| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2303002220224 |
| Дугаар | 2023/ДШМ/846 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/846
2023 8 22 2023/ДШМ/846
С.Жт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
хохирогч С.О, түүний өмгөөлөгч Т.Балжинням
шүүгдэгч С.Ж,
нарийн бичгийн дарга Д..Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Даарийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.О, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.Жт холбогдох эрүүгийн 2303002220224 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жаргалан овгийн С.Ж, 1975 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын татах хэсэгт туслах тоноглолын цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ..................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Шүүгдэгч С.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 06:50 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр “Toyota Alphart” маркийн 14-05 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Омөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чандман Жаргалан овогт С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, С.Ж цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч С.О, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй буюу зам тээврийн ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан иргэн С.Оийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “би уг ослоос хойш С.Оийн эмчилгээний зардалд 1.700.000 орчим төгрөг, цалин гэж 1.400.000 орчим төгрөг дансаар шилжүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгалын 1.800.000 орчим төгрөг нийт 4.900.000 төгрөг төлсөн” гэснийг тусган дурдсан байгаа боловч энэ талаар тогтоох хэсэгт огт дурдаагүй, эмчилгээний болон бусад хохирол баримтаар хэдэн төгрөг болж байгаа, үүнээс яг хэдийг нь төлсөн зэргийг нарийвчлан тогтоогоогүй, тус гэмт хэргийн улмаас 'учирсан хор уршиг арилсан эсэх нь тодорхойгүй байгаа нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. С.О нь өмгөөлөгчид хандахдаа “би гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч одоог хүртэл эмчилгээ хийлгээд ажлаа хийж чадахгүй байгаа. Мөрдөгч шүүх хурал болдог, тэнд бүх асуудлыг шийддэг гэж хэлсэн болохоор шүүх хурал болохыг хүлээж байсан боловч удаад байхаар нь мөрдөгч рүү залгахад надад “шүүх хурал нь болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би шүүх дээр очиж асуухад шүүх хурал болоод дууссан гэсэн. Би уг нь хуралдаанд оролцож, шинээр өөрийн эмчилгээ, хохиролтой холбоотой зардлын баримтуудаа өгөх байсан юм.” гэсэн юм. Хэдийгээр С.О нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох тухай саналаа бичгээр тусгайлан гаргаагүй боловч иргэн хүний хувьд өөрийн эрх ашиг нь хөндөгдөж болох аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд мэдэх эрхээрээ хангагдаж, оролцох эсэхээ өөрөө шийдэх Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байсан юм. Түүнчлэн гэм буруугийн шүүх хуралдааныг хаана, хэзээ, ямар бүрэлдэхүүнтэй хийх талаар шүүгч тусгайлан захирамж гаргаж тогтоодог бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох үгүйгээс үл хамааран хэргийн бүх оролцогч нарт шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх үүрэгтэй. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэн анхан шатны шүүх хуралдаан хаана, хэзээ болоод өнгөрснийг огт мэдээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ... 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй..." гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч С.Оийн өмгөөлөгч Т.Балжинням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтайгаар давж заалдах гомдлыг гаргасан. Хохирогч С.О нь “мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу” гэхэд “санал, хүсэлт байхгүй” гэснийг шүүх хуралдааны товыг надад мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, гэнэт шүүхийн шийдвэрийг гардуулсан, ингэж шийдвэрлэж болдог юм уу гэх байдлаар өмгөөлөгчид хандсан. Тиймээс давж заалдах гомдол гаргах, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байгаа гэж үзэж байна. Бусад үндэслэлүүдийг давж заалдах гомдолдоо бичсэн. ...” гэв.
Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. С.Ж нь намайг эмчилгээ, үйлчилгээ авсан гэх 5.000.000 төгрөг хүрэхгүй мөнгө тушаасан. Надад 2 сарын цалин гэж 1.500.000 төгрөг өгөх байтал 1.400.000 төгрөг өгсөн. Бусад нь эрүүл мэндийн даатгал, хувийн эмнэлгээр явсан гэх зардал л гарсан. Миний хувьд “...санал, хүсэлтгүй...” гэж бичээгүй. Мөрдөгч С.Ж бид хоёрыг байлцуулж байгаад хавтаст хэрэг танилцуулсан. Хавтаст хэрэгт намайг мөргөсөн цаг хугацаа, орон зай бүгд тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, би явган хүний гарцаар гарч байсан, С.Ж ирж мөргөсөн. Болсон бүх явдал миний талд байсан учраас би “...санал, хүсэлтгүй...” гэсэн. Түүнээс огт гомдол, саналгүй гэж хэлээгүй. Мөрдөгчөөс би “...дараагийн эмчилгээний зардлыг яах вэ, миний эрүүл мэндийн байдал хүнд байгаа...” гэхэд мөрдөгч “...та иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа иргэний хэргийн шүүх рүү явуулна...” гэсэн. Би хохирол, төлбөртэй холбоотой баримтаа гаргаж өгөх байсан. ...” гэв.
Шүүгдэгч С.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч С.Ж хохирол, төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй байсан учраас прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шүүхэд шилжүүлсэн. Харин хохирогч С.От шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мэдэгдээгүй талаар прокурорын зүгээс хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар хохирогч С.О нь хохирол, төлбөртэй баримт гаргаж өгөөгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчид цаашид учрах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүн тодорхой байх ёстой бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаж байж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд Тээврийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч С.О нь С.Жын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэдэн төгрөгийн баримт гаргаж өгсөн эсэх нь тодорхойгүй хавтаст хэрэгт энэ талаар баримтгүй, мөн гэмт хэргийн улмаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад С.Ж нь хохирогчид хэдэн төгрөгийн хохирлыг төлсөн, цаашид хэдэн төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нь ойлгомжгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд мөн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолыг хохирогчид танилцуулаагүй байна.
Мөн хохирогч С.От Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчиж хохирогчийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч С.О, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч С.О, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч С.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ