Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2025/00005

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Даринчулууны *******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9 960 074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь *******тай тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2024/012 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр тасалбар болгож тухайн сардаа бүрэн төлж барагдуулна” гэж заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөгдөх ёстой байсан 6 640 049 төгрөгийн 100 хоногийн алданги 3 320 025 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймд *******аас үндсэн төлбөр болох  6 640 049 төгрөг, хугацаа хэтэрсэн 100 хоногийн алданги 3 320 025 төгрөг, нийт 9 960 074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 9 960 074 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9 960 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 9 960 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 9 960 074 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 312 төгрөгийн 50 хувь болох 87 156 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 87 156 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 87 156 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ