Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/836

 

      

 

 

 

 

    2023           8              17                                        2023/ДШМ/836          

 

 

Г.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Д.Түмэнжаргал,

           яллагдагч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/1537 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч М.Згаргасан давж заалдах гомдлоор Г.Тд холбогдох эрүүгийн 2208000001322 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Бэйл овгийн Г.Т, 1975 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...................../;

           Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Яллагдагч Г.Т 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр М.Зуруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр уруул орчимд толгойгоороо мөргөж биед 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж, тогтоогоогүй байна.  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10031 дүгээр дүгнэлтэд: “Хэсэг газрын үзлэгт: ...дээд үүдэн шүднүүд бүгд шаазан бүрээстэй, зүүн 3-р шаазан бүрээсний шүдний дотор паалан ховхорсон, Дүгнэлт: 1. М.Збиед 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл ... хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шинжээч Н.Туяа” гэжээ / хх 21-22/,  

            Шинжээч Н.Туяагийн: “Би огноог андуурч бичсэн байна. Дээрх гэмтлүүдийн 1 шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл шаазан бүрээстэй шүдний бүрээс нь эмтэрсэн байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэх мэдүүлэг /хх 156/,

Шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 352 дугаар дүгнэлтэд: “1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10031 тоот дүгнэлтийн Дүрслэл оношилгооны эмчийн хариунд 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэж бичсэнийг 2022 оны 1 дүгээр сарын 17 гэж андуурагдаж бичсэн байна. М.Згэх 1 ширхэг сиди зураг нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр авахуулсан эрүүний дэлгэмэл рентген зураг байна. Шинжээч Н.Туяа” гэжээ /хх 167-168/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 506 дугаар “1.М.Збиед үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10031 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 4. М.Зод зүүн дээд 3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна. 5. Шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. ...” /хх 186-187/,

Шинжээч Б.Ариунзулын: “2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дэлгэмэл зурагт дээд зүүн 3-р шүдний цөгцийн дотор хэсгээр ташуу эмтрэлтэй байсан тул тухайн хүний өөрийнх нь ясан шүд эмтэрсэн байсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх 191/ зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилжээ. Дээрх шинжээчийн 10031, 352, 506 дугаар дүгнэлт, шинжээч эмч Н.Туяа, Б.Ариунзул нарын өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, гэмтлийн хөнгөн зэрэгт уруулын зулгаралт, 1 шүдний эмтрэл нь “орно, орохгүй” гэх мэтээр тусгай мэдлэгийн хүрээнд эргэлзээ төрүүлэхүйц эргэлзээ бүхий байдлыг үүсгээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж, 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж тус тус заасан байна. Уруулын зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 1 шүдний эмтрэл нь хамаарахгүй, эсхүл 1 шүдний эмтрэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уруулын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх байдлаар дүгнэсэн, мэдүүлсэн дээрх нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

Түүнчлэн хохирогч 2021 оны 12 дугаар сарын 23-нд “Төгс шигтгээ” шүдний эмнэлэгт үүдэн 6 шүдэнд шаазан бүрээс хийлгэсэн нь хэрэгт авагдсан “Төгс шигтгээ” ХХК-ийн тодорхойлолт /хх 72/, шинжээчийн 10031 дүгээр “...дээд үүдэн шүднүүд бүгд шаазан бүрээстэй” гэх дүгнэлт /хх 21-22/-ээр тогтоогдсон. Иймд үүдэн шүдэнд шаазан бүрээс хийхээс өмнө уг 3-р шүд эмтэрхий байсан эсэх, шаазан бүрээс хийсний дараа гадны хүчин зүйлийн улмаас шүдний паалан нь ховхроход тухайн 3-р шүд эмтэрсэн эсэх, мөн хохирогчийн биед учирсан уруулын зулгаралт, эсхүл 1 шүдний эмтрэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт яагаад хамаарах, хамаарахгүй талаар шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо бүхий дүгнэлт, мэдүүлэг авах, гэрч асуух, шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг явуулж, шалгаж тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой гэж шүүх үзлээ. Гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан хүн, мөн дуудлагаар очсон гэх цагдаагийн алба хаагч нарыг гэрчээр асуух, дэлгэмэл зураг гэх сидид үзлэг хийх замаар маргаан бүхий цаг хугацааг тодорхойлох, зөвтгөх, нягтлан хэргийн бодит байдлыг нотлох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах хуульд заасан бүх арга хэмжээг авах шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх үзсэн тул яллагдагч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлээ.

  Хохирогч М.З давж заалдах гомдолдоо: “...Шүүгчийн захирамжид дурдахдаа яллагдагч Г.Тд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд шүүх хуралдааны үеэр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллааг хийх шаардлагатай байгаа учраас хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжид дурдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэж үзэж байгаа үндэслэлийн тухайд: Дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулж тэднээс гаргасан дүгнэлтийнх нь талаар асууж тодруулах замаар зөрүүтэй гэж үзэж байгаа дүгнэлтийн зөрүүг шүүхийн хэлэлцүүлгийн явцад арилгаж тодорхой болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэрч нэмж асуух үндэслэлийн тухайд: Тухайн хэрэг учрал болсон өдөр хамт байсан хүмүүсийг тодруулж асуух шаардлага байхгүй гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд шинжээч эмч дүгнэлт дээрээ техникийн алдаа гаргасан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, өөрөөр цаг хугацааны талаар маргаж байгаа нөхцөл байдал байхгүй гэж ойлгож байна. Яллагдагч өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, харин яллагдагчийн өмгөөлөгчийн маргаж байгаа үндэслэл бол яллагдагчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчийн ясан шүд гэмтсэн юмуу, үгүй юм уу гэдгийг тодруулах, тэр нь гэмтэл мөн юм уу биш юм уу, шинжээчдийн дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг залруулж нэг мөр болгох гэж ойлгож байна. Эдгээр ажиллагааг шүүхийн шатанд нөхөн хийх бүрэн боломжтой байхад хэргийг ийнхүү прокурорын хяналтад дахин буцаахаар шийдвэрлэж байгаа нь яллагдагч, хохирогч талуудын хэн алиныг нь чирэгдүүлж байна. Нөгөөтээгүүр М.З миний хувьд яллагдагч Г.Тын үйлдлээс болж шүд маань гэмтэж, уруул ам зулгарч язарсан нь үнэн, гэмтсэн шүдээ эргэж хэвийн байдалд оруулах гэж тодорхой хэмжээнд цаг хугацаа зарцуулж, зардал мөнгө гаргаж эд хөрөнгийн хохирол хүлээсэн нь үнэн. Яллагдагч Г.Тын хувьд надад хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ч эд хөрөнгийн хохирлыг маань өнөөдрийг хүртэл барагдуулаагүй л байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 сарын 5-ны өдрийн "Хэргийг прокурорт буцаах тухай” 2023/ШЗ/1537 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн эцэслэн шийдвэрлэж, хохирлыг маань барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Хамгийн анх гарсан шинжээч эмч Ц.Туяагийн 139 дугаар шинжээчийн дүгнэлт нь дүрс, оношилгооны эмч Чулуунсүхийн гаргасан бичиг, рентген зурганд үндэслэсэн. Гэтэл эмч Чулуунсүхийн бичигт түүний гарын үсэг байдаггүй. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, эмч Чулуунсүхийн бичигт үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Шинжээч эмч Ц.Туяагийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэсэн. Учир нь, хохирогч М.З нь рентген зураг, эмч Чулуунсүхийн бичгийг шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөгчид өгсөн байдаг. Энэ талаар баримт хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан. Мөн шинжээч эмч Ц.Туяа нь хохирогчид учирсан гэмтлийг “шинэ гэмтэл” гэж тодорхойлсон нь уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрдөг. Шинжээчийн дүгнэлтэд “шүдний гэмтэл, уруулын зулгаралтыг нийлүүлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлдог. Харин шинжээч эмч мэдүүлэг өгөхдөө “шүдний гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Харин уруулын зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн. Мөн шинжээч эмч нар гэмтэл гарсан цаг хугацааг тодорхойлохдоо эмч Чулуунсүхийн бичигт дурдсан он сарт үндэслэсэн байдаг. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгаж мөрдөн шалгах ажиллагаа хийсний дараа талууд мэтгэлцэх бүрэн боломжтой. Иймд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийх нь зүйтэй. ...” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт гэрч, хохирогч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд авагдсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Г.Тд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь гэмт хэрэг гарсан байдал болон гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хохирогчид учирсан хөнгөн зэргийн хохирол нь шүд, шүдний пааланд, эсвэл уруулд учирсан хохирол эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй, хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчдийн мэдүүлгүүд байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.

Иймд хохирогч М.Згаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/71537 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/71537 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

  

ШҮҮГЧ                                              Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ