Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0970

 

 

   2024           11          29                                     128/ШШ2024/0970

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд   

Маргааны төрөл: “******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах,  Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А. Газар ашиглах эрх, төслийн тухай: Манай компанийн "Аялал жуулчлал"-ын зориулалтаар ашиглах эрх бүхий, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Өвгөний ам нэртэй 33.4 га талбай нь анх Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2011 оны 12-р сарын 26-ны өдрийн А-491 тоот тушаалаар олгогдсон ба үүнээс хойш ******* дугаартай Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж, хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Манай компанийн хувьд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Өвгөн, Түргэний аманд хэд хэдэн газар ашиглах эрхтэй бөгөөд тус газруудад ******* жуулчлалын томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус ******* жуулчлалын төслийн эхний ээлжийн төслийн бүтээн байгуулалт хийгдэж, залгаа орших талбайд 10 орчим барилга байгууламж барьж ашиглалтад оруулаад байгаа. Түргэн, Өвгөний аманд хэрэгжүүлж буй төсөл нь цар хүрээний хувьд ихээхэн том хэмжээний төсөл учир нэг дор бүхий л барилга байгууламжийг барих боломж өнөөгийн нөхцөлд ховор ба төслийн бүтээн байгуулалтын ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж байна. Үүнд:

2.7 км урттай асфальтан хучилттай засмал замыг өөрийн хөрөнгөөр Монгол Улсын стандартад нийцүүлж барьж байгуулан холбогдох мэдээллийн санд бүртгүүлсэн, 2. Цахилгааны техникийн нөхцөлүүдийг эрх бүхий этгээдээс авч, 3 км урттай, 35кВ-ын хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам, 630кВА-ын хүчин чадалтай трансформаторыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, 3. Газрын зарим хэсэг хашаа, хаалт барих зэрэг ажил гүйцэтгэсэн, 4. Тус газарт археологи, палеонтологийн судалгааг Шинжлэх ухааны хүрээлэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн, 5. Археологи, палеонтологийн судалгааны үр дүнгээр илэрсэн олдворуудыг авран хамгаалах ажиллагааr Шинжлэх ухааны хүрээлэнгээр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн, 6. Төслийн талбайн байгалийн унаган төрхийг хадгалах, сэргээх зорилгоор мод бут тарьж, ногоон байгууламжтай болгох чиглэлээр ихээхэн ажил хийж гүйцэтгэсэн, 7. Төсөл хэрэгжих талбайн хөрсний инженер геологийн судалгааны ажлыг эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн, 8. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох төрийн байгууллагаар баталгаажуулсан, 9. Манай компанийн хувьд зөвхөн 33.4 га газарт л гэхэд 470.9 сая төгрөгийг газрын төлбөрт жил бүр төлдөг ба анх авснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн газрын төлбөрийг улс, орон нутгийн төсөв төлж хувь нэмрээ оруулсан ба байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой хэмжээний зардлыг зарцуулж ирсэн. 10. Манай компани нь 33.4 га газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолбор, морин тойруулга бүхий ******* жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг “Э” ХХК-аар гүйцэтгүүлсэн ба нарийвчилсан зураг төслийн ажлыг олон улсын мэргэжлийн зураг төслийн компани болох "China Construction Engineering Design&Research Institute Co., ltd"-иар гүйцэтгүүлж байна. Б. Болсон үйл явдал: Манай компани ашиглах эрх бүхий газраа үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор зохих шаардлагыг хангасан хашааг барих ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд манай компаниас 2022 оны 7, 8 дугаар сард 01/31 болон 01/33 тоот "Зөвшөөрөл хүсэх тухай" албан бичгүүдийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааа /цаашид "Хамгаалалтын захиргаа" гэх/-нд хүргүүлсэн. Хамгаалалтын захиргаанаас уг хүсэлтийн хариуг шуудангаар илгээсэн гэх боловч бидэнд ямар нэгэн хариу бичиг ирэхгүй байсан тул энэ талаар тодруулж Хамгаалалтын захиргааны дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй очиж уулзахад хариу бичиг илгээгээгүй болох нь тодорхой болсон. Хамгаалалтын захиргаанаас хашаа барихыг амаар зөвшөөрч, бусад иргэд, аж ахуй нэгжээс гомдол ирж байгаа тул уг асуудлыг яаралтай шийдвэрлэх, мөн өмнөх хашаа барих хүсэлт шийдвэрлэх хугацаа дууссан тул дахин ирүүлэхийг хүссэн. Ингээд 2022.11.25-ны 01/47 тоот хүсэлтээ хүргүүлж, хүйтрэхээс өмнө хашаагаа барьж эхэлсэн (барьсан хашаа нь НИТХ-ын 2022.03.24-ны №23-р тогтоол, UCS0001- 02:2019 Иж бүрэн гудамж стандартын шаардлагыг бүрэн хангадаг). Гэвч энэ үед хашаа арга хэмжээ зарлагдаж, Хамгаалалтын захиргааны байцаагч нар хашаа барихыг зогсоож, улмаар 2022.12.06-ны 1717 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр асуудлыг хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө зохистой хэлбэрээр шийдвэрлэх шаардлагатай байгааг талаар мэдэгдсэн. В. Сонсох ажиллагааны тухай: Гэтэл 2022.12.27-ны 2933 тоот "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр манай газрыг хэсэгчлэн цуцлах талаар мэдэгдсэн. Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу манай компани нь орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг нийтээр ашиглах албан ёсны орц, гарц болгуулж, гэрчилгээнээс хасалт хийлгэх тухай хүсэлтээ 2023.01.02-ны №01/01 тоот албан бичгээр хүргүүлсэн. Мөн Хамгаалалтын захиргааны саналын дагуу хоёр дахь орц, гарц гаргах талаар биечлэн уулзаж, боломжгүй талаарх бодит нөхцөл байдлыг тайлбарлаж, 2023.03.07- ны 01/04 тоот албан бичгээр Хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн. Улмаар манай компаниас 2023.06.05-ны 01/18, 2023.06.08-ны 01/19 тоот албан бичгүүдээр Яаманд хандаж, манай компани нь орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг нийтээр ашиглах албан ёсны орц, гарц болгуулж, гэрчилгээнээс хасалт хийлгэх тухай хүсэлтээ дахин гаргасан. Г. Захиргааны актыг танилцуулсан тухай: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023.10.25-ны №01/1276 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 1139.74 м.кв газрын эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон учир гэрээг шинэчлэн байгуулах талаар мэдэгдэн, Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хавсарган ирүүлсэн. Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны А/531 тоот тушаалд "... хамгаалалтын захиргааны 2023 оны 487 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу ... 1139.74 м.кв газрын эрхийг хүчингүй болгосон" гэжээ. Өөрөөр хэлбэл, манай компанийн орц, гарцын зориулалтаар, сайн дураараа хасалт хийлгэхээр хүсэлт гаргасан 1275 м.кв газрын эрхийг хүчингүй болголгүй байсаар, зөвхөн хамгаалалтын захиргааны саналын дагуу орц, гарцын зориулалтаар 1139.74 м.кв газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын хууль бус эс үйлдэхүй, мөн 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаал нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: НЭГ. ******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд. Манай компани "1275 м.кв газрыг хэсэгчлэн хүчингүй болгуулах /хасуулах/ тухай" хүсэлтийг 2023 оны 01/01 тоот, 2023 оны 01/04 тоот албан бичгүүдээр "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-аар дамжуулан, 2023 оны 01/18 тоот, 2023 оны 01/19 тоот албан бичгүүдээр Байгаль орчин, ******* жуулчлалын яаманд шууд хандсан. Гэтэл хариуцагч нь манай компанийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй буюу ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй өдийг хүргэсэн, нөгөө талаас манай хүсэлтэд зааснаас өөр газраар орц, гарц гаргахаар Байгаль орчин, ******* жуулчлалын сайд 2023 оны А/531 тоот тушаал шийдвэрлэснээс үзвэл манай хүсэлтийг цаашид шийдвэрлэхгүй нь тодорхой болж байна. Иймд 1275 м.кв газрыг тухайн талбайн хэмжээнээс хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ХОЁР. Байгаль орчин ******* жуулчлалын сайдын 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд. 1. Маргаан бүхий актад тухайн газар нь "бусад газар ашиглагчийн орц, гарцыг хаасан байрлалтай тул..." гэсэн үндэслэл заасан. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглагчид олгогдсон газрын эрхийг бусдын орц, гарцыг хаасан байрлалтай гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байдаггүй. Тушаалд заагдсан 1139.74 м.кв газрыг урьд өмнө нь орц, гарц гэж албан ёсоop зарласан зүйл байхгүй, нөгөө талаар тус хэсгээр л орц, гарц гаргах, машин явах боломжтой цор ганц хувилбар биш юм. Харин эрх бүхий захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу олгогдсон газрыг ашиглагч нар нь бусдын газраар дамжин өнгөрөх зайлшгүй шаардлагатай бол энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн Хөршийн эрх, Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэх ёстой асуудал. Иймээс манай ашиглаж буй газраар дамжин өнгөрөх шаардлагатай гэж үзсэн хөрш этгээд нь өөрөө иргэний хэргийн шүүхэд хандах замаар асуудлыг шийдвэрлүүлэх боломж нээлттэй байхад хариуцагч тухайн асуудалд оролцон хууль зүйн үндэслэлгүйгээр манай газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон. 2. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т "хуульд үндэслэх”, 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримталдаг. а) Хуульд үндэслэх тухай: Захиргааны байгууллага хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх буюу хуульд заагаагүй үндэслэлээр дур мэдэн шийдвэр гаргахгүй байх нь хуульд үндэслэх зарчмын нэг агуулга байдаг.

 

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.1-т заасныг баримталсан ч нэхэмжлэгчийг ямар хууль тогтоомж, гэрээнд заасан ямар нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар тушаалд заагаагүй байна. Харин дараах үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт болно. Үүнд:  2021.12.20-ны №2021/264 тоот газар ашиглах тухай гэрээнд хашаа, хайс барих, буулгах тухай зохицуулалт байхгүй тул газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд хашаа барих зөвшөөрлийн төрөл байхгүй. НИТХ-ын 2019 оны 24/17 дугаартай тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам" нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасагдсан, Захиргааны ерөнхий хуулийн 67.3-т заасны дагуу эрх зүйн үйлчлэлгүй болсон байна. Зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй тухай: Захиргааны шийдвэр нь хууль ёсны зорилгод хүрэх хамгийн боломжит аргыг сонгосон буюу тухайн нөхцөлд иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгийн багаар хөндөх хувилбарыг сонгож хэрэгжүүлсэн байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.7-д заасан зохицуулалтын дагуу захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, сонгох боломжийг буруу хэрэглэсэн. Тодруулбал, манай компанийн санал болгосон 1275 м.кв болон одоо цуцлагдаад буй 1139.74 м.кв газрууд нь хоорондоо 400 метр орчим зайтай бөгөөд асфальтан хучилттай тул автомашинаар явахад ямар нэгэн асуудалгүй, маш ойрхон газар болно. Хэрвээ хариуцагч 1275 м.кв газраар орц, гарц гаргах буюу хасалт хийлгэх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн тохиолдолд манай компанийн зөвшөөрөөгүй, манай компанид хохирол учруулах хэсгээр орц, гарц гаргах шаардлагагүй байсан. Зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбайд хаалт, шон босгосон хуулийн этгээдийн үйлдлийг зогсоож, тэдгээрийг буулгах ажлыг хариуцагч зохион байгуулах хэрэгтэй байсан. Иймээс уг захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит байдлыг бүрэн тогтоож, хамгийн боломжит аргыг сонгох зарчимд харшилсан. в) Хууль ёсны итгэлийг хамгаалах тухай: Маргаан бүхий акт нь манай компанийн ашиглах эрх бүхий газар дээрээ цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шууд нөлөөлж, улмаар эдийн засгийн хувьд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэж байна. Тухайлбал, орц, гарц гаргаж, газрыг 2 хэсэг салгаж, хуваах тохиолдолд манай төлөвлөлт хийсэн ажлын зураг ашиглагдах боломжгүй болох /төсөл 2 хуваагдана/, дахин ихээхэн хэмжээний зардал, нэмэлт ажлууд гарах, хугацаа алдах зэрэг манай компанид хохиролтой нөхцөл байдал үүсгэж, санхүүгийн хувьд алдагдал хүлээхээр болоод байна. Хэрэв цуцалсан газраар заавал орц, гарц байх ёстой гэж үзсэн бол анх газар ашиглах зөвшөөрөл олгохдоо хариуцагч энэ талаар нягтлах бүрэн боломжтой байсан ба нэгэнт олгогдсон талбайг ашиглаж арав гаруй жил болсны дараа ийм үндэслэл гаргаж байгаа нь "хууль ёсны итгэлийг хамгаалах" зохицуулалтад нийцэхгүй байна. Иймд Байгаль орчин ******* жуулчлалын сайдын 2023 оны 9-р сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т зааснаар хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчид олгосон газраас 1139 м.кв газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын тушаал нь гарахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1933 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж хариу тайлбарыг авсан ба мөн хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1717 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр нэхэмжлэгчид зөрчилтэй талаар мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны дагуу хариу тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", 35.3.2."газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх" гэж заасныг нэхэмжлэгч талаас зөрчиж тогтоосон газраар бус өөрсдөө дур мэдэн орц гарц гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан. ******* дугаар гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, ******* жуулчлалын яамнаас орц, гарцыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэх боломжгүй, тогтоосон хэмжээгээр гаргах боломжтой талаар мэдэгдсэн байх тул үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул "******* *******" ХХК-аас Байгаль орчин, ******* жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Гуравдагч этгээд “Ц” ХХК, “Ё” ХХК, “А” ХХК, “С*******, ХХК, “В” ХХК, “Э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “"******* *******" ХХК-ийн тус шүүхэд ******* тоот газар ашиглах гэрчилгээ бухий 33.4 га газрын Г талбайгаас 1275 м2 газрын хасалт хийлгүүлэх, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч "Ц" ХХК, "Е" ХХК, "А" ХХК, “С*******" ХХК, "В" ХХК, "Э" ХХК зэрэг зургаан гуравдагч этгээдийг төлөөлөн энэхүү тайлбарыг гаргаж байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь захиргааны акт нь хуульд үндэслэх, өөрөөр хэлбэл: 1/захиргааны байгууллага нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхгүй байх, 2/хууль заагаагүй үндэслэлээр дур мэдэн шийдвэр гаргахгүй байх ёстой учир энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү. "******* *******" ХХК нь "Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, гэрээний дагуу газрыг ашиглаж, хууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн" гэжээ. Гуравдагч этгээдүүд нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаалыг а) Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1 дүгээр зааснаар “иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах" захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гарсан, б) Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.1 заалтад үндэслэсэн хууль ёсны акт учир хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.4-т газар ашиглах эрхийг хүчингүй болгох дараах үндэслэлийг тогтоосон: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; (Газрын тухай хуулийн 40.1.1), эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; (Газрын тухай хуулийн 40.1.5), хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй (Газрын тухай хуулийн 40.1.6), бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ биелүүлээгүй (Газрын тухай хуулийн 35.3.5). Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасан учир газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах хууль ёсны үндэслэл бий болсон байна. Нэгдүгээрт, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас газар ашиглах ******* тоот гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 5 жилийн хугацаатай олгож гэрчилгээний хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болоход сунгалгүй, 5 жилээр хожимдуулж 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдөр сунгуулсан байна. /1 боть хх. 9-10 хуудас/ Энэ нь Газрын тухай хуулийн 35.1.5, 2021 оны 2021/254 тоот газар ашиглах гэрээний 5.13 заалтыг зөрчиж Газрын тухай хуулийн 39.1.1-т заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн байна. Хоёрдугаарт, 2019-2020 газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 2 жилээр хожимдуулж 2021 онд төлсөн байна. /Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт *******. 1 боть хх. 18 хуудас/ Энэ нь Газрын тухай хуулийн 35.3.3, 2021 оны 2021/254 тоот газар ашиглах гэрээний 2.3-ийн "в" заалтыг зөрчсөн үйл баримт юм. Гуравдугаарт, газрыг ашиглах гэрчилгээг 2011 онд авснаас хойш 10 жилийн хугацаанд газрыг зориулалтаар нь ашиглаагүй байна. Энэ үйл баримт нь Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, "******* *******" ХХК-ын захирал Д. Х хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" 2021/254 тоот гурвалсан гэрээний 1.9-заалтын "б" хэсэгт "Ашиглалтын өнөөгийн байдал: ашиглаагүй." гэсэн заалтаар нотлогдож байна. /1 боть хх.11 хуудсын арын нүүр/. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй" зөрчил бөгөөд Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн байна. УДШ 2008 оны 3 дугаар сарын 31-ны 15 тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг тайлбарлахдаа “гэнэтийн давагдашгүй хүчин, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэжээ. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч нь нийтийн эдэлбэрийн газар дээр улсын хөрөнгөөр баригдсан сайжруулсан шороон замыг асфальтаар хучин, зам дагуу 5 км орчим газар Богд хан уулын дархан цаазат газрын зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж 20 гаруй аж, ахуй нэгж, иргэдийн орц, гарцыг хааж, тэдгээрийн газраа ашиглах эрхийг нь нь хязгаарлаж, хохироох үйл ажиллагааг явуулсан нь Газрын тухай хуулийн 35.3.5-д заасан "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх" тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Ийм учраас эрх нь зөрчигдсөн аж, ахуйн нэгж, иргэд нь удаа дараа Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн автозамын газар, БОАЖ-ын яаманд хандаж өргөдөл гаргасны үндсэн дээр БОАЖ-ын сайд сонсох ажиллагаа явуулсаны үндсэн дээр 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаалыг гаргаж "Монголын Алтан *******" ХХК-ын газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон. Энэ тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.1-т нийцсэн хууль ёсны шийдвэр юм.Захиргааны Ерөнхий хуулийн 37.6-д “Хууль бус захиргааны акт" гэдэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэжээ. БОАЖ-ын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаал нь хуульд нийцсэн, эрх зүйн зөрчилгүй, сайдын эрх хэмжээний хүрээнд батлагдсан акт учир хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Захиргааны шийдвэр нь хууль ёсны зорилгод хүрэх хамгийн боломжит аргыг сонгох тухайд Нэхэмжлэгч НЬ БОАЖ-ын сайд 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаалаар цуцлагдаад байгаа 1139.74 м.кв газрын орц, гарц (цаашид “1 хувилбар” гэх) нь цорын ганц хувилбар биш 400 метр орчим зайнд 1275м. кв (цаашид “2 хувилбар" гэх) орц, гарцыг гаргах нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч санал болгоод байгаа 2 хувилбарыг ганцхан аж ахуйн нэгж “С******* " ХХК-ийн жишээ нь дээр тайлбарлахад “С*******" ХХК-ийн машин техник нь өөрийн эзэмшлийн газраас 800 орчим метр хэтэрч өнгөрөөд буцаад 4-5 орчим айлын газраар дайрч, хэргисүүрүүдийш тойрч 1 орчим км явсаны эцэст бараг 2 км тойруу замаар газартаа очих болоод байна. Харин 1 дүгээр хувилбараар орц, гарц гаргасан тохиолдолд хэний ч газрыг дайрч өнгөрөхгүй шууд өөрийн эзэмшлийн газартаа хүрч байгаа юм. БОАЖ-ын яамны санал болгосон нэгдүгээр хувилбар нь аж, ахуйн нэгж иргэдийн хувьд өөрийн газарт хүрэх хамгийн дөт зам төдийгүй, байгаль орчинд олон салаа зам гаргаж хөрсний эвдрэл үүсгэхгүй, тэнд орших олон тооны хэргисүүрийг хөндөхгүй, бусад аж ахуйн нэгжийн газраар нэвтэрч эрх, ашгийг нь хөндөхгүйгээр зорчих нөхцөлийг иргэд, аж ахуйн нэгжид бүрдүүлсэн хамгийн боломжит хувилбар юм. Үүнийг тайлбарт хавсаргасан схемээс харах боломжтой. /хавсралт 1/ Захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн газрыг 2 хэсэг салгаж төлөвлөлт хийсэн ажлын зураг ашиглах боломжгүй болох, дахин ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөл бүрдүүлсэн эсэх тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгчид 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдөр олгосон ******* тоот газар ашиглах гэрчилгээг харахад анхнаасаа л А.Б.В.Г гэсэн дөрвөн салангад талбай байгаа. Замын орц, гарц нь зөвхөн Г талбайг хөндөж байгаа. "М*******" ХХК-ийн нийтэд танилцуулж байсан Түргэний амын цогцолборын төлөвлөлтөөс харахад 1 дүгээр хувилбарын орц, гарц нь цэцэрлэгт хүрээлэнд хамаарах газраар дайран өнгөрөх учир ажлын зураг ашиглах боломжгүй болох, дахин ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөлийг бүрдүүлэх нөхцөл үүсэхгүй байна. Үүнийг тайлбарт хавсаргасан 2 схемээс харна уу. /хавсралт 2/ Иймд Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн А/531 тоот тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5,40.1.6, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2-т дагуу гарсан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, тушаалыг хүчин төгөлдөр хэвээр нь үлдээхийг гуравдагч этгээдийн хувьд хүсч энэхүү тайлбарыг гаргав.” гэжээ.

Гуравдагч этгээд “Ц” ХХК, “Ё” ХХК, “А” ХХК, “С*******, ХХК, “В” ХХК, “Э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах,  Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/531 дүгээр тушаалаар “бусад газар ашиглагчийн орц, гарцыг хаасан байрлалтай тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 487 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-д ашиглуулахаар олгосон газраас 1139.74 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “******* *******” ХХК-д анх Богдхан уулын дархан цаазат газрын Түргэн /Өвгөн/-ний аманд байрлах 34.4 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, ******* жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгож байсан болох нь ******* дугаартай газар ашиглах гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/375 дугаар тушаалаар 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан болох нь ******* тоот газар ашиглах гэрчилгээний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2021/264 тоот Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үүнд:

- Гуравдагч этгээд “Ц” ХХК, “Е” ХХК, “Э” ХХК, “С*******” ХХК, “*******” компаниуд “өөрийн ашиглаж байгаа газар луу орох, гарах боломжгүй болоод байгаа талаар буюу орц, гарц гаргуулах талаар холбогдох байгууллагуудад гомдол[1] гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” №487 тоот албан бичигт “...******* ******* ХХК-д олгосон 33.4 га газар нь ...бусдын орц гарцыг хаасан байх тул талбайн солбицлыг өөрчилж, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг хүргүүлж байна.” гэсэн агуулга тусгагдсан байна.  

- Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлийн агуулгаас үзэхэд, “орц, гарц нээх зорилгоор “******* ******* ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны А/531 тушаалд 6 дугаар хурлын тэмдэглэл гэж бичих байсныг 14 дүгээр хурлаас гарсан шийдвэр гэж техникийн алдаа гаргасан. ...14 дүгээр хурлын тэмдэглэлд “******* *******” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн зүйл байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №1717 тоот албан бичигт “...Танай зүгээс хашаа барих зөвшөөрөл хүссэн дээрх албан бичгээ ирүүлэхээс өмнө зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж эхэлсэн байна. Мөн Түргэний аманд ашиглахаар авсан 33,5 га А,Б,В,Г талбайнууд болон А талбайгаас Б талбайн хооронд иргэн Н.Ц******* ашиглахаар авсан 22,8 га газрууд нь автозамын хоёр талыг бүхэлд нь хаасан байрлалтай байна. Энэ байдал нь автозамын урд, хойд талаар болон зүүн талаар зүүн талаар газар ашиглаж байгаа 20 гаруй иргэд, аж ахуйн нэгжийн орц, гарцыг битүү хаасан байх бөгөөд зэргэлдээ дахин автомашин зорчих орц, гарц гаргах ч боломжгүй байна. Тус аж ахуйн нэгжүүдээс цаашид газраа ашиглах, бүтээн байгуулалт хийх зорилгоор автомашин, механизм, техник хэрэгслээ нэвтрүүлэх боломжгүй болсон байна. Тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүд танай компанид холбогдуулан Өвөр зайсангаас Түргэний амруу салдаг автозамын уулзвар дээр харуул хамгаалалт гарган, хаалт тавьж, автозамаар зорчуулахгүй саад хийж, үүнээс шалтгаалан цаг хугацаа алдах зэргээр ихээхэн зардал чирэгдэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол гаргасан. Цаашид бусад олон аж ахуйн нэгжүүдэд дээрх бэрхшээл учрахаар байна. Мөн байгалийн болон ахуйн гал түймрийн аюул, үер усны гамшиг, ослын үед гал унтраах болон түргэн тусламжийн машин техник нэвтрэхэд ч саад учрах нөхцөл байдал үүссэн байна. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө дээрх эрсдэлийг гарахаас урьдчилан сэргийлж энэ асуудлыг зохистой хэлбэрээр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг үүгээр мэдэгдэж байна. ...Цаашид зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, бусдын зорчих хөдөлгөөнд үндэслэлгүйгээр саад учруулж автозам дээрх хууль бус харуул хамгаалалт гаргахгүй байхыг анхаарна уу.” гэсэн байна.

- Маргаан бүхий газар очиж хийсэн шүүхийн үзлэгийн фото зургууд болон хэрэгт авагдсан бусад зургуудаас үзэхэд, маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас 1139.74 м.кв газрыг хэсэгчлэн цуцалж, орц, гарц гаргаснаар гуравдагч этгээдүүд өөрсдийн ашиглаж буй газар руу илүү ойр дөт, шулуун байдлаар орж гарах боломжтой болсон болох нь тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилсан.

Дээр тайлбарласан үйл баримтууд буюу нотлох баримтуудад үндэслэн шүүх “Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцсэн гэж дүгнэлээ.  

Мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, сайдын 2023 оны А/531 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн байна.     

            Иймд шүүх Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

“******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс орц, гарц гаргахтай холбоотой асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №1717 тоот, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” №1933 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчид хариу өгч байсан байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/531 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг орц, гарц гаргах зорилгоор хэсэгчлэн цуцалсан үйл баримт нь нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн агуулгатай байна.

Үүнээс үзэхэд, хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна. 

Мөн шүүх “Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/531 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий “******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг тус тус баримтлан “******* тоот гэрчилгээ бүхий нийт 33.4 га газрын Г талбай болох 22.1 га газарт хамаарах хэсэгт орц, гарцын зориулалтаар 1275 м.кв газрыг хасалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах,  Байгаль орчин, ******* жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн А/531 тоот "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 66, 115, 183, 200 дугаар хуудас