Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00220

 

 

 

 

 

С П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03325 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х Б ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 112 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С П ХХК нь Х Б ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сан-20-02 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуусан. С П ХХК гэрээний үүргээ биелүүлж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 85 716 800 төгрөгийн үнэ бүхий 41 210 литр, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 88 149 600 төгрөгийн үнэ бүхий 44 520 литр, нийт 173 866 400 төгрөгийн үнэ бүхий 85 730 литр газрын тосны бүтээгдэхүүнийг Х Б ХХК-д нийлүүлсэн. Гэвч Х Б ХХК төлбөрийг цувуулж төлөөд үлдэгдэл 75 000 000 төгрөгийг төлөөгүй. С П ХХК-д валютын ханшны зөрүү, худалдан авалтын тооцоолоогүй алдагдал, хөрөнгө оруулалт гэх мэт алдагдал үүсээд байна. Гэрээний 6.5-д гүйцэтгээгүй үүрэгт 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд 75 000 000 төгрөгийн 50 хувь алданги 37 500 000 төгрөг, нийт 112 500 000 төгрөг төлөхөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 000 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баттулга шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Улсын онцгой комисоос хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглосон. Дэлхий нийтийг хамарсан короновирусын эрсдэлээс болж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. С П ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компаниас нийт 173 866 400 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүн авч 103 866 400 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 70 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нүүрс тээвэрлэлт зогссоноор манай компанид орж ирэх ажлын хөлс цаг хугацаандаа орж ирэхгүй байгаа нь манай компанид санхүүгийн хохирол учирч банкны зээл, зээлийн хүүг төлж чадахгүй хойшлуулах, сэлбэг шатахууны авлагатай тээврийн компаниудаас авлагаа авч чадахгүйд хүрсэн. Иймд алданги төлөхгүйгээр үндсэн төлбөрийн үлдэгдэл 70 000 000 төгрөгт Комфорт хотхоны шинэ 32,42 м.кв 2 өрөө байрны гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгөх саналтай байна. Гэрээний 8.1-т тахал болон байгалийн бус хүчин зүйл гэж тусгасан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х Б ХХК-аас гэрээний үүрэгт 107 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 695 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Х Б ХХК нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахалын улмаас Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын онцгой комисоос хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хаасан. "Сан петролиум" ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд барьцааны гэрээ нь тус гэрээний салшгүй нэг хэсэг гэж заасан. Барьцаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрсний зам дагуу засварын төв, ажилчдын амрах байр, халуун ус, хүнсний болон сэлбэгийн дэлгүүр, авто засварын төв бүхий объектын хамт өөрийн эзэмшлийн 000311994 гэрчилгээний дугаартай, 4604004204 бүртгэлийн дугаартай 5 га газар буюу 50 000 м.кв талбай бүхий 1 тэрбум төгрөгийн үнэтэй объект, хүнд даацын нэг бүрийн үнэ 50 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийн үнэтэй 5 автомашин барьцаалсан үнэтэй байхад данс битүүмжилсэн. Анхан шатны шүүх алданги 37 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Гэтэл 70 000 000 төгрөгний үлдэгдэлтэй байхад алдангид 35 000 000 төгрөг байхад үүнээс хэтрүүлж тооцсон. Сан петролиум" ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 8.1-т давагдашгүй хүчин зүйлийн талаар тохиролцсон. Шүүх энэ талаар дүгнээгүй. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан ШТМ-ын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, 7 дугаар талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримтуудад хүлээн авсан манай компанийн няравын он сар өдөр байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан алданги 37 500 000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талууд хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй болон нэхэмжлэлийн үнийн талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С П ХХК нь хариуцагч Х Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт газрын тосны бүтээгдэхүүний үнэ 75 000 000 төгрөг, алданги 37 500 000 төгрөг, нийт 112 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 5 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч Х Б ХХК нь Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахалын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын онцгой комисоос хилээр нэвтрэхийг хориглосон нь гэрээний 8.1-т заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул алданги 37 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч С П ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагч Х Б ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг ачилт хийсэн өдрөөс хойш хуанлийн 14 хоногт багтаан төлөхөөр тохиролцсоноос дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний 3.1-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд нэг тал нь барааг нийлүүлэх үүргийг гүйцэтгэх, нөгөө тал нь сар бүрийн 05-10, 20-25-нд гэсэн тогтоосон хуваарийн дагуу тогтмол хугацаанд үнийг төлөх үүргийг хүлээсэн үргэлжилсэн шинжтэй гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин талууд гэрээний 2.3-т Үнийг гэрээний хавсралт-1 дагуу тусгана гэж заасан ба энэ талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр гэрээний үүрэг үүснэ.

 

С П ХХК нь Х Б ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 41 210 литр буюу 85 716 800 төгрөгийн, мөн оны 3 дугаар сарын 06-ны өдөр 44 520 литр буюу 88 149 600 төгрөгийн, нийт 85 730 литр буюу 173 866 400 төгрөгийн бүтээгдэхүүний нийлүүлснээр худалдан авагч нь 98 866 400 төгрөг төлж үлдэгдэл 75 000 000 төгрөг төлөөгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 000 000 төгрөг төлсөн болох нь ШТМ-ийн зарлагын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох хугацааны авлагын дэлгэрэнгүй тайлан, зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /хх-6-7,11 /

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Төлбөрийн тооцооны талаар талууд маргаагүй. Харин алдангиас чөлөөлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч Х Б ХХК нь гэрээгээр тохиролцсон дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч С П ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Гэрээний аль нэг тал гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Гэвч гэрээний зүйл болох газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсэн, уг бүтээгдэхүүнийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй болох нь хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбараар тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нийлүүлсэн барааны үнийн үлдэгдэл болох 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Гэрээний 4.2-т төлбөр төлөх хугацааг худалдан авсан бүтээгдэхүүнийг худалдан авагч талд нийлүүлэхээр ачилт хийсэн өдрөөс хойш хуанлийн 14 хоногт багтааж барагдуулах бөгөөд төлбөр төлөх хугацаа дууссан хоёр дахь хоногоос гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-8-9/

 

Харин нэхэмжлэгч С П ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзсан учраас гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу хууль буюу гэрээнд заасан алданги 37 500 000 төгрөгийг хариуцагч Х Б ХХК-аас шаардах эрхгүй. Энэхүү үндэслэлээр хариуцагчийг алдангиас чөлөөлүүлэх буюу алдангийг хасах тухай гомдлыг хангах нь зүйтэй.

 

Харин хэргийн 6, 7 дахь талд авагдсан ШТМ-ийн зарлагын баримтад ачуулсан газар, он, сар, өдөр болон ачсан автомашины дугаар бүхий талуудын санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, шатахууны үнийг тооцсон тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Ийм учраас алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х Б ХХК-аас 70 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар хариуцагч Х Б ХХК-аас 70 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...695 450 төгрөг гэснийг ...507 950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 345 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БАЙГАЛМАА