Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох,

Байгаль орчинд учруулсан хохиролд 47 410 098 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхтулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Жирэм гэх газарт ******* ******* улсын дугаартай, Subaru маркийн тээврийн хэрэгслээр өвс ихтэй замаар явж янданд өвс хуримтлагдаж халалт өгч өвсөнд цог үсэрч хээрийн түймэр гарсны улмаас нийт 2 573 га талбай шатаж байгаль орчинд 47 410 098 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч ******* 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 046/18 дугаартай шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “*******-” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1/89 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Байгаль орчинд учирсан 47 410 098 төгрөгийн хохирол Байгаль орчин, уур амьсгалын санд төлөгдөөгүй байна. ...Иргэн ******* нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж байгаль экологид 2 573 га талбай шатаж байгаль орчинд 47 410 098 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирлыг гаргуулахаар ******* газар нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******эс байгаль экологид учруулсан хохирол 47 410 098 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чулуунхороот суманд эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг ба тухайн үед өвөлжөөндөө хашаа барих гэж эхнэртэйгээ машинаа барьж яваад хуурай өвс машины янданд хуримтлагдан гал түймэр алдсан хэрэг болсон. Энэ талаар би маргахгүй. Зөрчлийн хэргээр шалгуулж хариуцлага тооцсон. Тэгээд түүнээс хойш яахаа мэдэхгүй явж байсан. Машинаараа өвөлжөө рүүгээ явж байгаад миний явсан замын ард талд толинд гал гарч байгаа харагдангуут тэр даруй машинаа зогсоон гал түймрийг унтраах арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эхнэр маань ч мөн оролцож унтраахаар хүчин зүтгэсэн ба сумын дарга удирдлага, төрийн байгууллагад гар утсаараа мэдэгдэж түймрийг унтраасан. Энэ түймэрт айл амьтан, хүн, бусдын эд хөрөнгө, амь нас хохироогүй. Тэр шатсан гэх нутаг миний өөрийн өвөлжөөний газар байсан. Одоо түймэрт өртсөн газар ногоо дэлгэрч ургаад сайхан болж байна. Тиймээс болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр алдсан надаас гаргуулах хохирлын хэмжээг бүрэн бус, багасган төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Миний ахуй амьдрал төдийлөн чанартай сайн биш, өдөр хоногтоо цөөхөн хэдэн малын буянаар арай чүү л амьдарч байна. Өөр ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй. Эдийн засгийн хувьд чадамжгүй өрх айл юм гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Дорнод аймгийн ******* газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 722 дугаартай тогтоол /хх-ийн 6-7-р тал/, гал түймэрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч ******* 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 046/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-7-р тал/, “*******-” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1/89 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний хуулбар /хх-ийн 10-14-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбарууд /хх-ийн 15-22-р тал/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагчаас дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн Засаг даргын  2024 оны 05 дугаар сарын27-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58-р тал/, фото зураг /хх-ийн 59-60-р тал/, Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Жирэм” гэх газарт гарсан түймрийн шатсан талбайн зураглал /хх-ийн 61-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******эс 4 741 00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 669 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч *******эс байгаль орчин, экологид учирсан хохирол 47 410 098 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг төрийн нэрийн өмнөөс гаргажээ.

2. Хариуцагч нь учруулсан гэм хор, түүний шалтгаант холбоон дээр маргадаггүй ба өрх төлбөрийн хэмжээг багасгаж төлөх тайлбарыг гаргадаг.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багийн нутаг “Жирэм” гэх газарт хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчих явцад мотор, яндангийн завсар өвс хуримтлагдаж халалт үүссэний улмаас хээрийн түймэр гарч, тус сумын 3 дугаар багийн газар нутагт 2573 га талбай шатаж байгаль орчинд  47 410 098 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай заажээ.

Хариуцагч нь өвс ихтэй газраар зорчихдоо анхаарал болгоомжтой байж, бусдад гэм хор учруулахгүй байх үүргээ зөрчсөнөөс болж байгаль орчинд хохирол учруулсан эс үйлдэхүй нь төрийн өмчийн эд хөрөнгөд гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул хариуцагч ******* нь гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж байгаль орчинд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй боловч тэрээр малаас өөр хөрөнгөгүй, малын ашиг шимээр амьдардаг, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй учраас хохирлыг бүгдийг төлөх боломжгүй тул багасгаж өгөх талаар тайлбарладаг.

Иймд шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж тус тус заасан.

4. Хариуцагч Б.Бат-Эрдэнийн учруулсан хохирол нь нөхөн төлөгдсөн буюу шатсан газрын ногоо сэргэсэн, хор уршиг арилсан, хариуцагчийн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 10 хувьтай тэнцэх хэмжээний хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******эс байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт нэхэмжлэлийн шаардлага 47 410 098 төгрөгийн 10 хувь болох 4 741 000 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 669 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч *******эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 90 806 / 4 741 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч *******эс 4 741 000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 42 669 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 90 806 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ

             ШҮҮГЧИД                                          Л.БАТЖАРГАЛ

                                                           П.ПАГМА