| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0014/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/019 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНМӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1714001480006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүс худалдааны төвийн үүдэнд байрлах Хаан банкны АТМ-ээс 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед 1.280.000 төгрөгийн гүйлгээ хийхэд нь ******* дугаарын данснаас мөнгө хасагдсан боловч АТМ-ээс мөнгө гарч ирээгүй гэж өргөдөл бичиж ахлах теллер *******гаас 1.280.000 төгрөг гаргуулан авсан ба мөн өдрийн 20 цагийн үед урьд хийгдсэн гүйлгээ болох 1280000 төгрөг шилжүүлэг орж ирснийг мэдсээр байж дээрх мөнгийг банкинд буцаан өгөөгүй буюу алдаатай гүйлгээний улмаас банкнаас шилжүүлэгдсэн 1.280.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүс худалдааны төвийн үүдэнд байрлах Хаан банкны АТМ-ээс 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед 1.280.000 төгрөгийн гүйлгээ хийхэд нь ******* дугаарын данснаас мөнгө хасагдсан боловч АТМ-ээс мөнгө гарч ирээгүй гэж Хаан банкинд өргөдөл бичиж ахлах теллер *******гаас 1.280.000 төгрөг гаргуулан авсан ба мөн өдрийн 20 цагийн үед урьд хийгдсэн гүйлгээ болох 1.280.000 төгрөг шилжүүлэг орж ирснийг мэдсээр байж дээрх мөнгийг банкинд буцаан өгөөгүй буюу алдаатай гүйлгээний улмаас банкнаас шилжүүлэгдсэн 1.280.000 төгрөгийг завшсан болох нь ...
Хохирогч *******гийн ... 2017 оны 07 сарын 08-ны өдөр ******* нь намайг Баруун бүс худалдааны төвд байрлах Хаан банкны байранд байхад АТМ-с 1.280.000 төгрөгийг авах гэхэд данснаас мөнгө хасагдаад мөнгө гарч ирэхгүй байна гэхээр нь түүнийг ******* дансыг шалгаж үзэхэд 16 цагийн үед түүний данснаас 1.280.000 төгрөг хасагдсан байсан. Тэгээд АТМ-ын камерын бичлэгийг шалгаж үзэхэд мөнгө нь гарч ирээгүй бухимдсан байдалтай зогсож байхаар нь мөнгө нь гарч ирээгүй байна гэж бодоод өргөдлийг нь бичүүлж аваад түүний дансанд залруулга гэж 1.280.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд нь тухайн хүний дансыг шалгаж үзэхэд 2017 оны 07 сарын 08-ны өдөр *******ын ******* дугаарын дансанд *******гээс гэсэн утгатай 2.000.000 төгрөг орж буцаагаад 1.280.000 төгрөгийг 5244031999 данс руу шилжүүлсэн. Энэ данс руу мөнгө шилжсэний дараа мөнгө гарч ирээгүй гэж манайд өргөдөл бичиж өгөөд 1.280.000 төгрөг авсан байсан. Тэгээд *******тай холбогдож 1.280.000 төгрөгийг буцаан төлөх ёстой гэхэд эхний удаа өгнө гэж хэлээгүй. Дараа нь би уг мөнгийг өөрөө төлөөд таниас авахаар боллоо та мөнгөө сарын дотор буцааж төлөөрэй гэхэд 2017 оны 08 сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг 9 сар гаргаад төлье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би түүний ******* утсанд би чиний мөнгийг төлсөн. Чи 2017 оны 09 сарын 10-ны дотор багтаагаад үлдсэн мөнгөө өг гэхэд чадахгүй өргөдөл өгдөг газар байвал өгөөрэй гэсэн. Тэгээд би 2017 оны 09 сарын 06-ны өдөр цагдаагийн газарт өргөдөл өгсөн. ******* нь үлдэгдэл 780.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 11-ний өдөр надад шилжүүлсэн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 07-12, 34-35/,
Гэрч*******ийн ... 2017 оны 07 сарын 08-ны өдөр ******* нь миний дансанд 1.280.000 төгрөг шилжүүлэхээр бид 2 Баруун бүс худалдааны төв ороод АТМ-с миний дансанд 1.280.000 төгрөг шилжүүлсэн боловч *******ын данснаас хасагдаад миний дансанд орж ирэхгүй байсан тул өргөдөл бичиж өгчихөөд бид 2 яваад өгсөн. Тэгтэл 17 цагийн үед миний дансанд 1.280.000 төгрөг шилжиж орж ирэхээр нь *******т мөнгө орж ирлээ гэж утсаар хэлчихээд хөдөө явсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 16-17/
Шүүгдэгч *******ын ... Тухайн үед Батмөнхийн дансруу мөнгө орж ирэхгүй байсан. Би тухайн үед Эрдэнэцогт сумруу явах ажилтай байсан тул энхэрлүү уг мөнгийг шилжүүлж Батмөнхийн дансруу хийгээрэй гэж хэлсэн. Тэгтэл орой 20 цагийн үед Баатмөнх залгаж залгаж надруу шилжүүлсэн 1.280.000 төгрөг чинь ороод ирлээ гэж хэлээд эхнэрийг мөнгө битгий Батмөнхрүү шилжүүлээрэй банк уг мөнгийг татаж авна шүү гэж хэлсэн. Тэгтэл уг мөнгийг манай эхнэрийн данснаас татаж аваагүй. ... тухайн үед миний дансруу хийсэн гэх 1.280.000 төгрөгнөөс 500.000 төгрөг нь үлдсэн байхаар нь уг 500.000 төгрөгийг хийсэн. Харин үлдсэн 780.000 төгрөгийг тухайн үед хэрэгцээ гараад үрсэн байсан тул мөнгө олоод 9 сард хийе гэсэн чинь 09 сарын 10-ны дотор өг гэхээр нь надад мөнгө олдохгүй 9 сард багтааж хийе гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22, 24-25, 36, 82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч хэргийн 69-72 дугаар хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА