Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00106

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сандуйжавын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******т холбогдох,

“Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 860 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 678 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсэг 181 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 860 000 төгрөг гаргуулах тухай” шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найзынхаа гэрт хоносон бөгөөд ******* хамт ажилладаг ахтай маань цуг ирээд бид нар хоёр шил архи уусан. Тэгээд манай найз хонины дотор гэдэс чанасан байхаар нь би хэрчээд халуун ногоо, чинжүүтэй хуураад тавьсан. Гэтэл ******* “энийг ямар хүн амталсан юм, Хятад хоол шиг болсон байна” гэх мэт зүйл ярихад би болон манай найз намайг амталсан болохыг хэлсэн. Би Лүө овогтой ба миний аав 1958 онд Монгол Улсад өөрийн аав, эгч хоёртойгоо орж ирсэн. Одоогоор миний аав 98 настай миний асаргаанд байдаг. Дээрх шалтгаанаас ч болсон юм уу ******* нь намайг үл хүндэтгэж, гадуурхан “Хятад, би чамайг ална” гэх зэргээр ёс бус үг хэлэн янз бүрээр авирласан. Тэгээд бид хоёр муудалцаж, би ууж байсан ундаагаа авч шидсэн. Улмаар бид гэрээс гараад маргалдаж, ******* намайг зодсон. Мөн байцаагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд би тухайн хүсэлтийг бичиж өгсөн. ******* нь 9 дүгээр сард хохирол төлбөрийг өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Тиймээс би 860 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 460 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж шүүх хуралдаанд оролцсон. Татгалзлын үндэслэлээ: ... Бид харилцан зодолдож, хоёр биеэ цохисон бөгөөд миний нүд хөхөрсөн хэр нь би ажилдаа зүгээр явж байсан. Миний нүдний хөх, хаван арилсан хойно шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж хэлсэн. ******* тухайн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан.  4 хоногийн дараа миний нүд хөндүүр байсан боловч хөхөрсөн, хавагнасан байдал нь буучихсан байсан. Ингээд цагдаагаас Одхүү гэдэг байцаагч “хялбаршуулсан журмаар шийдвэрлэе, та хоёр хоорондоо тохиролц” гэж хэлсэн. Одоо бодоход тус байцаагч нь *******ын найз байсан юм шиг байна лээ.  Тэгээд шүүхээс 600 000 төгрөгийг 3 сарын дотор төлөхөөр тогтоол гарсан. Тус 600 000 төгрөгийг төлж дуусгасан. Тухайн үед бид харилцан зодолдсон. Байцаагч нь 3, 4 хоногийн дараа надад хэлсэн. Би эр хүн шиг 460 000 төгрөг өгөх бодолтой байна. Би ч гэсэн хохирогч шүү дээ гэв.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 860 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан зодолсон, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь гэм хор учруулсан гэдэгтэй маргадаггүй. Харин харилцан зодолдсон, тухайн үед эмчид үзүүлээгүй тул өөрт учирсан хохирлоо тооцох боломжгүй, эмчид үзүүлсэн, эм тариа, бензиний мөнгийг  төлөхийг зөвшөөрч байна  гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч *******т зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоол, эмчлүүлэгчийн карт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь уг гэмтлийн улмаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Бриллиант эмнэлэгт үзүүлсэн ба эмчилгээ, эм тарианы мөнгөнд 358 150 төгрөг, бензин шатахуунд 320 000 төгрөг төлж өөрөөсөө дээрх зардлыг гаргасан болох нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хэргийн материалд хавсаргасан 16-18-р талд авагдсан баримтууд болох и-баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 678 150 төгрөгийг хангаж, үлдэх 181 850 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.

Хэрэгсэхгүй болгосон 181 850 төгрөг нь баримтгүй, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хэрэгт хавсаргасан фото зургийг угаалгасны төлбөр нь хариуцагчийн хариуцах зардал биш юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******аас 678 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 181 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 20 826 төгрөгийг гаргуулж улсын орлогот оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ