Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00115

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 820 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь надтай бэлэн хувцасны худалдан авалт хийж байсан бөгөөд зээлээр авдаг байсан. Эргэн төлөлтөө нэг, хоёр удаа хийж үлдсэн үнийн дүн дээр нэмж бэлэн хувцас авч 1 сарын дотор төлнө гэсэн боловч одоо хүртэл төлөөгүй байна. 3 жил дамжин худал хэлж хүнийг басамжилж байгаа мэт яваад байгаа болохоор өгдөг газар нь өгч шийдүүлнэ гэж удаа дараа хэлсэн. Иймд *******гаас 1 820 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие хариуцагч *******д холбогдуулан 1 820 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 820 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид дээрх асуудлаар дахин маргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 820 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 820 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 820 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 070 төгрөгийн 50 хувь болох 22 035 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 22 035 төгрөгийг, хариуцагч Т.Энхтуягаас 14 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

                                                                                                                             

 

 

  

ШҮҮГЧ                                              Х.ОТГОНЖАРГАЛ