| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2020/01438/И |
| Дугаар | 210/МА2021/00198 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/00198
Өөагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02442 дугаар шийдвэртэй, Өөагийн нэхэмжлэлтэй, Хххад холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Өөа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөа би Хххаг танихгүй бөгөөд Рргаар дамжуулан танилцсан. Ррг 3.Ариунаагаас мөнгө зээлэх гэсэн юм, чи туслаач гэж гуйсан.
Ингээд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, миний өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 дүгээр байр 22 тоот, 75 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж Хххагаас Ррг 37 200 ам.доллар бэлэн болон бэлэн бусаар авсан.
Ххха нь Рргийн хамт 2004 оны 12 сарын эхээр ирж уулзан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг түр шилжүүлэх хэрэгтэй байна, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай буцаагаад шилжүүлж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн гуйсан.
Ингээд би 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг Хххад худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн боловч түүнд орон сууцыг худалдан борлуулаагүй. Өөа миний зүгээс Хххагаас орон сууцны төлбөрт 50 000 000 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар хүлээж аваагүй. Хххагаас орон сууцаа буцаан авах талаар удаа дараа шаардсан боловч худал хэлж уулзахгүй сүүлдээ зугтаах болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөа нь намайг танихгүй гэж шүүхэд худал мэдүүлж байна. Н.Аптантуяа надаас 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 37 200 ам.долларыг 8 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний барьцаанд Н.Аптантуяа өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу, 49 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 75 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл болон хүү төлөөгүй, 2 жил орчим хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Бид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, мөн үүрэг дуусгавар болох гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг би өөрийн нэр дээр шилжүүлж авсан ба Өөа түр хугацаанд байрнаас гаргахгүй байхыг хүссэн.
Би 37 200 ам.долларыг зээлэхдээ барьцаа хөрөнгө байхгүй тохиолдолд зээлэх боломжгүй гэдгийг Өөад анхааруулсан бөгөөд тэрээр зөвшөөрч өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавьсан.
Дараа нь зээлийн төлбөрийн оронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрөө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Ррг нь Өөаг нийгмийн даатгалд хамт ажилладаг гэж танилцуулж, Н.Аптантуяа байраа барьцаанд тавихыг зөвшөөрч, гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, мөнгийг Рргд өгөхийг Өөа зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 76 дугаар зүйлийн 76.2, -д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн Өөагийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 408 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 байрны 22 тоот 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд 4 гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчиж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогчдын тайлбараар талуудын хооронд хэлбэрийн хувьд орон сууц худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн хэдий ч талуудын хувьд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэлт зориг байгаагүй ба нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Гэтэл шүүх нэхэмжлэлд шаардлагад хамааралгүй зээлийн гэрээний үүрэгтэй холбож үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хариуцагч 3. Ариунаа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 байрны 22 тоот 2 өрөө орон сууцны төлбөрт 50 000 000 төгрөг төлөгдсөн гэж байгуулсан. Гэтэл хариуцагч 3. Ариунаа нь орон сууцны төлбөрт 50 000 000 төгрөг төлөөгүй байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хуулийг зөрчсөн, бас дүр үзүүлэн хийсэн үйлдэл байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад миний нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээтэй холбож хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн хууль зөрчсөн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээгээр Хххагаас нэг ч төгрөг аваагүй зээлийн мөнгийг Ррг авсан болох нь өөрийн болон 3.Ариунаагийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 50 000 000 төгрөг аваагүй.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан байхад шүүх гэрээний үүрэгтэй холбон хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Өөа нь хариуцагч Хххад холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Өөа, Ххха нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ххха нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, 49 дүгээр байр, 22 тоот, 75 м.кв, 2 өрөө, орон сууцыг Хххагийн өмчлөлд шилжүүлэх, Ххха нь 50 000 000 төгрөгийг мөн өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх5/
Нэхэмжлэгч Өөа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хүлээн аваагүй” гэж, хариуцагч Ххха нь “2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцыг шилжүүлсэн” гэж маргасан.
Талуудын хэн аль нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 37 200 ам.долларыг Рргд шилжүүлсэн талаар маргаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэрч Ррг нь “37 200 ам.долларыг Өөа хүлээж аваагүй, би авсан” гэж хүлээн зөвшөөрсөн агуулгатай мэдүүлэг өгчээ.
Дээрх бичгийн баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл хариуцагч Ххха нь маргаан бүхий 22 тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаж байгаа нөхцөлд талуудын тайлбар, үндэслэлийг тодруулах, энэ нөхцөл байдлыг баримтаар хэрхэн нотолж байгааг дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байснаар талуудын хоорондын маргаантай үйл баримтад нотлох баримтыг хамааруулан үнэлэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалт, хөөн хэлэлцэх хугацааг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА