| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01090/И |
| Дугаар | 309/ШШ2025/00022 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00022
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: *******н *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлдвэрт 2023 оны 04 дүгээр сараас ажиллаж эхэлсэн ба тухайн үед приус 20 маркийн машиныг түүний мэдэлд өгч цалингаасаа төлбөрийг нь барагдуулж дуусгахаар тохиролцсон. 2024 оны 07 дугаар сарын байдлаар тооцоо хийсэн ба *******д 1 200 000 төгрөгийн өртэй гарсан. Үүнээс гадна тооцоо байгаа ч тэдгээрийг нэхэмжлэхгүй. Иймд *******эс 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус үйлдвэрт 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ажилласан. Ажиллах хугацаанд ******* приус 20 маркийн машин өгнө гээд цалингаас мөнгийг нь авдаг байсан. Ажиллаж байх хугацаанд ******* нь машинаа авч хэлсэндээ хүрээгүй тул ажиллахаа больсон. *******ын нэхэмжилж байгаа 1 200 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 200 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 1 200 000 төгрөгийг төлсөн талаар тайлбарыг нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 1 200 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийн 50 хувь болох 16 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 16 675 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 16 678 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ