| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01067/И |
| Дугаар | 309/ШШ2025/00025 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12 467 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сантехникийн засварчин, инженерээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа “машин лизингтэй хүү төлөөд хэцүү байна, компаниас хүүгүй мөнгө зээлдүүлээч” гэж хүсэлт тавьсан учир 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч байгууллага өөрийн Голомт банкны ******* дугаартай данснаас хариуцагчийн хаан банкны ******* дугаартай дансанд 16 567 000 төгрөгийг “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж олгосон. Хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “цаашид ажиллахгүй” гэж хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар дуусгавар болгосноос хойш зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. ...Иймд хариуцагч *******эс 12 467 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид ажиллаж байхдаа 16 567 000 төгрөг зээлсэн бөгөөд түүнээс 4 100 000 төгрөгийг төлсөн нь үнэн байх гэж бодож байна. Төлөөгүй үлдэгдэл 12 467 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ер нь тус компантд ажиллаж байх хугацаандаа хэлцэлээр олон сантехникийн ажил хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. Тохирсон ажлын хөлсөө ам буцаж дандаа дутуу олгож, чамд болно мэтээр ханддаг байсан. Мөн байранд оруулна гэсэн итгэл үнэмшлээр өдий болтол аргацаан намайг ажиллуулдаг байсан. Зарим ажлын гүйцэтгэлээч мөн аваагүй байсан болохоор энэ зээлсэн мөнгөний үлдэгдлийг энэ олон дутуу авсан, аваагүй гүйцэтгэлийн мөнгөнд суутгагдаад өргүй байгаа байх гэж бодсоор өдийг хүрлээ. Хоёргүй сэтгэлээр зөвхөн сантехник гэхгүй бүхий л ажилд нь ханцуй шамлан сэтгэлээсээ хийдэг байхад ийм хүн чанаргүй хандаж байгаад гомдолтой байна. Зээлсэн мөнгөний үлдэгдлээ төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 467 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 12 467 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 12 467 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 422 төгрөгийн 50 хувь болох 107 211 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 107 211 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 107 211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ