Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн 1714001170074 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Жаргалантын ам” гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 08 дугаар сарын 24 ны өдөр би хуримаа хийсэн юм. Тэгээд 08 сарын 23 ны шөнө Шинэжинст сумаас эхнэрээ аваад Баян-овоо сумын Жаргалант ам гэх газар ирээд цаашаа хурим хийх гэж байгаа газарлуугаа явах гэсэн чинь манай хуриманд оролцох гэж байгаа хүмүүсийг машиндаа суулгаж явсан Б гэх хүн цаашаа явахгүй гэхээр нь би пизда гээд хэлчихсэн чинь тэр Б над дээр ирээд намайг пизда гэлээ гээд намайг заамдаад авахаар нь би салгаад цааш нь түлхсэн тэгэхдээ нүдрүү нь гараараа шүргэчихсэн юм. Тэгсэн чинь уурлаад явлаа гээд манай хуриманд оролцохгүй хүмүүсээ хаячихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

Хохирогч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Жинст сумаас эхнэр авч байгаа юм.Эхнэр болох хүнээ Жинст сумаас аймагт авчираад хурим найраа хийх газар болох Галуут сумын “Тээлийн ам"гэх газар луу явахаар болоход явах унаа байхгүй болоод манай эхнэрийн машиныг авч явахаар тохироод шөнө явна гэхээр манай эхнэр шөнө явж болохгүй тул би хүргэж өгөе гээд 2017 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 02 цагт гарч явахдаа Приүс 20 маркийн машинаар явсан бөгөөд машин бартаа ихтэй болохоор явж болохгүй газар зарим хүмүүсийг нь буулгаж явж байсан. Тэгтэл Гантөмөр бууж ирээд надруу дайрахаар нь би хоолойруу нь түлхээд зогссон чинь тэр Гантөмөр нүүрлүү шууд гараараа цохисон тэгээд тэнд байсан хүмүүс салгасан тэгээд би нүдээ дарсан чинь нүднээс цус гойжиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Ё.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тэр үед бэр авч явж байгаад Ш.Б нь цаашаа явна, явахгүй гээд Д.Гтэй маргалдаад байсан. Би цохисоныг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Д.Г, Ш.Б нар цаашаа явна, явахгүй гээд маргаад байсан. Бие биенийгээ цохисоныг нь хараагүй. Тэр хоёрыг барилцадаж байхыг нь хараад салгатал Ш.Бын нүдний ойролцоо шалбарсан харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №400 дугаартай:

1.Ш.Бын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй

болно.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 19-20/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7/, шүүгдэгч Д.Гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.09.25-ны өдрийн 86 тоот тодорхойлолт / хх-ийн 36/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 37/, шүүгдэгч Д.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Г нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Жаргалантын ам” гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Д.Гийн ...Б намайг заамдаад авахаар нь би салгаад цааш нь түлхсэн тэгэхдээ нүдрүү нь гараараа шүргэчихсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

хохирогч Ш.Бын Д.Г бууж ирээд надруу дайрахаар нь би хоолойруу нь түлхээд зогссон чинь тэр Д.Г нүүрлүү шууд гараараа цохисон, тэнд байсан хүмүүс салгасан, би нүдээ дарсан чинь нүднээс цус гойжиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/ мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №400 дугаартай “...Ш.Бын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт / хх-ийн 19-20/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Гийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Гт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч Д.Гт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Гийн эзэмшлийн “... хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Гт буцаан олгож, шүүгдэгч Д.Г нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Ш.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Гөөс нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ямаатынхан Дашдондогийн Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Гт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Гийн эзэмшлийн “... хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Гт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА