гэж хэлж амжаагүй, тэгээд би цүнхийг нь аваад явах хэцүү, орхиод явах хэцүү байдалд орсон. Тэгээд би цүнхийг нь аваад гэрлүүгээ явсан. Би нөгөө залууг хэсэг хүлээгээд ирээгүй. Гэртээ очоод цүнхийг нь үзсэн чинь нөүтбүүк, хулгана, утасгүй чихэвч байсан, дотор нь нэг ширхэг чихэвч байсан.  7 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуулдсан. ...” /хх 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан “...зөөврийн комптютер, цүнх, хулгана, чихэвч, цэнэглэгч” зэргийг зах заалийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 703.360 төгрөгөөр  үнэлэгдэв. /хх 15-16/,

О.Тоос гаргаж өгсөн нөүтбүүкийн хар өнгийн цүнх, Ассер маркийн нөүтбүүк, нэг ширхэг утасгүй чихэвч, нөүтбүүкийн цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, уг эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 29-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч О.Тыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Т нь “Хаан хуушуур” нэртэй цайны газрын хажууд хохирогч Э.Ххүч хэрэглэн довтолж, хохирогчоос нөүтбүүк, нөүтбүүкийн хулгана, чихэвч, бэлэн 53.000 төгрөгийг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан хуулийн заалтаас  2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан байна.  

            Шүүгдэгч О.Т “...анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих  ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...”, 

            Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Б.Галхүү “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү. ...”, 

            Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч П.Баттулга “...О.Тыг аргагүй хамгаалалтын эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хүч хэрэглэхээр заналхийлж довтлох нь бодит байдалд хохирогчийн бие, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүйн гадна, заналхийлэл үр дүнд хүрсэн эсэх нь гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй бөгөөд энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээдийн өөрийнхөө санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл шалтгаалан хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Галхүү нар нь гэм буруугийн талаар маргасан ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөн ял шийтгэл оногдуулах талаар санал гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжтой гэж үзэж байна.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

            Шүүгдэгч О.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иймд шүүгдэгч О.Тын өмгөөлөгч П.Баттулгын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч  Б.Галхүү нарын “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Шүүгдэгч О.Т 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тод 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, түүний өмгөөлөгч П.Баттулгын  “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               М.АЛДАР

  

ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ