Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/835

 

  

 

 

 

 

    2023            8              17                                       2023/ДШМ/835          

 

 

Б.Ц, Н.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ц.Дэлгэрням,

шүүдэгч Н.Л, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, И.Хонгор,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Намжилцогт, шүүгдэгч Н.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц, Н.Л нарт холбогдох эрүүгийн 2202007180027дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Олхонууд овгийн Б.Ц, 1985 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

2. Шарнууд овгийн Н.Л, 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утас худалдаа эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Б.Ц нь бусдад худалдаалах зорилгогүйгээр Н.Лэс удаа дараа сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд ..................тоотод байх өөрийн гэртээ нийт 0,2050 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Н.Л нь бусдад худалдаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг удаа дараа Гантулга гэх этгээдээс хууль бусаар худалдан авч 2022 оны 8 дугаар сараас Б.Цад удаа дараа худалдан борлуулсан бөгөөд сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Цад 0.5 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Н.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Л2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан хагархай шил, талстлаг мөс мэт зүйл, 0,2050 грамм зип лок түгжээтэй гялгар ууттай мөс мэт зүйл, зиплок ууттай цагаан нунтаг зүйл, мөнгөлөг цаас, №2 гэж дугаарласан зип лок ууттай бохирлогдсон гялгар уутнууд, дотор нь 2 ширхэг сим, №3 гэж дугаарласан зиплок ууттай бохирлогдсон гялгар уутны өөдөс, цагаан өнгийн соруул, мөнгөлөг цаас, шороо тоос болсон цэвэр усны сав, лидокайн гэсэн цаасан хайрцагтай 2 ширхэг шилэн шингэн зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 100 төгрөгийн тасархай дэвсгэрт, шатаж түлэгдсэн тал 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг зохих байгууллагад буюу Монгол банканд шилжүүлж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар зиплок ууттай хар өнгийн чагнах зориулалт бүхий төхөөрөмжийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Е2775489 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Лхагва- Эрдэнэд буцаан олгож; мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Лд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 онд дотор чихний шалтгаантай “меньер” /тэнцвэр алдах/ өвчний онош тогтоогдож, тэнцвэр алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг байнга илэрч, компьютер томографын шинжилгээгээр толгойн хэсэгт хортой, хоргүй хавдар байж болохуйц үл мэдэгдэх зүйл илэрч онош тодруулах, нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн боловч одоог хүртэл нарийвчилсан шинжилгээ хийлгэж чадаагүй юм. Улмаар тэнцвэр алдах, толгой эргэх, толгой хатгаж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, энэ нь эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд байнга сөргөөр нөлөөлөх болсноор хар тамхи гэх зүйлийг анх удаагаа хэрэглэсэн ба тус бодисыг хэрэглэх үед толгойн өвчин мэдэгдэхгүй болж сэтгэл санааны байдал дээрдэж байх шиг санагддаг байсан. Гэтэл энэ нь өөрөө тус бодисыг дахин хэрэглэх хүслийг төрүүлж, өөрийн гэр бүл, үр хүүхдүүддээ хайр халамжтай хандахгүй байх, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдээ гомдоох шалтгаан нөхцөл болж байсан гэдгийг маш их ухаарч ойлгож байна. Би өөрийн буруутай үйлдлээр хуулиар хориглосон мансууруулах бодисыг олж авсан, хадгалсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн хувьд маргахгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Мөн цаашид дахин дээр бодисыг хэрэглэхгүй байж, гэр бүлээ хайрлан халамжилж, ажил хөдөлмөр эрхэлж дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Миний бие өндөр настай эцэг, эхийн хамт Хэнтий аймагт эрхэлж буй мал аж ахуйн үйл ажиллагаанд байнга хяналт тавих, Сэлэнгэ аймагт эзэмшиж буй газарт улаан буудайн тариалалт эрхлэх үйл ажиллагаанд байнга биечлэн хяналт тавьж, шаардлагатай эд зүйлсийг дөхүүлж эцэг эхийнхээ бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна хувиараа гадаадаас өөрийн нэрээ автомашин импортлон оруулж, худалдан борлуулах зэргээр ашиг олж үүгээрээ өөрийн гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ ч биелүүлэх боломжгүй болсондоо маш ихээр харамсаж, гэмшиж байна. Иймд миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, хүмүүнлэг энэрэнгүй хандаж, гэмт хэрэг үйлдсэн надад эцэг байх, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх тэтгэх, өндөр настай эцэг, эхийгээ асран хамгаалах, алдаагаа засаж зөв амьдрах боломжийг олгож анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, анхан шатны шүүх хурал дээр хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргасан зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж нийгэмд учруулсан хор хөнөөлөө ойлгон ухаарч хар тамхи буюу мөснөөс өөрийн ухамсраараа гарсан билээ. Миний бие эхнэр, 2 хүү, мөн өөрийн төрсөн ахын хамт амьдардаг. Ах Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хоёр хөлөө өвдөгний доод үеэр тайруулж бусдын асаргаа халамжид 100 хувь орсон тул төрсөн дүү миний бие ахыгаа асран хамгаалдаг болсон. Би “Теди” худалдааны төвд гар утас зарж эхнэр, 2 хүүхэд, ахыгаа тэжээдэг. Миний том хүү одоо 13 настай шилжилтийн насандаа явж байгаа тул миний хүүд бусдын асаргаа хайр халамж анхаарал нэн хэрэгтэй байх үед нь  аав нь ийм газар байгаа нь сэтгэл зүй болон бусад зүйлд нөлөөлж байгаа. Би өөрийн алдаа дутагдлаа ухаарч дахин сэтгэцэд нөлөөт буюу мансууруулах төрлийн бодис дахин хэрэглэхгүй байж гэр бүл болон хайртай хүмүүстэйгээ байхыг маш их хүсч байгаа тул давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Цад оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна Б.Ц нь өөрөө хэрэглэх зорилгоор харьцангуй бага хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас авсан бөгөөд түүнийгээ хэн нэгэнд татуулаагүй, худалдах зорилгогүйгээр бусдад өгч, түгээж тараагаагүй эсвэл бусдаас худалдан авч сэтгэцэд нөлөөт бодис зардаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй, гагцхүү өөрөө л хэрэглэсэн байдаг. Шүүгдэгч Б.Ц нь “мөс” гэх энэ бодисоос хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байна. Шүүхээс шүүгдэгч Б.Цад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байдаг. Б.Цыг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Б.Ц нь бүрэн хангасаар байтал шүүх хэрэглээгүйд гомдож байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэн ч байсан эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын шаардлагыг хангаж байгаа л бол үр шимийг нь хүртэх эрхтэй юм. Хуулийн боломжтой заалтуудыг аль болох амьдралд өргөн хэрэглэж байх нь чухал байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болон 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байна. Шүүхээс шүүгдэгч Б.Ц нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, өөрт хадгалж байсан мөс гэх бодисоо цагдаагийн ажилтнуудад сайн дураараа гарган өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон байдал, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзаад түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож болох байсан. Гэтэл заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдож байна.

            Шүүгдэгч Б Ц нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь удахгүй 3 дахь хүүхдээ төрүүлнэ. Гэр бүлийнхээ мөнгө санхүүгийн асуудлыг Б.Ц бүрэн хариуцаж найман нэрийн дэлгүүр ажиллуулж амьжиргаагаа  залгуулдаг. Дэлгүүрийн бараагаа авах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл авсан байна. Одоо зээлийн хүү алданги нь өсөж барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө ч алдаж болох нөхцөл байдал үүсээд байна. Б.Ц нь удаан хугацаагаар хорих байгууллагад хоригдож болохгүй байх эрүүл мэндийн хүндэтгэх үзэх шалтгаан бас түүнд байна. Шүүгдэгч Б.Цын хувийн энэ хүндрэлтэй байдлуудыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.

            Анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн энэ залуугийн хувьд алдаа дутагдлаа засаад нийгэмд эзэлсэн байр сууриа хадгалаад, нийгэмшээд явах нь чухал байна. Б.Ц нь дахиж алдахааргүй том сургамж авсан гэдгээ байнга илэрхийлж байгаа. Монгол улсад эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй“ гэж заасан байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хир хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, Б.Цын хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаангүй бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Цад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн зорилгод нийцээгүй, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /эрүүл мэндийн байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх заалттай нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Ц нь 38 настай, дээд боловсролтой, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт тогтсон хаягтаа байнгын оршин суудаг, анх удаагаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээд бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд сайн дураараа хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт болон Адихтлогийн төвийн эмчид тус тус хандаж хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос хол байх, энэхүү бодисын хор уршгийн талаар зөвлөгөө авсан талаараа мэдүүлсэн байдаг. Түүний хувьд 2017 онд дотор чихний шалтгаантай “Меньер” /тэнцвэр алдах/ өвчний онош тогтоогдож, тэнцвэр алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг байнга илэрч, компьютер томографын шинжилгээгээр толгойн хэсэгт хортой, хоргүй хавдар ч байж болохуйц үл мэдэгдэх зүйл илэрч онош тодруулах, нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн боловч Монгол Улсын эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжийн шаардлага, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас одоог хүртэл нарийвчилсан оношилгоо хийлгэж чадаагүй байдаг.

Б.Ц нь 71 настай аав Г.Бүдрагчаа, 68 настай ээж Б.Байгалмаа нарын хамт Хэнтий аймагт мал аж ахуйн үйл ажиллагаа явуулах, Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч Б.Ц нь гадаад улсаас өөрийн нэрээр автомашин импортлон оруулж ирж зарах зэргээр хөдөлмөр эрхэлж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоор эхнэр, бага насны 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг боловч түүнд хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний ар гэрийн нөхцөл байдалд хүндээр нөлөөлж, өндөр настай аав, ээж нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, бага насны хүүхдүүдийнх нь эцэг эхтэйгээ хамт амьдрах эрх болон дэлхийн НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-т заасан "... хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”, "... хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй ...” гэх заалтууд тус тус зөрчигдөхөд хүргэж байна.

Мөн шүүгдэгч Б.Ц нь хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийнхээ гэм бурууг маш сайн ойлгож ухамсарлан, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, хэргийн бодит байдлыг тогтооход дэмжлэг үзүүлж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан этгээдийн гар утасны дугаар, гэрийн хаяг, хувийн мэдээлэл зэргийг мөрдөх байгууллагад сайн дураар мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг ч хэрэглэх боломжтой байгаа юм.

Иймд миний үйлчлүүлэгч Б.Цын анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хувиараа хөдөлмөр эрхэлж, бага насны 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн, миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Лөмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Н.Л нь эхнэр, 2 хүүхэд, төрсөн ах Н.Мөнх-Эрдэнийн хамт амьдардаг. Н.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн, зөвөөр мэдүүлэг өгч байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Лөмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас эхэлж шүүгдэгч Э.Лхагва-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг болон өмгөөлөгч М.Бэлгүтэйн гаргасан тайлбарыг дэмжин оролцож байна. Хорооны Засаг даргын тодорхойлолтод миний үйлчлүүлэгчийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжны 124 тоотод ах Э.Мөнх-Эрдэнийн хамт амьдардаг гэж тодорхойлсон. Учир нь, түүний 2 хүүхэд нь эцгийнхээ амьдардаг хаяг дээр албан ёсоор шилжээгүй. Миний үйлчлүүлэгч Э.Лхагва-Эрдэнийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хоёр хөлөө тайруулсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэний асрах тухай гэрээг Чингэлтэй дүүргийн нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан. Н.Л2 хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар 2 хх 35-36 дугаар талд авагдсан. Том хүүхэд нь 13 настай, бага хүүхэд нь 2 настай. Эхнэр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, Н.Л эзгүйд түүний эхнэр 2 хүүхдээ болон ахыг нь асарч байгаа. Миний үйлчлүүлэгч Н.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа асран хамгаалах шаардлагатай байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол, тайлбар гаргасан учраас прокурорын зүгээс тайлбар хэлэхгүйгээр дүгнэлтээ танилцуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Цад 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Лд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас зүгээс ямар үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байгаа нь тодорхой бус байна. Шүүгдэгч Б.Цыг сайн дураараа тухайн мансууруулах бодисыг цагдаагийн албан хаагчид шилжүүлэн өгсөн гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тайлбарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.” гэж тайлбарласан. Иймд шүүгдэгч Б.Цыг тухайн мансууруулах бодисыг сайн дураараа шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгч Б.Ц нь тухайн мансууруулах бодисыг 2019 оноос тогтвортой хэрэглэж байсан үйл баримт нь анхан шатны шүүх хуралдааны үеэр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эсхүл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цад тухайн гэмт хэрэгт заасан хамгийн бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч нараас түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж, худалдаалагддаггүй. Өөрөөр хэлбэл, гадаад улсаас хууль бусаар орж ирдэг. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар тэдэнд дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг. Иймд шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг нэг удаа оновчтой оногдуулснаар дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, Эрүүгийн хуулийн зорилгыг хангах болно. Шүүгдэгч Э.Лхагва-Эрдэнийн тухайд анхан шатны шүүхээс түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн болон үндэсний ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг учраас хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Ц, Н.Л нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

Шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтрээгүй байна.

Шүүгдэгч Б.Ц нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0.5 граммыг олж авсан, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим ....................... тоотод байх өөрийн гэртээ нийт 0,2050 грамм цэвэр жинтэй бодисыг бусдад худалдаах зорилгогүйгээр хадгалсан болох нь:

                   гэрч Н.Н“...Би Цыг 2021 оноос хар тамхи гэх зүйлийг хэрэглэдэг талаар нь мэдсэн. Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй, өмсөж явсан хувцасных нь халааснаас тарианы усны шил, хуйлсан болон нугалсан мөнгө зэрэг гарч ирдэг байсан ч эхэндээ мэддэггүй байж байгаад сүүлдээ мэддэг болсон. Түүнийг нь аваад хаячихаар Б.Ц миний юмыг дураараа хаялаа гэх зэргээр уурладаг байсан. Б.Цыг хар тамхи гэх зүйлээс хол байх талаар олон удаа өөрт нь хэлж, хордлого тайлуулах эмчилгээ хийлгэе гэхээр өөрөө зөвшөөрөхгүй байдаг байсан учраас нэмэр болоогүй. ...” /1хх 79-80/,

гэрч Л.Х“...Б.Ц гэх залууг 3-4 жилийн өмнөөс таньж мэддэг, “мөс” гэх бодисыг хэрэглэдэг залуу л гэж мэднэ. Цаас хар тамхи мансууруулах бодис худалдан авч хэрэглэж байгаагүй. ...” /1хх 92/,

                   Шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн “...Тогтоолд дурдсан намайг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Н.Л гэх залуугаас өөрөөс нь “мөс” гэх бодисыг 500.000 төгрөгөөр Голомт банкны данснаас шилжүүлж мөс гэх бодисыг гэрийнхээ гаднаас тавиулж авсан. Тэрнээс бол Н.Лтэй хамтраад өөр хүнээс “мөс” гэх бодисыг бусдаас авсан зүйл огт байхгүй. Хужаа Ганаа гэх хочтой Гантулга гэх хүнийг огт танихгүй. Би хэрэгт холбогдсон үеэсээ хар тамхи гэх зүйлийг хэрэглэхгүй байх талаар өөртөө тангараг тавьж огт хэрэглээгүй. ...” /1хх 129, 131-132/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5715 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон тарианы хагархай шил, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл зэргээс метамфетамин / methamphetamine / илэрсэн. Метамфетамин / methamphetamine / нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. “2” гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,2050 гр байна. ...” /1хх 101-103/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5709 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Ц УН85082917 2022.11.12” гэж хаягласан шээсний дээжээс нь метамфетамин /МЕТ/ илэрсэн, Метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” /1хх 107-109/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №1124 дугаар “...Б.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Б.Ц нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. ...” /1хх 140-141/ гэсэн дүгнэлтүүд,

                   хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/,  Б.Цыг биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-25/, Б.Цын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “9 дүгээр баганад МЕТ /метамфетаминЛилэрсэн, 10 дугаар баганад АМР /амфетамин/ илэрсэн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 26-27/, Б.Цын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 46-52/,

                   эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тогтоол /1хх 69/,

                   Б.Цын Хаан банкны 5058407467 дугаар, Голомт банкны 1105157771  дугаар дансны хуулга /1хх  205-230, 2хх  60-64, 69-75/,  Б.Цын Голомт банкны 1105157771 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 65/, Б.Цын Хаан банкны 5058407467 дугаар, Н.ЛХаан банкны 5429706069 дугаар дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 231-233/ зэрэг баримтуудаар,

                   Шүүгдэгч Н.Л нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бусдад худалдаалах зорилгоор олж авсан, иргэн Б.Цад 0.5 грамм бодисыг 500.000 төгрөгөөр худалсан болох нь:

            гэрч З.Э“...Н.Лтэй 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. ...Би өөрийн нөхрийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар нь мэдэж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө манай гэрт нэгжлэг хийх үеэр нь л мэдсэн. ...”/1хх 90/,

                   Шүүгдэгч Н.Л яллагдагчаар өгсөн “...Би Цад мөс гэх бодисыг зараагүй, түүнтэй хамт мөнгөө нийлүүлж, хужаа Ганаагаас авч хэрэглэсэн. Би мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Цад худалдсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Б.Ц надтай телеграмм хаягаар яриад хоёулаа юм /мөс гэх мансууруулах бодис/ авъя гэж хэлээд тэгье гээд бид хоёр тус бүр 500.000 төгрөг гаргаж 1.000.000 төгрөгөөр “мөс” гэх бодисыг миний таньдаг Хужаа Ганаа гэгчтэй холбогдож авахаар болсон. Б.Цын хувьд хужаа Ганааг танихгүй учраас би хужаа Ганаатай холбогдож 1.000.000 төгрөгт “мөс” гэх бодисыг нэг газар тавиулж аваад Б.Цын гэр болох Маршал таун хотхонд очсон. Уг нь бол Ц бид хоёр Б.Цын гэрт нь орж хамт хэрэглэх гэж байсан ч эхнэр нь ажлаасаа ирчихсэн гэсэн учраас өөрийнхөө мөнгөнд тааруулж тухайн “мөс” гэх бодисоос талыг нь өөртөө аваад талыг нь Б.Цад байрных нь гадаа тамхины хайрцагт хийгээд хашааны төмөр шонгийн хажууд тавиад зургийг нь Б.Ц руу телеграмм хаягаар нь явуулж тэндээсээ шууд харьсан. Өөрийнхөө авсан мөсийг тухайн өдрөө ганцаараа хэрэглээд дуусгасан. Маргааш нь гэртээ байх үедээ цагдаад баригдсан. Б.Ц мөн баригдсан байсан. Тиймээс Б.Цад мөс гэх бодисыг худалдсан зүйл байхгүй, харин Б.Цтай хамт мөнгөө нийлүүлж Хужаа Ганаагаас мөс гэх бодисыг тавиулж авхуулсан учраас худалдан борлуулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс өөр зүйл болоогүй. ...миний төрсөн ах Мөнх-Эрдэнийн биеийн байдал муудаж хоёр хөлөө тайруулах шаардлагатай болсон учраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 25-ны өдөр хүртэл сахиул хийж Түлэнхийн төв дээр эмнэлэг дээр байсан. 25-ны орой нь гэртээ хариад маргааш өглөө нь гэрт байх үед цагдаа ирж намайг барьж авсан. Би ахыгаа сахиж байхад нойр хүрээд ядраад байсан тул эмнэлгийн гадаа машинд мөс болон өвсийг хэрэглэчихсэн юм. Өвс болон мөс гэх бодисыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэсэн, өөр хүн байгаагүй. ...”/1хх 116-117, 119-120/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5704 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Лхагва- Эрдэнэ УХ90032150 2022.11.12” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /МЕТ/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” /1хх 135-137/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5708 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “2” гэж дугаарласан хуванцар соруулаас метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. ...”  /1хх 119-121/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 5706 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, гялгар уут, “ЛЧ2874706” серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тасархай, “2” гэж дугаарласан Воп ациа гэсэн бичиглэлтэй хажуу талд нь цоолсон хуванцар сав, тогоо хэлбэрт бохирлогдсон тугалган цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “AJ5581589” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol илэрсэн.  Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. ...” /1хх 130-132/,           

                   Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №1122 дугаар “...Н.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. Н.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Н.Л нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. ...” /1хх 144-145/ гэсэн дүгнэлтүүд,

            Н.ЛБаянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-13/,  Н.Лэзэмшлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 2-124 тоот байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-21/, Н.Лэзэмшлийн 45-30 УБЕ улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-17/, Н.Лбиед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-35/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 53-68/,

эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тогтоол /1хх 69/,

Н.Лбиеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “Н.Л нь урьдчилсан байдлаар тестний үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос дельта-9 тетрагидроканнабинол, метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 88-89/,

   Н.ЛХаан банкны 5429706069, 5163278805, 5040299161 дугаартай дансны хуулга /1хх 196-204/, Б.Цын Хаан банкны 5058407467 дугаар,                  Н.ЛХаан банкны 5429706069 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 231-233/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

             Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Цыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Л “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Н.Намжилцогт “...Б.Цын хувийн байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Л “...надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Шүүх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэлт гаргах эрх бүхий шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц, Н.Л нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нартай холбоотой хувийн баримтыг давж заалдах гомдлын дагуу хянан үзэхэд шүүгдэгч Н.Лах Н.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 2 хөлд тайралт хийгдсэн ба түүний нотолсон эмчийн тодорхойлолт /2хх 151/, мөн түүний асран хамгаалагчаар төрсөн дүү болох                      Н.Л тогтоон “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ”-г Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Г.Мягмарболдтой байгуулсан /2хх 231/ баримтууд байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа асардаг, түүнийг өөр асран хамгаалдаг төрөл садан байхгүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Ц нь Reflex, Долмалин, Интермед эмнэлэгийн  тархины соронзон томографийн шинжилгээ  зэргээр “Меньер” буюу тэнцвэр алдах өвчний онош тогтоогдсон /3хх 31, 40-41, 42-50/ байх бөгөөд нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай нь нотлогдож байна. Дээрх хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Намжилцогт нарын “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү”, шүүгдэгч Н.Лял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь “мөс” гэх нэршилтэй 0.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Н.ЛХаан банкны 5429706069 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн /1хх 231-232/ нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Лэс 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч Б.Ц, Н.Л нар нь 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг, шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Н.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон  1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас нь  хасч тооцохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Цад сануулсугай” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лэс 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай” гэж, нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Л нь 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, харин шүүгдэгч Б.Цыг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

  

ШҮҮГЧ                                              Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ