Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2025/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн

Хариуцагч: ... сумын Засаг дарга Б.Г

Хариуцагч: ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б,

Хариуцагч: ... сумын “Дулааны станцын зуухыг шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны дарга Н.Б

Гуравдагч этгээд: “И” ХХК-ийн захирал Л.А нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч ... сумын Засаг дарга Б.Г, ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б, ... сумын “Дулааны станцын зуухыг шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны дарга Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд

1.Хариуцагч ... сумын .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан

1.1. Тус “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн №04 дүгээр хуралдааны тэмдэглэл,

1.2. “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн .... сумын Засаг даргад хүргүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийх даалгах;

2. Хариуцагч ... сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан

2.1. Тус Тамгын газрын ....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн “тендерт шалгаруулаагүй тухай” ... дугаар мэдэгдэл,

2.2.  ....-ны өдрийн нэхэмжлэгч “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай ... дугаар мэдэгдлийг тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

2.3. .... сумын Засаг даргын тамгын газраас гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах;

            3. ... сумын Засаг даргад холбогдуулан .... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг гарган маргаж байна.

4. Хэргийн нөхцөл байдлын талаар:

4.1. ... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дугаар захирамжаар “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендерийг зохион байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах үүрэг бүхий “Үнэлгээний хороо”-г байгуулсан ба “www.tender.gov.mn” төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсанд байршуулсан урилгад заасан хугацаанд 3 хуулийн этгээд тендерт оролцохоор баримт бичгээ ирүүлсэн.

Тендерийн “Үнэлгээний хороо” ...-ны өдрийн 10 цаг 30 минутад нээж, ...-ны өдрийн хуралдан тендерийн үнэлгээг хийн “Б” ХХК, “Ч” ХХК, “Х” ХХК-уудын тендерийг тус тус шаардлагад нийцсэн гэж үзсэн бөгөөд улмаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэх үндэслэлээр “Х” ХХК-ийн тендерийг шалгаруулсан байна.

4.2. Улмаар .... сумын Засаг даргын Тамгын газраас “... тендерт шалгарсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан” тухай ...-н өдрийн ... дугаар албан бичгийг “Х” ХХК-д, “тендерийг шалгаруулаагүй” тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “Б” ХХК-д ...-ны өдрийн ... дугаар, “Ч” ХХК...-ны өдрийн ... дугаар албан бичгээр тус тус хүргүүлжээ.

4.3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь .... сумын Засаг даргын Тамгын газрын ...-ний өдрийн ... дугаар мэдэгдлийг хүлээн аваад ...-ний өдрийн ... дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзээд “Х” ХХК (хуулийн этгээдийн оноосон нэрээ[1] “И” болгон өөрчилсөн) буюу “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон ...-ний өдрийн ... дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн” 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг захиалагч ... сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

4.4. Тендерийн “Үнэлгээний хороо” ....-ны өдрийн 04 дүгээр хурлаараа .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” нээлттэй тендерт материалаа ирүүлсэн 3 хуулийн этгээдийн тендерт дахин үнэлгээ хийж  “Х” ХХК буюу “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж, ....-ны өдрийн “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн ба .... сумын Засаг даргын Тамгын газраас “...тендерээр шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан” тухай ....-ны өдрийн ... дугаар албан бичгийг “Х” ХХК-д, “тендерийг шалгаруулаагүй” тухай ...-ны өдрийн ... дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д тус тус хүргүүлжээ.

4.5.  .... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дүгээр захирамжаар эрх олгосны дагуу .... сумын Засаг даргын Тамгын газраас ...-ны өдрийн .... дугаартай “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх” гэрээг гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан байна.

5.  Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч  “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргаж байна.

6.1. Хариуцагч ... сумын .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд /цаашид “Үнэлгээний хороо” гэж товчлох/ холбогдуулан гаргасан “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн №04 дүгээр хуралдааны тэмдэглэл, мөн ....-ны өдрийн “Үнэлгээний хороо”-ны .... сумын Засаг даргад хүргүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийх даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“…Сангийн яамнаас манай гаргасан гомдлыг хянаад “И” ХХК тендерийн баримт бичигт заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх лавлагааг ирүүлээгүй байхад дээрх мэдээллийг цахим системээс шалгалгүйгээр хууль зөрчиж шаардлагад нийцсэн гэж үзсэн нь, мөн тендерт зээлийн мэдээллийн сангийн лавлагааг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үзсэн буруу гэж үзэж, захиалагчийн гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байхад дахин үнэлгээ хийхдээ шаардлага хангаагүй тендер ирүүлсэн “И” ХХК-ийг шалгаруулсан, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн цорын ганц оролцогч болох манай компанийн тендерээс татгалзаж, тендерт шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн;

 Шийдвэр, дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчиж гарсан, хууль бус байх тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэх агуулгаар;

6.2. Хариуцагч ... сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Засаг даргын Тамгын газрын даргын ....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн “тендерт шалгаруулаагүй тухай” ... дугаар мэдэгдэл, мөн ....-ны өдрийн нэхэмжлэгч “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай ... дугаар мэдэгдлийг тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

 .... сумын Засаг даргын тамгын газраас гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“... “Үнэлгээний хороо”-ны хууль бус шийдвэр, дүгнэлтэд үндэслэн гаргасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ” нь мөн хууль бус болно” гэх агуулгаар;

6.3. ... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан .... сумын Засаг даргын ...-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Засаг даргын захирамж хууль зөрчиж гаргасан “Үнэлгээний хороо”-ны шийдвэр, дүгнэлтэд үндэслэн гарсан тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

6.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Сангийн яам шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх , нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй эсэх, ТШЗ 19.1-т заасан хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг ирүүлээгүй байхад “И” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, тендерт шалгаруулсан захиалагчийн ... тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгасан.

Гэтэл дахин үнэлгээ хийхдээ шаардлагад нийцээгүй “Х” ХХК буюу “И” ХХК-г шалгаруулж манай компанийн өрсөлдөх тэгш боломжийг хязгаарлаж, тендерээ шударгаар үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд захиалагчийн 11 дүгээр сарын 27-ны өдрийн ..., ... дугаар, Үнэлгээний хорооны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр, дүгнэлтийг тус тус шүүхэд хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд .... сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан. Тендерийн хуулийн 26.9-д тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзнэ гэж заасан. Тендерийн үнэлгээг дахин хийхэд “Ч” компани татгалзсан. Иймд шаардлага хангаагүй компанийг татгалзаж, шаардлага хангасан тендер ирүүлсэн “Б” ХХК-тай гэрээ байгуулах ёстой байсан.

Засаг даргын .... захирамж, сумын дулааны зуух шинэчлэх гэрээг хүчингүй болгуулах шаардлагын хувьд “Б” ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн цорын ганц компани байсан. Гэтэл шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан ба шүүхэд хандах үед гэрээ байгуулсан нь манай компанийн эрх ашгийг хөндсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сангийн яамнаас хууль бус дахиад үнэлгээ хий гэсэн байхад “И” ХХК-ийг дахин шалгаруулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж учраас Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэв.

 6.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Сангийн яам шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэж үзэж шүүхэд хандсан. “Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар жагсаалт тендерийн бичиг баримтад байгаа. Манайх туршлагатай мэргэшсэн компани учраас ажил гүйцэтгэхэд бэлэн байгаа. Гуравдагч этгээд 28-д зуух нь орж ирэхээр ярьж байна Зуух холбогдох бүх дагалдах хэрэгсэл, ажиллах хүмүүс бүгд байгаа буюу энэ сарын 28-наас өмнө энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдвал маргааш ч очоод хийх боломжтой.

Сангийн яамны гомдол хянасан шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримтаар шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан нь нотлогдож байна. Тендерийн баримт бичгийн бүрдэл нь дутуу байсан н хангалттай тогтоогдож байна. Энэ үр дагаврыг Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан. Тухайн бичиг баримт нь тухайн тендерт оролцож байгаа компанийн санхүүгийн чадавхыг нотлох гол баримт. Гэтэл хамгийн амин чухал баримт бичиг дутуу байхад захиалагчийн шаардлагад нийцсэн гэж үнэлээд байгаа нь хууль бус байна. Захиалагчийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгасны дараа хуулийн 27.1-д үнийн саналаар эрэмбэлээд шалгаруулна гэж заасан байна. Хоёр хариуцагч үнийн харьцуулалтад орох шаардлага хангаагүй байгууллагыг шалгаруулсан. Захиалагчийн шаардлагад нийцсэн ганц субъект нь “Б” болоод байна. Иймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Н.Б эхлээд хамгийн бага үнийн саналыг харсан гэж уруу байдлаар ойлгож тайлбарлаж байна. Яагаад шалгаруулсан гэхээр өмнө нь ажил хийж байсан таньдаг компани гэж тайлбарлаж байгаа нь ашиг сонирхолтой компанийг шалгаруулсан гэж үзэж байна.  Гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Тухайн гэрээ нь хууль бус гэдэг Сангийн яамны шийдвэр, нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нар өнөөдөр ард иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж байна. Гуравдагч этгээдийн санхүүгийн чадавхтай эсэхийг нотлох баримт байхгүй байхад хууль бус шалгаруулалт хийснээрээ та нар өөрсдөө ард иргэдийн эрх ашгийг хөндөж байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа:

7.1. Тендерийн “Үнэлгээний хороо”-ны дарга Н.Баас “...2 удаа үнэлгээ хийсэн ба Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “И” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан, үнэлгээний хороо олонхын саналаар шийдвэр гаргах эрхтэй” гэх;

7.2. Хариуцагч ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б “...шалгарсан оролцогчид “гэрээ байгуулах эрх олгох тухай”, нэхэмжлэгчид “тендерт шалгараагүй тухай” мэдэгдлийг хүргүүлсэн ба Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлт, тайланд үндэслэсэн, сумын иргэд, аж ахуйн нэгжийн дулааны эх үүсвэр тасалдахаар байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх;

7.3. Хариуцагч .... сумын Засаг дарга “...нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд гомдол гаргаагүй, Үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн тендерт шалгарсан гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

7.4. Хариуцагч “Үнэлгээний хороо”-ны дарга Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Үнэлгээний хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй ба олонхын саналаар шийдсэн. Гишүүд бүгд А3 сертификатын сургалтад суусан, хууль журмаа баримталж ажилласан. Үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө “И” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерээр шалгаруулахаар дэмжсэн, бусдын саналыг эсэргүүцэх боломжгүй. Гуравдагч этгээдийн тендерийн баримтад зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх лавлагаа байгаагүй, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хэзээ ч татах боломжтой. Мэдээж өртэй компани материал ирүүлэхгүй байх.

Нэхэмжлэгчээс дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, хурлын тэмдэглэл хүчингүй болгуулах гэж шаардлага гаргасан байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар ард түмний эрх ашиг сонирхол зөрчигдөнө” гэв.

7.5. Хариуцагч .... сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-т заасан шийдвэрийг оролцогчдод хүргүүлсэн. Мөн хуулийн 30.1-т зааснаар гэрээ байгуулах эрх үүссэн. Шүүхээс 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан талаар албан мэдэгдлийг хүлээж авсан. Гэрээ байгуулах тухай эрх олгосон мэдэгдлийг 11 дүгээр сарын 27-нд хүргүүлж, 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан. Засаг даргын захирамж гарсан дараа гэрээг байгуулсан.

Мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх хуулийн хугацаанд гэрээг байгуулсан. Одоо сумын зуух хамгийн дээд тал 20 градус буюу усаа хөлдөөхгүй хэмжээнд ажиллаж байна. Нийтийн ашиг сонирхол илтэд зөрчигдөж байна.

Гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагын хувьд Үнэлгээний хорооноос орж ирсэн дүгнэлтийг үндэслээд бид гэрээг байгуулсан. Тухайн хорооноос нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахаар дүгнэлт орж ирээгүй болохоор эрх байхгүй” гэв.

7.6. Хариуцагч буюу захиалагч .... сумын Засаг дарга Н.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Үнэлгээний хорооны тайланг үндэслэж гэрээ байгуулах тухай захирамжийг гаргасан. Үүнийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Үнэлгээний хороонд нөлөөлөх эрхгүй байдаг. Үнэлгээний хорооны гишүүд тусгай сургалтад хамрагдсан байдаг. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийнэ үү гэсэн байсан. Дахин үнэлгээг түргэн хугацаанд хийхээр болсон. Яагаад гэвэл ард иргэд хүнд байдалд байсан учраас түргэн шуурхай хийсэн. Үүний дагуу “Х” ХХК шалгарсан. Одоо манай сумын хэмжээнд хүнд нөхцөл байдал байна. Эхний удаагийн шалгаруулалт хууль зөрчиж явуулсан байна. Үнэлгээний хорооны ойлголт буруу байна гэж үзэж байна. Төрийн албан хаагчдынхаа ажлыг шударга байгаа гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

8. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн захирал Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани тухайн ажилд шалгараад зуухаа хятад улс руу захиалсан байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа, өртэй эсэх лавлагааг Сангийн яамнаас ирсэн шийдвэрийн дагуу тухайн үед аваад бичгээ явуулсан. Тухайн үед тендерийн хороо цахим сангаас харсан үгүйг мэдэхгүй. Зээлийн мэдээллийн лавлагааг Тендерийн бичиг баримтад заагаагүй байсан, энэ лавлагааг захиалагч цахимаар харах ёстой гэж үзсэн гэв.

 Манай компани гэрээнд заасан хугацаанд зуухын ажлыг дуусгана. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасны дагуу харилцагч банкны мэдэгдэл, компанийн данс, худалдаа хөгжлийн банкнаас тодорхойлолтыг бүгдийг хавсаргасан. Б, Соос авах лавлагааг өмнөх тендерүүдэд заасан учраас өгдөг байсан. Энэ тендерийн өргөдлийн хүснэгтэд заагаагүй учраас өгөөгүй. Нэхэмжлэгч тал зуух бэлэн байна гэж байна. Үүнд таарсан 1,7-той зуух урьдчилан бэлдсэн байсан уу. Би захиралтай нь бол яриагүй, Б гэдэг хүн бол өөрөө над руу ярихдаа .... суманд хэдэн төгрөгийн авлига өгсөн бэ гэж ярьсан. Өөрөө оролцоогүй нуугдаад байна. Би гэрээнд заасан хугацаанд ажлыг хугацаанд хийнэ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Б” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-аар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3. “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж, 109 дүгээр зүйлийн 109.1. “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа[2] ...-ны өдөр “... сумын Засаг даргад холбогдуулан .... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж, ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” шаардлагаар ихэсгэсэн болно.

 

3. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд зарим хэсгийг хангаж, заримыг нь хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагч ... сумын .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо” /цаашид “Үнэлгээний хороо” гэж товчлох/, хариуцагч ... сумын Засаг даргын тамгын газар, ... сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Анх ... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дугаар захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/ “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендерийг зохион байгуулах, гүйцэтгэгчийг шалгаруулах үүрэг бүхий “Үнэлгээний хороо”-г 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

 “Үнэлгээний хороо” нь ...-ны өдрийн 01 дүгээр хурлаараа /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал, арын нүүр/ тендерийн урилгад тавих шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэн, мөн өдөр .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” нээлттэй тендерийн урилгыг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/ “www.tender.gov.mn” худалдан авах ажиллагааны цахим хуудсанд байршуулсан ба тендерийн материалыг хүлээн авах сүүлийн хугацааг ...-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө гэж, тендерийг мөн өдрийн буюу ...-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр заажээ.

4.2. Үүний дараа Тендерийн “Үнэлгээний хороо” ...-ны өдрийн 10 цаг 30 минутад эхлүүлсэн №02 хурлаар  /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/ “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендерийг нээн 3 хуулийн этгээд тендер ирүүлснээс “Б” ХХК 148,526,827 төгрөгийн, “Ч” ХХК 147,844,285 төгрөгийн, “Х” ХХК буюу “И” ХХК 137,574,600 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлснийг зарлаж, тендерийн үнэлгээг ...-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр шийдвэрлэсэн байна.

4.3. “Үнэлгээний хороо” ...-ны өдрийн №03 дугаар хурлаар /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал, арын нүүр/ тендерийг үнэлгээ хийж “Б” ХХК, “Ч” ХХК, “Х” ХХК-уудын тендерийг тус тус шаардлагад нийцсэн гэж үзсэн байх ба, улмаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр “Х” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай тайланг гарган, “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг /1 дэх хавтаст хэргийн 67, 68 дахь тал/ төсвийн ерөнхийлөн захирагч буюу .... сумын Засаг даргад хүргүүлжээ.

4.4. Цаашлаад .... сумын Засаг даргын Тамгын газраас “...тендерт шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан” тухай ...-ны өдрийн ... дугаар албан бичгийг “Х” ХХК-д, “тендерийг шалгаруулаагүй” тухай мэдэгдлийг нэхэмжлэгч “Б” ХХК-д ...-ны өдрийн ... дугаар, “Ч” ХХК-д ...-ны өдрийн ... дугаар албан бичгээр /1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал/тус тус хүргүүлжээ.

4.5. Нэхэмжлэгч “Б” ХХК нь .... сумын Засаг даргын Тамгын газрын ...-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хүлээн аваад ...-ний өдрийн ... дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзээд “Х” ХХК (худалдан авах ажиллагааны цахим системд өөрчлөгдөөгүй нэрээр) буюу “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон ...-ны өдрийн ... дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 хэсэгт нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн” 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг /1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал/ ... сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

4.6. “Үнэлгээний хороо” ....-ны өдрийн 04 дүгээр хурлаараа  /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/ .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” нээлттэй тендерт материалаа ирүүлсэн 3 хуулийн этгээдийн тендерт дахин үнэлгээ хийсэн ба “Үнэлгээний хороо”-ны гишүүдийн 100 хувийн саналаар “Х” ХХК буюу “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж, ....-ны өдрийн “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/ төсвийн ерөнхийлөн захирагч буюу .... сумын Засаг даргад хүргүүлжээ.

4.7. Улмаар захиалагч .... сумын Засаг даргын Тамгын газраас “... хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан” тухай ....-ны өдрийн ... дугаар албан бичгийг “Х” ХХК-д /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/, “тендерийг шалгаруулаагүй” тухай ....-ны өдрийн ... дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Б” ХХК-д /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/ тус тус хүргүүлжээ.

4.8.  .... сумын Засаг даргын ...-ны өдрийн ... дүгээр захирамжаар эрх олгосны дагуу сумын Засаг даргын Тамгын газраас ...-ны өдрийн .... дугаартай “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх” гэрээг / 1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/ гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан байна.

(“Х” ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ “И” ХХК болгосон өөрчлөлтийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал, арын нүүр/ бүртгэсэн боловч, худалдан авах ажиллагааны цахим систем “tender.gov.mn”-д “Х” ХХК нэрээр буюу өөрчлөгдөөгүй хуучин нэрээр тендерийн баримтууд нь илгээгдсэн, тендерийн үнэлгээг “Х” ХХК нэрээр хийсэн бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрүүдэд дээрх 2 оноосон нэрийг хольж бичсэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК нэрээр гуравдагч этгээд оролцуулсан тул цаашид “Х” ХХК, “И” ХХК гэж нэрлэх ч нэг хуулийн этгээд гэж ойлгох нь зүйтэйг тэмдэглэв)

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас тус шүүхэд хандаж энэхүү шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох нь” хэсгийн 1-3 дахь хэсэгт заасан 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч маргааны зүйлийн гол агуулга буюу шүүхээс дүгнэлт өгвөл зохих асуудал нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичгийн бүрдлийг тендерт шалгарсан гуравдагч этгээдээс хангаж ирүүлсэн эсэх, үнэлгээний хороо тендерийн үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн эсэх асуудал байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг үндсэн асуудалд дүгнэлт өгөх замаар дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн №04 дүгээр хурлын тэмдэглэл буюу шийдвэр, мөн “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн .... сумын Засаг даргад хүргүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” шаардлагын үндэслэлээ “…хариуцагч нь Сангийн яамны гомдол хянасан шийдвэрт заасаар байхад тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа эсэх лавлагаа, хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар Зээлийн мэдээллийн лавлагааг тус тус ирүүлээгүй “И” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж үзэн дахин шалгаруулсан нь хууль бус, манай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогч байсан” гэх,

харин хариуцагчаас “…Үнэлгээний хороо олонхын саналаар “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар дэмжсэн, гишүүд бие даан шийдвэр гаргах эрхтэй, бусдын саналыг эсэргүүцэх боломжгүй” гэх агуулга бүхий тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэн маргасан.

5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэл буюу маргааны үндсэн асуудалд холбогдох дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

Өмнөх 4.5, 4.6 дахь хэсгүүдэд “...Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзээд “И” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон ...-ны өдрийн ... дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу хариуцагч “Үнэлгээний хороо” нь ....-ны өдрийн 04 дүгээр хурлаараа /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/ ...[3] дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” нээлттэй тендерт материалаа ирүүлсэн гурван хуулийн этгээдийн тендерт дахин үнэлгээ хийсэн ба “Үнэлгээний хороо”-ны гишүүдийн 100 хувийн саналаар “Х” ХХК буюу “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж, ....-ны өдрийн “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/ төсвийн ерөнхийлөн захирагч буюу .... сумын Засаг даргад хүргүүлсэн” талаар дүгнэсэн.

5.2. Хариуцагчаас “... шаардлага хангаагүй тендерийг шалгаруулсан” гэх үндэслэлийн тухайд:

5.2.1. Хариуцагч .... сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендерийн баримт бичгийн “ I бүлэг.  “Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ) 16. “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг“ хэсгийн 16.2. “Монгол Улсын хуулийн этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ” /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/ гэж;

“ II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт” ТШЗ 18.1. Бусад нэмэлт шаардлагууд: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татвар, Нийгмийн даатгалын тодорхойлолт, ...”, ТШЗ 19.1. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх: “Тийм” , - Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдийн лавлагаа” /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/ гэж тус тус заажээ.

5.2.2. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн тендерийн ирүүлсэн баримт бичигтээ хууль, тендерийн баримт бичигт /1 дэх хавтаст хэргийн 173-250, 2 дахь хавтаст хэргийн 1-11 дэх тал/ заасан “… шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх лавлагаа, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн эсэх лавлагаа, банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар зээлийн мэдээллийн лавлагаа”-г тус тус ирүүлээгүй байх ба энэ талаар гуравдагч этгээд “И” ХХК-ийн захирал Л.Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...нийгмийн даатгалын болон шийдвэр гүйцэтгэлийн лавлагааг захиалагч цахимаас татаж үзэх боломжтой гэж бодсон, зээлийн мэдээллийн лавлагааг тендерийн өгөгдлийн хүснэгтэд заагаагүй байсан учир өгөөгүй” гэж тайлбарласнаар;

түүнчлэн хариуцагч “Үнэлгээний хороо”-ны дарга Н.Баас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “… гуравдагч этгээдийн тендерийн баримтад зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх лавлагаа байгаагүй” гэх тайлбараар;

Мөн “Үнэлгээний хороо”-ны тендерт анхны удаа үнэлгээ хийсэн ...-ны өдрийн №3 хурлын тэмдэглэлд үнэлгээний хорооны гишүүн Б.Баас “… Компаниудын зарим нь банк, шүүх, татварын тодорхойлолтоо ирүүлээгүйн биш үү” /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/ гэж;

-“Үнэлгээний хороо”-ны тендерт 2 дахь удаагаа буюу дахин үнэлгээ хийсэн ....-ны өдрийн №4 хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/-д гишүүн Э.У “… Х” ХХК-ийн шүүхийн тодорхойлолт гарч ирсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт нээгдсэнгүй. Одоо харагдахгүй байна” гэж,

- үнэлгээний хорооны дарга Н.Б “…нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт бол явуулахгүй байна гэж байхгүй байх бид өмнө нь нээгээгүй юм шиг байгаан” гэж /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал, арын нүүр/ тус тус хэлэлцсэн нь тэмдэглэгдсэн байгаагаар тус тус тогтоогдож байна.

5.2.3. “Үнэлгээний хороо”-ны дарга, гишүүдээс ....-ны өдрийн хурлаар тус бүр 5 хуудас бүхий үнэлгээний хүснэгтийг бөглөх замаар тендерийг үнэлсэн, үүнээс “Тендерийг хянан үзэх” хүснэгтэд /1 дэх хавтаст хэргийн  76, 79, 82, 85, 88 дахь тал/ дарга, гишүүдээс[4] тендерт материалаа ирүүлсэн “Б” ХХК, “Ч” ХХК, “Х” ХХК-уудын тендерийг тус тус шаардлагад нийцсэн гэж үнэлсэн.

Харин “3.2. Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тайлан, банк, татварын тодорхойлолт, мэдээлэл” гэх үнэлгээний хүснэгтийн №2 мөрөнд “Захиалагч, ТЕГ, НДЕГ-аас татварын өрийн үлдэгдэл, борлуулалтын орлого, НДШ-ийн өр төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл ирүүлэх” гэх хэсгийн “Х” гэх баганад

- Үнэлгээний хорооны дарга Н.Б “НДШ-үгүй, тийм, тийм” гэж, тайлбар хэсэгт “…Нийгмийн даатгалын лавлагаа татагдаагүй боловч энэ үндэслэлийг хасагдах шалтгаан гэж үзэхгүй байгаа …” /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал, арын нүүр/ гэж,

- гишүүн Э.У / 1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал, арын нүүр/ гэж,

- гишүүн Б.Б “үгүй, тийм, тийм” гэж, тайлбар хэсэгт “…Х” нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлээгүй ч татгалзах шалтгаан болохгүй …” /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал, арын нүүр/ гэж,

- гишүүн Н.Б “үгүй, тийм, тийм” гэж, тайлбар хэсэгт “… Х” нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлээгүй нь татгалзах шалтгаан болохгүй …”/1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал, арын нүүр/ гэж,

- гишүүн М.Д “ үгүй, тийм, тийм” гэж, тайлбар хэсэгт “…нийгмийн даатгалын лавлагаа татагдахгүй байна . Х …” /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал, арын нүүр/ гэж тус тус тэмдэглэн, үнэлгээ хийсэн нь тогтоогдож байна.

5.2.4. Нэхэмжлэгчийн “…манай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн цорын ганц оролцогчийн хувьд тендерт шалгарах байсан, тендерт шалгарч гэрээ байгуулах эрхийг зөрчсөн” гэх агуулга бүхий үндэслэлийн тухайд:

Дээрх 5.2.1-5.2.3 дахь хэсгүүдэд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг хууль, журмын зохицуулалтуудтай уялдуулан дүгнэвэл:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Тендерийн хуулийн” гэж товчлох/ 5 дугаар зүйлийн 5.1. “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заажээ.

Мөн Тендерийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.2. “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, …, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй” гэж, 26 дугаар зүйлийн 26.4. “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.4. “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9. “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10. “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тус тус заасан байна.

Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.16. “Тендер үнэлэх, давуу эрх олгох, ашиглалтын хугацааны өртөг, чанар ба үнийн оноо тооцох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын “Дөрөв”-ийн 4.1. “Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахад хуулийн 26.2-т заасныг баримтална”, 4.4. “Монгол Улсын хуулийн этгээд хуулийн 7.1.2-т заасан нөхцөл байгаа эсэхийг магадлахдаа цахим системээс татсан дараах мэдээллийг үндэслэл болгоно”, 4.4.1. “өр төлбөр төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын”, 4.4.2. “ …, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай татвар, нийгмийн даатгалын байгууллагын”, “Зургаа”-ын 6.1. “Тендер шалгаруулалтын баримт бичигт хуулийн 16.2.1-д үндэслэн "харилцагч банкны мэдэгдэл" ирүүлэхийг шаардсан бол дараах баримт бичгийг хянан үзнэ”, 6.1.1. “зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс цахимаар ирүүлсэн лавлагаа (тодорхойлолт)” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсан хуулийн хэм хэмжээ, хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс батлан гаргасан зааврын зохицуулалтуудаас үзвэл, хариуцагч тендерийн “Үнэлгээний хороо” нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа эсэх, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй эсэх лавлагааг тус тус худалдан авах ажиллагааны цахим системээс татсан мэдээлэлд үндэслэн магадлах, харин зээлийн мэдээллийн оролцогчийн цахимаар авч ирүүлсэн лавлагаагаар хянан үзэхээр, улмаар хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар тендерийг хянан үзэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, нөхцөлийг оролцогч этгээдүүдийн ирүүлсэн тендер хангаж байгаа эсэхийг хянах, хэрэв оролцогчийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх тохиолдолд “шаардлагад нийцсэн тендер” гэж үнэлж, харин тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй бол “шаардлага хангаагүй” гэж үзэн тендерээс татгалзахаар зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч “Үнэлгээний хороо” нь дээр дурдсан хууль, тендер үнэлгээний зааврын зохицуулалтуудыг илтэд зөрчин, тендерийн баримт бичигт тодруулбал тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгтэд тус тус заасан нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа эсэх лавлагаа, хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар зээлийн мэдээллийн сангийн лавлагааг ирүүлээгүй буюу тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй “И” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үнэлэн, улмаар тендерийн ялагчаар шалгаруулсан нь хууль бус, түүнчлэн “Үнэлгээний хороо”-ны дарга, гишүүдээс тендерт үнэлгээ хийхдээ хуульд заасан “үр ашигтай, хариуцлагатай” байх зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тендерт өрсөлдөх тэгш боломжтой байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Тендерийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна” гэж заасан.

Хариуцагч “Үнэлгээний хороо”-ны “И” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үнэлж, тендерт шалгаруулсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн №04 дүгээр хурлын тэмдэглэл, ....-ны өдрийн .... сумын Засаг даргад хүргүүлсэн “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч “Үнэлгээний хороо”-нд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчээс хариуцагч ... сумын Засаг дарга, .... сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан гаргасан

6.1. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн “тендерт шалгаруулаагүй тухай” ... дугаар мэдэгдэл;

6.2. .... сумын Засаг даргын ...-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах;

6.3. .... сумын Засаг даргын тамгын газраас гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

6.4. Тендерийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.5. “Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна” гэж, 28.1. “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” 28.1.1. “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” 28.1.2. “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3. “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2.Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар маргаан бүхий “тендерт шалгарсан болон тендерээс татгалзах” тухай мэдэгдлийг Засаг дарга мэдэгдэхээр байна.

Маргаан бүхий “....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн “тендерт шалгаруулаагүй тухай” ... дугаар мэдэгдэл”-ийг хариуцагч .... сумын Засаг даргын тамгын газраас  нэхэмжлэгчид хүргүүлсэн байх боловч Засаг даргын тамгын газар нь тухайн шатны Засаг даргын ажлын алба[5] гэж хуульчилсан тул ийнхүү мэдэгдлийг хүргүүлснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нараас “... үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлтэд үндэслэн “шалгараагүй тухай”, шалгаруулсан тухай мэдэгдлүүдийг оролцогчдод хүргүүлсэн, гуравдагч этгээдийг “шалгаруулсан тухай” дүгнэлтэд үндэслэн захирамжийг гаргаж, гэрээ байгуулсан, төрийн албан хаагчдынхаа ажлыг шударга байгаа гэж үзэж байгаа” гэх агуулгаар татгалзлаа тайлбарладаг.

Өмнөх 5 дахь хэсэгт шүүхээс хариуцагч “Үнэлгээний хороо”-ны “И” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үнэлж, тендерт шалгаруулсан  ....-ны өдрийн №4 хурлын шийдвэр /тэмдэглэл/, мөн өдрийн захиалагчид хүргүүлсэн дүгнэлтийг тус тус хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэгэнт хууль бус шийдвэр, дүгнэлтэд үндэслэн гарсан хариуцагч Засаг даргын Тамгын газрын ....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн “тендерт шалгаруулаагүй тухай” ... дугаар мэдэгдэл, .... сумын Засаг даргын ...-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ... дүгээр захирамж, мөн хууль бус шийдвэр, дүгнэлтийг үндэслэн .... сумын Засаг даргын тамгын газраас гуравдагч этгээд “И” ХХК-тай байгуулсан ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ” тус тус хууль бус болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1. “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар дээрх захиргааны актуудыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн хариуцагч Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан “Засаг даргын Тамгын газрын даргын ....-ны өдрийн нэхэмжлэгч “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч .... сумын Засаг даргын Тамгын газрын даргаас ....-ны өдрийн “гэрээ байгуулах эрх олгох тухай” ... дугаар мэдэгдлийг гуравдагч этгээд “И” ХХК-д хүргүүлсэн ба энэ нь тендер шалгаруулалтын үр дүнг оролцогчид мэдэгдсэн зохицуулалт агуулаагүй, мэдээллийн шинжтэй баримт бичиг байна.

Тодруулбал маргаан бүхий ... дугаар мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын[6] “Дөрөв”-ийн 4.1. “Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахад хуулийн 26.2-т заасныг баримтална”, 4.4. “Монгол Улсын хуулийн этгээд хуулийн 7.1.2-т заасан нөхцөл байгаа эсэхийг магадлахдаа цахим системээс татсан дараах мэдээллийг үндэслэл болгоно”, 4.4.1. “өр төлбөр төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын”, 4.4.2. “…, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай татвар, нийгмийн даатгалын байгууллагын” гэж заасан тул гуравдагч этгээд “И” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтаас банкны тодорхойлолт[7], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт[8]-ыг тус тус дээрх зааврын шаардлагыг хангаагүй гэж үзэн үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 26  дугаар зүйлийн 26.4, 26.4.4, 26.9. 26.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ... сумын .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны ....-ны өдрийн №04 дүгээр хурлын тэмдэглэл, ....-ны өдрийн “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай дүгнэлт, .... сумын Засаг даргын Тамгын газрын ....-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн ... дугаар мэдэгдэл, “И” ХХК-тай байгуулсан ...-ны өдрийн .... тоот “.... сумын дулааны станцын зуух шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээ”, .... сумын Засаг даргын ...-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ... дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, .... дугаартай “Сумын дулааны станцын зуух шинэчлэх” тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч “Үнэлгээний хороо”-нд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “.... сумын Засаг даргын Тамгын газрын ....-ны өдрийн “Х” ХХК-д хүргүүлсэн ... дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ОТГОНТУЯА

 

 

 

[1] “Х” ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ “И” ХХК болгон өөрчилж, уг өөрчлөлтийг ....-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн боловч, худалдан авах ажиллагааны цахим систем “tender.gov.mn”-д хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөөгүй хуучин “Х” ХХК нэрээр тендерийн баримтууд нь илгээгдсэн байна.

[2] 1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал

[3] Үнэлгээний хороо ...-ны өдөр тендерт дахин үнэлгээ хийхдээ тендерийн дугаар ... /сүүлийн тоог/ ... болгон өөрчилсөн.

[4] ... сумын Засаг даргын ... дугаар захирамжаар үнэлгээний хорооны даргаар Н.Б, гишүүдэд Б.Б, Н.Бүрэнцэцэг, М.Д, нарийг бичгийн даргаар Э.У нарыг томилсон.

[5] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх ...” гэж

[6] Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/25 дугаар тушаалаар баталсан

[7] ... банкны Дорноговь салбар /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/

[8] Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал/